Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 226/МА2023/00004

 

 

 

 

 

  Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Я.Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

157/2022/00160/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н /цахимаар/,    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157/ШШ2022/00172  дугаар шийдвэртэй Ц.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Б-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 8.520.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Я.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй, эхний 9 сарын хүү 1.800.000 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.700.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 20%-ийн хүүтэй зээлж, 5 сарын хүү 1.700.000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн гэрээнүүдэд  заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулаагүй тул Я.Б-с  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.000.000 төгрөг, үлдэгдэл 3 сарын хүү 600.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.700.000  төгрөг, үлдэгдэл  7 сарын хүү 2.380.000 төгрөг нийт 5.680.000 төгрөгийг, мөн гэрээний 3.7 дугаар зүйлд “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алданги 2.980.000 төгрөг, гэж заасан байх тул алданги 2.840.000 төгрөг, нийт 8.520.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Ц.Б, Я.Б нар нь 3 удаагийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, нийт 2.700.000 төгрөгийг тус бүр 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй, хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба Я.Б-н амьдралыг ойлгоод сарын 20%-ийн хүүг 10% болгон бууруулах, зээл төлөх хугацааг урт тавьж өгөхөөр ярилцсан боловч хүлээн зөвшөөрөөгүй юм. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож бичгээр байгуулсан тул үндсэн зээл, хүү алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлэх нь зөв юм. Тиймээс Я.Б-с үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн хүү 2.980.000 төгрөг, алданги 2.840.000 төгрөг, нийт 8.520.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Я.Б нь Ц.Б-с 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй, мөн 1.700.000 төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй нэмж зээлсэн. Ингээд Я.Б миний бие Ц.Б-д нийтдээ 3.500.000 төгрөг буцаан төлсөн. Миний цалин эрс багассан, банкны зээл төлөлт, бусад урсгал зардал гээд Ц.Б-н нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй болсон. Миний бие Ц.Б-с  авсан үндсэн мөнгөнөөсөө 800.000 төгрөг илүү төлсөн тул миний хувьд энэ хүнийг хохироогоогүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б-с нийт 2.700.000 төгрөгийн зээл авсан. Хүүд 3.500.000 төгрөг төлсөн. Гэтэл үндсэн зээлээс хасагдахгүй, дахиад 5.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид үндсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтийг Ц.Б-т тавьж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Бидний цалин мөнгө багассан. Эвлэрүүлэн зуучлах хэсэгт яг ямар асуудал яригдсаныг нарийн мэдээгүй. Гэхдээ зээлийн хүүг 10%-аар бууруулсан ч эвлэрэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бор-Өндөр суманд иргэдээс олгогдож буй зээл 15-20%-ийн хүүтэй байдаг. Үндсэн зээл 2.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157/ШШ2022/00172  дугаар шийдвэрээр: “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Б 8.520.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хариуцагч Я.Б нь Ц.Б-с 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг 1 сарын 20%-ийн хүүтэй 1 жилийн хугацаанд зээлж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1.700.000 төгрөгийг 1 сарын 20%-ийн хүүтэй нэг жилийн хугацаагаар зээлсэн. Ц.Б нь хариуцагчийн банкны картыг өөрийн эзэмшил ашиглалтад хадгалж тухайн банкны дансанд орлого орох бүрт өөрийн посс машинаар данснаас зарлага гаргаж, зээлийн төлбөрт суутган авдаг байсан болно.

 Анхан шатны шүүх “Зээлдэгч Я.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 9 сарын хүү /1 сарын хүү 200.000 төгрөг/ 1.800.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2 ширхэг зээлийн гэрээний үүрэгт 5 сарын хүү /1 сарын 340.000 төгрөг/ 1.700.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг төлсөн гэж үйл баримтууд тогтоогдож байна гэх байдлаар хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн нийт 3.500.000 төгрөгийг дээрх хоёр зээлийн гэрээний зөвхөн хүүнд хуваан төлсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчийн банкны картыг захиран зарцуулж өөрийн хүссэн үедээ зээлийн төлбөрийг суутган авч байсан байхад анхан шатны шүүх дээрх хоёр гэрээний төлбөрт төлсөн дүнг хэрхэн 1.800.000 төгрөг болон 1.700.000 төгрөг гэж хуваан төлснөөр тооцсон нь ойлгомжгүйн гадна анз тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан “хүүгээс анз тооцохгүй” гэснийг харгалзан үзээгүй болно.

Ц.Б нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 800.500 төгрөг, 145.500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-нд 200.500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 135.500 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 308.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 130.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 64.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 916.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 201.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1.735.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 154.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 134.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 102.000 төгрөгийг тус тус авсан.

Үүнтэй холбоотойгоор хэрэгт нэхэмжлэгч Ц.Б нь “хоёр зээлийн гэрээний төлбөрт хэзээ хэдэн төгрөгийг буцаан авсан гэж тооцсон эхний гэрээний хүүгийн төлбөр төлөөгүй нийт 3 сар хоёр дахь гэрээний хүүгийн төлбөр төлөөгүй нийт 7 сар гэх хугацааг хэрхэн тооцсон талаарх баримтыг нотлох баримтаар авах зайлшгүй шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ талаарх баримт байхгүй байхад “2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийг гэрээний дагуу төлөөгүй 3 сарын хүү 600.000 төгрөг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1.700.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлөөгүй 7 сарын хүү болох 2.380.000 төгрөг нийт 2.980.000 төгрөгийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийнхүү Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т тус тус заасны дагуу хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн нийт 3.500.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж зохицуулагдсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад Бор-Өндөр суманд иргэдээс олгогдож буй зээлийн хүүгийн хэмжээ 15% байдаг” гэх тайлбар болон нэхэмжлэгч нь илт өндөр хүү тогтоосноо хүлээн зөвшөөрч зээлийн хүүг 10% болгох талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргаж байсан үйл баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон зээлийн хүүг багасгах арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157/ШШ2022/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.                     

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Я.Б-т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн хүү 2.980.000 төгрөг,  алданги 2.840.000 төгрөг нийт 8.520.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Я.Б нь “Ц.Б-т 3.500.000 төгрөг төлсөн. Гэтэл үндсэн зээлээс хасагдахгүй, дахин 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бор-Өндөр суманд иргэдээс олгогдож буй зээл 15-20%-ийн хүүтэй байдаг. Хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Билгүүнбаатараас үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн хүү 2.980.000 төгрөг, алданги 2.840.000 төгрөг нийт 8.520.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож шийдвэрлэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Я.Б-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд 3 удаагийн “зээлийн гэрээ” байгуулж, зээлийн хугацааны эцэст, хүүг сар бүр тогтмол төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3-5 тал/

 

            Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж хуульчилжээ. Гэтэл зохигчдын 3 удаагийн байгуулсан зээлийн гэрээний 1.6-д зээлийг хугацааны эцэст, хүүг сар бүр төлөхөөр талууд харилцан тохиролцож, хуулийн заалтыг ноцтой зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулжээ.

 

            Мөн хариуцагч Я.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “...миний өөрийн төрсөн ах Я.Азжаргалын хашааны гэрчилгээг суллаж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх-ийн 16 тал/ гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

            Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”,  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж  тус тус хуульчилжээ.  

 

            Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байх боловч шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрд үнэлж тодорхойлдог явдал нь маргааны зүйлийн талаар талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх зорилгыг агуулдаг болно.

             

            Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 3500000 төгрөгийг үндсэн зээлд  эсвэл зээлийн хүүд тооцох талаар маргасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарч байгаа болон маргааны зүйл нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэгт  төлсөн мөнгийг хэрхэн яаж төлсөн, үндсэн зээл болон хүүгийн алинд тооцох, хүүг багасгах үндэслэл байгаа эсэхийг талуудын тайлбаруудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаас маргаантай хэсгийг олж тогтоох, талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

           

Шүүх зохигчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судалж үзсэний эцэст талуудын хооронд, маргаан ямар асуудлаар хэрхэн үүссэн талаар тодорхой ойлгомжтой төсөөлөл бий болсон тохиолдолд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах ёстой байтал шүүхээс тодруулах асуулт асуугаагүй, зохигчдын маргааны зүйлийг олж тогтоож чадаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар “шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн бол уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж зааснаар шүүгч шүүх хуралдааны бэлтгэл хангах үйл ажиллагааг хангалттай хийгээгүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх тул зөрчлийг “ноцтой” гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

 

                                                   ШҮҮГЧИД                           Д.ГАНЗОРИГ          

 

                                                                                                 Б.ДЭНСМАА