Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00170

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч С.Ц , түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0156/Э индекстэй, 1815002810149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,урьд ял шийтгэлгүй, Ц овогт  С.Ц  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны нутаг дэвсгэрт болгоомжгүйгээр мод шидэн төрсөн дүү болох С.Д толгойн тус газарт цохин улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц гийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотоос манай найз Б  ирсэн. Тэгээд би болон манай эхнэр *******, дүү С.Д , түүний эхнэр Ц , найз Б  бид нар архи ууж суусан. Тэгтэл дүү маань гэрийн гадаа Эрдэнэтээс ирсэн найзтай маань хутганаас болж маргалдаад байсан. Сүүлдээ хутганы асуудлаас болж хоорондоо мууцалдаж нэг нэгнээ заамдаж барьчихсан, зодолдох гээд байхаар нь би дундуур нь орж талийгаачийн гарыг Б ээс татаж тавиулсан. Ингээд би талийгаач дүүгээ салгаж цааш нь авч яваад миний дүү ингэж болдоггүй юм гэж хэлээд тайвшруулаад байж байтал ухас гээд 1.50 метр урттай мод бариад авсан. Тэгэхээр нь би чи яах гэж байгаан, болохгүй гэж хэлээд гарнаас нь ноцолдож байгаад модыг нь салгаж авсан. Энэ үед Ц  Б ийг цаашаа авч яваад машин руу суулгасан. Модоо бариад зогсож байтал эхнэр явъя гэхээр нь барьж байсан модоо түлээ хураасан газар руу саваад шидсэн. Тэгтэл талийгаач яг тэр хавьд сууж таараад шидсэн модонд оногдсон. Тэнд дүү маань байгааг огт мэдээгүй. Мод шидсэний дараа эхнэр чиний шидсэн мод хүн цохьчихлоо гэхээр нь гүйж очоод хартал дүү маань цохиулаад уначихсан хэвтэж байсан. Ийм хэрэг хийсэн гүнээ их харамсаж байна гэв.

1815002810149  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Ц гийн өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхрийн хамтаар гэртээ байж байхад С.Ц  ахын гэрт Эрдэнэтээс хүн ирсэн. Талийгаач бид хоёрыг 15 цагийн орчимд утсаар дуудсан. Тэгэхэп талийгаач бид хоёр машинаа янзлаад завгүй байсан учраас очиж чадаагүй. Ингээд орой 18 цагийн орчимд С.Ц  ах утсаар залгаж “та хоёр завтай болж байна уу хэрвээ зав муутай байвал бид гурав яваад очих уу” гэсэн. Тэгтэл ахад за яах юм бэ эхнэр бид хоёр хийж байгаа ажлаа дуусгаад яваад очно гэж хэлсэн. Ингээд бид 2 20 цаг 20 минутын орчимд С.Ц  ахын гэрт очиход Буянаа, С.Ц  ах, Цэцгээ эгч гурав байж байсан. Ингээд тэдний гэрт очоод 0.75 гр савтай монгол архи мөн 0.75 гр архины дээрээс уугаад сууж байсан. Ингээд бид нар нийлж байгаад тэр архийг ууж дуусгасан. Тэгээд Хялгантын төв рүү 5-лаа караокед очихоор болж хөдөлсөн. Тэгээд Хялгантад очиж караокед 6-н лааз пиво, тэгээд мөн нэг Хар Чингис нэртэй 0.75 гр архийг худалдаж авч уусан. Тэнд караокед би архинаас уугаагүй харин 2 лааз пиво уусан ба нэгийг нь талд нь ортол уусан. Тэгээд тэндээс шууд гараад манай гэр лүү ирсэн. Манайд ирээд шовгор байшинд орсон. Ингээд цайгаа ууж байгаад би хар Чингис нэртэй 0.75 гр архи гаргаж өгсөн. Ингээд бид нар архийг хувааж уух зуураа юм яриад сууж байхад хэт хутганаас болж Буянаа талийгаач хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Тэгтэл талийгаач Буянаа ахыг за хөө гэж хэлсэн чинь Буянаа ах чи надаас дүү хүн байж намайг “хөө” гэлээ гээд дүргүйцсэн ба хэт хутгаа ярьж байгаад маргаад нилээд хэсэг хугацаа өнгөрсөн. Ингээд энэ хоёр маргаж суусаар тэгтэл Буянаа ах миний хутгыг би ямар ч үнээр авч чадна гэж хэлсэн. Үүнийг сонссон талийгаач дургүйцээд би үхсэн байсан ч хэт хутгаа зарахгүй, үр хүүхэддээ өгнө гэж хэлсэн..., Буянаа ах чи намайг ах гэж хэлэх ёстой гээд зөөлхөн цохьсон. Тэгтэл талийгаач эргэж хараад чи надад гар хүрдэг хэн бэ чи гээд заамдаад барьж авсан..., тэгтэл талийгаач заамдаж барьсан барьцаа тавиад байшингаас гараад Буянаа чи гараад ир чамайг би гэртээ зодож чадахгүй гэсэн. Тэгтэл тэр хоёр байшингийн гадаа зууралдаад заамдалцаж бариад байшингийн цаашаа явсан. Ингээд тэр 2 түлээний тийшээ дөхөж очсон. Ингэхээр нь С.Ц  ахыг гэрээс дуудаж энэ хоёрыг салгаад өгөөч тэгэхгүй бол дийлдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл С.Ц  ах би чадах болов уу даа гэж хэлээд гэрээс гарч ирсэн. Ингээд С.Ц  ах тэр хоёрын дундуур орж салгасан. Тэгэхээр нь би Буянааг машин руу нь хүргэж өгөөд буцаад ирэхэд талийгаачийн толгойноос нь цус гарч байсан..., толгойноос нь цус гарсаны дараа сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн тэгэхдээ би мотоциклнаас унасан байхаар нь лож авчирлаа гэж хэлсэн..., сумын эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байгаад Орхон аймгийн бүсийн оношлогооны төв рүү авч явсан..., Эрдэнэтэд эмнэлэг дээр ирээд хагалгаа хийсний дараа талийгаач нас барсан..., гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Гэрч Д.*******ын өгсөн:...2018 оны 8 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчим яаралтай дуудлага ирлээ гэж ажил дээр дуудсан. Тэгээд намайг очиход эхнэр нь гээд нэг эмэгтэй бас хамт явж байгаа өндөр нуруутай залуу хоёр өөрсдөө машинаар нэг ухаангүй эрэгтэй хүнийг авчирсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь эхнэр нь гэх хүн мотоцикльтой унасан байсныг нь зам дээрээс олоод авч ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүний биеийн байдлыг үзэхэд ухаангүй, зүүн талын зулай хэсэгт шархтай цус гарсан байдалтай зүүн нүд нь битүү хавдаж хөхөрсөн байдалтай өтгөн шингэн нь гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

Гэрч Г.Б ийн өгсөн:...байшингаас С.Ц  талийгаач бид 3 түрүүлээд гарсан..., байшингийн гадаа бид хоёр дахин хэт хутганаас болж маргасан..., намайг машиндаа суусны дараа талийгаач ахтайгаа маргалдах шиг болсон..., тэгтэл Ц  гэнэт толгой нь хагарчих шиг боллоо гэж хэлсэн..., ингээд талийгаачийг С.Ц , *******, Ц  нар өргөж гэрт нь оруулж харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Т.*******гийн өгсөн:...би байшингийн үүдэн дээрээс нөхөр дээрээ очоод 2-лаа явья гээд суганаас нь сугадаад барьж явсан чинь гартаа мод барьсан байхаар нь чи наад модоо хаяаач гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр модоо гартаа барьж байгаад саваад хойш нь шидсэн. Тэгсэн чинь С.Д  “ёооё” гэж хэлээд тэр доороо суусан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 57 тоот дүгнэлт: 1. Талийгаач С.Д биед гавал тархины битүү гэмтэл, гавлын орой болон суурь ясны олон сэтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, их тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн аалзан хальс доорхи цус харвалт, зулай, баруун чамархайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх доод уруулд язарсан шарх зүүн дээд доод зовхи, эгэмд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дэрэхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр амьд үед үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Талийгаач нас бараад 12-16 цаг болж байна. 4. Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул амь насанд аюултай тул амь насыг аврах боломжгүй гэмтэл байна. 5. Талийгаач С.Д  нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх /хх-ийн 45-46 хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11, 19-21 хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 хуудас/,

Яаралтай  тусламжийн хуудас /хх-ийн 68-69 хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц  нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрт болгоомжгүйгээр мод шидэн төрсөн дүү болох С.Д толгойн тус газарт цохин улмаар амь насыг нь хохироосон хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч С.Ц г бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ц  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч С.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 182 см урттай, 20 см диаметртэй, 5 см өргөнтэй нарийн тал нь 4 см өргөнтэй 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт  С.Ц г бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч С.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 182 см урттай, 20 см диаметртэй, 5 см өргөнтэй, нарийн тал нь 4 см өргөнтэй 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН