Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 78

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Цэнд-Аюуш

Улсын яллагч Н.Бадам

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат

Гэрч Г.Сүрэнчимэг

Насанд хүрээгүй гэрч *******

Сурган хүмүүжүүлэгч нийгмийн ажилтан Б.Ариунтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1833000660057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1973 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинч, токерчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Орхон сумын Бэлэндалай 2 дугаар баг хөдөө оршин суух, хувиараа мал малладаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт *******/РД:ИД-/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутагт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө эхнэр бид хоёр малаа услах гээд гол явсан. Малаа услаад буцах болоход нэг ямаа явж чадахгүй байхаар нь би мотоцикль дээрээ дүүрээд гэр рүүгээ явж байсан чинь гэрийн гаднаас нэг цэнхэр портер хөдлөөд явсан. Гэртээ очоод охиноо дуудахад охин нилээд урвагар уйлсан байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад манайд аяга зарсан, ноолуур авдаг Увсын ах ирээд  портер дээр намайг өргөж гаргахдаа миний хөхнөөс бариад буулгасан, гэрт ороход мөн нуруугаар илээд оролдсон гэхээр нь би Эрдэнэ-Очир юм байна гэж мэдээд араас нь очтол манай дүүгийн гадаа машин нь байж байхаар нь дүүгийнд ортол гэрт нь байж байсан. Эрдэнэ-Очир намайг юу байна гэхээр нь би юу байлгах гэсэн юм  гээд би чихнийх нь ард нэг удаа цохиод чи охиныг маань яаж байгаа юм чи очиж уучлалт гуй гэхэд Эрдэнэ-Очир машинаа асаагаад манай гэрийн зүг явсан би эхнэрээ мал дээрээс авахаар явсан. Эхнэрийг мал дээрээс аваад гэртээ очиход охин маань уйлсан байхаар нь нөгөө ах чинь ирж уучлалт гуйсан уу гэхэд үгүй ирээд намайг “гичий янхан чам шиг янхан надад олон байна гэх мэтээр доромжилж байгаад явсан” гэж хэлэхээр нь би машинаа асаагаад эхнэрийг суулгаад Эрдэнэ-Очирын араас явж дүүгийнхээ ойролцоо гүйцэж очиж машиныг нь зогсоосон. Ингээд би Эрдэнэ-Очирыг машинаас буулгах гэж оролдсон боловч буухгүй болохоор нь би нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Эрдэнэ-Очир намайг зөрүүлээд 2 удаа нүүрэнд цохисон. Эрдэнэ-Очир манай эхнэрийг элдвээр хэлж хэр малын шивтэр үнэртүүлсэн гичий янхан гуйлгачин гэж элдвээр хэлээд байхаар нь би уурандаа 2 удаа цохисон. Би тэгээд цагдаа дууд гэж хэлээд явсан. Охиныг маань оролдсон болохоор миний уур маш их хүрсэн байсан. Гадуур янз янзын хэрэг гараад байхаар нь би санаа зовсон. Эрдэнэ-Очир чи мөнгөнийхөө хэмжээгээр намайг зодоорой чамаас мөнгө салгах болно гэж хэлж байсан. Мөн цагдаад мэдэгдэх болно гэхэд цагдаад хэлээд чи надаас юу ч олж авч чадахгүй шүү гэж хэлж байсан... гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын өгсөн: “...Би та бүхний өмнө шударгаар хэлье. Би 2018 оны 01 сарын 17-ны өдөр Хоёр булаг гэдэг газар айлд хоночоод явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Ширээ нуруу гэдэг газарт ирээд Даржаагийн гадаа ирэхэд хүүхэд нь гарч ирэхээр нь аав ээж нь байна уу гэж асуухад аав ээж мал услахаар явлаа гэсэн. Ах нь наймаа хийж явна гэж хэлээд аав ээжийг нь хүлээж байгаад ах нь явлаа гэсэн. Охин нь гарч ирээд бор цай уу гэсэн. Орж цай уусан. Охин гарч ирээд гадаа аягануудаас үзье гээд байхаар нь машин руу хөлнөөс нь өргөөд дээшээ гаргаад юмаа авахуулчаад хоёр суганаас нь өргөөд буулгасан. Ах нь чихэр өгөөд мундаг Монгол ёсоо мэддэг сайн охин байна гээд мөрөн дээр нь дарсан. Би өөрөө охин үртэй хүн. Охиныг оролдсон асуудал надад огт байхгүй. Тэгээд би тэндээс яваад Батмөнхийнхөөс өмнө өгсөн давсныхаа оронд ямаа авах гээд хүлээгээд сууж байсан. Тэднийд сууж байхад араас мотоцикльтой хүрч ирээд шууд л чи амжихгүй шүү гээд чих рүү цохисон. Би тэгж охиныг нь элдэв янзаар хараагаагүй. Зүгээр л худлаа ярьж хүн муудалцууллаа л гэж хэлсэн. Эд нар худлаа ярьж байна. Үнэхээр авъяастай худлаа ярьдаг юм байна. Би инээд хүрээд сууж байлаа. Тэгээд би Мөнхбатынхаас ямаагаа дараа авъя гэж хэлээд машинаа асаагаад явахад араас жийп машинтай хөөж ирээд урдуур хаагаад зогссон. Би тэр үед машинаасаа ч буугаагүй. Даржаагийн шүд ам руу цохиогүй. Над руу салаавч гаргаж дайрсан. Надад зураг нь байгаа. Би гаргаад харуулсан ч болно. Тэр үед бороо орж байсан. Би цохиулсныхаа дараа хэсэг ухаан алдсан байсан. Би өдий насны хүн айлын хүүхэд оролдох гэсэн юм байхгүй. Энэ охин миний ач зээтэй чацуу хүүхэд. Би олон удаа тэвчиж байгаад одоо та нарын өмнө хэлж байна. Намайг доромжилж байгаа хэрэг. Өмнө нь намайг айлын ноолуур хулгай хийж авсан гэсэн цуу яриа гаргасан байсан. Тэр шүд нь урьд нь л ийм байсан юм байлгүй. Би ухаан алдчихаад сэргэхэд машин хувцас хунар нил цус болсон байхаар нь нүүрээ даавуугаар арччихаад явсан. Тэр хүүхдийг нь би шүүх хуралдаанд байлцуулмаар байна. Тэр явдлаас хойш эмнэлэгээр зөндөө явсан. Надтай нэг ч удаа яриагүй. Сэтгэл санааны дэмжлэг ч үзүүлээгүй. Би маш их гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй. Би тэр үед явган явж байсан бол шууд дайрахаар байсан. Намайг санаатайгаар бүлэглэж зодсон. Би тэр үед үхсэн бол Даржаа шоронд би шороонд орох байсан. Эмчилгээнд нийт 619.000 төгрөг гарсан. Саран эмнэлэгт 130.000 төгрөгөөр зураг авахуулж, бариа засал 450.000 төгрөгөөр хийлгэсэн. Эм тариагаа хотоос захиж авчруулж байсан. Хамгийн гол нь эрүүл мэнд байдаг. Хань ижил үр хүүхдэдээ хэдэн жил эрүүл саруул харагдахаа бодож эмчлүүлсэн. Одоо нийт гарсан байгаа нь 1.870.949 төгрөг байгаа. Би зодуулснаасаа хойш наймаагаа хийгээгүй. Нааш цааш явсан зардал маш их гарсан. Нийт би 4.270.949 төгрөг нэхэмжилж байгаа. Маш их гомдолтой байна. Миний нэр төрийг гутаасан. Далимдуулж намайг олон удаа эвгүй байдалд оруулж байгаа. Би зодуулсныхаа дараа манараад гучаад минут ухаан алдсан байсан. Цус нөжиндөө хутгалдсан байсан. Хүнийг ийм байдалд оруулчаад одоо хүртэл уучлалт гуйхгүй байна. Бид чинь бие биенийгээ таньдаг хүмүүс шүү дээ. Огт танихгүй хүмүүс байсан бол өөр хэрэг. Би эх орондоо наймаагаа хийгээд явж байгаа хүн. Хүний ноолуур хулгайлж байсан удаа байхгүй. Тэгэхэд энэ хүн намайг энэний ноолуур авдаг гэж юу байдаг юм гэх зэргээр хэлж байсан. Миний хохирлыг барагдуулж өгөөч. ...гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Сүрэнчимэг өгсөн: “...2018 оны 07 сарын 17-ны өглөө Даржаа бид хоёр малаа услахаар гол явсан. Гэрт манай охин бага хүү хоёр үлдсэн. Малаа усалчихаад голоос явж байхад хөх портер гэрийн гадаа зогсож байгаа харагдсан. Явж байтал манай нэг ямаа явж өгдөггүй харганы хажууд хэвтчихээр нь мотоциклон дээрээ дүүрээд явуулсан. Явж байх хооронд хөх Портер хойшоо яваад өгсөн. Удалгүй Даржаа хойноос нь явсан. Тэгээд удалгүй Даржаа тэр хоёр хойноосоо цуваад манайх руу явж байгаа харагдсан. Даржаа давхиж ирээд суу гэхээр нь би суугаад гэртээ очиход манай охин гэрийнхээ гадаа уйлчихсан зогсож байсан. Манай нөхөр охиноос саяны жолооч хаачсан бэ юу гэж байна гэж асуухад манай охин гичий минь чам шиг гичий олон байна. Жингэр минь олон юм яриад байвал ална шүү гэж хэлээд яваад өглөө гэсэн. Би охин дээрээ очоод юу болсныг асуухад саяны ах ирээд оролдож байгаад явлаа. Буцаж ирээд элдвээр хэлж харааж байгаад явсан гэж хэлсэн. Манай нөхөр машинаа асаагаад явъя гээд бид хоёр хойшоо явсан. Гэтэл энэ хүн Батмөнхийн гаднаас хөдлөөд явж байгаа харагдсан. Бид гүйцэж очоод машиных нь хаалгыг татаад сайн байна уу та гэж асуугаад та манай охины өвөө шиг хүн байж яаж манай хүүхдийг оролддог юм бэ гэж асуусан. Тэгэхэд шууд өөдөөс хуцаад байгаарай гичий минь. Чинийхээс дээр гичий надад зөндөө олон байна гэх зэргээр чоно нохой харж байгаа юм шиг доромжилсон. Тэгэхээр нь би та буугаад ир гэм хийгээгүй юм бол манайд очоод манай хүүхэдтэй нүүрэлдээд өг, манай хүүхэд худлаа хэлдэггүй гэж хэлэхэд битгий хуцаа чам шиг юм намайг барьж идэхгүй шүү гээд байсан. Би зүүн гараас нь татаад машинаас нь буулгах гээд татаж байхад намайг толгой рүү чичлээд байсан юм. Гэтэл манай нөхөр хажуугаар орж ирээд хоёр цохиод авсан. Манай нөхрийг ч гэсэн хоёр удаа цохиж авсан. Бид хоёр цагдаа дуудна гэхэд би ч гэсэн дуудна гээд утсаа гаргаж ирээд та нар мөнгөндөө тааруулж зодоорой гээд байсан. Тэгэхээр нь би энд мөнгө ямар хамаатай юм бэ гэхэд гичий минь чамд мөнгө ямар хамаатай болохыг харуулаад өгнө өө гээд орилоод байсан. Манай хүн машиндаа орж суугаад би зогсож байтал цагдаа дуудчихлаа явъя гэж хэлсэн. Бид хоёр Батмөнхийнд ороод аяга хүйтэн цай уучаад гараад ирэхэд энэ хүн цагдаа сэргийлэхээр яваад намайг барахгүй шүү гээд орилоод байсан. Манай нөхөр бид хоёр гэр рүүгээ буцаж явахад манай нөхөр муу новш чинь шүд хөдөлтөл цохичихсон байна. Цагдаад хэлнэ гэхээр нь би хэрэггүй саяхан Рэнцэндоржийн хэрэг гарахад хөөрхий 18 настай охиныг ээжтэйгээ нийлж өвөөгөөсөө мөнгө нэхэх зорилготой буруутай байсан юм шиг л амтай болгон ярьж байсан. Настай өвгөнд ямар юмных нь бэлгийн чалх байдаг юм ухааны юм яригдаж байсан. Би алгын чинээ охиныхоо нэр нүүрийг бодож байна. Цагдаа руу битгий утасд гэж хэлж байсан. Дараа нь Агваандорж цагдаа манай гадаа хэсгийн цагдаатайгаа ирчихсэн та хүн зодсон байна. Цагдаагийн хэсэг рүү авч явж мэдүүлэг авна гээд манай нөхөр охин хоёр мэдүүлэг өгөхөөр явсан. ...гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч ******* өгсөн: “...07 сарын 17-ны өдөр гэртээ дүүтэйгээ хоёулаа байж байтал нэг машинтай хүн ирээд гэрт орж ирэхээр нь цай хийж өгөөд боорцог тавьж өгсөн. Дүүгийнхээ хажууд ирээд сууж байтал ээж аав хоёр чинь хаачсан юм бэ гэж асуугаад аав ээж хоёр чинь мөнгөний боломжтой байгаа юу гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. Танайх дүүгийнхээ үсийг хэзээ авах юм гэж асуухад нь би мэдэхгүй гэсэн. Бас намайг дээрээ ах эгчтэй юу гэж асуусан. Би дүүтэйгээ хоёулаа байдаг гэж хэлсэн. Тэгээд энэ ах намайг машин дээр гараад юм аваад өг гэхээр нь машин руу нь гарахад миний бөгс рүү түлхэж гаргаж өгсөн. Машин дээр гараад цагаан өнгийн хайрцагтай юм авч өгөхөд тэвэрч аваад хөхнөөс базсан. Би гарыг нь тавиулчихаад хөл дээр нь дэвсчихээд өшиглөөд гэр рүүгээ орсон. Дүүгийнхээ хажууд сууж байтал энэ хүн орж ирээд орон дээр суунгуутаа гуя хэсгээр илээд байсан. Тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ болиоч гээд босох гэтэл нуруун дээр дарчихаад босгохгүй байсан. Орилох гэтэл дуу гарахгүй байсан. Энэ хүн босохгүй байж байгаад ойрхон мотоцикль дугарахад машинаа гялс асааж аваад хойшоо зугтсан. Би зугтангуут нь гараад машиных нь 3596 гэсэн дугаарыг цээжилж аваад гэртээ орж календарь дээр биччихээд гарахад аав ээж хоёр ирсэн. Намайг уйлсан байхад аав яагаад уйлсан бэ гэж асуухад нь энэ хүн оролдоод байсан гээд хэлэхэд аав хойшоо яваад өгсөн. Дараа нь энэ хүн буцаж ирээд чам шиг гичий жингэр янхан олон байна. Чамайг яасан ч яадаг юм гэх мэтчилэн маш олон үгээр доромжилж байгаад яваад өгсөн. Аав ээж хоёр хүрч ирээд саяны хүн уучлалт гуйсан уу гэж асуухад нь би янхан гичий жингэр гэж доромжилж байгаад явсан тухай нь хэлэхэд аав түлхүүрээ аваад явсан.  Аав эргэж ирээд мал руу явсан. Ээж гэрээ цэвэрлээд байж байсан. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн 1833000660057 тоот хавтаст хэргээс

Гэрч Б.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр Отгонбаяр болон хоёр хүүхэдтэйгээ цуг байж байхад гаднаас Эрдэнэ-Очир гэдэг хүн өмнө зээлээр  өгсөн давсныхаа үнэ болох ямааг авах гээд ирсэн байсан тэгээд бид нар юм яриад байж байхад гаднаас манай төрсөн ах Даржаа орж ирээд шууд цохиод авах шиг болсон би гэхдээ хаашаа цохьсныг нь хараагүй юм. Тэгээд хоорондоо чи манай охиныг оролдож байгаад явсан байна гэж манай ах дайрсан чи би тэгээгүй гээд хоорондоо маргалдаад манай ахын охин болох Буянзаяатай нүүрэлдэж  уулзахаар гараад явцгаасан юм. Тэгсэн удалгүй гэрийн гадаа ирээд зогсох шиг болсноо шууд цааш хөдлөөд явсан чинь араас нь ах эгч хоёр машинтай хөөж байгаа харагдсан тэгээд гэрийн зүүн талд маргалдаад байх шиг байсан.  ...гэх мэдүүлэг /Хх-ийн 15 дугаар хуудас/,

Шинжээч Э.Отгончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархи доргилт  нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэрэгт хамаарна харин бусад гэмтэл болох цээж, шуу, хоёр тавхай, хөлийн хурууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...2018 оны 07 дугаар сарын 24-нд ******* нь ирж үзүүлэхэд 2 хөлийн тавхайд ариун боолттой, боолт хийлгэж байгаа гэсэн ягаан өнгийн тос мэт зүйл түрхсэн байдалтай ирсэн тосны өнгөнөөс дээрх зулгаралтыг шинэ хуучин ялгах боломжгүй мөн тухайн цаг хугацаанд үүссэнийг батлах эмнэлгийн бичиг баримт үгүй, дээрх тавхай хэсгийн зулгаралтын талаар эхний өдөр үзүүлсэн болон бусад эмнэлгийн бичигт тусгагдаагүй байна. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогч *******ын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /Хх-ийн 3 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №773 дугаартай дүгнэлт:

1.*******ын биед тархи доргилт, цээж, шуу, 2 тавхай, хөлийн хуруу  зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх зулгаралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт /Хх-ийн 18 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримт/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Дархан-Уул аймгийн “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношилгооны тасаг. КТ оношилгоо/Хх-ийн 26 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/Хх-ийн 42 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын  дүгнэлт/Хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******гийн цахим үнэмлэхний хуулбар/Хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 51 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар

 

 Шүүгдэгч  ******* нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд Батмөнх гээд Даржаагийн дүүгийнд ороод сууж байтал Даржаа араас мотоцикльтой ирээд сайн байна уу гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний зүүн чих хэсэг рүү нэг удаа цохиж аваад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд чи амжихгүй шүү миний охиныг оролдоод гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм очиж охинтой чинь нүүрэлдье гэж хэлээд ар араасаа цувраад явсан юм. ... нөхөр Даржаа нь миний нүүр хэсэг рүү маш олон удаа цохиж хамраас минь цус гарсан юм энэ үед эхнэр нь бас намайг доромжилж маажаад байсан. Ингээд би нэг мэдсэн ухаан алдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд Дархан-Уул аймагт очиж би эмнэлэгт үзүүлээд явсан юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 7 дугаар хуудас/, шүүгдэгч ******* гэрчээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай гэрт 2017 онд аяга болон гурил зарсан ах портер машины ачаа дээрээс тэр урт зүйлийг аваад өг гэж хэлээд хоёр мөөмнөөс базаж өргөсөн тэгээд гэр рүү орж ирээд хажууд нь суучихаад нуруугаар нь тэвэрч авч мөөм болон гуянаас нь илж барьсан гэж хэлэхээр нь араас нь мотоцикльтой явтал манай дүү Батмөнхийн гэрт сууж байсан тэгээд миний өөдөөс сонин сайхан юу байна гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авч тэр охин хүүхэд яаж байгаа юм чи очиж учраа ол гэж хэлээд, ...Эрдэнэ-Очир гэгч залуу нь машинаасаа буухгүйгээр миний өөдөөс тийм зүйл байхгүй гэж хэлж салаавч өгч доромжилж эхэлсэн юм тэгэхээр нь би машин дотор нь 2-3 удаа цохиж авсан Эрдэнэ-Очир ч бас миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж авсан юм энэ үеэр эхнэр Сүрэнчимэг машинаас нь буухгүй байсан болохоор буулгах гэж энд тэндээс нь татаж авахдаа маажсан юм шиг байна лээ. ... гэх мэдүүлэг /Хх-ийн 8-9 дүгээр хуудас/,гэрч Г.Сүрэнчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би зүүн талын цамц хэсгээс нь татаж авсан чинь урагдсан юм тэгээд манай нөхөр Даржаатай маргалдаж эхлээд манай нөхөр нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж авсан чинь хамраас нь цус гарсан юм тэгээд би гар хэсгээс нь маажиж аваад салцгаасан юм. ..гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №773 дугаартай дүгнэлт/Хх-ийн 18 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гаас гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус/насанд хүрээгүй охин *******г оролдож, тэвэрч хөхийг нь барьж, нуруу, хөл гуяыг нь илж, хэл амаар доромжилсон, мөн Г.Сүрэнчимэгийг элдэвээр хэлж доромжилсон/үйлдэл нөлөөлсөн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар

            Хохирогч ******* нь гэм хорын хохиролд 4270949 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулахаар нэхэмжилж хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудасанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон зам зардалд 1870949 төгрөгийн нотлох баримтаар 50 ширхэг баримт, шүүхийн шатанд 12 ширхэг баримтыг, мөн шүүхийн шатанд олох байсан орлого 2400000 төгрөгийн нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 4270949 төгрөгийн нотлох баримтаас зарим нотлох баримт давхардсан, гэмт хэрэг гарахаас өмнө худалдан авалт хийгдсэн, байгууллагын нэр дээр худалдан авалт хийсэн, АТМ-аас бэлэн мөнгө авсан, өөр хүний нэртэй НӨАТ-ын баримт, НӨАТ-ын баримтын үнийн дүн харагдахгүй, мөн хохирогч өдөрт дунжаар 50000 төгрөгийн орлоготой байдаг түүнд тохирсон орлогын албан татвар баримт нь “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт 44000 төгрөгийг төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлснийг шүүх үнэлж хохирлыг тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон зам зардалд 1405036 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогч *******т үлдэх зам зардал болон олох байсан орлого нийт 2865913 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

           

 Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, прокурорын тогтоолоор шүүгдэгч *******гийн өмчлөлийн нэг тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.8, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Шүүгдэгч Урианхай овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шүүгдэгч *******гаас хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 4270949 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 1405036 төгрөгийг гаргуулж,

            -Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 1-7а тоотод оршин суух, Хохирогч Зуутраг овогт ******* олгуулж, гэм хорын хохирлын нэхэмжлэлээс үлдэх 2865913 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            7.Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлогыг нэхэмжлэхдээ түүнийг нотолсон нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэмт буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

            9.Энэ хэрэгт шүүгдэгч *******гийн өмчлөлийн нэг тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            10.Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ЭРДЭНЭМӨНХ