Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0099

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0099

Улаанбаатар хот

 

 

 

 

“В а т т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэртэй, “В а т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 249 дүгээр зүйлийн 249.3, 249.4, 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, 2691.1 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.3 2691.1.7д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В а т т” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2 дугаар зүйлийг үндэслэлгүйгээр иш татсан гэж үзэж байна. “В а т т” ХХК нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.А-ын нэр дээр 2018 оны 6-р сарын 6-ны өдрийн албан тоотоор гомдол гаргасан боловч Гаалийн ерөнхий газрын даргаас зохих хариу өгөөгүй гэж үзэж байна. Даргын үүрэг түр гүйцэтгэх талаар зохих тушаал Б.Ононгийн нэр дээр хэргийн материалд байхгүй болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д Гаалийн ерөнхий газар, түүний холбогдох дарга гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байдлаараа зөрчсөн гэж үзэж байна.

“В а т т” ХХК нь Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч нарын шалгалтанд хамрагдаж хялбаршуулсан журмаар тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудаст заасан хариуцлагыг хүлээсэн. Гаалийн тухай хуулийн дагуу 249.3-д заасны дагуу нөхөн бүрдүүлэлт хийлгэж болно гэсэн ойлголттой байсан. Иймд тухайн үед нь шүүхэд гомдол гаргах шаардлага, үндэслэл байхгүй байсан.

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/18 тоот Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Гаалийн төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.Оюунгэрэл, Д.Нямсүрэн, Д.Эрдэнэбилэг, Г.Өнөрцэцэг нар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж торгууль ногдуулсныг манай компани 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдөр бүрэн барагдуулсаар байтал нөхөн бүрдүүлэлт хийлгүй манай компанийг хохироосоор байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуусныг ойлгоно” хэмээн заасан нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэж байгаа нь хэвээр байна. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Гаалийн төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийн дагуу хийгдсэн шалгалт нь хууль болон удирдамжид заасан хугацааг хэтрүүлсэн байдаг. Хяналт шалгалтыг сунгасан талаар ямар нэгэн шийдвэр байхгүй болно.

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасныг удирдлага болгож сайн дураар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 6 өдөр Гаалийн ерөнхий газрын даргад хандсан боловч 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 01-2/2945 тоот албан бичгээр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.О нь “нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй “ гэсэн хариу авсан байдаг.

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зүрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан “Хууль сахилтын төвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан” бол гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болно” гэснийг Гаалийн ерөнхий газар зөрчсөн гэж “В а т т” ХХК үзэж байна.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан нөхцөлийг бүхэлд нь харгалзахгүйгээр анхан шатны шүүхээс зөвхөн “Болно” гэсэн нөхцөлийг дангаар үндэслэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Гаалийн ерөнхий газрын нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа эс үйлдэхүй болон татгалзсан албан бичиг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14-д заасан тодорхой зардлыг хасч тооцох боломжгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцоход зохих баримтаар нотлох боломжгүй болгож байна.

Гаалийн тухай хуулийн 272.2-т заасны дагуу гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх үүрэгтэй. Харин нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаан улмаас манай компанийг 90,045,780.00 /ерэн сая дөчин таван мянга долоон зуун ная/ төгрөгийн алдагдалд оруулаад байна. Гаалийн тухай хуулийн 2.1-д зааснаар Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль торйбомжийн бусад актаас бүрдэнэ. Татварын ерөнхий хуулийн 17.1.4-д заасны дагуу татвар төлөгч илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Татвар төлөгчийн дурдсан эрхийг нөхөн бүрдүүлэлт хийхээс үндэслэлгүйгээр татгалзаад байгаа эс үйлдэхүйгээр зөрчөөд байна.

Гаалийн тухай хуулийн 10.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид “шийдвэр” гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Гаалийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй. Хуульд заасан нөхцөлийг гаалийн байгууллага хангаагүй.

Мөн нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг” тогтоож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, зохих шийдвэрийг гаргуулж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах энэхүү давж заалдах гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн дагуу гаргаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахаар гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “В а т т” ХХК-иас шүүхэд “Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д зааснаар нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нар удирдамжийн дагуу “В а т т” ХХК-ийн 2013-2017 онд гаалийн хилээр импортолсон бараа, материал, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, тус компанийг гадаадын барааг монголын бараа гэж татваргүй гаалийн горим сонгон гаальд мэдүүлж холбогдох татвар төлөөгүй, мөн импортоор оруулсан барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн 2 зөрчлийг тус тус илрүүлсэн байна. 

 Нэхэмжлэгч компани зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсаар зөрчил тус бүрт нийт 90,045,780.0 төгрөгийн /30 хувийн торгууль/ торгуулийн шийтгэл ногдуулж, нөхөн төлбөрт гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 300,152,593.0 төгрөгийг тус тус төлүүлэхээр тогтоожээ.  

Нэхэмжлэгч компаниас хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад хандаж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18/06-040 дугаар албан бичгээр нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломж олгохыг хүссэн хүсэлтэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01-2/2945 дугаар албан бичгээр хариу өгчээ.

Уг албан бичигт Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 6.2.1-д хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан бол гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болно гэж заасан байдаг тул гаалийн бүрдүүлэлт нөхөн хийх боломжгүй” гэж дурдсанаас үзвэл хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 10.1, 10.2-т заасан гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, эс үйлдэхүйн шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчөөгүй байна. Харин ажлын 3 өдөрт багтааж хариу өгөх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохооргүй байна.

Мөн давж заалдах гомдолд “... Гаалийн тухай хуулийн 249.3, журмын 6.2.1-д заасныг зөрчсөн. ... дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан нөхцлийг бүхэлд нь харгалзахгүйгээр анхан шатны шүүхээс зөвхөн “болно” гэж заасан нөхцөлийг дангаар үндэслэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” гэж заажээ.

Харин уг бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх ажиллагааг зохицуулсан Гаалийн тухай хуулийн 249.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 6.2.1-д “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар ... хүсэлт гаргасан бол гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болно” гэж, 8.1.5.2-т ... иргэн, аж ахуйн нэгж нь ... гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гарсан тохиолдолд гаалийн байгууллагад сайн дураар залруулах хүсэлт гаргах эсхүл бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө гаалийн байгууллагад мэдэгдэх арга хэмжээг авч болох”-оор заасан.

Гэвч нэхэмжлэгч нь уг  журмаар зохицуулсан боломжийг ашиглаж шалгалт эхлэхээс өмнө өөрийн алдаа, зөрчлөө илрүүлж нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргаагүй, харин улсын байцаагч нар зөрчлийг илрүүлсний дараа түүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дараа нь нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан байх тул хариуцагч Гаалийн ерөнхий газраас дээрх журмыг баримтлан нөхөн бүрдүүлэлт хийхгүй гэж хариу өгснийг хууль бус гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 3.1.12-д гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэл цогц үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гадаадын барааг монголын бараа гэж татваргүй горимоор мэдүүлсэн, импортоор оруулсан барааны үнийг дутуу мэдүүлсэн гэх зөрчлүүдээс үзвэл гаалийн бүрдүүлэлт хийж тухайн бараануудыг хилээр оруулж ирсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэгэнт гаалийн бүрдүүлэлт хийгээд оруулаад ирсэн барааг дахин гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх үндэслэл байхгүй” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон гомдолдоо “гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаагаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хасагдах зардлаа хасаж чадахгүйд хүрсэн, нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцоход зохих баримтаар нотлох боломжгүй болгож байна” гэжээ.

Уг асуудал нь хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхгүй байгаатай холбоогүй бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан зөрчилтэй холбоотой гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлсөн баримтуудаа хавсарган татварын байгууллагад хүсэлтээ гаргаж зохих журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Гаалийн тухай хуулийн 272.2-д ... хяналт бүрдүүлэлт хийхдээ ... хохироохгүй байх үүрэгтэй гэснийг зөрчиж 90,045,780.00 төгрөгийн алдагдалд оруулж байна” гэж гомдолд дурдсан боловч уг 90,045,780.00 төгрөг нь зөрчлийн улмаас ногдуулсан торгуулийн дүнтэй тохирч байх бөгөөд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийснээр торгууль төлөхгүй болох үр дагаварт хүргэхгүй юм. Торгуулийн дүнгээр алдагдалд орж байгаа гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд энэхүү гомдол нь ойлгомжгүй, хангагдах боломжгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Гаалийн байгууллагыг татвар төлөгчийн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг болон Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасан “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “В а т т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “В а т т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ