| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2018/00081/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 81
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1833000670063 тоот хэргийг 2018 оны 10-р сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Хөтөл дэх салбарт ашиглалт засварын мастер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 00-0-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт *******, /РД:ТГ-/ гэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах 17 дугаар байрны урдаас иргэн *******ийн эзэмшлийн муссо загварын 40-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч тус сумын Номгон баг хүртэл яван “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
1. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
2 Хохирогч *******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас /,
3. Гэрч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/%
4. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас /,
5. SSANG YONG MUSSO маркийн 40-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 23 хуудас/
6. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-ийн 6 хуудас/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/
8. Сэлэнгэ аймгийн Сайхан сум Гавшгай 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдож буй байдал болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг байрлах 17 дугаар байрны урдаас иргэн *******ийн эзэмшлийн SSANG YONG MUSSO маркийн 40-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч тус сумын Номгон баг хүртэл яван “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Хохирогч *******ий мөрдөн байцаалтанд өгсөн: ..Тээврийн хэрэгслийн гэрчилгээндээр Мөнхбаяр гэдэг хүний нэр байдаг боловч тэр хүнээс Сэргэлэн гэдэг хүн худалдаж аваад би Сэргэлэнгээс худалдаж авсан юм. Одоо миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа.
...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт аваачиж тавьсан байсныг олж авсан.... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
2. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн гэртээ байж байх үед манай найз Дэлгэрсайханы эхнэр Амгаланбаяр над руу залгаад манай нөхөр Дэлгэрсайханыг цагдаагаас хайгаад байна чи цагдаа дээр хүрээд ирээч гээд ярихаар нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Гэрээсээ цагдаа руу явж байх замд цагдаагийн ажилтан Мөнхбаттай таараад юу болсон талаар асуухад Дэлгэрсайхан хүний машин аваад явсан байна чи харвал хэлээрэй гэж хэлэхээр нь би гадуур Дэлгэрсайханыг хайж явсан. Хайгаад явж байх үед миний утас руу нэг дугаар залгаад байхаар нь аваад ярьсан чинь Дэлгэрсайхан хаана байгаа юм бэ гэхээр нь чамайг цагдаа нар хайгаад яваад байна юу болсон юм бэ гэж асуусан чинь би Номгоны клонк дээр байна хүрч ирээд авчихаач гэж хэлсэн. Би тухайн үед Дэлгэрсайханы эхнэр Амгаланбаяртай хамт байсан болохоор өөрийн танил хүнээс машиныг нь гуйж аваад Номгон орсон. Номгоны төв зам дагуу байрлах клонк дээр очтол Дэлгэрсайхан зогсож байхаар нь Амгаланбаяр бид хоёр очоод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь хэн гэдгийг нь сайн танихгүй байна ямар ч байсан байрныхаа урд нэг хүнтэй таараад маргалдаад өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар чамайг хайгаад байна очих уу гэсэн чинь за за тэгье гэж хэлээд Хөтөлийн цагдаа дээр ирсэн. Тухайн үед Дэлгэрсайханы эхнэр Амгаланбаяр хамт байсан болохоор сайн юм ярьж чадаагүй юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
3. Гэрч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 30 минутын үед би Чулуун-Эрдэний Муссо маркийн 40-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэггслийг жолоодоод 17 дугаар байранд Чулуун-Эрдэнэ хүнтэй уулзана гээд явсан. 17 дугаар байрны гадаа ирж зогсоод Чулуун-Эрдэнэ гээд найз маань 17 дугаар байр луу орчихоод буцаж гарч ирээд нэг хүнтэй уулзаад зогсоод байсан ба би тухайн үед машин дотор сууж байсан чинь Чулуун-Эрдэнэтэй уулзаад зогсож байсан залуу над дээр хүрч ирээд яагаад байрны урд машинаа тавиад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би зогсоолд тавьчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хүрч ирээд юу яриад байгаа юм бэ наад машинаа өөр газар байрлуул гээд байхаар нь би машинаасаа буугаад чи одоо юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний өмсөж явсан цамцнаас зуураад авахаар нь би зөрүүлээд зуураад авсан. Бид хоёр хэсэг бие биенийхээр өмсөж явсан цамцнаас зуурч зогсож байх үед би тэр залууг дийлэхгүй болохоор нь зугтаад 17 дугаар байрыг тойрох замдаа цагдаад мэдэгдсэн ба буцаад машин байсан газараа харсан чинь миний сууж байсан машиныг аваад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-15 хуудас/,
4. Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 07 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлаар 4 хоногийн хугацаанд томилолтоор ажиллаад ирсэн. Нэг монтёр ахтайгаа хоёулаа ажлаа амжилттай дуусгасан юм чинь гээд нэг 0,5 граммын хараа архи хувааж уусан. Маргааш нь шалгалттай байсан. Тэгээд сэлбэгийн дэлгүүрийн тэнд ахаас салаад гэртээ харих гээд явж байтал 17-р байрны урд нэг машин зам дээр тавьсан байхаар нь машинаа зогсоол дээр тавихгүй яасан юм гэдэг үүднээс машины эзэнтэй маргалдсан. Тэр машинаас нэлээд шартай ах бууж ирээд энгэрээс барьж авсан. Намайг татахад нь би газар унасан. Нэг харсан чинь найз нь ирж байх шиг харагдахаар нь машин дотор нь ороод хаалгыг нь түгжчихсэн. Түлхүүр нь зоолттой байхаар нь хөдөлгөөд Номгоны колонкийн гадаа аваачиж орхиод тэвшин дээр байсан юмнуудыг нь кабин дотор нь оруулж түгжээд колонкийн эгчийн утаснаас найз руугаа ярихад чамайг цагдаа нар хайгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө Хөтөлд очоод цагдаа дээр очно гэж хэлээд Хөтөлд ирээд цагдаа дээр хүрч ирээд үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар *******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд оролцогчдын эрхийг зөрчсөн хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй. Тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байх ба шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгээ тогтвортой өгдөг, өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Ийм шүүгдэгч *******ыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч *******ий прокурорт ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үйлдсэн “Дэлгэрсайханд гомдох зүйл байхгүй. Бидний хооронд үл ойлголцол байхгүй. Иймд миний дүүд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх баримт /хх-ийн 71 хуудас/ хавтас хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас *******ийн Муссо маркийн 40-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, хохирогч *******э шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хуагцаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардагүй, хураагдаж ирсэн бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харчин овийн *******ыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй /таван зуу/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН