| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00080/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 80
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Н.Бадам ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөртэ овогт *******д холбогдох 1833000410058 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 3-23 тоотод оршин суух Бөртэ овгийн ******* /РД:ТЖ-/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Аяны жигүүр” ХХК-ны тэмдэгийг ашиглан, тус компанийн захирал *******гийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн 5 иргэнд хувийн байдлыг нь тодруулж гэрчилсэн хуурамч тодорхойлолт гарган өгч хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн1833000410058 тоот хэргээс
1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 130-132-р хуудас/
2.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 110-112-р хуудас/
3.Гэрч П.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 113-114-р хуудас/
4.Гэрч С.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 118-119-р хуудас/
5.Гэрч М.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 122-123-р хуудас/
6.Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 124-125-р хуудас/
7.Гэрч Б.Шүрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 128-129-р хуудас/
8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154-р хуудас/,
9.Шүүгдэгч М.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзвэл:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Аяны жигүүр” ХХК-ны тэмдэгийг ашиглан, тус компанийн захирал *******гийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн 5 иргэнд хувийн байдлыг нь тодруулж гэрчилсэн хуурамч тодорхойлолт гарган өгч хуурамч бичиг баримт үйлдсэн нь:
1.Хохирогч *******гийн”... Би “Аяны жигүүр” ХХК-ний захирлаар ажилладаг ба Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд миний визийн 2 удаа түдгэлзүүлсэн. Тэгээд би гайхаад яагаад түдгэлзүүлээд байгаа юм бол гэж бодоод дүүгээрээ асуулгасан чинь манай компанийг найдваргүй , хуурамч баримт бичиг ирээд байгаа талаар хэлсэн байсан. Манай компани Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг болохоор болохгүй байгаа юм байхдаа гэж бодоод “Аяны жигүүр” компаниа Сэлэнгэ аймаг руу шилжүүлэхээр хөөцөлдөхөд аудитын шалгалтаар ороод шилжигддэг тул одоогийн байдлаар үйл ажиллагаагаа зогсонги байлгаарай гэсэн. Тэгээд нягтлан бодогчоор ажиллаж байсан *******тай мессенжирээр холбогдоод Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу компаниа шилжүүлж байгаа тул манай компанитай холбоотой баримт байвал устгаарай гэхэд ******* надад юуч байхгүй гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ дараа нь манай компаний түрээсийн гэрээ, гэрчилгээний хуулбар, түрээс төлсөн баримт, компаний захирлын тодорхойлолт зэргийг хуурамчаар хийж хүнд зарсан байсан. Гантулга нь нэг удаа би дүүдээ “Аяны жигүүр” ХХК-ний тодорхойлолтоор виз мэдүүлэх гэсэн юм. Та надад туслаач гэхэд би зөвшөөрсөн боловч надаас тодорхойлолт аваагүй. Тэр үед зүгээр л яриа болоод өнгөрсөн. Харин Гантулга өөрөө “Аяны жигүүр” ХХК-ний тодорхойлолтоор виз мэдүүлж Солонгос явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 130-132-р хуудас/
2.Гэрч *******гийн “...би гэнэт өөрийн компаний тамга тэмдэгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан Гантулгад өгч байснаа санасан. Гантулгыг компаний тайлан тооцоо барааны тодорхойлолт хийхэд нь компанийхаа тамгыг өгчихдөг байсан. Гэтэл нэг өдөр үйл таних таксины жолоочид Пүрэвийн Эрдэнэчимэг гэх эмэгтэй бичиг өгсөн. Жолооч тухайн бичгийг машиныхаа цонхон дээр тавьсан ба тэр бичгийг харахад манай компаний лого байхаар нь жолоочоос бичиг баримтыг авч үзэхэд манай компаний Цолмонгэрэлтэй хийсэн гэрээ, компаний тодорхойлолт, түрээсийн баримт, компаний гэрчилгээний хуулбар нийт 4 ширхэг зүйлийг хийсэн байсан.
...маргааш нь Гантулгын хүүхэд Дөлгөөнтэй холбогдож эгч нь бичиг баримт авах гэсэн юм гэж хэлээд нөхрийн дүү Энх-Амгалантай холбогдож Гантулгынхаас бичиг баримт авах гэсэн юм хамт оръё гээд Гантулгынд орж хүү Дөлгөөнөөс нь “Аяны жигүүрийн тамгатай бичиг баримтыг авъя гэж хэлэхэд компьютрынхээ дээд талд байгаа гээд очиход манай компаний тамгатай 75 ширхэг цаас 5 ширхэг компаний гэрчилгээний хуулбар зургийг авч, тэгээд Гантулгын компьютрээс өөрийн компаний холбогдолтой бичиг баримтыг үзэхэд файл хэлбэрээр Ц.Өнөржаргал, Тунгалаг, Цолмонгэрэл гэх 3 хүний компаний гэрээний тодорхойлолт байсан.
...одоо манай компани найдваргүй компани болж Солонгос улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд виз гарахгүй, манай түрээслэгч нарын эрх ашиг хөндөгдсөн. Түрээслэгч нар виз мэдүүлэх боломжгүй болсон. Гомдолтой байна компанийхаа нэр хүндийг сэргээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 110-112-р хуудас/
3.Гэрч П.Эрдэнэчимэгийн “...Би Сайхан сумын үйлчилгээний төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг. Би “Аяны жигүүр” ХХК-ний түрээслэгч байгаа юм. Тухайн бичиг баримтыг Гантулгын хүү Дөлгөөн манай гэрт оруулж тавьсан байсан. Тэгээд тухайн бичиг баримтыг Улаанбаатар хот руу таксинд өгч явуулсан. Тэр баримт баримт бичгийг Солонгосын Элчин сайдын яаманд өгөх гэж байгаа гэж байсан...
...миний хот руу явуулсан бичиг баримт нь “Аяны жигүүр” ХХК-ний түрээслэгчийн гэрээ байсан. Гэхдээ тухайн түрээслэгч нь “Аяны жигүүр” ХХК-ний түрээслэгч биш хүнийг түрээслэгч мэт харуулсан бичиг баримт байсан. Энэ бичиг баримтыг компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Гантулга гэх эмэгтэй хуурамчаар үйлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 113-114-р хуудас/
4.Гэрч С.Амгалангийн”...Би Сайхан суманд байдаг Ганаа эгчтэй холбогдоод түрээсийн гэрээ гаргаж өгч болох уу гэж асуухад боломжтой гээд би хүүхэддээ хэлээд Чимгээгээр өгөөд явуулъя гэж хэлсэн. Тухайн бичиг баримтыг аваад хэрэглээгүй өөртөө хадгалж байтал цагдаагаас ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 118-119-р хуудас/
5.Гэрч М.Мөнгөншагайн”...2017 оны 06 дугаар сарын эхээр Солонгос явахаар бичиг баримт хөөцөлдөөд тухайн үед би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул эгч Гантулгаас Солонгос улсын визинд ороход ямар бичиг баримтууд хэрэгтэй байдаг талаар асуухад эгч маань надад зөвлөгөө өгсөн. Тэгээд тухайн үед би ажилгүй байсан тул эгч Гантулгаас “Аяны жигүүр” ХХК-ний түрээсийн гэрээ, тодорхойлолт нийт 2 төрлийн бичиг баримт аваад 2017 оны 06 дугаар сарын эхээр бичиг баримтаа бүрдүүлэн визний материал бүрдүүлдэг компанид материалаа өгөөд 20 хоногийн дараа виз гарсан. Тэгээд 2017 оны 08 сард Солонгос улс руу яваад 2017 оны 10 дугаар сард буцаж Монголд ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 122-123-р хуудас/
6.Гэрч Ц.Баяржаргалын”...Би Солонгос гарахын тул Гантулга гэх хүнээс “Аяны жигүүр” ХХК-ний түрээсийн гэрээ болон тодорхойлолтыг авч виз мэдүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн тул Солонгос явж чадаагүй гэсэн...”мэдүүлэг /х.х-ийн 124-125-р хуудас/
7.Гэрч Б.Шүрмаагийн “...Манай нөхөр Нямбаяр Солонгос явахаар виз мэдүүлж байна. Бичиг баримт бүрдүүлж байна гэж хэлж байсан боловч ямар бичиг баримт бүрдүүлж байгааг би хараагүй. Тэгээд Солонгос улс руу 2017 оны 03 дугаар сард яваад 06 дугаар сард буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 128-129-р хуудас/
8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154-р хуудас/,
9.Шүүгдэгч М.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:... Тухайн үед би “Аяны жигүүр” ХХК-д нягтлан бодогч байсан. Түрээсийн гэрээг надаар гаргуулдаг байсан юм. Бэлэн тамгатай цаасан дээр хэзээ ч хамаагүй л гаргуулдаг байсан. Пүрэвсүрэнд би дүүдээ лангуу түрээсэлдэг гэсэн гэрээ гаргаад өгчихмөөр байна гээд амаар хэлж л байсан. Пүрэвсүрэн гэдэг хүн ингэж гаргаснаар “Аяны жигүүр” ХХК-ийн нэр хүндэд сэв суусан гэсэн утгатай өргөдөл гаргасан. Би харлах хүмүүст гаргаж өгөөгүй. Хоёр нь БНСУ яваад хуулийнхаа хугацаанд эргээд ирсэн. Нэг нь татгалзсан хариу ирсэн...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож байна.
Баримт бичиг тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, хувь хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэрэгт тооцогдох тул шүүгдэгч М.Гантулгыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Аяны жигүүр” ХХК-ны тэмдэгийг ашиглан, тус компанийн захирал *******гийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн 5 иргэнд хувийн байдлыг нь тодруулж гэрчилсэн хуурамч тодорхойлолт гарган өгч хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч М.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
******* нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Гантулгыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантулгын ажил эрхлээгүй байгаа болон бусад орлого олох боломжийг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралд оролцохоор хүсэлт бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь шүүх хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Бөртэ овогт Махбалын Гантулгыг баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантулгыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гантулгыг 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА