Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 197

 

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Хохирогч: Ж.Б,

          Шүүгдэгч: О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт О.Т-д холбогдох 1835004040231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 05-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2,  эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р багт оршин суух Ш овогт О.Т /РД:ОВ63030511/. 

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ж.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       1. Шүүгдэгч О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

         Шүүгдэгч О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт хохирогч Ж.Б-ыг зодсон болох нь хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би уг газарт цас орж байсан тул өөрийн хонио хариулаад бэлчээрт гараад байж байтал 13 цагийн үед Гэдрэгийн харган дотор малаа хариулж байхад О.Т гэдэг хүн согтуу морьтой ирээд намайг миний жижиг пад пад трактор чиний хүүхэд авсан өртөг мөнгөө өгөхгүй байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд мориндоо мордох гэж байтал О.Т миний хамар луу нэг удаа хүчтэй өлгөж цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан. О.Т мориндоо мордоод гартаа барьсан модон ташуураар миний толгой руу 2 удаа цохисон. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай гэрт О.Т бид хоёр 2 шил “Алтан түрүү” гэх архийг хувааж уугаад бид хоёр согтсон байхад би Ттэй жижиг пад пад трактороос болж маргалдсан. Тэр тракторыг манай хүү Ш нь О.Т-гийн хүү Т.Б хоорондоо тохирч худалдаж авсан бөгөөд үүнийг надад хамааруулж ярьснаас болж маргаан болоод би согтуу байх үедээ О.Тг нэг удаа алгадаж цохьсон гэсэн О.Т бас намайг алгадаж цохьсон юм шиг байна. Би зарим болсон үйл явдлыг санахгүй байна. Тэр асуудлаас болж Т намайг цохьсон. О.Т надад учирсан 191.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р талд/,

      гэрч Б.Ш-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “.....2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний ээж Д надруу 13 цагийн үед залгаад аавыг тань хамт өвөлждөг О.Т зодсон байна хацар амнаас нь цус гарч байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход миний аав Ж.Б-ын баруун хацар, хамраас цус гарсан, толгойны зүүн талын ар талаас бас цус гарсан байдалтай байсан. Би аав Ж.Б-ыг нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авч ирж хацар, хамар, толгой хэсэгт цэвэрлэгээ хийлгэсэн. Миний аав Ж.Б нь “Намайг хамт өвөлждөг О.Т зодлоо” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

      гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ах хонио бэлчээгээд хүрээд ирсэн бид хоёр уулзаад сууж байтал 13 цагийн О.Т согтуу ирээд бид нар мориноосоо буугаад тамхи татчихаад буцаад мориндоо мордож байтал Т нь Б ахын хамар луу баруун гараараа цохиход Б ахын хамраас цус гарсан. Б ах хамраас гарсан цусаа тогтоох гэхэд тогтохгүй байсан. Тэгтэл Т ах мориндоо мордоод явж байгаад буцаж ирээд Б ахын толгой руу гартаа барьсан суртай модон ташуураар нэг удаа, баруун хацар орчим газар дахин нэг удаа хүчтэй цохиход Б ах гараараа ташуурыг нь хаасан. Тэгээд би Т ахын морины цулбуураас барьж аваад явуулаагүй. Тухайн үед Т ах дахин Б ахыг цохих гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

       гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “.....Би 2018 оны 11дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед би өөрийн мотоциклтой ганцаараа Улаангом орчихоод буцаж харьж яваад гэрийнхээ хажууд байдаг Ж.Б ахын гэрт ирсэн тэднийд Ж.Б,О.Т , Б,Б гэдэг ах нар байсан тэгээд тэдгээр хүмүүс архи их уусан бүгдээрээ согтчихсон байдалтай байсан тэгж байгаад О.Т Ж.Б хоёр хоорондоо миний пад пад трокторын мөнгө өгөхгүй байна гэж хэлээд маргалдсан уг асуудал бол О.Тгийн хүүхэд Ж.Бын хүү хоорондоо жижиг пад пад троктор худалдсан тэгээд өртөг үнийг нь дутуу өгчихсөн байгаа юм гэж хэлдээд маргаад байсан тэр үед Ж.Б О.Т-д чи бид хоёрт хамаарал байхгүй тэр хүүхдүүдийн хооронд хийсэн худалдаа наймаа юм гэж хэлээд Ж.Б нь О.Т-г баруун гараараа нэг удаа зүүн талын нүдний доод та шанаа орчим газарт цохьчихсоныг би эрүүл архи уугаагүй байсан учраас дундуур ороод тэр хоёр хүнийг хоорондоо зодолдох юм байна гэж бодоод та хоёр хөгшин хүмүүс больцгоо гэж хэлээд дахин зодолдуудахгүй салгаж аваад би О.Т ахыг өөрийн мотоциклоор сундалж аваад гэртээ очсон юм тэр үед О.Т-гийн зүүн шанаан- бага зэргийн цус гарсан байсныг О.Т өөрөө угаасан юм О.Т-гийн хацарнаас цус их хэмжээгээр гараагүй бага зэргийн цус гараад хатчихсан байсан зодоон болж байх үед Ж.Бын эхнэр гэртээ байгаагүй гадна үхэрээ саагаад байя байсан гэрт тэдгээр хүмүүс намайг тэднийд очход Алтан түрүү гэх архи ууж байсан тэгээд О.Т ах манай гэрт хоноод маргааш нь явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

      гэрч Р.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “.....Би 2018 оны 11 сарын 11-ны өдөр би гэртээ байж байтал миний нөхөр Ж.Б.О.Т хоёр малд яваад хамт манайд ирсэн юм тэгээд манайд хоёр шил Алтан түрүү гэдэг архи хувааж уусан юм тэр үед манайд Б хөгшин байсан ба Н.Д гэдэг залуу мотоциклтой Улаангомоос ирсэн юм тэгээд би малаа хашаалаа ,үхэрээ саагаад би гадуур явж байгаад орой 20 цагийн үед гэртээ орход Н.Д 4 Б ах Т ах хоёр хоорондоо хальт зодолдоод гэж надад хэлсэн Б Т-г нэг удаа гараараа цохьчихлоо гэж байсан тэр үед О.Т-гийн хацар орчим газраас бага зэргийн цус гарсан байдалтай байсан тэгээд Н.Д нь О.Т-г согтуу байсан болохоор нь өөрийнхөө моотциклоор сундалж аваад явсан юм тэгээд манай нөхөр Ж.Б согтоод гэртээ унтсан юм тэр үед Б хөгшин байгаагүй эрт манай гэрээс гараад явчихсан байсан юм тэгээд маргааш өглөө нь би гэртээ байж байтал О.Т манай гэрт орж ирсэн сайхан амарсан уу гээд манайд орж ирсэн тэгээд О.Т нь манайд байхдаа “нэг аяга шимийн архи өгчих” гэж надад хэлээд гуйхаар нь би 0,5 литр орчим монгол нэрмэл архи гаргаж О.Т-д өгсөн юм тэр үед манай нөхөр хониныхоо хажууд явж байгаад гэртээ хүрээд ирсэн юм тэгээд ми нөхөр Ж.Б буцаад мал руугаа явсан О.Т нь архиа ууж дуусг өөрийнхөө мориороо явсан юм тэгээд үдээс хойш 15 цагийн миний нөхөр Ж.Б Б.Т гэдэг залуу дагуулсан манайд ирсэн тэр үед миний нөхөр О.Б хацар,хамраас нь цус их гарсан байдалтай манай гэрт ирсэн юм тэгээд би Б.Т юу болсон юм бэ хэн цохьсон юм бэ гэж асуухад бид хоёр малаа хариулаад маг бэлчээрт байж байтал О.Т ах зүгээр байж байтал Б ахыг гараараа удаа цохьчихлоо.ташуураар бас цохьсон гэж надад хэлсэн тэгээд би нө Ж.Быг Улаангом руу явуулж эмчид үзүүлсэн юм тэгээд миний нө Ж.Б-ын хамар хугарсан гэмтэл авсан байсан одоо биенийхэн хамар толгой өв байна гэж надад хэлээд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

       гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 сарын 11-ны өдөр 17 цагийн үед хөш айл Б.Б-ын гэрт орход Ж.Б,О.Т хоёр шилтэй архи уугаад сууж байсан тэгээд би тэднийд хоёр хундага архи уугаад миний дотор муухай болохоор нь би тэдний гэрээс гараад явчихсан юм. Тэр үед О.Т,Ж.Б хоёр юм яриад хоорондоо ярилцаад сууж байсан намайг Ж.Б-ын гэрт байхад тэднийд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй О.Т ,Ж.Б нар хоорондоо зодолдсон зүйл огт болоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

        Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 11 сарын 11-ны өдөр би өөрийн хонио хариулаад гэрээсээ хойш яваад ширэгийн хөвөө гэдэг газарт очсон юм тэр үед өдрийн 14 цагийн үед байсан юм.Тэгээд би тэнд очход Ж.Б хажуудаа Б.Т гэх Чимэдцэрэнгийн үхэрчин хийдэг залуутай хамт ойролцоо мал хариулж байсан намайг очход уг хоёр хүн коолоо ундааны савтай архи тавьчихсан хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд намайг очход Ж.Б уг коолооны ундааны савтай 1 литр орчим өндөр градустай хятадын талын хар гэдэг архи ууж байснаасаа надад хийж өгснийг би эхлээд нэг татчихсан юм дахиад надад хийгээд өгөхөөр нь би бас уг өгсөнг архийг уучихсан юм Б.Т уг архинаас уугаагүй тэгээд бид нар хөзөр тоглоод уг архийгЖ.Б бид хоёр хувааж уусан юм тэгээд бид нарын хариулж явсан мал өөрөө гэр лүүгээ явчихсан юм тэгээд Ж.Б бид хоёр Б-ын гэрт очсон. Тэгээд тэдний гэрт Бын эхнэр нь ,Б нар байсан юм тэгээд Балижинням гэртээ нэг шил 0,5 грамын Алтан түрүү гэдэг архи гаргаж ирсэнийг Б.Б бид гурав хувааж уусан юм тэгээд би тэр үед болсон үйлдлийг муухан санаж байна тэгээд би ухаангүй болтлоо согтсон байлээ. Түүнээс цааш нь болсоныг санахгүй байна тэгээд би Н.Д гэдэг айлд би очиж хонсон байсан. Миний хонсон Н.Д гэх залуу маргааш нь надад та Ж.Бын гэрт согтсон байсан таныг Ж.Б нэг удаа гараараа таны нүүр орчим газар цохьчихсон юм тэгээд би та хоёрыг салгаад таныг мотоциклоороо сундалж гэртээ ирээд та манайд хонлоо гэж хэлсэн.

      2018 оны 11 сарын 12-ны өглөө миний морийг Н.Д чөдөрлөөд тавьчихсаныг Д хайгаад олохгүй байсан тэгээд би Д-гийн гэрт эхнэр нь хоол хийж өгсөнийг идчихээд би Ж.Б-ын гэрт явган алхаад очсон юм тэгээд би тэднийд очход Ж.Б-ын эхнэр Д надад 0,5 грамын шилтэй монгол нэрмэл архи гаргаж өгсөнийг би уусан юм тэр үед өдөр 11 цаг болж байсан тухайн үед Ж.Б малаа хариулж яваад Б-тай хамт миний морийг чинь олоод ирлээ гэж надад хэлээд тэр хоёр хүн тэдний гэрт ороод ирсэн юм тэгээд би ууж байсан архинаасаа тэр хоёр хүнд хийж өгхөд тэр хоёр хүн уг монгол нэрмэл архинаас уугаагүй юм тэгээд би Ж.Б-аас миний хацар ,толгой шалбарсан байна яасан юм бэ гэж хэлхэд Ж.Б чи урьд орой манайд хамт архи ууж байхад чи трокторын мөнгө энэ тэр гэж орилоод байсан чи хэнээрээ зодуулсныг хэн мэдэх бэ гэж хэлчихээд гараад явчихсан юм би тухайн үед Б намайг цохьсон байна надаас уучлалт гуйвал би учраа олох зорилготой тэднийд очсон юм тэгээд Бын гэрт надад өгсөн 0,5 грамын нэрмэл архийг ууж дуусгаад миний морь тэдний гэрийн гадна эмээлтэй уяатай байхаар нь би мориндоо мордоод гэр лүүгээ явсан юм манай гэр Бын гэрээс зүүн урд зүгт 3 км орчим зайтай байдаг юм тэгээд би гэр лүүгээ явж байтал замд малын бэлчээрт Ж.Б өөрийн хонио хариулж явсантай 13 цагийн үед таарсан юм тэгээд миний уур хүрээд Б нь миний трокторын мөнгийг өгөхгүй байна,урьд оройн намайг  архи уугаад согтсон байхад намайг цохьчихлоо гэж миний уур хүрээд би Ж.Б-ыг баруун гараараа нэг удаа нүүр лүү нь хамар орчим газарт нь цохихсон юм. Тэр үед Ж.Б-ын хамраас цус гарсан юм. Би мориндоо мордоод явж байгаад эргэж ирээд Ж.Быг гартаа барьсан энгийн суртай, бургасан модон ташуураар нэг удаа толгой орчим газарт нь цохьчихсон юм. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

         Шүүгдэгч О.Т нь хохирогч Ж.Б-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хацар, зүүн шанайны хэсэгт зулгаралт  зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 766 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

      Иймд шүүгдэгч О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч О.Т нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

        2. Шүүгдэгч О.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч О.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Хохирогч Ж.Б нь шүүхийн  хэлэлцүүлэгт “Одоо надад  О.Тгээс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

      Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран цохиуртай модон ташуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Ш овогт О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран цохиуртай модон ташуур 1 /нэг/  ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ