| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 151/2016/00001/и |
| Дугаар | 45 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 45
Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2016/00153 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч И.Амгаланбаатарт холбогдох,
“гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, 2.700.000 төгрөг гаргуулах тухай” маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ариунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд, хариуцагч И.Амгаланбаатар, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх, нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Ариунтуяа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
И.Амгаланбаатар бид хоёр 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод танилцаж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах болсон. 2014 оны 04 дүгээр сард нөхрийгөө дагаж Өмнөговь аймагт нутагт нь сайхан амьдаръя гээд шилжин ирж 7,100,000 төгрөгөөр хоосон хашаа худалдан авч 8х5 хэмжээтэй 38-ын тоосгон ханатай, шувуун нуруун дээвэртэй котелоор халдаг байшин барьсан. Би наймаа эрхэлдэг байсан. Эхний үед сайхан амьдарч байсан боловч сүүлдээ надтай эвгүй харьцаж намайг үг л хэлбэл муу ааштай авгай, холд зайл, чи энэ урд блокоор барьсан муу байшинд амьдар гэж үргэлж хөөж туудаг болж зан ааш таарахгүйгээс хамт амьдрах боломжгүй болсон.
Иймээс гэрлэлт цуцлуулна, дундын өмч, хашаа байшинг үнэлж 50%-ийг гаргуулна, машиных нь засварт зарцуулсан 2700000 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Ариунтуяа шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч И.Амгаланбаатартай эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Одоо миний нэхэмжлэлийн шаардлага гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын өмч болох 25.000.000 төгрөгийг И.Амгаланбаатараас гаргуулах, мөн 2.700.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Хаан банк, Голомт банкны дансаар дамжуулан нийт 38.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт И.Амгаланбаатарт хийсэн. 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал И.Амгаланбаатар машин унаж яваад моторыг нь цохиулж янзлуулахад нь 850.000 төгрөг зарцуулсан, БНХАУлсын компанид 1.800.000 төгрөгийн өр байгаа. Би дундын эд хөрөнгөө хуваалцах талаар И.Амгаланбаатартай харилцан тохиролцох гэж олон удаа оролдсон боловч бүтээгүй. Тиймээс одоо дундын эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөгөө гаргуулан авна. Би анхнаасаа хашаа байшинг 50.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үүний тал хувь болох 25.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, улсын төсвийн орлогод энэ дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. 2011, 2012 онд И.Амгаланбаатартай амьдарч байхдаа Хаан банк, Голомт банкны дансаар дамжуулан 19.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэжээ.
Хариуцагч И.Амгаланбаатар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгө хуваах, 2,700,000 төгрөг гаргуулах тухайд эсрэг байр суурьтай байна.
Би Х.Ариунтуяаг 20-иод сая төгрөгийг барааны эргэлтийн хөрөнгөтэй байсан гэхэд гайхаж байна. Яагаад гэвэл энэ хүн Хархорин захын үүдэнд тэргэн дээр хөхний даруулга зардаг байсан. Нэг тэргэн дээр 20,000,000 төгрөгийн хөхний даруулга багтах уу? Хүүхдийн хувцасны лангуу байсан. Би хамт наймаанд нь явдаг байсан. 1-2 сая төгрөгийн хооронд эргэлтийн хөрөнгөтэй байсан. Энэ хүний хөрөнгөнөөс манай байшинд ямар ч хөрөнгө ороогүй. Х.Ариунтуяагийн хэлээд байгаа шиг 10 гаруй сая төгрөг манай байшинд ороогүй. Манай хүүхдүүд өөрсдийн хөрөнгөөр өөрсдөө барьсан. Бидний дундын өмч биш. Манай 2 хүүхдэд зориулж 2 ах нь өөрсдийн хөрөнгөөр барьсан. Манай байшинг барихад Х.Ариунтуяа хөрөнгө оруулаагүй гэдгийг нотлох маш амархан. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дээврийн материал зэргийг авчирсан гэж Х.Ариунтуяа ярьсан. Гэтэл манай байшин 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дотор засал хийгээд дуусч байсан. Х.Ариунтуяагийн үнэн гэж цуглуулсан бүх нотлох баримтууд нь худал зүйл юм.
...Х.Ариунтуяа Toyota машиныг 850,000 төгрөгөөр засуулсан гээд баримт цуглуулж шүүхэд өгсөн байсан. Гэтэл машиныг хүү А.Сонинбаярын найз машин засдаг хувь хүн дээр очоод 420,000 төгрөгөөр засуулсан.
Капитрон банкны өрийг Х.Ариунтуяа төлөөгүй. Миний газрын гэрчилгээг барьцаалж зээл авсан бөгөөд би банкны өрийг төлж байгаа.
Өөрийн лангуун дээр байсан бүх бараагаа Улаанбаатар хот авч явсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна.
...Надаас нэхэмжилж буй 2,700,000 төгрөгийн тухайд би учрыг нь олохгүй байна. Би хашаа байшингаа зараад наймаанд нь 3,000,000 төгрөг бэлнээр оруулсан. Миний мөнгөөр наймаа хийж наймаагаа өргөжүүлж хамтран ажиллаж байсан мөртлөө миний машинд авч тавьсан аккумляторын 50 000 төгрөг нэхсэн нь хэр үнэнд нийцэх вэ?
Харин машины засварт өгсөн 325,000 төгрөг бол сүүлд Оюунаас авсан мөнгөөр хийсэн бизнесээс гарсан мөнгө. Мөн л хамт лангуунд нь хамтран зогсож хийсэн наймаа юм. Мотор цохиход гаргасан 850,000 төгрөг бол байшин барьсан мөнгөнөөс гарсан мөнгө шүү дээ. Ер нь энэ мэт үндэслэл муутай зүйлс бичиж надаас мөнгө авч салах гэсэн муйхар оролдлого гэхээс өөр юу гэхэв. Х.Ариунтуяагаас гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Дундын өмчлөлийн байшинг хүүхдүүд барьсан учраас хуваалцахгүй. Тэр хүний өмч биш учраас хуваалцахгүй. 2,700,000 төгрөг өгөх үндэслэлгүй... гэжээ.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Халтарын Ариунтуяа, Хэргүүд овогт Ичинхорлоогийн Амгаланбаатар нарын гэрлэлтийг цуцалж,
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар хариуцагч И.Амгаланбаатараас 2.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунтуяад олгож, нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн илүү нэхэмжилсэн 600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн 2 дугаар хавтаст хэргийн 55-59 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Амгаланбаатараас 118.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунтуяад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Ариунтуяа болон түүний өмгөөлөгч Ц.Ганбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч тал дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 25.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Нэгдүгээрт: 143/ШШ2016/00153 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ариунтуяа, хариуцагч И.Амгаланбаатар нар 2012 онд танилцан дотносож 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж улмаар Өмнөговь аймагт амьдрахаар тохиролцон хариуцагч И.Амгаланбаатар болон түүний хүүхдүүдийн өмчлөлд байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 2 дугаар гудамжны 47 А тоотод байрлалтай өвлийн сууц хашаа газрыг 28.000.000 төгрөгөөр худалдан борлуулсны дараа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайханы 4 дүгээр гудамжны 18 тоот газрыг худалдан авч, уг газар дээр сууцны зориулалттай байшин барьсан болох нь тогтоогдож байна.” гэжээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна. I хавтаст хэргийн хуудас 28, 31, 32, 33 харахад хариуцагч И.Амгаланбаатарын 28 сая төгрөгөөр зарсан гэх хашаа байшин 6-н хүний өмчлөлд байсныг нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэг хүний өмчлөгчөөр бүртгүүлээд гурван сарын дараа буюу 2014 онь 03 дугаар сарын 10-ны өдөр бусдад худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл И.Амгаланбаатарын хүүхдүүд өмчлөх эрхээсээ сайн дураараа татгалзсан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэнээс хойш хашаа байшингаа зарсан тул И.Амгаланбаатар болон түүний хүүхдүүдийн өмчлөлд байсан өвлийн сууц хашаа газрыг 28 сая төгрөгөөр худалдан борлуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн үг.
Хоёрдугаарт: 143/ШШ2016/00153 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын маргааны зүйл болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунсайханы 4 дүгээр гудамжны 18 тоотод байрлах 8x5 хэмжээтэй 38-ын тоосгон ханатай, шувуун нуруун дээвэртэй котелоор халдаг байшин нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ албан ёсоор аваагүй болох нь Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөронгийн бусад эрхийн 10/06/2015-292 дугаартай лавлагаа, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/200 тоот ......И.Амгаланбаатарын нэр дээр Г-№1105002203 дугаарт бүртгэлтэй...... нэг иргэний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй ...... албан бичиг зэргээр нотлогдож байна.” гэжээ.
Х.Ариунтуяа, И.Амгаланбаатар нар нь 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 03 дугаар сарын 06-нд албан ёсоор бүртгэсэн. Үүний дараа И.Амгаланбаатар Г-1105002203 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг, Дундсайхан 4-18 тоот хаягт байрлалтай газрыг худалдан авч, 9x6 м хэмжээтэй байшин барьсан, энэ талаар талууд маргадаггүй. Мөн хариуцагч И.Амгаланбаатарын тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар гэрлэснээс хойш хамтран амьдарч байсан болох нь нотлогддог. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 126.2.4 дэх хэсгийг хэрэглэх ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
Гуравдугаарт: 143/ШШ2016/00153 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчид хамаарна, 127 дугаар зүйлийн 127.1.1-т гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж тус тус заажээ.” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг, Дундсайхан 4-18 тоот хаягт байрлалтай газар, 9x6 м хэмжээтэй байшин нь И.Амарсайханы Х.Ариунтуяатай гэрлэхийн өмнө олж авсан хуваарьт хөрөнгө гэх үндэслэл тогтоогдохгүй. Харин Х.Ариунтуяатай гэрлээд хамт амьдрах зорилгоор бий болгосон үл хөдлөх хөрөнгө, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт: Гэр бүлийн гишүүний хуваарт хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэснийг анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
Дөрөвдүгээрт: 143/ШШ2016/00153 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Х.Ариунтуяа, И.Амгаланбаатар нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайханы 4 дүгээр гудамжны 18 тоот байрлах 8x5 хэмжээтэй 38-ын тоосгон ханатай, шувуун нуруун дээвэртэй котелоор халдаг байшинг хамтран өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн гаэарт бүртгүүлснээр үүсэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө болох сууцны зориулалт бүхий байшингаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхгүй байна.” гэжээ. Маргаж буй 9x6 м хэмжээтэй байшин бол Х.Ариунтуяа, И.Амгаланбаатар нарыг гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Ариунтуяа өөрийн хөдөлмөр, хөрөнгөө оролцуулсан тул өөрт ногдох хэсгээ шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж байна. I хавтаст хэргийн хуудас 105-116 хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан, энэ тайлангаар маргаж буй газар, байшинг 29 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хариуцагч И.Амгаланбаатар энэ үнэлгээн дээр маргадаггүй. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн 50 хувь буюу 14 500 000 төгрөгийг И.Амгаланбаатараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т: И.Амгаланбаатараас 14 500 000 төгрөг гаргуулан Х.Ариунтуяад олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Ариунтуяа нь И.Амгаланбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох хашаа байшингийн үнэ 50 %-иар тооцож гаргуулах, бусад зардалд зарцуулсан 2700000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлдээ хашаа байшинг зах зээлийн ханшаар 50 сая төгрөгөөр үнэлсэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан баримтыг хавсаргасан байна. /хэргийн 01-04, 13 дугаар тал/
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 3000000 төгрөгт ногдох 15000000 төгрөг гаргуулах гэж шаардлагынхаа хэмжээг багасгаж, давж заалдах шатны шүүхэд 29000000 төгрөгт ногдох 14500000 төгрөг гаргуулах гэж гомдлынхоо үндэслэл, хэмжээг тодорхойлсон байна. /хэргийн 26 дугаар тал/
Хариуцагч И.Амгаланбаатар нь гэрлэлт цуцлуулахаас бусад шаардлагыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайхны 4 дүгээр гудамжны 18 тоот байрлах 8x5 хэмжээтэй 38-ын тоосгон ханатай, шувуун нуруун дээвэртэй котелоор халдаг байшинг хүүхдүүдийн хамт өмчилдөг байсан Улаанбаатар хотын хашаа, газар, сууцаа зарсан мөнгөөр бариулсан, хүүхдүүдийн өмч, Х.Ариунтуяагийн хөрөнгө ороогүй гэж машиныг Вьетнам засварын газар засуулаагүй хүүгийн найз зассан, хятадаас авсан барааны мөнгийг Х.Ариунтуяа өөрөө төлөх боломжтой байсан гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7, 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа урьдчилсан арга хэмжээг хэрэглэсэн боловч уг хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй байна. /хэргийн I хавтас 30-33 дугаар тал/
Х.Ариунтуяа, Амгаланбаатар нь 2012 оны 6 дугаар сарын 28-наас хойш хамтран амьдарсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж тэдний хооронд гэрлэгчдийн эрх үүрэг үүссэн байна. / хэргийн I хавтас 08 дугаар тал/
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1,3-т заасны дагуу Х.Ариунтуяа, Амгаланбаатар нар нь гэрлэлтийн үр дүнд бий болох эд хөрөнгийн хувьд харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Х.Ариунтуяа, Амгаланбаатарын гэр бүлд гэрлэгчдээс өөр гэр бүлийн гишүүн байгаа талаар тайлбарлаагүй байна.
Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайханы 4 дүгээр гудамжны 18 тоот байрлах 8x5 хэмжээтэй 38-ын тоосгон ханатай, шувуун нуруун дээвэртэй котелоор халдаг барилга, зах зээлийн ханшаар үнэлж байсан шаардлагынхаа үндэслэлийг өөрчилж, уг барилгыг барихад 29000000 төгрөгийн зардал гаргаснаас өөрт ногдох 14500000 төгрөгийг буюу мөнгө гаргуулна гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна./хэргийн II хавтас, 200 дугаар тал/
Шүүх Х.Ариунтуяа нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдөлх хөрөнгө өмчлөх эрх үүсээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэргийн оролцогч нар барилга баригдсан цаг, хугацааны хувьд маргаагүй байхад И.Амгаланбаатарыг Улаанбаатар хотод байсан газар, сууцаа худалдан борлуулсны дараа маргаж буй барилгыг барьсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь уг барилгыг гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөр эсвэл хамтран өмчлөх дундын хөрөнгөөр бариулсан эсэхэд дүгнэлт хийх нь маргааны үйл баримтад ач холбогдолтойг анхаараагүй байна.
Мөн шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 127.1.1-т заасныг шийдвэртээ тусгасан боловч маргааны үйл баримтад хэрхэн тайлбарлаж, хэрэглэснээ бичээгүйгээс уг зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй болжээ. Ингэснээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөд тооцсон байна.
Нэхэмжлэгч нь мөнгө нэхэмжилсэн. Х.Ариунтуяа, И.Амгаланбаатар нар нь 2012 оноос хойш хамтран амьдарч, хамтдаа БНХАУ-аас бараа авчран Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод худалддаг байсан болох нь тэдний тайлбар болон гэрч нараас авсан мэдүүлгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Иймээс тэдний гэрлэлтээ үргэлжүүлэх, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ, нөхцлийг хангах зорилгоор гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, үйл ажиллаганаас олсон мөнгөн хуримтлал, мөнгийг маргаж буй барилга барихад зарцуулсан гэж үзнэ. Уг мөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т заасан “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд гаргасан нотлох баримтыг баримтаар няцаагаагүй, өөрийн хуваарьт хөрөнгөөр барилгыг барьсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй байна.
Иймээс хэргийн оролцогч нар нь уг барилгад 29000000 төгрөгний зардал гарсан, үүний 8100000 төгрөгийг И.Амгаланбаатарын хүү гаргасан гэдэгт маргаагүй тул 29000000 төгрөгнөөс 8100000 төгрөгийг хасаж үлдэх 20900000 төгрөгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамааруулж, үүнээс Х.Ариунтуяа, И.Амгаланбаатар нарт адил хэмжээгээр ногдох хэсгийг тодорхойлж, барилга нь И.Амгаланбаатарын эзэмшил, өмчлөлд үлдэж байгаа тул Х.Ариунтуяад 10450000 төгрөгийг И.Амгаланбаатараас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн анхан шатны шүүх Х.Ариунтуяагийн хамтран өмчлөх дундын өмч болох 25000000 төгрөг, бусад зардалд 2700000 төгрөг нийт 27700000 төгрөг гаргуулах болон гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 366650 төгрөг төлөх байтал 536300 төгрөг төлсөн байхад тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169650 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар буцаан олгоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох автомашин засварласан болон бусдад төлөх зээлийн үүргийн нийт 2700000 төгрөг гаргуулах шаардлагыг дундын хөрөнгөд хамааруулсан болон БНХАУ-ын иргэнд төлөх өрийг хуваасан үндэслэлээ тодорхойлж чадаагүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нараас шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхийн шийдвэрийн тухайн хэсгийн талаарх хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536300 төгрөгнөөс 366650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13150000 төгрөгт тохирох 223700 төгрөг, эд хөрөнгийн бус шаардлагад нэхэмжлэлд төлөх 70200 төгрөгийг нэмж нийт 293900 төгрөг гаргуулан, улсын орлогоос 169650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
5 дугаар заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Х.Ариунтуяагийн төлсөн 536300 төгрөгний 366650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Амгаланбаатараас 293900 төгрөг гаргуулан Х.Ариунтуяад, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан 169650 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын 5585042119 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунтуяад олгосугай.” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 230450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ