Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02052

 

 

 

 

 

 

 

2022 11 30 210/МА2022/02052

 

Б.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02764 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Зт холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5072159095 данснаас О.Зын 5114484062 тоот дансанд түүний гуйлтаар 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Б.Од түүний танил Б.О нь О.З гэдэг миний найз машин оруулж ирдэг, одоо гааль дээр машин ороод ирсэн, татварыг нь төлөөд авчихмаар байна, хүнээс 15,000,000 төгрөг хүүтэй зээлээд өгөөч гээд байна гэж яриад О.З гэдэг хүнтэй Б.Ог зуучилж өгсөн. Б.Огаас О.Зт 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч одоог хүртэл мөнгийг буцааж өгөөгүй тул О.Заас 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь Б.О Б.Огаас 15,000,000 төгрөг зээлж аваад О.Зт өгснийг буцаагаад зээлсэн гэх агуулгатай тайлбар хийж байна. Б.О, Б.Онар энэ хэрэгт ямар ч хамааралгүй учраас хамтран хариуцагчаар татах үндэслэл байхгүй. О.Зт 15,000,000 төгрөг зээлдүүлж шилжүүлсэн учир уг мөнгөө нэхэмжилж байгаа. Зээлсэн мөнгөө О.З хэндээ яаж шилжүүлэх, юунд ашиглах нь тэр хүний асуудал. Анхнаасаа хэрэв Б.О мөнгө зээлэх санал тавьсан бол Б.О маш олон хүнд өртэй мөнгө нэхэгдэж байсныг мэдэх учир түүнд зээлэхгүй байсан. Б.О зөвхөн зуучилсан. О.З өөрөө дансаа өгөөд гүйлгээний утга дээр нь Оюунтуул гэж бичээд хийгээрэй гэсний дагуу утгыг нь тэгэж бичсэн. Иймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн талийгаач Б.О нь миний ах М.Баас олон удаа мөнгө зээлсэн байдаг. Харин 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.О нь ах М.Баас урд нь зээлсэн 15,000,000 төгрөгөө нэхэмжлэгч Б.Огаар миний данс руу оюунтуул гэж хийлгэж, орой нь дахин мөнгө зээлсэн. Би ах М.Баас 5753377430 тоот данснаас 10,000,000 төгрөг нэмж хийлгэж, миний 5114184062 тоот данснаас 26,000,000 төгрөг болгож Б.Оын данс руу (талийгаач Б.Оын төрсөн эгч) хийсэн. Маргааш нь би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариат дээр очиж талийгаач Б.Отай зээлийн гэрээ хийсэн. Харин нэхэмжлэгч Б.О бид хоёрын хооронд өр авлагын ямар ч тооцоо байхгүй, түүнийг хараагүй танихгүйгээс гадна би гадаадаас ямар ч машин оруулж ирээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан. Ажил явдлын дараа зээлийн гэрээгээ бариад эгч Б.Отой нь очиж уулзсан, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 26,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Б.Огаас Б.О 15,000,000 төгрөгийг зээлж авсан юм билээ. Яагаад О.Зын данс руу шилжүүлснийг асуухад Б.Оын данс шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн байсан гэсэн. Талийгаач Б.Оын эрх шилжээгүй, Б.Онь би амаржаад, сарын хугацаанд дүүгээ дэлгүүр дээрээ ажиллуулахад ийм зүйл болчихлоо, надад мэдэх зүйл алга гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Б.Оыг хамтран хариуцагчаар татаж оруулсан бол хэн, хэдэн төгрөг өгөх ёстой вэ гэдэг нь тодорхой болох байлаа.

Б.О тамхи, бараа бөөнддөг хүмүүсээс бараа аваад түүнийхээ мөнгийг О.Заар түүний данснаас oyuntuul, эсхүл өөрийнхөө 94165555 утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичиж шилжүүлүүлсэн. Энэ мөнгө нийлээд 15,000,000 төгрөг болж байгаа. О.Зын гэр бүл хүнээс 15,000,000 төгрөг зээлээд байхаар амьдралтай хүмүүс биш. Байр авахаар цуглуулж байсан 40-50 сая төгрөг байснаасаа зээлдүүлсэн. Мөнгө шилжүүлсэн болгоныг зээл гэж үзэж болохгүй учир хэрэгт байгаа өглөг авлагын баримт, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Заас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Заас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх эрх зүйн маргааныг зөв тодорхойлоогүй, бодит байдал дээр нэхэмжлэгч нь хариуцагчтай ямар ч зээлийн харилцаа үүсээгүй, бие биенээ ч танихгүй, харин талийгаач Б.О урьд нь зээлсэн мөнгөө О.Зт Б.Огаар шилжүүлүүлэх тухай Б.О, Б.О хоёрын л тохиролцоо байдаг.

4.б. Хариуцагч тэр үедээ 40-50 сая төгрөгөөр байр авахаар бэлэн байсан хүн, хүнээс мөнгө зээлсэн асуудал байхгүй, талийгаач Б.О, хариуцагч хоёрын 30,000,000 зээлийн гэрээ болон төрсөн эгч Б.Оын дүүгийнхээ авсан өр төлбөрийг төлнө гээд байна гэх хариуцагчийн итгэмжплэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх харгалзан үзээгүй тэгээд ч нэхэмжлэгч эрх залгамжлагдсаны дараа болон мөнгө зээлсэн гэх Б.Оын эгч Б.Ооос мөнгөө нэхэмжлэх ёстой.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хариуцагч хариуцагчаа татахгүй гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч ойлгож зээл авсан Б.Оын эгч Б.Оыг хамтран хариуцагчаар татсан бол энэ хэрэг амархан шийдэгдэх байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5072159095 тоот данснаас О.Зын эзэмшлийн 5114484062 тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд маргаагүй. (хэргийн 5 дахь тал)

4. Зохигчдын маргааны зүйл нь зээлийн зориулалтаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх асуудал байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээнэ.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан дансны хуулгад Б.О нь О.Зын данс руу 15,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгад oyuntuul гэж бичсэн байна.

6. Хариуцагч О.З нь шилжүүлэг хүлээн авсан даруйд 26,000,000 төгрөгийг Хаан банкин дахь 5005344134 тоот дансанд шилжүүлсэн, мөн Б.Отай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан нь тусдаа үүссэн харилцаа байх ба нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. (хэргийн 14-15, 21 дэх тал)

7. Дээрх баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

8. Хариуцагчийн хувьд, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ах М.Б, Б.О нарын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, Б.Оаас ах М.Бт төлөх зээлийг Б.О шилжүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА