Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 00179

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0166/Э индекстэй, 1815002300163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 362 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 1 сарын хорих ялыг мөн хугацагаар тэнсэж шийдвэрлэгдсэн гэх, А овогт М.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Рашаант сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр **-** УНН улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар Итали улсын иргэн хохирогч Элизавет Гельгийн эрүүл мэндэд хүнд хохирол, *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

1815000890078 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч *******ийн өгсөн:...Миний эхнэр болох Элизавет Гельг машинд хамт байсан болохоор надтай адилхан л ярих байсан байх. Одоо тэр талаар дахин дахин яриад байх шаардлагагүй байх гэж үзэж байна. Манай эхнэр Элизавет Гельгийн тархинд гэмтэл авснаар түүний хүзүүний 5, 6-р дугаар үе хугарсан, няцарсан бүсэлхийнээс доош мэдрэл алдагдсан, дөрвөн мөчид мэдрэлгүй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Ер нь бол биеийн эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа тул өөрөө шууд мэдүүлэг өгч чадахгүй байгаа...”  гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч *******ийн өгсөн: “...Машин явж байгаад гэнэт дотор зорчиж байсан зорчигч нарыг шидсэн ба баруун тал руугаа машин унасан. Тэгэхэд би машины жолоочийг жолоогоо алдчихлаа гэж бодсон. Тэгээд машин зогсох үед зорчиж явсан машин баруун талаараа газарт онхолдсон байсан. Би тухайн үед эхнэрийг бэртсэн гэдгийг мэдээд толгойг нь хөдөлгөхгүй барьсан. Тэгэхэд гаднаас манай машин урд талын нэг дугуй салчихсан байна гэдгийг машины гадна байх хүмүүсийн ярианаас сонсож мэдсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/,

Гэрч Д.*******ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Хөгнө” уулын хийдийг үзчихээд 11 цаг 40 минутанд уулнаас буугаад ойролцоогоор 5 орчим км явж байгаад толиндоо хартал хойно явж байсан. М.М машин яг эргэж байгаа юм шиг харагдсан, дахиад хартал хажуу тийшээ унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Гэрч *******ийн өгсөн: “...тэгээд машин уулнаас бараг буугаад явж байсан чинь машин дотор надад гэнэт зайлагдах мэдрэмж төрөөд гэнэтхэн л хормын төдийд машин баруун талаараа унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/,

Гэрч *******ийн өгсөн: “...Тэгээд зам маш их донсолгоотой байсан болохоор фургон удаан явж байсан тэгсэн шороон зам дээр гэнэт машин 2 тийшээ машинд зорчиж явсан хүмүүс зайлагдаж мэдэгдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь машин газарт баруун талаараа унасан...” /хх-ийн 48-50 хуудас/,

Гэрч З.*******ын өгсөн: “...2018 оны 08 дугара сарын 01-ний өдрийн 12 цагийн үед “Хөгнө Хан” уулын өвөрт машин онхолдсон байна гэх дуудлагад 12 цаг 45 минут орчимд очиход цагаан өнгийн Фурган жолоочийн эсрэг тал руугаа газарт унасан байрлалтай байсан...Тэр хүн нилээн хүнд байдалтай байсан /ажиглахад/...”/хх-ийн 51-53 хуудас/, 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. Магадлуулагч Elizabetta Ghellii-н биед хүзүүний 5-р нугалмын сэлтэрсэн хугарал, бүрэн мултрал, хүзүүний 6, 7-р нугаламын хугарал, нугас дарагдал, 4 мөчдийн саажил гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 69-71 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч эмчийн 9516 дугаартай дүгнэлтэнд: 1. Domenico Arezzo-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 73 хуудас/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 42 тоот дүгнэлтэнд...Жолооч М.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч М.М Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч М.М хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг зам тээврийн осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-ийн 85 хуудас/,

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-15 хуудас/,

Тээврийн хэрэгсэл, автомашины дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-92 хуудас/, 

   Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.      

Шүүгдэгч М.М нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр **-** УНН улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар Итали улсын иргэн хохирогч Элизавет Гельгийн эрүүл мэндэд хүнд хохирол, *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.М холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.       

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч М.М ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. А овогт М. Мнь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.М оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН