Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 33

 

 

Э.Тын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Мт холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал 16507451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч У.Мын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, хариуцагч У.М, хариуцагчийн өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006.01.06-нд У.Мтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009.04.28-нд хүү Т.М төрсөн. Зан харьцааны тааламжгүй байдлаас болж 2012 оны 5 сараас хойш тусдаа амьдрах болсон. Хүү Т.М төрсөн цагаасаа хойш миний асрамжинд амьдарч өсч торнисон. У.М нь өөр хүнтэй хамтран амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Т.Мын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1/

Нэхэмжлэгч Э.Т 2015.10.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Хүүхдийн тэтгэмжээс гадна Т.Мын сар бүрийн асаргаа сувилгаанд 1366360 төгрөг сар бүр, эмчилгээний 11484480 төгрөг жилд нэг удаа, зээлийн үлдэгдэл төлбөр 3656611 төгрөг нийт 16507451 төгрөг нэмж гаргуулна. Миний хүү Т.М нь 2009.04.28-нд төрөхдөө хүндрэлээр тархиндаа гэмтэл авч улмаар 2010 оны 4 сараас биеийн байдал нь хүндэрч Тархины цусан хангамжийн дутагдал, саажилт гэсэн оноштойгоор БНХАУ-ын Бээжин хотын “Тиан Тан” тархи мэдрэлийн мэс заслын эмнэлэг болон дотоодын эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэн байнгын асаргаа сувилгаанд байх болсон. Өнөөдрийн байдлаар Т.М нь юм сайн ойлгохгүй, ярихгүй, өөрөө хооллож, бааж шээж чадахгүй,  уналт байнга өгч, уналт таталтын эсрэг депакине, ламиктал зэрэг эмийг 5 жилийн турш тасралтгүй БНХАУ-ын Тиан тан эмнэлгээс зөөж хэрэглэж байна. У.М  2015 оны 5 сараас ирж очих нь багасч, хөндийрч, хүүхдэдээ тавих анхаарал халамж нь суларч, эмчилгээ сувилгаа хийлгэх, эм тариа авах, цэцэрлэг сургуульд явуулах зэрэгт туслахаа больсон. Улмаар өөрийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогоо нуун дарагдуулж хүүхдийн эмчилгээний төлбөрт зарцуулагдах байсан төлбөрийг тодорхой бусаар үрж, өөрийн жаргалаа хөөн А гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн тул Т.Мын сарын эм тариа, эмчилгээ, цэцэрлэг сургуулийн төлбөр бусад зардал болох 1366360 төгрөгийг сар бүр, 1 удаагийн Тиан тан эмнэлгийн эмчилгээний төлбөр болох 11484480 төгрөгийг тус тус гаргуулах, У.Мт удаа дараа өөрийн нэр дээр зээл авч өгөн түүний бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд 2015.04.22-нд ***-аас 4 сая төгрөг, Хас банкнаас 1 сая төгрөгийг тус тус авч өгсөн ба эдгээр зээлийн үлдэгдэл 3656611 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-12/

Нэхэмжлэгч Э.Т 2015.12.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: ... 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тэтгэлэгийн хэмжээг тогтоолгох, 2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас зөвшөөрч буй хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор дараах нэмэлт зардлыг гаргуулж шийдвэрлүүлэхээр багасгаж байна. Хэргийн материалд баримтаар тодорхойлогдсон депакин, ламиктал, лив-52, нурофен, Хөгжилд өгдөг каргоны хөлс, памперс, унааны зардал, цэцэрлэгийн төлбөр нийт 586360 төгрөг болгож багасгаж шийдвэрлүүлэх, 3. Банкны зээлийн үлдэгдэл 3657000 төгрөгийг зөвшөөрч байгааг төлүүлэх, 4. Хариуцагчаас хүүхдийг цаашид асрах хүсэлтэй гэж байх боловч эрүүл мэндийн байдлаас уг асуудал дээр хүү Мыг У.Маар цаашид овоглуулж байх саналыг гаргаж байна. 5. Бид 2015.08 сард хүү Т.Мыг БНХАУын Бээжин хотын Тиан тан эмнэлэгт эмчлүүлэх, хяналтанд хамруулахаар төлөвлөж бэлтгэж байсан бөгөөд хүүгийн биеийн байдал сайжирч өөрчлөлт орж байгаа тул зайлшгүй ийм шаардлага үүсч байгаа болно. Тиймээс өмнө хугацаанд эмчилгээ хийлгэж байсан баримтаар уг зардал 11484480 төгрөг болж байгаа зардлын дүн дээр маргаагүй тул Мыг БНХАУ-ын Бээжин хот дахь Тиан тан эмнэлэгт эмчлүүлэх, цаашдын эмчилгээг тодорхойлуулах шаардлагын үндсэн дээр 11000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл болгон хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу өөрчилж байна. /хх 117-118/

Хариуцагч У.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ттай 2000 оны дундуур танилцаж, 2009.04.28-нд Т.М гэдэг хүүтэй болсон, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би хүүхдээ өөрөөрөө овоглох санал олон гаргаж байсан боловч Э.Т зөвшөөрдөггүй байсан. Одоо салж байж надаар овоглуулах ямар шаардлага байгааг би мэдэхгүй байна. Хүүхдийг надад өгөх юм бол би өөрөөрөө овоглож болно. Асаргааны хөлсийг бодит биш гаргасан байна. 560 гаруй мянган төгрөгийг сард хэрэглэнэ гэж байхгүй. Бээжингээс ирж байгаа 2 эмийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ эмийг авч өгөх бол 2 талаас үнийг хувааж төлөх ёстой. Хятад эмнэлэг, Эрдэнэтэд байдаг Мөнхийн үйлс эмнэлэг, Архангай аймгийн Мухар хужиртын рашаанд бүгдэд нь миний бие хүүгээ авч явж, төлбөр тооцоог нь хийж байсан. Миний гарын үсэгтэй бичиг ч дотор нь байна. Үнэхээр Бээжин явах шаардлагатай гэвэл 50 хувиар аль аль нь зардлаа гаргаад явж болно. ... Монголд зөндөө сайн эмнэлэг байхад заавал урагшаа явна гэж илүү зардал гаргаж, үүнийгээ надаас гаргуулна гээд байгааг ойлгохгүй байна. Зээлийн хувьд хэлэхэд Э.Т Голомт банкинд ажилладаг болохоор худал баримт бүрдүүлсэн байна. ... Энэ мөнгийг бид 2 тухайн үедээ хамт аваад хувааж хэрэглээд дууссан юм. Одоо 1000000 төгрөгийг хүүгийн дансанд хийнэ, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 600000 төгрөгийг төлнө, бусдыг нь Т төлөх ёстой. Машины хувьд 9, 10 сая төгрөг надад өгч байсан. Түүн дээр нь би зөрүү 8,500,000 төгрөгийг өөрөөсөө төлж Э.Тын нэр дээр Ниссан Камрей машиныг авч өгч байсан юм. Хүүхдийг цэцэрлэгт явуулахыг би зөвшөөрч байна. Манай хүүхэд улсаас мөнгө авдаг, тэр нь болохгүй гэвэл илүү дутуу идэж уух зүйлийг би авч өгч болно. Шинжээчийн дүгнэлт дээр одоо энэ хүүхэд эдгэрэхгүй цаашид гадаад явах шаадлагагүй гэсэн байна лээ. Миний бодож байгаагаар хүүхдээ эрүүл агаарт, байгалийн сайхан газар, цагаан идээн дээр байлгах хүсэлтэй байна. Манай аав, ээж Хэнтий аймгийн Биндэр суманд хэдэн малтай гол, устай газар амьдардаг болохоор би тэнд хүүгээ аваад очиж хамт амьдрах хүсэлтэй байна. Эмийг бол хэдэн жил ч ууж болно. Үүнийг би зөвшөөрнө. Цаашид хүү Э.Мыг өөр дээрээ авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүүгээ авах юм бол Э.Таас нэг  ч төгрөг нэхэмжлэхгүй болно гэжээ. /хх 51-52/

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2009 оны 04 сарын 28-ны өдөр төрсөн хүү Т.Мын эцгээр хариуцагч У.Мыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 04 сарын 28-ны өдөр төрсөн хүү Т.Мыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.Маар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хүү Т.Мын асаргаа, сувилгааны зардалд сар бүр 268,100 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулж хариуцагч У.Маар тэжээн тэтгүүлж, сар бүрийн хэрэглээнд зарцуулагдах нурофен эм 12,000 төгрөг, Бээжин хотоос захиалгаар авдаг эмний сар бүрийн каргоны хөлс 200 буюу 64,000 төгрөг, сар бүрийн такси үйлчилгээний зардал 40,000 төгрөг, сар бүрийн цэцэрлэгийн төлбөрт 200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар цэцэрлэгийн төлбөрт 800,000 төгрөгийг /2015 оны 09 сараас 2015 оны 12 сарын 25 хүртэл, 4 сар х200,000=800,000/ хариуцагч У.Маас гаргуулж, нэхэмжлэгч Э.Тд олгож, хүү Т.Мын Бээжин хотын Тиан Тан эмнэлэгт оношлуулах, хэвтэн эмчлүүлэх бусад зардалд нэхэмжилсэн 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч У.Маас банкны зээлийн үлдэгдэл 3,657,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Э.Т нь хүү Т.Мыг эцэг У.Маар овоглуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 310,688 төгрөгийг /70,200+240488=310,688       / улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Маас 93950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамааруулан 94,634 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 73-77/

Хариуцагч У.М давж заалдсан гомдолдоо: ...шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад хүү Т.Мыг асаргаа сувилгааны зардалд сар бүр 268100 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулахаар мөн хуулиар 4 сарын хугацааны цэцэрлэгт 800000 төгрөгийг гаргуулахаар бүхэлд нь надад хариуцуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Гэрлэгчид нь хүүхдийг өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, сурч боловсрох эрүүл өсгөх, тэжээхийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх ёстой, энэ хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэгжүүлсэнгүй.

2. Хүү Т.М нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар улсаас 90 хувиар тооцогдож сар бүр халамжийн тэтгэвэр авдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас улсаас нэмэлт зардалд нь зориулж тэтгэлэг олгон гэр бүлийн бусад гишүүдийг эдийн засгийн хувьд хамгаалсан эрх зүйн зохицуулалт байсаар байтал бусад нэмэлт зардлыг /төлбөртэй сургууль цэцэрлэг, дугуйланд сайн дураар хамруулах, гадаад дотоодод суралцуулахад шаардагдах мөнгөн төлбөр/ нэмэлт зардал үүссэн нөхцөл байдалтай адилтган хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.

Дээрх эм тарианы зардал, живхний үнийг халамжийн тэтгэлэгээр шийдвэрлээд харин илүү гарч буй зардлыг буюу сард гарах нэмэлт зардалд тооцсон 268100 төгрөгнөөс халамжийн тэтгэлэгийг хасч илүү гарсан хэсгийг гэрлэгчдэд тэнцүү хариуцуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа юм. Мөн хүүхдийн живх 1 уутандаа 64 ширхэг байдаг, өдөрт 2 ширхэгээр хэрэглэхэд 1 сард хүрэлцэнэ. Гэтэл шүүх  ямар ч үндэслэлгүйгээр, нотлох баримтгүй байхад сард 2 уутаар бодож үнийн дүнг хэт өндөр 67000 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Лив 52 гэдэг эм эмийн санд 5600 төгрөг байдаг гэж байна, гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцоо шаардлагыг шууд хангасан нь буруу. Дээрх нэхэмжилж буй эд зүйлийн үнэлгээ ханшийг тогтоосон ямар ч нотлох баримт байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хүүхдийн асаргаанд 586000 төгрөг гаргуулна гэсэн болохоос энэ мөнгийг сар бүр гаргуулахаар нэхэмжлээгүй. Нэхэмжлэлийн утга зөвхөн 1 удаа гэж ойлгогдож байхад шүүгч Цэрэнханд нь дээрх мөнгийг сар болгон юм байгаа биз дээ гэж нэхэмжлэгчид санаа өгч дээрх нэхэмжлэлийг сар тутам  болгон шийдвэрлэсэнд гомдолтой. 800000 төгрөгийн цэцэрлэгийн төлбөрийг Э.Ттай хувааж хариуцуулах ёстой гэж үзэж байна. Нэгэнт хүүхдийг тэжээн тэтгэх, сургах, өсгөн хүмүүжүүлэх үүргийг эрх тэгш хүлээж байгаа бол энэ үүргээс нэхэмжлэгч Э.Тыг ямар үндэслэлээр чөлөөлж байгааг ойлгохгүй байна.

Шүүхийн шийдвэрээр надаас сар бүр 268000 төгрөгний нэмэлт зардал гаргуулж хүүхдийн тэтгэлэг 90000 төгрөг, нийтдээ сар бүр 358000 төгрөг хуулиар төлөхөөр болж байгаа нь миний амьдралыг илт хохироосон, цаашид амьдралын эх үүсвэр, төлбөрийн чадвар ямар байхыг үл бодолцон гэрлэгчдийн үүрэг хариуцлагыг тэгш бус хуваарилсан буруу шийдвэр боллоо. Э.Т нь сар тутам 1100000 төгрөгийн орлого цалинтай, хүүхдийн асаргааны мөнгө, хүүхдийн халамжийн тэтгэвэр, хүхдийн тэтгэлэгийн орлоготой байхад надад одоогоор тогтсон ажил орлого байхгүй, дээрх мөнгийг насан туршдаа ойролцоогоор сар бүр 500000 төгрөг төлж байхаар болж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад хариуцуулсан 800000 төгрөг, 268000 төгрөгийн нэхэмжлэгчтэй хувааж төлөх байдлаар хасч тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. /2-р хавтас,1-7/

ХЯНАВАЛ:

                Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч У.Мт холбогдуулан хүү Т.Мын эцгээр тогтоолгож, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-12/ хүү Т.Мын сар бүрийн асаргаа сувилгаанд 1366360 төгрөг, гадаад эмчилгээний зардал жилд нэг удаа 11484480 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 3656611 төгрөг, нийт 16507451 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүүхдийн сар бүрийн асаргаа сувилгааны зардлыг 586360 төгрөг, БНХАУ-ын Бээжин хотод хүүхдийг эмчлүүлэх зардлыг  11000000 төгрөг байхаар тус тус багасгаж, хүү Т.Мыг эцэг У.Маар овоглуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн /хх-117/ байна.

            Хариуцагч У.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч хүү Т.Мын асаргаа, эмчилгээний зардал, цэцэрлэгийн төлбөрийг 100 хувь бүгдийг хариуцах боломжгүй, эмчилгээний зардлыг өндөр үнээр тооцсон, БНХАУ-ын Бээжин хотод эмчлүүлэх шаардлагагүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч У.М эс зөвшөөрч “... эцэг, эх нь хүүхдийг тэжээн тэтгэхийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх ёстой ... атал хуулийг буруу хэрэглэсэн, нэмэлт зардалд халамжийн тэтгэлэгийг хасч тооцоогүй, нотлох баримт дутуу байгааг анхаараагүй, нэхэмжлэгч нэмэлт зардлыг сар бүр гэж нэхэмжлээгүй байхад сар бүр төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид нь 2006 оноос эхлэн хамтын амьдралтай болж, 2009 оны 04 дүгээр сарын 28-нд хүү Т.М төрж /хх-03/, тэрээр тархины цус харвалтын дараах байдал, тархины эмгэгшил, тархины саа саажил, тархины зүүн тал бөмбөлөгийн атрофи, тархины эдийн зөөлрөл, баруун талын саа саажил, оюуны хомсрол өвчтэй /хх-190 шинжээчийн дүгнэлт/, одоо эхийн асрамжинд байдаг, зохигчид таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа талаарх хэргийн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй ба анхан шатны шүүх  хүүхдийн эцгийг тогтоож, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцжээ.

            Харин нэхэмжлэгч Э.Тын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д үндэслэж  гаргасан “... хүү Т.Мын сар бүрийн асаргаа сувилгааны зардал болон шаардлагатай эмчилгээний зардал гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч эс зөвшөөрч маргасан байх бөгөөд анхан шатны шүүх маргаанд хамааралтай Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, энэхүү зардлыг бүгдийг хариуцагчид хариуцуулсан нь дээрх хуульд нийцээгүй гэж үзнэ.

            Учир нь зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч У.М нарын хооронд үүссэн хүү Т.Мын тэжээн тэтгэхтэй холбогдсон харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна.

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар хуулийн 47.2-т заасан этгээд нэхэмжлэл гаргаж болох юм.

Иймээс нэхэмжлэгч Э.Тын гаргасан “хүү У.Мад сар бүр хэрэглэгдэх эмчилгээ асаргааны зардалд 586360 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ... нэмэлт тэтгэлэг ... ,  “БНХАУ-ын Бээжин хотод эмчлүүлэх зардал 11000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  мөн хуульд заасан ... гарсан зардал ... гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Тын дээрх нэхэмжлэлээс хүү Т.Мыг Бээжин хотод эмчлүүлэх зардал 11000000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгчээс гарсан зардал болох нь тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгохоор  тус тус шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Харин хүү У.Мад сар бүр хэрэглэгдэх эмчилгээ асаргааны зардалд 586360 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.1, 26.2.2, 26.2.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд болон хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, ... түүнд суурь боловсрол олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэснийг маргаанд хамааруулан тайлбарлавал эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх харилцаанд адил тэнцүү үүрэг хүлээнэ гэж ойлгогдоно.

            Энэ утгаараа хүүхэд эхийн асрамжинд үлдсэнээр эцэг У.Маар тэжээн тэтгүүлэх буюу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  тэтгэлэг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байх ба Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан нэмэлт тэтгэлэг гаргуулахад мөн эцэг, эх  адил тэнцүү үүрэгтэйн гадна хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсоны улмаас буюу хүү Т.Мын эмчилгээ, асаргааны зардал нь дээрх тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөлд эцэг У.Мт нэмэлт тэтгэлэг төлөх үүрэг үүсэх юм.

            Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн асрамжинд үлдсэн хэдий ч энэ нь нэхэмжлэгч Э.Тд  Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан нэмэлт тэтгэлэгийг хариуцуулахгүй байх үндэслэл болохгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь хүүхдэд гарах нэмэлт зардлуудыг төрөөс олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэмж  болон эцгийн төлөх тэтгэлэгийн хэмжээгээр  хангагдах боломжгүй болохыг нотлоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасан нийгмийн халамжийн тэтгэмж авдаг болохоо үгүйсгээгүй хэдий ч хүүхэд хэдий хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж авдаг талаарх бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэмэлт тэтгэлэгийг нийгмийн халамжийн тэтгэмжийн зөрүүгээр тооцох тухай хариуцагчийн давж заадсан гомдлыг хангах боломжгүй.

Гэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /хх-24, 32, 33, 34, 36, 120, 121, 190, 201-206, 217/  хүүхдийн эрүүл мэндээс шалтгаалсан онцгой нөхцөл байдлын улмаас  хүүхдэд  депакин, ламиктал эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай нь тогтоогдсон, хариуцагч буюу эцэг У.М нь  уг эмүүдийн 1 сард хэрэглэх зардал болох нийт 125100 /70408+54692/ төгрөгийн тал хувь 62550 төгрөгийг  нэмэлт тэтгэлэгт тооцон  төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д харшлаагүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч Э.Т нь хүүхдэд нэмэлт тэтгэлэгийг сар бүр гаргуулахаар нэхэмжилсэн /хх-12/ нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.1-д  тэтгэлэгийг ... сар ... –р хугацаагаар олгож болно гэж заасныг зөрчөөгүй тул нэмэлт тэтгэлэгт 62550 төгрөгийг сар бүр хариуцагчаас гаргуулах нь энэхүү хуулийн агуулгад нийцэх бөгөөд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Э.Маас тусдаа амьдарсанаас хойшхи хугацаанд буюу хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 800000 төгрөгийг төлсөн /хх-35, 182-188/ нь тогтоогдсон хэдий ч уг төлбөрийг нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй боловч түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээс хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт сар бүр 200000 төгрөгийг нэмэлт тэтгэлэгт тооцон гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байх ба  хүү Т.М нь эрүүл мэндийн шалтгаан, биеийн хөгжлийн онцлогоос хамааран төлбөртэй цэцэрлэгт хамрагдах зайлшгүй шаардлага байсан, мөн хариуцагч У.М анхан шатны шүүхээс хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт төлүүлэхээр шийдвэрлэсэн 800000 төгрөгийн тал хувийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар, гомдол гаргасан зэргийг харгалзан талуудын зарчмын хүрээнд энэхүү зардалд хариуцагчаас 400000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

            Түүнчлэн нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч У.Мтай хамт амьдарч байх хугацаанд банкнаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 3657000 төгрөгийг нэхэмжилсэнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг хэрэглэж хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх этгээд биш гэж дүгнэсэн нь маргаанд холбогдох хуулийг  буруу хэрэглэсэн гэж үзнэ.

            Тодруулбал талууд хамтын амьдралтай байхдаа буюу нэхэмжлэгч Э.Тын нэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “***” ХХК-аас 4000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хас банкнаас 1000000 төгрөгийг хадгаламж барьцаалан 3 сарын хугацаатай тус тус зээлж, одоо үлдэгдэл 3657000 төгрөг байгааг болон  уг мөнгөн хөрөнгийг  хамтын хэрэгцээнд зарцуулсан талаар зохигчид маргаагүй, зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул уг хөрөнгө нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан тэдний хамтран өмчлөх дундын хөрөнгөнд тооцогдох юм.

            Улмаар хариуцагч У.М нь дээрх зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй боловч  талууд “***” ХХК-аас авсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад буюу 2015 оны 08 дугаар сараас  тусдаа амьдарсанаар тэдний дундын өмчийн эрх дуусгавар болсон гэж үзэх тул хариуцагч нь уг зээлийн төлбөрөөс нийт 1600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1-д харшлахгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, мөн нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд эрх зүйн агуулгаар нь авч үзвэл эдгээр нь хоорондоо ялгаатай буюу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тохиолдлыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж, харин зарим хэсгээс нь татгалзсаныг шаардлагаа багасгасан гэж үзнэ.

            Энэ нь нэхэмжлэгч Э.Т нь хүүхдийг эцгээр овоглуулах нэхэмжлэл гаргаж, тухайн шаардлагаас татгалзсаныг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэхгүй ба нэхэмжлэлээ багасгаж өөрчилсөн гэж үзэх тул энэ тухай заалтыг шийдвэрээс хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нийт 310688 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагчаас нэг жилд төлөх нэмэлт тэтгэлэг нийт 750600  /62550х12/ төгрөг, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт гарсан зардал 400000 төгрөг, зээлийн төлбөрт 1600000 төгрөг, нийт 2750600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58960 төгрөг, эцэг тогтоох нэхэмжлэлд 70200 төгрөг нийт 129160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд тооцож нэхэмжлэгчид олгох, нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг нийт 978000 /163000:2=81500, 81500х12=978000 төгрөг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд 28022 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.5-д нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч У.Мын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч У.Маас хүү Т.Мад сар бүр нэмэлт тэтгэлэг 62550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тд олгож, энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 524380 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            4 дүгээр заалтын “ ... 800000 ...” гэснийг “... 400000 ...”  гэж,

            5 дугаар заалтыг “Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1-д зааснаар хариуцагч У.Маас 1600000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Тд олгож, энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2056611 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            6 дугаар заалтыг хасч,

7 дугаар заалтыг 6 гэж дугаарлан заалтын   “... 56.1 ...” гэснийг “... 56.2 ...” гэж, “... 93950 ... ” гэснийг “... 129160 ...” гэж, “... 94634 ...” гэснийг “... 28022 ...” гэж   тус тус өөрчлөн, 8 дугаар заалтыг 7 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БОЛОРМАА

                          ШҮҮГЧИД                                            Х.БАЙГАЛМАА

                                                                                       Н.БАТЧИМЭГ