| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/02175/И |
| Дугаар | 210/МА2022/02029 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/02029
2022 11 23 210/МА2022/02029
О.А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03109 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.А.Т " ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ш ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 84,385,752 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
О.А.Т ХХК нь Г.Ш ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Гэрээнд нэг сарын ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөхөөр тусгагдсан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, Дундговь аймгийн Баянжаргалан суманд байрлах уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2 ажилтан ажиллуулах, нэг сарын ажлын хөлс 3,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгч нь өдөр тутам, долоо хоног, сар бүр хийсэн ажлаа хариуцагч байгууллагад тайлагнаж, удирдлагууд нь гарын үсэг зурж баталгаажуулсан боловч 2021 оны 06 дугаар сараас хойшхи хугацааны төлбөр 84,385,752 төгрөгийг төлөөгүй. Хариуцагчаас төлбөрөө барагдуулахыг удаа дараа албан бичиг болон утсаар шаардсан боловч төлөөгүй. Манай байгууллагын үйл ажиллагааны чиглэлд зөвлөх үйлчилгээ ордог бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл авдаггүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 84,385,752 төгрөгийг хариуцагч Г.Ш ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
О.А.Т ХХК нь Г.Ш ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Хэрэгт авагдсан цахим шууданд хийсэн үзлэгээр О.А.Т ХХК ажлаа хийсэн гэж байгаа боловч Г.Ш ХХК-д хүлээлгэж өгсөн зүйл харагдахгүй байна. Мөн манай компанид мэдэгдэл ирүүлсэн баримт байхгүй. Иймээс нэхэмжлэгч талын өгсөн баримтуудаар 2021 онд бүхэлдээ ажиллаагүй, 2021 оны 10 дугаар сар хүртэл санхүүчийнх нь хийж өгсөн тооцоо байна. Нэхэмжлэгч компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх биш зөвхөн сургалт зохион байгуулах эрхтэй болох нь гэрчилгээнээс харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлынхаа хүрээнд нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ш ХХК-аас 84,385,572 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.А.Т ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 579,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. О.А.Т ХХК нь Г.Ш ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлс 84,385,752 төгрөг нэхэмжилж байгаа боловч О.А.Т ХХК-аас ямар ажил үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой биш, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн талаар сар бүрийн тайлан гаргаж өгч байгаагүй, ажил гүйцэтгэх гэрээг талууд дүгнээгүй, гэрээнд заасан хугацаанд ажилласан талаарх баримтууд байхгүй.
4.б. О.А.Т ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компани мөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн энэ чиглэлийн сургалт зохион байгуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. О.А.Т ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхгүй атлаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ямар ажил хийлгэж хэдий хугацаанд тайлагнаж байсан нь нотлох баримтаар авагдсан. Хариуцагч татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт, судалгааны ажил хийх зөвшөөрөлтэй бөгөөд энэ чиглэлээр гэрээт ажил хийж, гэрээний үүргийн дагуу ажил үүргээ хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О.А.Т ХХК нь хариуцагч Г.Ш ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84,385,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.а. Талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх ажил, үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь сард 7,000,000 төгрөгийн хөлс төлөх, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Баянжаргалан суманд байрлах уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2 ажилтан ажиллуулах, хариуцагч нь сард 3,600,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна. (хэргийн 7-17 дахь тал)
3.б. Гэрээний хавсралтад тохиролцсон 21 нэр төрлийн ажил, үйлчилгээг дүгнэвэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагааны болон бусад шаардлагатай журам, менежментийн төлөвлөгөө, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зэрэг тодорхой үр дүн бий болгох ажил, үйлчилгээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тодорхойлсон ажил гүйцэтгэх гэрээний зүйлд, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, заавар зөвлөгөө өгөх, байгууллагын төлөв байдал тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, ажилтны сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэг, техникийн бүрэн байдлын үзлэг хийх, өдөр тутмын мэдээг хүлээн авч хяналт тавих зэрэг үйлчилгээ нь мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зүйлд тус тус хамаарах буюу талуудын хооронд холимог гэрээний шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан байна.
3.в. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан тул анхан шатны шүүх талуудын харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэн мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн зохицуулалтыг маргаанд хамааруулан дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.
3.г. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар (2001 оны) зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл авахыг шаардахгүй юм. Иймд хариуцагчийн ...О.А.Т ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхгүй атлаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Гэрээгээр ажил, үйлчилгээний хөлсөнд сард 7,000,000 төгрөг төлөх, мөн уурхайд 2 ажилтан ажиллуулахтай холбоотойгоор сард 3,600,000 төгрөг нэмж төлөхөөр тус тус тохирсон байх ба хариуцагчаас гэрээний үнэд 81,209,677 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд тусгасан нь талуудын маргаангүй байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд нийт 165,595,429 төгрөгийн хөлс тооцож, үүнээс төлөгдсөн 81,209,677 төгрөгийг хасч, үлдэх 84,385,752 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч нь ажил, үйлчилгээ үзүүлээгүй, талууд гэрээгээ дүгнээгүй тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
5.а. Гэрээ байгуулагдсан 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын хугацаанд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмууд боловсруулан хүргүүлсэн, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал, осол, зөрчлийн тухай мэдээлэл, авсан арга хэмжээ, цаашид яаралтай шийдвэрлэх асуудал зэргийн талаар жил, сараар тайлан гаргаж, тухай бүр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч компанийн захирлын гарын үсгээр баталгаажсан тайлангууд, мөн хэрэгт бичгээр авагдсан тайлангууд, тэдгээрийг цахим шуудангаар хүргүүлсэн байдлыг бэхжүүлсэн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон, мөн талууд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн 39 төрлийн баримт бичгийг хүлээлцсэн байна. (хэргийн 24, 71-77, 93-103 дахь тал, хавсралт 9 хавтас)
Дээрх баримтуудыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.б. Харин 2021 оны 10 дугаар сард 3,533,333 төгрөгийн хөлс бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлын гутлын үнэ гэх 6,475,000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамааралгүй байгааг шүүх хянаж нягтлаагүй байна.
5.в. Иймээс гэрээнд зааснаар хариуцагчийг 155,587,096 (165,595,429-3,533,333-6,475,000) төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэх үндэстэй ба үүнээс төлсөн 81,209,677 төгрөгийг хасч тооцоход 74,377,419 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас ажил, үйлчилгээний хөлс 74,377,419 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн үнийн дүн 84,385,752 төгрөгийг 84,385,572 төгрөг гэж алдаатай тусгасныг тус магадлалаар залруулах боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 84,385,572 гэснийг 74,377,419 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,008,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 579,879 гэснийг, 529,837 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА