Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00172

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ц.М ,                                                                                                                            

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т д холбогдох 132/2017/0161/Э индекстэй, 1815002410152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар шитйгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 325 цаг албадан ажил хийлгэх ялаар, мөн Төв аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хэргалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э.Т

Холбогдсон хэргийн талаар:

Э.Т нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг "Нарангийн гол" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан 2975660 /хоёр сая есөн зуун далан таван мянга зургаан зуун жар/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т гийн өгсөн: 2017 онд нөхөрлөл байгуулж 4,3 га газар авч бичил уурхай ажиллуулсан. Энэ жил үлдэгдэл 1 га газар дээрээ гэрээ хийж ажиллая гэж бодоод Бүрэгхангай сумын ЗДТГ-т гэрээ сунгуулахаар хүсэлт бичиж очсон боловч уг газрыг хүлээн авах, хүлээлгэн өгөх комисс бүрдэхгүй байна гэсээр Аймгийн 80 жилийн ой, баяр наадам болчихсон. Сумын Тамгын газарт 3-4 удаа очиж уулзсан боловч хүмүүс бүрдэхгүй болохоор нь юу ч гэсэн хөрсөө хуулж байя гэж бодоод хөрсөө хуулаад байж байтал хүмүүс ирээд шалгаж үзээд ингэж болохгүй, цагдаа дуудна гэж хэлээд үйл ажиллагаа зогсоосон. Маргааш өглөө нь байгаль орчны байцаагч, цагдаа хоёр ирээд экскэваторын компьютер хураагаад аваад явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М  өгсөн: Миний бие Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг юм. Тухайн газрыг өмнөх жилд газар ашиглах зөвшөөрөл олгож байсан боловч газар ашиглалтын гэрээгээ сунгаж, албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байхад үйл ажиллагаагаа явуулсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болж байна. Шүүгдэгч Э.Т нь техникийн нөхөн сэргээлтийг хөрс хуулсан гээд байгаа 1 га газарт хийгдсэн байгаа. Төрд учирсан шууд хохирол 2.929.000 төгрөгийг барагдуулчих юм бол бусад асуудлыг нэхэмжлээд байх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна гэв.

1815002410152 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ц.М  өгсөн:"...Намайг сумын засаг дарга Н.******* нь Булган аймаг дахь цагдаагийн газар шалгагдаж байгаа эрүүгийн 1815002410152 дугаартай хэрэгт хохирогчоор оролцохоор томилсон байсан. Иймд би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна..., Э.Т  нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж сонссон. Миний зүгээс хуулийн дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Иргэний   нэхэмжлэгч   Д.Батболдын өгсөн: “...Булган аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баттөрийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Нарангийн гол” гэх нэртэй газарт “Бодь их үйлс” нэртэй нөхөрлөлийн ахлагч Э.Т гийн хууль бус ашигт малтмал олборлосон газарт байгаль орчин экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцож 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.    Хохирлыг байгаль орчны хохирлын үнэлгээгээр газар эдэлбэр, газрын хэвлий, агаар,  хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон. Мөн түүнийг нөхөн сэргээх зардлын үнэлгээг тооцсон. Шинжээч томилох тогтоолыг хүлээж аваад уг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар баг Нарангийн гол гэх нэртэй газарт очиж хээрийн хэмжилт судалгааг хийж гүйцэтгэсэн. Хээрийн хэмжилт судалгааг үндэслэн хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас эвдрэлд орсон талбайн байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээ нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулсан. Энэ дүгнэлт гаргахад гарсан зардал, ажилласан цаг, компанийн ашиг зэргийг тооцоод 4500000 төгрөгний төлбөр нэхэмжилж байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт очиж ажиллахад бензин шатахуун, буудал, хоол унд зэрэгт 1500000 төгрөгний зардал гарсан. Хөрсний дээж авч лаборторид шинжлүүлэхэд 368000 төгрөг, миний өөрийн ажилласан компанийн ашиг зэргийг тооцож дээрх мөнгийг нэхэмжилж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

Гэрч Г.*******ийн...2018 оны 07 дугаар сард үлдсэн 1 га газраа сарын 8-ны өдөр шиг санаж байна үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хэсэгхэн газар ухаж 2-3 хоног ажилласан. Тэр үед би шалгалтаар явж шалгахад гэрээгээ засаг даргаар сунгуулаагүй байж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан. Тэгэхээр нь үйл ажиллагааг нь зогсоож гэрээгээ сунгуулсны дараа ажиллаж эхэл гэдэг шаардлага тавьсан. Э.Т гийн ухсан газар 50x10 метр хэмжээтэй жижигхэн газар байсан. Э.Т  1 эксковатор, 1 ковш, 1 ачааны цагаан машинтай ажиллаж байсан. Түрээсийн техникүүд гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Б.*******ын...Э.Т  гэрээгээ байгуулсан ямар нэг асуудал байхгүй гэж ярьж байсан зөвшөөрөл талаар ямар нэг мэдэх зүйл алга байна. Э.Т гийн ярьж байгаагаар жалга дагуу нарийхан газар байгаа харагдсан. Миний хувьд эксковатор түрээслэх өөрөө жолоодох цалинтай ажиллах санаатай байсан. Тэгтэл Э.Т  дүгнэлттэй газрын хажууханд задгай газар гэрээ барьсан байсан. Тэгтэл Бүрэгхангай сумын засаг дарга дүгнэлттэй газраас гадуур гэр барьж кэмп байгууллаа гэж газар чөлөөлөх захирамж гаргасан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

Гэрч Н.*******ын...Энэ жилийн хувьд Э.Т  нөхөн сэргээлэлтээ хийнэ гэж байсан. Тэгээд гэрээгээ сунгуулмаар байна гэхээр нь нөхөн сэргээлтийг хий мөн нөхөн сэргээлтийн барьцаа болох 5 сая төгрөг байршуулах ёстой байдаг тэр мөнгөө байршуулах шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлвэл гэрээ байгуулна гэж хэлсэн. Байгаль орчны байцаагч бусад хүмүүсээс Э.Т  гэрээ байгуулаагүй байж үйл ажиллагаа явуулсан талаар сонссон. Тэгээд үйл ажиллагааг нь зогсоож газар чөлөөлөх тухай захирамж гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

 Гэрч Ч.*******ын...Ашигласан газрын нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Энэ жилийн хувьд засаг даргатай гэрээгээ сунгах ёстой байсан. Э.Т   гэрээгээ сунгах гэхээр дарга нар ажил ихтэй байна гээд гэрээгээ сунгуулж чадахгүй яваад байна гэсэн. Тэгээд гэрээгээ сунгуулахгүй ажилласан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

 Гэрч Б.*******тын...Засаг даргатай гэрээ байгуулаагүй тохиолдолд үйл ажиллагаа явуулж болохгүй. Засаг даргатай гэрээ байгуулаагүй ажилласан тохиолдолд ашигт малтмалын тухай хуулийн 7.3 “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/

“Грийн Ассесмент” үнэлгээний ХХК-ны шинжээчийн Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот “Бодь Их Үйлс” нөхөрлөлийн ахлагч Э.Т нь Туул голын баруун дэнжээс баруун зүгт 600 м зайд өмнө нь олборлолтын ажил гүйцэтгэж байгаагүй эрүүл газарт 943 м талбай бүхий 2.3 м дундаж гүнтэй эрүүл газарт олборлолтын ажил гүйцэтгэж элс угаах үйл ажиллагаа явуулсан байна..., нийт 4203 м буюу 0.42 га талбайд олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг, газар эдэлбэр газрын хэвлий, агаар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 2.975.660 (хоёр сая есөн зуун далан таван мянга зургаан зуун жаран төгрөг) байна...гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 10-19 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-25 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 27 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 135-147 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “Нарангийн гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан 2975660 /хоёр сая есөн зуун далан таван мянга зургаан зуун жар/ төгрөгийн шууд хохирол учруулсан факт, үйл баримт тогтоогдож байна.     

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.М , иргэний нэхэмжлэгч Д.Батболдын мэдүүлэг, гэрч Г.*******, Б.*******, Н.*******, Ч.Түвшинбаяр, Б.*******т нарын мэдүүлэг, “Грийн Ассесмент" үнэлгээний ХХК-ны шинжээчийн Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Т г хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Шүүгдэгч Э.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд   заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Б овогт Э.Т г хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т г 5400 /таван мянга дарван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400000 төгрөгний торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Хэрэгт битүүмжлэгдсэн LC-2000 маркийн шар өнгийн эксковатрыг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгосугай.

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Т гээс 2500000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу-70, Хүдэрмөнх оффис, 4 дүгээр давхар, 410 тоотод байрлах “Грийн ассестмент” ХХК-ний захирал Д.Б, байгаль экологид учруулсан хохирол 2975660 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгосугай.  

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН