| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2018/00082/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 82
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1833000720060 тоот хэргийг 2018 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 0000 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Тэмээний ар” гэх газар оршин суух хаягтай, урд Увс аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан Шалбаг овогт Г-н овогт А-л, РД/ОЭ-/.
2.Монгол улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд 0000 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багт оршин суух хаягтай, Шаавай овогт *******, РД/-.
Үйлдсэн хэргийн талаар: *******, С.Банзарагч нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн ар” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, өөрсдийн 28-56 СЭА, 61-37 СЭҮ улсын дугаартай Киа бонго пронтиер маркийн тээврийн хэрэгсэлүүдээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3,5+3,8=7,3 м/куб хуурай шинэс мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
1. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
2. Гэрч Ц.Бүрэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч О.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,
4. Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
5. Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,
6. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэн-Өлзийгийн №18-04-321/18-02 дугаартай шинжнээчийн дүгнэлт /хх-ийн 21 дугаар хуудас/,
7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэн-Өлзийгийн №18-04-321/18-01 дугаартай шинжнээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
8. Сайхан сумын үнэлгээний комиссын 2018 10-р сарын 02–ны өдрийн №34 дугаартай акт /хх-ийн 29 дугаар хуудас/,
9. “Капитал зууч” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
10. “Капитал зууч” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,
11. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаар тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/,
12. ОМ- регистрийн дугаартай, Шаавай овогт *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/
13. ОЭ-регистрийн дугаартай, Шалбаг овогт *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 101 дугаар хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдож буй байдал болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, С.Банзарагч нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Өлийн ар гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж өөрсдийн 28-56 СЭА, 61-37 СЭҮ улсын дугаартай Киа бонго пронтиер маркийн тээврийн хэрэгсэлүүдээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3,5+3,8=783 м/куб хуурай шинэс мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Иргэний нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би шинжээчийн дүгнэлтийн дагуу мөн байгаль орчинд учруулсан хохирол буюу *******ээс 538.650 мянган төгрөг, *******аас 584.820 мянган төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/
2.Гэрч Ц.Бүрэнбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Монстой, Бургалтай, Урт нуруут, Шар хоолой, Дамт гэх газруудаар мод бэлтгэх зөвшөөрөл өгч байгаа юмаа.
...*******, Банзрагч нар нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тухайн хүмүүс Баруунбүрэн сумын малчид ба тухайн 2 хүнийг танина.
...Миний мэдэж байгаагаар тухайн *******, Банзрагч нартай уулзахад Бумбат гэх газраас мод бэлтгэсэн гэх боловч иргэд мэдээлэхдээ Өлийн араас тухайн модыг бэлтгэсэн талаар мэдээлэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/
3. Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 04 дугаартай “...1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн ******* зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 3,5м2 хэмжээтэй байна. 2. Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 бүх төрлийн хэрэглээний хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 28500 төгрөг байна. Нийт бэлтгэсэн модонд хэмжиж дүгнэхэд 3,5м3 *28500*1,8=179550 төгрөг болж байна. 3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн ******* нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 179550 төгрөгийн хохирол учруулсан байна. 4. Ойн сангийн 1 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон 394-р тушаалын 1-р хавсралтыг хавсаргав” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
4. Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 05 дугаартай “...1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн ******* зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд 3,8м2 хэмжээтэй байна. 2. Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тушаалын 1-р хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 бүх төрлийн хэрэглээний хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 28500 төгрөг байна. Нийт бэлтгэсэн модонд хэмжиж дүгнэхэд 3,8м3 *28500*1,8=194940 төгрөг болж байна. 3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн ******* нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 194940 төгрөгийн хохирол учруулсан байна. 4. Ойн сангийн 1 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон 394-р тушаалын 1-р хавсралтыг хавсаргав” гэх дүгнэлт /хх-ийн 17 дүгээр хуудас/,
5. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэн-Өлзийгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №18-04-321/18-02 дугаартай *******ийн хууль бусаар бэлтгэсэн мод нь “ ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт: Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцон төлүүлэхээр заасныг үндэслэн ойн санд учирсан хохирлыг Орхон бүсийн сум дундын ойн ангийн тооцож гаргасан Ойн экологи эдийн засгийн үнэлгээ болох 179550 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 538650 төгрөг болж байна” гэх шинжнээчийн дүгнэлт /хх-ийн 21 дугаар хуудас/,
6. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэн-Өлзийгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №18-04-321/18-01 дугаартай Г.Банзрагчийн “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт: Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... тооцон төлүүлэхээр заасныг үндэслэн ойн санд учирсан хохирлыг Орхон бүсийн сум дундын ойн ангийн тооцож гаргасан ойн “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ” болох 194940 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 584820 төгрөг болж байна” гэх шинжнээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
7. Сайхан сумын үнэлгээний комиссын 2018 оны 10-р сарын 02–ны өдрийн №34 дугаартай “...Цахилгаан гар хөрөө 1 ширхэг нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт үнэ 60.000 төгрөг” гэх акт /хх-ийн 29 дугаар хуудас/,
8. Капитал зууч” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “KIA BONGOFRONTIER маркийн 61-37 СЭҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар 500000=00/таван зуун мянга/ төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
9. Капитал зууч” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “KIA BONGOFRONTIER маркийн 28-56 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар 800000=00 /найман зуун мянга/ төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,
10.Шүүгдэгч нарын хохирол төлсөн тухай Төрийн банкны “мөнгөн шилжүүлэг”-ийн баримт,
11. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 07 сарын 29-ний өдөр Банзрагч бид хоёр мод бэлтгэхээр яваад модоо бэлдээд зөвшөөрөлгүй орж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг,
12. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 07 сарын 29-ний өдөр мод бэлтгэсэн. Тэгээд байж байтал машины мотор дугараад байсан. Модоо ачиж орж ирж байгаад баригдсан. 27-ны өдөр нь орж ирээд гоожин авах гэсэн чинь чадаагүй. Тэгээд баригдсан гэх мэдүүлэг зэргээр *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, байгаль экологид учирсан хохиролын талаарх дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид гаргасан, үндэслэл бүхий байх тул шүүх нотолгооны ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид ******* 179550 төгрөг, ******* 194940 төгрөгийн шууд хохирол учруулсан ба Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэн-Өлзийгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №18-04-321/18-01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасан заалтыг үндэслэн “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч нар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын төрийн сангийн 100131100952 тоот дансанд хохирлын төлбөрийг /******* 538.650, ******* 584.820/ шилжүүлсэн болох нь Төрийн болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохиролоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 28-56 СЭА улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэл, 61-37 СЭҮ улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******, ******* нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Б.Алтангэрэл, ******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон 7,3 м/куб шинэс мод, мод хөрөөдөхөд ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Алтангэрэлийн 28-56 СЭА улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэл, 61-37 СЭҮ улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгслийнг битүүмжилсэн тогтооолыг хүчингүй болгож шүүгдэгч нараас гаргуулж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шалбаг овгийн Гааганы Алтангэрэл, Шаавай овгийн ******* нарыг бүлэглэж, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, биелэлтэд нь хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Б.Алтангэрэл, ******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон 7,3 м/куб шинэс мод, мод хөрөөдөхөд ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Алтангэрэлийн 28-56 СЭА улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэл, 61-37 СЭҮ улсын дугаартай KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгслийнг битүүмжилсэн тогтооолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгчдээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН