Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02019

 

 

 

 

 

 

2022 11 21 210/МА2022/02019

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02835 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ч.Б, С.С.Б нар 2006 онд гэр бүл болж, 2007 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.А, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү Б.А (нэр сольж Н болсон) нар төрсөн. Гэрлэгчид таарамжгүй харилцаатай, мөн хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй бөгөөд одоо хоёр хүүхэд Ч.Б асрамжид байдаг. Иймд хүү Б.А, хүү Б.Н нарыг эх Ч.Б асрамжид үлдээж, эцэг С.С.Бэс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00104 дүгээр шийдвэрээр гэрлэлт цуцлуулахад нэхэмжлэгч Ч.Б нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан. Тухайн үед С.С.Б хорих ангид ял эдэлж байсан. Одоо ажил эрхэлдэггүй, орлогогүй учир тэтгэлэг төлөх боломжгүй. Ч.Б нь хүүхдүүдээ тэжээн тэтгэж чадахгүй бол би хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Н нарыг эх Ч.Б асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Н нарын тус бүрд 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.С.Бэс тэтгэлэг гаргуулж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.С.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ч.Б намайг хүүхдүүдтэй уулзуулдаггүй, би нууцаар уулздаг. Хүүхдүүд маань аавыгаа их санадаг, хүүхдийн эрхийг зөрчиж байна. Ч.Б нь гэрлэлт цуцалсан шийдвэр гарахад хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн, мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд бид тохирч орсон байхад шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулсанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Б холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрлэлт цуцлуулах үед нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан, одоо ажил, орлогогүй учир тэтгэлэг төлөх боломжгүй гэж маргажээ.

3. Ч.Б, С.Б нар 2006 онд гэр бүл болж хамтран амьдарсан байх боловч Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00104 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. (хэргийн 53-54 дэх тал)

4. Зохигчдын дундаас 2007 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.А, 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү Б.А нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч нь хүү Б.Аын нэрийг Б.Н болгон өөрчилсөн гэж тайлбарлан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний улсын бүртгэл хийгдсэн талаарх лавлагааг шүүхэд ирүүлжээ. (хэргийн 6-7 дахь тал)

5. Гэрлэлт цуцлуулснаас хойш хүүхдүүд эхийн асрамжид байгаа, тэдэнд эцгийн зүгээс тэтгэлэг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч уг асуудлаар сөрөг шаардлага гаргаж мэтгэлцээгүй байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэхээр мөн хуулийн 26.4 дэх хэсэгт заасан.

Түүнчлэн, шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг, мөн долоо ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг тус тус харгалзан эцэг, эхийн хэний асрамжид үлдээхийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.

7. Иймд анхан шатны шүүх Б.А, Б.Н нарыг эх Ч.Б асрамжид үлдээж, эцэг С.Бэс хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт гэр бүл, хүүхдийн эрх ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан.

8. Гэрлэлт цуцлуулах үед хүүхдийн асрамж, тэтгэлэгтэй холбоотой шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байсан нь насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангах үүднээс уг асуудлаар дахин шүүхэд хандахыг хязгаарлахгүйн дээр хариуцагч хуульд заасан эцгийн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

9. Түүнчлэн давж заалдах гомдолд ... 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд бид тохирч орсон байхад шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулсанд гомдолтой гэж дурдсан ба хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлын хүрээнд талууд тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА