| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0101/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/109 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/109
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Ч-н Э-д холбогдох эрүүгийн 1817002120100 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 2 дугаар баг, 22-р зөрлөгийн .............. тоотод оршин суух, 2016 оны 09 сард Монгол Улсын онц тээвэрчин шагналаар шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй гэх Б....... овогт Ч-н Э-н /РД: ........./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Э-н нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн эзэмшлийн гэрийн тэжээвэр улаан халтар нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Шивээговь сумын 2-р баг, 22-р зөрлөгийн 9 дүгээр байрны гаднах малын хашааны орчим иргэн Ц.О-н зүүн хөлийн шилбэ хэсэгт хазаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ч.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн эзэмшлийн гэрийн тэжээвэр улаан халтар нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар зөрлөгийн 9 дүгээр байрны гаднах малын хашааны орчим хохирогч Ц.О-н зүүн хөлийн шилбэ хэсэгт хазаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ч.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ч.Э-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө гэртээ байж байтал Г-р гээд манай саахалтын айлын хүн над руу яриад 04 цагийн үед манай эхнэр О-г малаа хараад явж байхад нь танай нохой сул явж байгаад хөлөөс нь хазчихсан байна, уруулсныхаа дараа мотоцикльтэй яваад эмнэлэг дээр очиж оёулчихаад ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр С-н хамт тэднийд 08 цаг өнгөрч байхад очсон. Тэгэхэд үүрээр 4 цагийн үед гэрээсээ гараад малаа малаа харах гээд хорооны хажууд явж байхад нохой чинь сул байж байгаад давхиж ирээд урчихлаа гэж хэлсэн. Тэгээд одоо яах вэ? гэхэд эмчилгээ хийлгэнэ, Шивээ рүү хэд хэдэн удаа явах байх, эмнэлгээс бичиж өгсөн эм тариаг авна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь 100 000 төгрөгийг 2 хувааж эмчилгээндээ зориулаарай гэж хэлээд өгсөн.
Манай нохой байнга уяатай байдаг, тэр шөнө өөрөө уяанаасаа алдуураад явсан байсан. Намайг өглөө нь босоход манай нохой уяанаасаа алдуурчихсан гэрийн гадаа байж байсан. Тэгэхээр нь би нохойгоо Ганбаатар ахыг ярьсны дараа уячихаад тэднийд очсон. Манай нохой О-л эгчийг урсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Манайхаас өөр 22-р зөрлөгт нохой тэжээдэг айл байхгүй. Ганцхан манайх л нохойтой. Тэгэхээр манай нохойноос өөр хэн түүнийг урах билээ дээ.
О-л эгчийн эмчилгээний төлбөрт 2 724 000 төгрөг, мах нөхөх хагалгаанд 300 000 төгрөг, өмнө нь эм тариа боолтын мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн. Нийт 3 124 000 төлж барагдуулаад байна. Цаашид гарах эмчилгээ эм тарианы мөнгийг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
1.3. Хохирогч Ц.О-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/
1.4. Хохирогч Ц.О-н нохойд хазуулсан шархны зураг болон амбулаториор эмчлүүлэгсдийн картын зураг /хх-ийн 6-8 дугаар хуудас/
1.5. Хохирогч Ц.О-л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө гэртээ унтаж байхад гадаа нохой хуцаад байхаар нь хотонд байсан хэдэн хонь ямаагаа харъя гэж бодоод 04 цагийн үед гэрээсээ гарсан. Нөхөр бид хоёр байсан. Нөхөр Г- гэртээ унтаад үлдсэн. Гэрийнхээ урд хэсэгт байдаг малынхаа хашааг нар зөв тойроод явж байхад хашааны урдаас гэнэт Энхтүвшингийн баавгай билүү банхар гэж дуудаад байдаг сэгсгэр нохой гарч ирээд над руу дайраад миний зүүн хөлийн шилбэний гадна хэсгээс шууд хазсан. Би тэгээд газарт ойчсон. Шороо самардаад нохой руу цацаж байж нохойг хөөж явуулсан. Нохой миний зүүн хөлснөөс нэг удаа хазсан. Өөр газар хазаагүй. Тэгээд би гэртээ ороод нөхрийгөө сэрээгээд сумынхаа эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Нохой намайг урахад өөр хүн байгаагүй. Манай нөхөр мэдээгүй байсан.
Тухайн үед нь цагдаад хандаагүй, таньж мэддэг улс юм чинь нэгнийгээ асуудалд оруулаад яах вэ гэж бодсон. Мөн Э-н надаас уучлалт гуйгаад байхаар эмчилгээний мөнгө өгөх байх гэж бодсон. 140 000 төгрөг л өгсөн. Өөр мөнгө өгөөгүй учраас хожуу цагдаад хандсан юм. Миний эмчилгээ эм тариа ор хоногийн мөнгө төлж барагдуулбал гомдолгүй. Одоо хэдэн төгрөгийн хохирол гарсныг хэлэх боломжгүй байна. Хагалгаанд ороод хэд хоног хэвтэж эмчлүүлнэ гэж эмч хэлсэн. Одоо миний биеийн байдал тариа хийлгээд гайгүй болж байгаа. Өөр энэ асуудлаар хэлж ярих зүйл байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
1.6. Гэрч Г.О-г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний ээж Ц.О-л, аав Г.Г-р нар Шивээговь сумын 22 дугаар зөрлөгт хэдэн малтайгаа амьдардаг. Би тухайн хоёр хүний бага охин нь байгаа юм. Ээж маань одоо нохойд уруулсны улмаас уруулсан хэсэг нь хүндэрч Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Болсон асуудлын талаар ээж ааваас асуухад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө үүрээр нохой хуцаад байхаар нь малаа эргэх санаатай гарсан. Гэтэл хажуу айлынх нь нохой суларчихсан ээжийн маань зүүн талын шилбийг урчихсан байсан. Тэр өглөө нохойны эзэн Э-д очиж болсон асуудлыг хэлэхэд уяатай нохой маань суларчихсан байна гэсэн тайлбар хэлсэн байсан. Тэр үедээ сумынхаа эмнэлэгт үзүүлээд боолт хийлгээд оёдол тавиулсан. Гэтэл нөгөө шарх нь эдгэрч өгөхгүй болохоор нь Сүмбэр сумын эмнэлэгт ирж үзүүлэхэд оёдол жаахан чанга очсон байна гээд оёдлыг нь авчихсан байсан. Боолт хийлгээд эмнэлэгт үзүүлээд явж байсан. Сүүлдээ хөл нь хавдаад 7-8 хоног Шивээговь сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч эдгэж өгөхгүй улам өвчин орж хавдаад байхаар нь бид нар ярилцаад Гэмтлийн эмнэлэгт үзүүлж гадуур 2-3 хоног боолт хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэг ор байхгүй болохоор нь Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлсэн. Арьс нөхөх эмчилгээ хийлгэнэ, бохирдсон байна гэсэн. Мөнгөнгүүр эмнэлгийн эмч нарын яриагаар болохоор мах нь төлжсөний дараа арьс нөхөх эмчилгээ хийнэ гэсэн. Аав ээж хоёр маань Улаанбаатар хотод байгаа. Э-н талаас эмчилгээний зардалд 60000 төгрөг 1 удаа, дараа нь цувуулаад 2 удаа 40000 төгрөг, нийт 140 000 төгрөг өгсөн байна лээ. Ээж маань эмнэлгээр яваад мөнгө төгрөгийн хэрэг болоод Э-н болон түүний эхнэртэй ярихаар өөдөөс хэл амаар дайрч давшлаад байна. Настай хүн болохоор хөл нь эдгэрч өгөхгүй байна. Э-н гэр нь манай аавынхаас урдхан талд 200 орчим метрын зайтай байдаг. Э-н нохой байнга уяатай байдаг гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
1.7. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрөө сонсгол муутай дүлий хүн байгаа юм. Хоёр чихэндээ байнга аппарат зүүдэг. Шөнө унтахдаа аппаратаа аваад унтчихдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө унтаж байтал хүн орилох чимээ сонсогдсон. Сэрээд хартал манай эхнэр гаднаас нохойд уруулчихлаа гээд гэртээ ороод ирсэн. Би эхнэрээ гадагшаа гарахыг нь мэдээгүй юм. Түүнийг орж ирэхэд цаг 04 цаг 30 минут болж байсан шиг санаж байна. Гэгээ арай болоогүй байсан. Зүүн хөлийн шилбэний гадна орчимд нь хазсан байсан. Цус гоожсон байсан. Тэгээд би сумынхаа эмнэлэгт хандсан.
Тухайн үед гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гэртээ унтаж байсан. Эхнэрийг манай баруун урд талын Э-н халтар нохой урсан байсан. Эхнэрийг нохой урж байхад хажууд нь өөр хүн байгаагүй. Манай эхнэр нохой хуцаад байхаар нь гарч малаа эргэх гэж байгаад уруулсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.8. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө нөхөр бид хоёр малдаа явчихаад гэртээ ирээд байж байтал манай тоочигийн Г ах манай нөхөр лүү залгаад шөнийн 4 цагт танай нохой манай эхнэр О-г урчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр тэднийд шууд явж очсон. Гэрээс гарахад манай нохой сул гэрийн гадаа байж байхад нь уячихаад явсан. Өглөө малд явахад нохойгоо хаана байсныг ажиглаагүй. Г-р ахынд очиход О эгч зүүн хөлөө шилбэний хэсгээр цагаан даавуугаар боолгочихсон эмнэлэг яваад боолт хийлгээд ирсэн гээд гэртээ нөхөр Г-н хамт хоёулаа сууж байсан. Тэгээд одоо Шивээгийн эмнэлэг рүү хэд хэдэн удаа явж боолт хийлгэнэ гэхээр нь манай нөхөр эхлээд 60 000 төгрөг өгсөн. Дахиад нэмж 40 000 төгрөг өгсөн. Эмнэлгээс бичиж өгсөн эм тариа авна гээд байхаар нь түүнийгээ аваарай гэж хэлээд өгсөн. Тэгээд цаашид гарах зардлыг чинь өгнө гэдгийг нь хэлсэн. Манай 22 дугаар зөрлөгт манайхаас өөр нохойтой айл байхгүй. Манай нохой тэр шөнө уяанаасаа өөрөө алдуурсан байсан. Суларч явж байгаад шөнө Оюунгэрэл эгчийг урчихсан байсан. Манайх халтар зүсмийн 4 настай эр нохойтой. Уг нь байнга уяатай байдаг. Тэр шөнө өөрөө уяанаасаа алдуураад О-л эгчийг урчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12725 тоот шинжээчийн дүгнэлтэд:
-Ц.О-н биед зүүн шилбэний гүн хазагдаж халдварлагдсан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/
1.10. Айл өрхийн тэжээвэр нохой, муур эзэмшигчийн гэрчилгээ /хх-ийн 36 дугаар хуудас/
1.11. Хохирогч Ц.О-н эмчилгээ хийлгэсэн баримт болон гэрэл зураг /хх-ийн 40-44 дүгээр хуудас/
1.12. Хохирогч Ц.О-н Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх /хх-ийн 49-75 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Э-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Э орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ч.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Надад ямар нэгэн санал хүсэлт алга. Э миний эмчилгээний зардал болон бусад эм тарианы мөнгийг төлж барагдуулаад явж байгаа. Одоогийн байдлаар Э нийт 3 024 000 төгрөгийг Мөнгөн гүүр эмнэлгийн данс руу эмчилгээний зардалд шилжүүлсэн. Өмнө нь бэлнээр надад 100 000 төгрөг өгсөн юм билээ. Нийтдээ 3 124 000 төгрөгийг төлж барагдуулаад байна.
Би гаргасан өргөдөл дээрээ 140 000 төгрөг гэж бичсэн байгаа. 140 000 төгрөг биш 100 000 төгрөг юм билээ. Тухайн үед андуураад бичсэн байсан. Цаашид гарах эмчилгээний мөнгө төгрөгийг надад төлж барагдуулна гэдгээ Э хэлсэн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
2.2. 2018 оны 11 дүгээр сарын 12-н, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 47 дугаар хуудас/
2.3. Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Э-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О-д 3 124 000 /гурван сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Шүүгдэгч Ч.Э нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд хохирогч Ц.О-с цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Ч-н Э-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О 3 124 000 /гурван сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Э-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ