Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00167

 

 

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Х.А ,

хохирогч Л.Г ,

шүүгдэгч Н.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хохирогч Х.А ын өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

 

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Н.Б д холбогдох эрүүгийн 1815002260130 дугаартай, 163/2018/0152/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Н.Б  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт өөрийн гэрт иргэн Х.Э зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Г ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б гийн өгсөн: Х.Э , Мөнхбат хоёр 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Баян-Агт суманд очсон. Х.Э , Мөнхбат хоёр манай хадам аавын хашаа хороог янзлах гэж очсон. Хашаа хороог янзалж дуусаад хот явах гэхээр нь би очиж Х.Э аас “Чамд хот руу ороод ажил байгаа юм уу?” гэж асуухад байхгүй гэсэн. Тэгвэл манайд шовгор бариад өгөөч гэж гуйгаад аваад хоцорсон. Тухайн үед Мөнхбат гэх залуугийн ээжийнх нь бие муу байсан тул явчихсан. Уг нь хамт барилцах бодолтой байсан. Шовгороо барьж дууссаны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 15, 16-ны үед байх манайх отрын баяраар урагшаа Хаг гэх газар руу нүүдэг юм. Тэгээд Х.Э  нь танайх нүүдэл суудал хийх гэж байгаа юм байна. Би танайхыг нүүлгэлцэж өгчихөөд явъя даа гэсэн. Энэ үед Мөнхбат нь Х.Э ыг хот руу авч явах гээд ирсэн. Тэгэхэд Х.Э  нь “би хот руу ороод хийх ажил байх биш дээ, энэ дээ сайхан цагаан идээн дээр байж байя. Хот руу орлоо гэхэд архи уугаад унана” гэж хэлээд хоцорсон. Харин Мөнхбат хот руу яваад өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдөр санагдаж байна. Х.Э  надад “за, би явъя даа, танайх нүүдэл суудлаа хийгээд дуусчихсан юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэг дээ” гэж хэлээд мах, шөл гаргаж өгчихөөд сумын төв орж унаа машин хөөцөлдөөд ирье гэж хэлэнгүүт “За, хөгшин чинь маргааш, нөгөөдрөөс явлааш дээ, найздаа ганц шил архи авч өгөх юм байгаа биз дээ” гэсэн. За би санаж явъя гээд сумын төв рүү явсан. Тэгээд би сумын төв рүү унаа машинаа ярьж байгаад орой ирэхдээ ганц шил архи авчирч өгсөн. Эхнэр бид хоёрыг үнээгээ саачихаад ороод иртэл архи задалсан. Би архинаас 3, 4 хундага уучихаад өглөө эрт ажилтай тул унтаж амарлаа гээд унтсан. Тэгэхэд эхнэр маань таргаа бүрээд, харин Х.Э  нөгөө архиа уугаад суусан. Шөнө 2 цагийн үед сэрсэн чинь гэрийн нөгөө талд хүн амьтан шивнэлдээд байгаа юм шиг дуу чимээ гарсан. Хажуу талаа тэмтэрсэн чинь эхнэр маань байхгүй байсан. Эхнэр маань 3 хүүхдийнхээ өвөрт ороод унтчихсан юм байхдаа гэж бодоод гэрэл асаахад манай эхнэр, Х.Э  хоёр баруун талын орон дээр унтаж байсан. Босоод хартал Х.Э  нь нүцгэн манай эхнэрийн дээр гарчихсан байсан. Тэгээд гэнэт уурлаад ухасхийж дайраад Х.Э ыг түлхэж унагаагаад эхнэрээ зодсон. Дараа нь Х.Э ыг зодсон. Тэгэхдээ Х.Э ын тархи толгойр уу гараа цохиж, өшиглөсөн. Мөн ар нуруу руу өшиглөсөн. Тэгээд эхнэрээ хартал хамараас нь цус гарч байсан. Цусыг нь угаах зуураа та хоёр яаж байгаа юм бэ?, намайг доромжлоод байгаа юм уу? гэж хэлчихээд гэрийн гадаа гарч тамхи татаж тайвширчихаад эргэж гэртээ ороод унтсан. Х.Э  гэрийн гадаа нилээн байж байгаад гэрт орж ирээд “за хөгшөөн их муухай зүйл боллоо, намайг уучлаарай” гэж хэлээд гар барихаар “за одоо унтаж амар, маргааш явах юм чинь, чи намайг доромжлоод байна уу, үгүй юу” гэж хэлэнгүүт “үгүй тийм зүйл огт байхгүй, за за хөгшин чинь унтлаа” гээд баруун талын орон дээр унтаад өгсөн. Тухайн үед би уураа барьж чадаагүйн улмаас эхнэр Л.Г , Х.Э  хоёрыг зодож, гэмтэл учруулсан нь үнэн. Өглөө нь эхнэр бид хоёр босоод үхэр малаа саачихаад ороод иртэл орон дээрээ унтаж л байсан. Тэгэхдээ хачин дуугараад хурхираад байгаа юм шиг дуу гаргаад унтаад байсан. Би охинтойгоо төв орж цагаан идээгээ зарчихаад 11, 12 цагийн үед эргээд ирэхэд эхнэр маань Х.Э  чинь ерөөсөө босохгүй унтаад байх юм. Яачихваа гэж хэлэнгүүт нь очоод хартал нэг л хачин байсан. Тэгээд би болохоо байлаа гэж бодоод түргэн дуудсан. Түргэн ирж үзээд энэ хүн чинь болохоо байсан байна, төв рүү авч ороод нарийн шинжилгээнд хамруулна гэхээр нь түргэний машинтай хамт эхнэр бид хоёр дагаад явсан. Эмнэлэг дээр очоод шаардлагатай бүх арга хэмжээг авсаныхаа дараа өнөө шөнийг харна даа, ухаан орохгүй бол аймгийн төв рүү түргэний машинаар явуулахаас өөр замгүй боллоо гэсэн. Тэгж байтал цаг нилээн орой болчихсон байсан. Ардаа 3 хүүхдээ үлдээчихсэн болохоор эхнэрийгээ Х.Э ыг сахь гэж үлдээгээд өөрөө хүүхдүүд дээрээ очсон. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А ын өгсөн: Миний ах Х.Э  нь найз Мөнхбатын хамт Булган аймаг руу ажил хийхээр явсан. Тэрнээш хойш ээжтэй ярихдаа “ээжээ би айлын мал маллаж байгаа шүү, та битгий санаа зовоорой” гэж хэлсэн байсан. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Мөнхбатын дүү охин нь над руу утсаар залгаж “Х.Э  ах Булган аймгийн Эмнэлэгт хэвтэж байна, биеийн байдал муу байна. Би таньд байгаа айлынх нь утсыг өгье” гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Өгсөн дугаараар нь залгаж ярихад Х.Э  архины хордлогонд орчихлоо, ар гэрийнхэнд хэлээрэй, тэгээд наашаа хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад архины хордлогонд орчихвоо, хэдэн шил архи уусан бэ? гэсэн чинь өчигдөр орой нэг шил архи уугаад унтсан. Өглөө боссон чинь ухаан ордоггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах дүү нартаа мэдэгдээд 12 цагийн үед Н.Б  руу яриад ямар нэг гадны нөлөө, шарх сорив байна уу, наад хүн чинь харвачихсан юм биш биз анзаарсан уу? гэж асуухад гадны нөлөөгөөс үүссэн шарх сорив байхгүй байна, унтаад босохгүй байна гэж хэлсэн. Эмчид үзүүлсэн үү? гэж асуухад түргэн рүү залгаад дуудлага өгчихсөн байгаа, одоо ирж яваа байх гэж хэлсэн. Үдээш хойш 15 цагийн үед Х.Э ын хоёр ахыг нь аваад Булган аймаг руу явсан. Замдаа явж байгаад утсаар залгаж асуухад одоо болтол сэргэхгүй байна, дусал хийлгэж байна гэж хэлсэн. Замдаа явж байхдаа цагдаад мэдэгдсэн. Орой 20 цагийн үед замдаа явж байхдаа асуухад сая Булганаас эмч ирсэн. Түргэний тэрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум руу явж тархины зураг авахуулахгүй бол болохгүй байна. Одоо явах гэж байна гэж хэлсэн. Явсаар байгаад орой 23 цагийн үед Эрдэнэт хот дээр очиж уулзсан. Тэгэхэд Х.Э  ахын гар хөл нь татчихсан, ухаангүй, тархины урагдал язралттай, төмсөгнийх нь хоёр талаар урагдчихсан байдалтай байсан. Тэр үед л бид хүнд зодуулсан байна гэж мэдсэн. Эмчээс нь асуухад тархиндаа хүнд гэмтэл авсан байна, хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Өглөө 0700 цагт хагалгаанд ороод 12 цагийн үед дууссан боловч ухаангүй, зүрх нь цохилохгүй хэвээр байсан. Орой 19-20 цагийн үед нүдээ нээж ухаан орсон. Тэгсэн мөртлөө хэлж ярьж чадахгүй байсан. Гомдол, саналын хувьд зодсон гэдгээ мэдсээр байж яагаад хурдан эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй байгаад байсан юм бэ? хэрвээ цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлсэн бол өдийд ийм хэмжээнд асуудал үүсэхгүй байх байсан. Одоогоор биеийн байдал нь муу байна. Эмч нар яваандаа сайжирна, эмчилгээгээ сайн хийлгэх хэрэгтэй, цаг хугацаа харуулна гэсэн. Зүв зүгээр эрүүл саруул байсан хүнийг ийм болгосон явдалд гомдолтой байна. Хохирол төлбөрт 14.166.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж өгнө үү. Үүнд: замын зардал, эмчилгээний зардлуудтай холбоотой янз бүрийн зүйл орсон байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Г ын өгсөн: Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

1815002260130 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Л.Г ын өгсөн: “...Н.Б  нь намайг Х.Э  гэх хүнтэй хардаж зүүн нүд рүү гараараа 1 удаа, шанаа руу гараараа 1 удаа, баруун хацар руу хөлөөрөө 1 удаа цохьсон. Үүнээс болж 2 нүд хөхөрч, хавдаж гэмтэл учирсан. Багагүй хугацаа өнгөрч гэмтлүүд эдгэрсэн..., 0.75 литрийн Ерөөл архи авч, түүнийгээ хувааж уусан. Манай нөхөр Н.Б  4 хундага, би 3 хундагыг уусан. Харин үдсэнийг нь Х.Э  ах ганцаараа уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,

Хохирогч Х.Э ын өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр Н.Б  бид хоёр түүний гэрт 0.75 литрийн 2 шил архи уусан. Н.Б  эхний 1 шил архийг нь хувааж уучихаад унтсан. Харин би үлдсэн 1 шил архийг нь ганцаараа уусан. Би архи уугаад тасарсан бөгөөд нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Есөн-Эрдэнийн өгсөн: “... Х.Э  ах та хоёр уухгүй бол би ганцаараа ууна гээд ганцаараа уугаад байсан..., шөнө унтаж байхад хашигралдаад байхаар нь сэрээд харсан чинь аав ээжийг зодож байсан. Ээжийн хамарнаас цус гарсан. Ээж бид нарын унтаж байсан орон дээр суугаад цусаа арчаад байсан. Энэ үед аав Х.Э  ахыг зодоод байсан..., Х.Э  ах зодуулж байгаад гарч явсан...,  Х.Э  ахын амнаас хөөс гарсан байсан..., н.Батсүх ах Х.Э  ахын гар, хөл нь татаад байна гээд байсан. Батсүх ах Х.Э  ахыг бөөлжсөн байна гээд хажуу талаар нь хэвтүүлээд байсан..., удалгүй аав ирээд сумын төв рүү эмч дуудсан. Эмч ирж үзээд Х.Э  ахыг авч явсан..., ээж дотуур хувцастай байсан. Х.Э  ах ямар ч хувцасгүй, чармай нүцгэн байсан..., ээжийн нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

Гэрч Л.Г ын өгсөн: “...Би тараг бүрчихээд, тогоо, шанагаа угаачихаад нөхрийнхөө хажуугаар 02 цагийн үед орж унтсан..., нөхөр бид хоёр газраар унтаж байсан бөгөөд миний дотор муухайраад босоод сууж байсан чинь нэг хүн хөөе унтаач гэх шиг болсон. Тэгэхээр нь би нөхрийгөө хэллээ гэж бодоод босоод хүүхдүүдийнхээ өвөрт орж унтсан гэж бодсон чинь Х.Э  ахын өвөрт орчихсон байсан. Би гэрийн хана руу хараад хэвтэж байсан..., манай нөхөр гэнэт орилж босч ирээд намайг ямар учраас өөр хүний өвөрт унтдаг юм гээд хэл амаар доромжилсон. Х.Э ын нуруу хэсэг рүү нь өшиглөсөн, намайг босгож байгаад миний зүүн хацар руу цохьсон. Энэ үед миний хамарнаас цус гарсан..., би гадна гарч цусаа угаасан энэ үед нөхөр маань Х.Э  ахыг ална гээд орилоод зодоод байсан. Би удалгүй гэр рүүгээ ороход Х.Э  ах зөрөөд гэрээс гарсан. 1 цагийн гаруй хугацааны дараа Х.Э  ах орж ирсэн бөгөөд цус угаагаад тогтоогоод өг гээд байхаар нь би босоод данханд ус хийж өгч өөрөө угаахгүй юу, таниас хамаг юм боллоо, та яах гэж хувцасаа тайлсан юм гэж хэлсэн..., Х.Э  ахын амнаас нь цагаан хөөс гарсан, бөөлжсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуудас/,

Гэрч Д.Цолмонгийн өгсөн: “...Эмнэлэг дээр 40 орчим настай эрэгтэй хүн биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо ямар ч харьцаагүй, хурхирсан байдлтай байсан...,  Тухайн хүний биед үзлэг хийхэд дагзны зүүн хэсэгт хуйх нь 2 см орчим язарсан шархтай байсан, хүзүү болон зүүн мөрөн дээрээ зулгарсан шархтай байсан. Х.Э ын амнаас архи уусан үнэр үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч Д.Батсүхийн өгсөн:...Тухайн үед намайг харахад тасраад унасан хүн шиг дээшээ хараад унтаж байсан. Би бодохдоо согтуу унтаж байгаа юм байна гэж бодсон..., намайг очиход Л.Г ын нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Би бодохдоо нөхөртөйгөө маргалдсан юм байна гэж бодсон юу болсон талаар асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Гэрч Б.Мөнхбатын өгсөн: ...Бид нарыг очиход Х.Э  сумын төвийн эмнэлэгт хэвтэж байсан. Бид нарыг очиход Л.Г  эмнэлэгт Х.Э ыг сахиж байсан. Н.Б  гадна сууж байсан. Х.Э ын биеийн байдал тааруу ухаангүй байсан. Юу болсон талаар асуухад Н.Б  надад хэлэхдээ юу болсон талаар мэдэхгүй байна. Би тасарсан байна гэдэг юм ярьж байсан. Тэгээд Х.Э ыг миний машинд хэвтүүлэн хүчилтөрөгч залгаад Булган аймгийн эмнэлэг оруулна гэж авч яваад замд явж байхад Булганаас очсон эмэгтэй эмч толгойдоо гэмтэл авсан юм шиг байна. Орхон аймаг руу явж үзүүлсэн нь дээр гээд Эрдэнэт рүү орж Эмнэлэгийн яаралтай тусламж дээр аваачсан. Буцаж эмнэлэг дээр ирээд тархины зургаа үзүүлсэн яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Гэрч Л.Ганчимэгийн өгсөн: ...Тэгэхэд Х.Э  ухаангүй байсан..., Х.Э ын шанаа нь халцарсан, хүзүү нь шалбарсан байсан түргэнээр очсон эмч үзээд толгойдоо гэмтэл авсан талаар хэлсэн. Эрдэнэтэд ирээд Х.Э ын толгойд үүссэн шархыг харсан зүүн дагз хэсэгтээ 2-3 см орчим зүсэгдсэн юм шиг шарх үүссэн байсан..., сүүлд Н.Б  Х.Э  луу аяга шидэж гэмтээсэн талаар өөрөө хэлж байсныг сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаартай: Х.Э ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын зулай ба чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, зүүн нүдний дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл, зүүн талын зулай ба чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай: Магадлуулагч Л.Г ын биед тархи доргилт, баруун нүдний салстанд цус харвалт, хацар, шанаа, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 70 хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12/, яаралтай тусламжийн хуудас, болон эмчилгээний талаарх баримтууд /хх 73-117/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/, хохирлын баримт /хх-ийн 137-140/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Н.Б  нь 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт өөрийн гэрт иргэн Х.Э зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Г ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт нотлогдож байна.

Энэ үйл баримт нь шүүх хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Б гийн...манай эхнэр, Х.Э  хоёр баруун талын орон дээр унтаж байсан. Босоод хартал Х.Э  нь нүцгэн манай эхнэрийн дээр гарчихсан байсан. Тэгээд гэнэт уурлаад ухасхийж дайраад Х.Э ыг түлхэж унагаагаад эхнэрээ зодсон. Дараа нь Х.Э ыг зодсон. Тэгэхдээ Х.Э ын тархи толгойр уу гараа цохиж, өшиглөсөн. Мөн ар нуруу руу өшиглөсөн. Тэгээд эхнэрээ хартал хамараас нь цус гарч байсан. Цусыг нь угаах зуураа та хоёр яаж байгаа юм бэ?, намайг доромжлоод байгаа юм уу? гэж хэлчихээд гэрийн гадаа гарч тамхи татаж тайвширчихаад эргэж гэртээ ороод унтсан..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А ын...орой 23 цагийн үед Эрдэнэт хот дээр очиж уулзсан. Тэгэхэд Х.Э  ахын гар хөл нь татчихсан, ухаангүй, тархины урагдал язралттай, төмсөгнийх нь хоёр талаар урагдчихсан байдалтай байсан. Тэр үед л бид хүнд зодуулсан байна гэж мэдсэн..., зүв зүгээр эрүүл саруул байсан хүнийг ийм болгосон явдалд гомдолтой байна..., хохирол төлбөрт 14.166.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж өгнө үү гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Г ын...Н.Б  нь намайг Х.Э  гэх хүнтэй хардаж зүүн нүд рүү гараараа 1 удаа, шанаа руу гараараа 1 удаа, баруун хацар руу хөлөөрөө 1 удаа цохьсон. Үүнээс болж 2 нүд хөхөрч, хавдаж гэмтэл учирсан гэх, хохирогч Х.Э ын...2018 оны 07 дугаар сарын сүүлээр Н.Б  бид хоёр түүний гэрт 0.75 литрийн 2 шил архи уусан..., би үлдсэн 1 шил архийг нь ганцаараа уусан..., архи уугаад тасарсан..., нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан..., юу болсон талаар мэдэхгүй гэх, насанд хүрээгүй гэрч Б.Есөн-Эрдэнийн өгсөн...шөнө унтаж байхад хашигралдаад байхаар нь сэрээд харсан чинь аав ээжийг зодож байсан..., ээжийн хамарнаас цус гарсан..., энэ үед аав Х.Э  ахыг зодоод байсан..., Х.Э  ахын амнаас хөөс гарсан байсан...гэх, гэрч Л.Г ын...би нөхрийгөө хэллээ гэж бодоод босоод хүүхдүүдийнхээ өвөрт орж унтсан гэж бодсон чинь Х.Э  ахын өвөрт орчихсон байсан..., манай нөхөр гэнэт орилж босч ирээд намайг ямар учраас өөр хүний өвөрт унтдаг юм гээд хэл амаар доромжилсон. Х.Э ын нуруу хэсэг рүү нь өшиглөсөн, намайг босгож байгаад миний зүүн хацар руу цохьсон..., нөхөр маань Х.Э  ахыг ална гээд орилоод зодоод байсан гэх, гэрч Д.Цолмонгийн...Эмнэлэг дээр 40 орчим настай эрэгтэй хүн биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо ямар ч харьцаагүй, хурхирсан байдлтай байсан..., дагзны зүүн хэсэгт хуйх нь 2 см орчим язарсан шархтай байсан, хүзүү болон зүүн мөрөн дээрээ зулгарсан шархтай байсан гэх, гэрч Д.Батсүхийн...Тухайн үед намайг харахад тасраад унасан хүн шиг дээшээ хараад унтаж байсан..., Л.Г ын нэг нүд нь хөхөрч хавдсан байсан..., нөхөртөйгөө маргалдсан юм байна гэж бодсон гэх, гэрч Б.Мөнхбатын...Л.Г  эмнэлэгт Х.Э ыг сахиж байсан..., Х.Э ын биеийн байдал тааруу ухаангүй байсан..., Н.Б  надад хэлэхдээ юу болсон талаар мэдэхгүй байна. Би тасарсан байна гэдэг юм ярьж байсан...., Булганаас очсон эмэгтэй эмч толгойдоо гэмтэл авсан юм шиг байна...,  эмнэлэг дээр ирээд тархины зургаа үзүүлсэн яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн...гэх, гэрч Л.Ганчимэгийн...Х.Э  ухаангүй байсан..., Х.Э ын шанаа нь халцарсан, хүзүү нь шалбарсан байсан түргэнээр очсон эмч үзээд толгойдоо гэмтэл авсан талаар хэлсэн..., толгойд үүссэн шархыг харсан зүүн дагз хэсэгтээ 2-3 см орчим зүсэгдсэн юм шиг шарх үүссэн байсан..., Н.Б  Х.Э  луу аяга шидэж гэмтээсэн талаар өөрөө хэлж байсныг сонссон...гэх мэдүүлэгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаартай дүгнэлтээр...Х.Э ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын зулай ба чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, зүүн нүдний дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт үүсчээ гэх, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай дүгнэлтээр....магадлуулагч Л.Г ын биед тархи доргилт, баруун нүдний салстанд цус харвалт, хацар, шанаа, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А  нь шүүгдэгч Н.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 14166000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хх-ийн 137 хуудас эмчилгээний зардалд 150000 төгрөг, 138 хуудас эмчилгээний зардал 100000 төгрөг, Гэмтэл Согог 507960 төгрөг, Мэдипас эмнэлэгийн компьютерт томограф толгойн зураг 150000 төгрөг, эмчилгээний зардал 100000 төгрөг, ор хоногийн 345000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 18-ны мөнгөн шилжүүлэг 200000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны мөнгөн шилжүүлэг 200000 төгрөг, цээжний зураг 100000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны замын зардал 19200 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдөр эмийн үнэ болон бусад зардал 29400 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр замын зардал 19000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр замын зардал 15000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шатахууны зардал 112000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдөр эмийн үнэ 17400 төгрөг, эмийн үнэ 23900 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр эмийн үнэ 45000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эмийн үнэ 7500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шатахууны үнэ 30000 төгрөг, шатахууны үнэ 8100 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр замын зардал 5000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Титэм буудлын үнэ 286000 төгрөг нийт 2470460 төгрөг байх ба үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б  нь хохирогч Х.Э ын эмчилгээ болон бусад зардалд 1370000 төгрөг төлсөнийг хасч тооцон үлдэх 1010460 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.А  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13448500 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нар цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь шүүгдэгч Н.Б  нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж мэтгэлцэж байгаа хэдий ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчид өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Б г 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүнийг 10450000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б гаас 1010460 төгрөг гаргуулж хохирогч  Б овогт Х. А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13448500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн шаазан аяга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН