Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Гэрч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн 1838004810359 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт оршин суух иргэн М.Бгийн гэрээс дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөгний толгой зэрэг эд зүйлийг хууль бусаар хулгайлан 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт оршин суух иргэн М.Бгийн гэрээс дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөгний толгой зэрэг эд зүйлийг хууль бусаар хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…М.Бгийн гэрээс хөөрөгний толгой, мөнгөн аяга хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би 50.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би мөнгийг нь өгнө...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй ичиж байна...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 8 дугаар хуудас/,

  Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…С.Маас миний мөнгөн аяга хөөрөгний толгой хоёрыг та нар архи ууж дуусаад гэрээс гарахдаа авсан байна гэхэд тиймээ авсан. Гэхдээ Шинэбаяр аваад барьцаанд 50.000 төгрөгөөр тавиад өөрөө 40.000 төгрөгийг нь аваад надад 10.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Барьцаанд мөнгөн аяга, хөөрөгний толгой хоёрыг маань тавихдаа Шинэбаяртай хоёулахнаа хамт явсан гэж хэлсэн. Хөөрөгний маань толгойг Мөнхсайхан гэж хүнд өгөөд хадгалуулсан гэж надад хэлсэн. С.М надтай гудманд таараад би танд 30.000 төгрөг өгье би барьцаанд таны мөнгөн аягыг 50.000 төгрөгөнд тавьчихсан гэж хэлсэн...Хөөрөгний толгойгоо Мөнхсайханаас авчихсан. Харин мөнгөн аяганы мөнгө 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байсан байхаа би 14 цагийн орчимд зах дээр ажлаа хийгээд сууж байтал 2 халамцуухан залуу орж ирээд мөнгөн аяга 50.000 төгрөгөнд тавимаар байна. Шартаж үхэх гээд байна гэсээр орж ирсэн. Тэр мөнгөн аяга гаргаж ирсэн нөхрийг С.М гэж байсан байхаа дэлчгэр чихтэй, бөлтгөр нүдтэй, шар царайтай нөхөр байсан. Би наад аяга чинь асуудалтай аяга юм биш биз гэхэд тийм зүйл байхгүй маргааш нь авна гээд дунд гарын мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр өгсөн...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

        Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  М.Б ахынд очоод нэг шил архи задалж ууцгаасан. Тэгэхэд би үүдний хэсэгт байх сандал дээр сууж байсан. С.М ширээний зүүн талд сууж байсан. Тэгээд хэсэг байж байтал С.М гараад явсан. Гарч явахдаа Шинэбаярын нурууруу нудрах шиг болсон. Тэр хоёр хамт гараад явангуут нь араас нь гараад явсан чинь гудманд явж байснаа С.М, Шинэбаярт нэг мөнгөн аяга гаргаж үзүүлээд өмднийхээ тэлээг султгаад аягаа өмдөн дотроо хийгээд аваад явсан. Тэр хоёр зах руу явж аягаа зарна гээд нэг такси бариад намайг хамт яв гэж хэлээд бид 3 зах руу явсан...С.М өмд рүүгээ нэг шил архи хийсэн мөнгөтэй болчихсон ирсэн. Шинэбаярыг орон дээр хэвтсэн чинь чи миний орноос бос 10.000 төгрөгөө авъя гээд байсан. Тэгсэн чинь Шинэбаяр чамд 40.000 төгрөг байгаа биз дээ гэсэн чинь С.М миний орон дээрээс буу гээд байсан. С.М бол хүний юмыг аваад дараа нь хүн рүү гүтгэж чанга хашгирч айлгадаг хүн байгаа юмаа. С.М бол М.Б ахын хөөрөгний толгой, мөнгөн аягийг авсан. Цагдаа дээр ирээд чи өмдрүүгээ хийж аяга авч гарсан гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг,

        Гэрч Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Батхишигийг мөнгөн аяга, хөөрөгний толгойг М.Б ахын гэрээс авч гарч байгааг хараагүй. Хамгийн сүүлд С.М гарч ирсэн. С.М харин захын хажууд явж байснаа нэг мөнгөн аяга өмднийхөө урд хэсгээс гаргаж ирээд хөгшинд нь нэг мөнгөн аяга байна, зарж архи авч ууяа гэсэн. Харин М.Б ахын гэрээс авсан Батхишиг өгсөн гэдгийг хэлээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

        Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын дундуур байхаа С.М надад нэг хөөрөгний толгой хадгалуулсан. Тэр хөөрөгний толгой нь шүрэн толгой шиг харагдсан. Хөөрөгний толгойг С.М хаячих гээд байна танд хадгалуулчихъя гэхээр нь би аваад хадгалсан юмаа...Надад хаанаас авсан тухайгаа хэлээгүй. Харин М.Б гэж хүний гэрээс мөнгөн аяга алдагдсан тухай манай гэрт Батхишиг, С.М, Мягмарсүрэн нар байхад С.М, Батхишиг нь мөнгөн аяга гэрээс авч гарсан биз дээ гээд дайрч давшилаад байсан чинь Батхишиг нь би аваагүй шдээ гээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

        Гэрч З.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Батхишиг нь С.Мтай нэг айлд хамт архи ууж байгаад С.М нь тэр айлаас нэг мөнгөн аяга авчихсан юмаа. Би төлбөрийг нь төлчихсөн гэж хэлсэн. С.М нь манай гэрт ойр ойрхон ирж манай охиныг дуудаад гаргаж ирээд дарамтлаад байдаг. Охиноосоо юу болсон талаар асуухад чи тэр мөнгөн аягыг авсан гээд хэлчих би болохоор өмнө нь ял эдэлж байсан болохоор дахиж ял эдлэх юм бол шоронд орно гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

        Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Шинэбаяр, С.М, Батхишиг нартай хамт М.Б гэж айлынд очоод С.М мөнгөн аяга, хөөрөгнийх нь толгойг авчихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 43 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004810359 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.М нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 53, 57-59 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Долгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, эцэг, эх, 8 настай хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдээ асран халамжилдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дунд гарын мөнгөн аяга нэг ширхэгийг хохирогч М.Ббуцаан олгох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг хохирогч              М.Бтөлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Мыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

     4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Мт хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Маас 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Долгосугай.

     6. Эрүүгийн 1838004810359 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дунд гарын мөнгөн аяга нэг ширхэгийг хохирогч М.Б буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

     7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ХҮРЭЛБААТАР