Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

                                    Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа би нэхэмжлэгч Ө.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  дарга Г.Хишигдаваад хариуцагдах,  Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Халамжийн сангийн мэргэжилтнээр 2013 оны 6-р сарын 20-ны өдрөөс томилогдон ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2013 оны 6-р сард төрийн албаны мэргэжлийн шалгалтанд орж тэнцэн 2014 онд төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй идэвхи зүтгэлтэй ажиллаж байгууллагын шилдэгийн шилдэг ажилтнаар хүртэл шалгарч байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сард манай байгууллагад Г.Хишигдаваа даргаар томилогдон ирж бүтцийн өөрчлөлт гэх шалтгаанаар намайг 2016 оны 10 дугаар сарын 3-ний өдрөөс ажлаас гэнэт халсан.

Миний ажиллаж байсан Халамжийн сангийн мэргэжилтний орон тоо одоог хүртэл хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд тухайн ажлын байранд өөр хүнийг томилон ажиллуулж байна. Энэ тухай тус шүүхэд тухайн үед нь хандах гэхэд эхлээд Төрийн албаны зөвлөлд ханд гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-нд төрийн албаны төв зөвлөлд өргөдөл явуулсан. Уг өргөдлийн хариуг төрийн албаны төв зөвлөлөөс шаардахад таны өргөдлийн хариуг ХНХЯ-ын дэргэдэх төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн гэсэн хариуг өгч Төрийн албаны төв зөвлөлийн 1143 тоот бичиг ирсэн.

Үүнээс хойш яамны төрийн албаны зөвлөлөөс 51262621 суурин дугаартай Энхтуяа гэж хүний нөөцийн мэргэжилтэнгээс өргөдлийн хариуг шаардахад таны өргөдлийг хүлээн авсан. 15-30 хоногт багтаан хариу өгнө гэсэн захидлыг 11 дүгээр сарын 17-ны өдөр 88331289 дугаараас ирүүлсэн. Тэгээд сүүлд захидал явуулсан дугаар луу залгахад комисс томилогдож байгаа гэх шалтгаанаар удааширч байна. Иймд миний бие хариу ирэхийг хүлээн цөхрөөд энэхүү өргөдлийг танай байгууллагад гаргалаа.

Миний ажил үүргийн хуваарь орон тоо нь хэвээр байгааг ХХҮЕГ-ын даргын 2016 оны Б/21-р тушаалын хавсралтаас харж болно. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хянан үзэж хүчингүй болгох, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Г.Хишигдаваа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц,орон тоонд “Халамжийн сан мэргэжилтэн” нэг байхаар батлагдаж ирсэн билээ.

Хөдөлмөрийн хэлтэс, НХҮХэлтэсүүд татан буугдаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон тул миний бие сонсох ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 28-30 өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд албан хаагчдад хууль эрх, бүтэц орон тоо, холбогдох дүрэм журмыг танилцуулсан.

НХҮХэлтэс /хуучнаар/-т халамжийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ө.Түмэнжаргал, Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/-т үйл ажиллагааны нягтлан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр хавсран ажиллаж байсан Б.Оргилболд /хөгжлийн бэрхшээлтэй иргэн/ нарын дунд шалгаруулалт явуулж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтыг харгалзан үзэж Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр Б.Оргилдболд /хөгжлийн бэрхшээлтэй иргэн/-ийг “Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн”-ээр томилон, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Ө.Түмэнжаргалыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан.

Ө.Түмэнжаргалд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай холбогдох тушаал, “Төрийн албаны тухай хууль”-ийн 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгох саналыг танилцуулсан бөгөөд Ө.Түмэнжаргал нь тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээрээ баталгаажуулсан тул нэг удаагийн тэтгэлгийг олгосон болно” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Түмэнжаргал нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваад холбогдуулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017.02.06-ний өдөр нэхэмжлэгч Ө.Түмэнжаргал, хариуцагч Г.Хишигдаваа нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээг дүгнэхэд Ө.Түмэнжаргал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа нэхэмжлэлийн шаардлагаас нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр томилохоор үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “ нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан байх ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ө.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  дарга Г.Хишигдаваад хариуцагдах,  аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай захиргааны хэрэгт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал, Ө.Түмэнжаргалыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн сан хариуцсан мэргэжилтний ажилд нь эгүүлэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр томилохоор хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч Ө.Түмэнжаргал нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

                                   

 

ШҮҮГЧ                         В.ЦЭРЭНРАГЧАА