Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 79

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч  Н.Бадам , 

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Хард овогт *******д холбогдох  1833000860062 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10-р сарын 16-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хөтөл ЦШХК-д цахилгаанчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 13-52 тоотод оршин суух, урьд  2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх Хард овгийн ******* /РД:РЖ-/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр багийн нутагт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн1833000860062 тоот хэргээс  

1.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 7-9-р хуудас/

2.Гэрч Д.Төгсөөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 10-11-р хуудас/

3.Гэрч С.Халиунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 15-р хуудас/

4.Гэрч Х.Эрдэм-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 16-р хуудас/

5.Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймгийн

 

Шүүхийн шинжилгээний албаны №887 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 18-р хуудас/

6.*******ын 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт /х.х-ийн 19-20-р хуудас/

7.2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр *******гийн согтуурлын хэмжээг шалгаж тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-р хуудас/

8.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр багийн нутагт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь:

1.Хохирогч *******ын “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 00 цаг өнгөрч байхад би дүүгийнхээ утсыг аваад гэрлүү орж байхад манай хамаатан ******* манай дүүгийн гар утас руу залгасан. Тэгээд ******* “Би Дашдоржтой уулзая” гэж хэлэхээр нь би Дашдоржийн утас надад байна. Ойрхон дэлгүүр явсан, удахгүй ирэх байх чи манай орцны үүдэнд хүрээд ир гэж хэлэхэд Насанбуян хүрээд ирсэн. Тэгээд Насанбуян бид 2 юм ярьж суугаад хоорондоо маргалдсан. Насанбуян намайг зодох гээд байхаар нь би 2-3 удаа цохиод авахад Насанбуян намайг толгой нүүр лүү цохиод зодоод эхэлсэн. Тэгээд Насанбуянгийн аав ээж 2 ирээд Насанбуянг салгаад аваад явсан. Тухайн үед миний толгой маш их өвдөж зовиурласан. Баруун талын нүд тэр чигээрээ хавдар болсон байсан. Насанбуян эмчилгээний зардал гэж 570.000 төгрөг, бас эм тариа авч өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9-р хуудас/

2.Гэрч Д.Төгсөөгийн “...2018 оны 08 дугаар сарын 27 ны шөнө Сайхан сумын нэгдсэн эмнэлэгээс миний гар утас руу танай хүү Дашням хүнд зодуулаад ирсэн байна. Та хурдан хүрээд ир гэж бага эмч С.Халиунсүрэн утасдсан. Тэгээд би Дашнямын төрсөн дүү Дашдоржийг "чи очоод ахыгаа аваад ир" гэж хэлээд явуулсан чинь буцаж ирээд Дашнямыг өглөө болтол биеийн байдлыг нь харна гэж байна гэж хэлээд хүрээд ирэхээр нь би унтаж амарсан. Маргааш нь ажил цуглахаас өмнө очоод Дашнямыг авчихъя гэж бодоод өрөөнд ороод хувцасаа өмсөх гэсэн чинь миний хүү Дашням унтаж байсан. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд хартал нүүрний баруун талын хэсгээр нь хавдартай, томбойлгоод хөхрүүлээд нэлээн аймаар зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11-р хуудас/

3.Гэрч С.Халиунсүрэнгийн“...2018 оны 08 дугаар сарын 27 ны шөнө 00.00 цагийн тарилгаа  хийчихээд  байж байхад манай эмнэлэгт ажилладаг Д.Төгсөө эгчийн хүүхэд ******* дүү Дашдоржийгоо  дагуулаад эмнэлэгт ирсэн. Тухайн үед Дашням толгой руугаа цохиулсан  нэлээн хавдартай байсан. Манай их эмч Эрдэм-Оргил үзээд эмчилгээ хийгээд эмнэлэг дээр ажиглалтанд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-р хуудас/

4.Гэрч Х.Эрдэм-Оргилын”....2018 оны 08 дугаар сарын 27-ны шөнө би Сайхан сумын эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байхад шөнө 00.00 цаг өнгөрч байхад Дашням дүү Дашдоржийгоо дагуулаад хүнд зодуулсан гээд хүрээд ирсэн. Дашням тухайн үед толгойндоо нэлээн хавдартай байсан. Би эмчилгээ хийгээд эмнэлэгт хяналтанд хонуулаад тэр шөнөдөө томографикийн шинжилгээнд явуулж гэмтлийн эмчид үзүүлэх талаар ээжид нь хэлсэн “...гэсэн  мэдүүлэг /х.х-ийн 16-р хуудас/

5. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №887 дугаартай шинжээчийн :

1.*******ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...гэсэн дүгнэлт /х.х-ийн 18-р хуудас/

6.*******ын 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт /х.х-ийн 19-20-р хуудас/

7.2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр *******гийн согтуурлын хэмжээг шалгаж тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-р хуудас/

8.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 08 сарын 27-ны орой Дашнямын дүү Дашдорж над руу залгаад маргааш Өмнөговь руу ажилд явна. Явахаасаа өмнө уулзъя гэж хэлсэн. Орой нь ээж битгий гар гэхээр нь залгаад уулзаж чадахгүй болчихлоо гээд хэлэх гэсэн чинь Дашнямд Дашдоржийн утас нь байсан. Тэгээд Дашням гараад ир уулзъя. Хоёулаа орцны үүдэнд тамхилъя гэхээр нь гарч уулзсан. Бид хоёр өмнө нь Баруунбүрэнгээс ирэхдээ эхнэрийнх нь талаар муудалцсан юм. Би янз бүрийн муу юм саналгүй сайн санааны үүднээс одоо тэр эхнэрээсээ больсон юм бол дахиж битгий харьц гэж хэлсэн. Тэгээд намайг цохиод авахаар нь зөрүүлээд хоёр гурав цохисон. Гэм буруугаа хүлээж байна. Хариуцлагаа хүлээнэ...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож  байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм. Иймд Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч *******г  бусдын биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 570.000 төгрөг төлсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байгаа тул хохирол нөхөн төлсөн гэж үзсэн  болно./х.х-ийн 8-р хуудас/

Эрүүгийн хариуцлагын талаар:

******* нь  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .

Прокурор *******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар  хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь  хуульд нийцэж  байна.

Шүүх шүүгдэгчийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.                

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  500.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Шүүгдэгч ******* 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан /х.х-ийн 26-30рт/ байх ба  тэнсэн хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хохирогч  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч өөрийн хүсэлтээр өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралд орсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн   8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8 дах хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хард овогт *******г хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******д  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  ******* 500.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дах хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 570.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдсэнийг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА