Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 83

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга                            С.Цэнд-Аюуш

Улсын яллагч                                          Н.Бадам

Шүүгдэгч                                Г.Дөлгөөнмөрөн, *******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Байгалмаагийн Түвшинбат, Боржигон овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1833000790064 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, Тээврийн дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус 1 дүгээр багийн Хонхор хороололын 0-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* РД/МК-/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын эх нялхасын төвд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул  сум, 1 дүгээр баг, Рашаант тосгон, Дөхөм хороолол 1-10 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Байгалмаагийн Түвшинбат РД/МК-/.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нар нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн 91 дүгээр точекийн зогсоол дээрээс иргэн *******ийн “Даюун” загварын улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр адуунд явах шалтгаанаар өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

2.Гэрч Т.Ёндондагвын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

3. Гэрч Х.Жанжавдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

4. Гэрч Ж.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17/,

5. Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

6. Гэрч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/,

7. Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 30-32/

8.Яллагдагч Г.Дөлгөөнмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 10, 47-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болно.  

  Гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нар нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн 91 дүгээр точекийн зогсоол дээрээс иргэн *******ийн “Даюун” загварын улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөнгийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгийн баяр болох гээд баяраар унах морь авах гээд явсан. Явж байтал Түвшинбат ахтай таараад хоёулаа адуунд явчихаад ирье гээд хамт явсан. Мотоциклио гүүрэн дээр үлдээчихээд алхаад цаана гарахад Баттогоо ахын мотоцикль байхаар нь унаж яваад ирэхээр нь хэлчихье гэж бодоод унаад явсан. Гэтэл ийм юм болчихлоо. Зүйл ангийг би зөвшөөрч байна. Хүний юмыг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу. ... Гэм буруугаа ойлгож байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...“ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 91 точек руу наадмаар унах морь авах гэж явсан. Гүүрний наана мотоциклио орхиод цаана нь гарахад Баттогоо ахын улаан мотоцикль байхаар нь өөрт нь хэлэхгүйгээр унаад явсан. Адуундаа яваад ирсэн чинь Баттогоо ах ирсэн байсан. Тэгээд мотоциклийг нь өгсөн.  Мотоциклийг нь адуунд явах гэж авч явсан. Таньдаг болохоор гайгүй байх гээд аваад явсан юм. Өмнө нь мотоциклийг нь гуйж унадаг байсан. Дөлгөөнмөрөн анх мотоциклийг нь унаж явъя гэсэн санааг гаргасан. Би хүний юмыг зөвшөөрөлгүй авч явсан буруутай. ...Дахиж ийм хэрэг гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч *******ийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн орчим Орхон голын хойд эргээс урд эрэг рүү гарах гээд Төмөр замын явган гардаг 91-р точекийн гүүрээр гарах гээд ээж болох Амартэгшийн хамт очоод мотоциклио зогсоол дээр нь үлдээчихээд голын урд талд хүнтэй уулзаж байгаад  ойролцоогоор 1 цаг гаран болчихоод буцаад голын хойд эрэг рүү гүүрээр гараад мотоциклио үлдээсэн зогсоол дээр очсон чинь  мотоцикль байхгүй байсан. Тэгээд 91 дүгээр точекийн харуул Болд гэх хүнээс мотоцикль хэн унаад явчихав, харсан уу гэхэд би анзаарсангүй хоёр банди л гүүрээр хойшоо гарсан. Тэр хоёр унаад явчихсан байхаа гэхээр нь хамгийн ойрхон айл болох Дорж ахынх руу гүйгээд очтол Дорж ахынд Рашаант  тосгоны нэг залуу байсан юм. Тэгэхээр нь чи юу хийж яваа юм. Хоёулаа явж байсан уу гээд асуусан чинь Дөлгөөнөө ийшээ адуунд явчихсан гэхээр нь хэний мотоциклийг унаж явсан юм гэсэн чинь тэр Дорж ахынд байсан залуу таны шар өнгийн мотоциклийг унаж яваа гэж хэлсэн юм. Тэгээд ээж бид хоёр мотоциклио хүлээгээд Дорж ахынд байж байсан чинь удалгүй Дөлгөөнөө гэх залуу миний мотоциклийг өөрийнхөө мотоциклийг өөрийн мотоциклийг унчихсан яваа юм шиг хаазалж хурдтай давхиж ирэхээр нь би яагаад мотоцикль унаад явчихав чи гэсэн чинь юун сүртэй юм ёстой гоожчихсон эр хүн бэ гээд уурлаад байхаар нь тоолгүй орхичихсон юм. Би өөрийн шар өнгийн Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклио алдсан юм. Миний мотоцикль улсын дугаартай гэрчилгээ үнэмлэх байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй байна. ...Би тухайн үед мотоциклио буцаагаад авчихсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй байна...“ гэх мэдүүлэг /хх-21-23/,

Гэрч Т.Ёндондагвын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Доржийнд малын ченж ирчихсэн байна гэхээр нь очоод гэрт нь байж байсан чинь хоёр залуу шар өнгийн мотоцикль уначихсан ирээд Доржийн хүү Төрөөг сураглаад байсан. Тэр 2 залууг Дорж, Төрөө, Болормаа нар харсан“ гэх мэдүүлэг/хх-11-12/,

  Гэрч Х.Жанчивдоржийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим гэртээ байж байтал 2 залуу 91 дүгээр точекоос шар мотоцикльтой ирээд Төрөөтэй уулзаад байсан. Тэгээд Төрөө нэг залуутай нь адуунд явчихаад ирье адууны тэмцээнд унах морь авах гэж ирсэн юм гэсэн. Нэг танихгүй хоёр бор залуу мотоцикль унаж ирсэн. Нэг нь Сэлэнгэмөрөнгийн дүү нь байсан. Нөгөө залуу нь мотоцикль унаж ирсэн. Тэр 2 залуу шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль унаж ирсэн...“ гэх мэдүүлэг /хх-13-14/,

  Гэрч Ж.Баттөрийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим над руу Дөлгөөнмөрөн утсаар морь авах гэсэн юм яваад очих уу гэхээр нь хүрээд ир гэсэн чинь 30 орчим минутын дараа Дөлгөөнмөрөн, Түвшинбат  2 улбар шар өнгийн мотоцикль унаад ирсэн...“ гэх мэдүүлэг/хх-17 /,

Гэрч М.Болормаагийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим манай нөхөр Жанчивдорж, хүү Төрөөгийн хамт байж байхад 91 дүгээр точекийн зүгээс шар өнгийн мотоцикльтой хоёр хүүхэд ирээд Төрөөтэй уулзаж байгаад нэг нь Төрөөтэй хамт адуунд яваад нэг хүүхэд нь манайд байж байсан юм. Тэгээд байж байсан чинь Амраа эгч Баттогоо хоёр ирээд мотоцикль яачихваа хэн унаад явчихав гэж манайд ирээд манайд байсан нэг хүүхдээс чи унаад явсан юм уу гэсэн чинь тийм, ийшээ адуунд унаад явчихсан гэж хэлсэн.  Тухайн үед Амартэгш, Баттогоо нар Даюун маркийн шар өнгийн мотоциклийг асууж манайд алхаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Л.Батболдын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14-15 цагийн орчим Дөлгөөнмөрөн нэг залуутай голын цаад талд гарч Жанчивдорж ахынхаас морь авах гэсэн юм. Гүүрээр чинь хойшоо гарчих уу гэхээр тэг тэг гарчих гэж хэлэхэд Дөлгөөнмөрөн нэг залуутай голын хойшоо гүүрээр гараад явсан юм. Тэгээд байж байтал Амартэгш эгч Баттогоо хоёр хүнтэй уулзчихаад ирсэн чинь мотоцикль байхгүй болсон байна. Чи харсан уу гэж асуухаар нь сая 2 хүүхэд хойшоо гарсан гэж хэлсэн. Би мотоцикль асаагаад явахыг нь хараагүй харин Жанчивдорж ахынхаас цаашаа хоёр хүн мотоцикльд сундалдаад явахыг нь харсан...“ гэх мэдүүлгүүд /хх-20/,

Алдагдсан “Даюун” загварын мотоцикльд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай Үнэлгээ тогтоох тухай актын “...Мотоцикль/Даюун/ хэмжих нэгж ширхэг, тоо хэмжээ 1, нэгжийн үнэ 1.000.000, нийт үнэ 1.000.000 төгрөг...” гэх хэсэг/хх-ийн 4/  зэрэг  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн М.Болормаагийн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим манай нөхөр Жанчивдорж, хүү Төрөөгийн хамт байж байхад 91 дүгээр точекийн зүгээс шар өнгийн мотоцикльтой хоёр хүүхэд ирээд Төрөөтэй уулзаж байгаад нэг нь Төрөөтэй хамт адуунд яваад нэг хүүхэд нь манайд байж байсан юм. Тэгээд байж байсан чинь Амраа эгч Баттогоо хоёр ирээд мотоцикль яачихваа хэн унаад явчихав гэж манайд ирээд манайд байсан нэг хүүхдээс чи унаад явсан юм уу гэсэн чинь тийм, ийшээ адуунд унаад явчихсан гэж хэлсэн...“ гэх мэдүүлэг, гэрч  Л.Батболдын “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14-15 цагийн орчим Дөлгөөнмөрөн нэг залуутай голын цаад талд гарч Жанчивдорж ахынхаас морь авах гэсэн юм. Гүүрээр чинь хойшоо гарчих уу гэхээр тэг тэг гарчих гэж хэлэхэд Дөлгөөнмөрөн нэг залуутай голын хойшоо гүүрээр гараад явсан юм. ... Би мотоцикль асаагаад явахыг нь хараагүй харин Жанчивдорж ахынхаас цаашаа хоёр хүн мотоцикльд сундалдаад явахыг нь харсан... “ гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттөрийн “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим над руу Дөлгөөнмөрөн утсаар морь авах гэсэн юм яваад очих уу гэхээр нь хүрээд ир гэсэн чинь 30 орчим минутын дараа Дөлгөөнмөрөн, Түвшинбат  2 улбар шар өнгийн мотоцикль унаад ирсэн юм...“ гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа бөгөөд хохирогчийн мотоциклийг нууцаар авч захиран зарцуулж ашиглах санаа зорилго байгаагүй байдал нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах,  бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр авах буюу дээрэмдэх гэмт хэргүүдийн шинжийг агуулаагүй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг яллаж байгаа үндэслэлийг нотолсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу авагдсан, оролцогч нарын хуульд заасан эрхийг зөрчөөгүй нотлох баримтууд байна.

Шүүгдэгч  нар өмгөөлөгчгүй өөрсдийгөө өмгөөлж оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарыг  тус бүр   500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч байгаа болох нь шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Зүйл ангийг би зөвшөөрч байна. Хүний юмыг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу. ... Гэм буруугаа ойлгож байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...“ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч  *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хүний юмыг зөвшөөрөлгүй авч явсан буруутай. “...Дахиж ийм хэрэг гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн Сайхан сум дахь  Сум дундын прокурорын газарт “А.Баттогоо миний бие мотоциклио бүрэн бүрэн хүлээн авсан. Энэ хоёртоо эвлэрч байна. Энэ хоёрын хэргийг хялбарчлаж түргэн шуурхай шийдэж өгнө үү“  гэх хүсэлт/хх-ийн 71/ зэргээр  нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед мотоциклио буцаагаад авчихсан болохоор нэхэмжлэл зүйл байхгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 21-23/ болон

Хохирогч А.Баттогоо нь прокурорын шатанд “...А.Баттогоо миний бие мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан. Энэ хоёртой эвлэрч байна...” гэх хүсэлтийг/хх-ийн 71/-т гаргасан байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нар нь “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын санал болгосноор шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу         500000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус бүр шийтгэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 58/-р тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн нь оюутан /Тээврийн дээд сургуулийн 1 дүгээр курс/, шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй шүүгдэгч нар нь тогтмол орлогогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 03/гурван сар/-н  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарт мэдэгдсэн болно.

Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нар цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогт *******, шүүгдэгч Боржигин овогт Байгалмаагийн Түвшинбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун  мянган/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 03/гурван сар/-н  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нарт сануулсугай.

5.Шүүгдэгч Г.Дөлгөөнмөрөн, ******* нар цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч А.Баттогоод төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, шүүгдэгчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус тус гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА