Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав би Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хариуцагдах, “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлөх тухай” Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулж, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

              1.Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн  иргэн Равжир овогт Дагмидын Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэвэлмаа миний бие Төрийн албаны шалгалт 2012 онд өгч 2013 оны 5 сараас Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллан 2014 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.Ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчилгүй ажиллан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ жил бүр А үнэлүүлж ажилласан. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж бүтцийн өөрчлөлтөнд орох үед миний ажиллаж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаж ирсэн байхад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

Ажлаас чөлөөлөгдөх үед миний бие 4 сартай жирэмсэн байсан бөгөөд Хөдөлмөрийн хуулинд байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн болон 0-3 настай хүүхэдтэй эхийг чөлөөлөхгүй гэсэн заалтыг зөрчсөн.

 Мөн “Төрийн албаны тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэхь заалтад зааснаар ... тухайн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэсэн боловч

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь бүтцийн өөрчлөлтөнд орсон ч Хөдөлмөрийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаар тушаалын хавсралтын дагуу миний эрхэлж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний орон тоо нь хасагдаагүй батлагдаж ирсэн тул энэ үндэслэлээр намайг чөлөөлсөн нь буруу юм.

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсан бус бүтцийн өөрчлөлтөнд орсон байгууллага төдийгүй Нигмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар тус хэлтсийн ажилчдыг Нигймийн халмж үйлчилгээний хэлтсээс чөлөөлж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн.

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс өргөдлийг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны 1081 албан тоотоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б15 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүйд тооцож, төрийн албаны жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаж ажиллуулах талаар шийдвэр ирүүлсэн.

Иймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/15 тоот нь тухайн тушаалыг хүчингүй болгуулж, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10, 11 дүгээр сарын цалин болох 1077096 / нэг сая далан долоон мянга ерэн зургаан/ төгрөгийн цалинг гаргуулан нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү”/хх-1-3/ гэжээ

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/15 тоот тушаалын дагуу үндэслэлгүйгээр халагдсан ба ажилаагүй хугацааны буюу 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 1 сарын цалин болох /2154192/ төгрөгийн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт ажилгүй байсан хугацааны цалин 2154192/хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө” /хх-76/ гэжээ. 

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/15 тоот “Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын “Хүнс тэжээлийн  дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн” –ий ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин олговор 2154192 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж зохих бичилт хийлгэхийг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Цэвэлмаа би ажилгүй байсан хугацааны  буюу 2016 оны 10,11,12-р сарын  цалин олговор болох  1389271 төгрөг гаргуулах шаардлагаас болон мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд зохих төлөлт хийлгүүлж бичилт хийлгэхийг хүссэн шаардлагаас татгалзаж байна. Мөн хариуцагчаас  Д.Цэвэлмаа намайг  ажлаас чөлөөлсөн 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Цэвэлмааг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн”-ээр 2017 оны 02-р сарын 13-ны өдрөөс эхлэн томилох,  ажилгүй байсан хугацааны цалин олговорт 764921 төгрөгийг олгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын 2017 оны 1,2-р сарын зохих  шимтгэлийг /764921Т-с/ төлж  дэвтэрт бичилт хийхээр тохиролцсон нь үнэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү /хх-149, 151-153/ гэв.

2. Хариуцагч Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд татан буугдаж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болж нэгдсэн.  Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд сонсох ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд албан хаагчдад хууль эрх зүйн болон, бүтэц орон тоо өөрчлөгдсөн зэрэг холбогдох дүрэм журмыг танилцуулсан гэжээ/хх-21-22/.

Хариуцагч Г.Хишигдаваа нь нэхэмжлэгч Д.Цэвэлмааг урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр томилохыг болон 2017 оны 1 сарын, 2 сарын 13 хүртэл ажилгүй хугацааны олговор 764921 төгрөгийг /151-153/ олгож, мөн Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлсөн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгохоор тохиролцсон. Шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүйг ойлгосон гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Д.Цэвэлмаагаас аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  даргын  ажлаас чөлөөлсөн 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн Б/15 тоот “Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  олговор 2154192 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд  гаргасан. /хх-1-2, 76/

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2016 оны 10-р сарын 17 нд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж /хх-2/ тус зөвлөлөөс 2016 оны 10-р сарын 26ны өдрийн 1081 тоот албан бичгээр хариуг /хх-6/ирүүлсэн ба шүүх 2016 оны 11-р сарын 22-нд хүлээн авч хэрэг үүсгэсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хангаж ирүүлжээ. 

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч хариуцагч нарын ирүүлсэн эвлэрлийг батлах  үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

  1. Даргын 2016 оны 10-р сарын 3 ны өдрийн Б/15 тоот “ Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлөх тухай”    тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Г.Хишигдаваа нь Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/127 тоот тушаалаар /хх-88/ Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн томилогдож, 2016 оны 10-р сарын  03-ны өдөр Д.Цэвэлмааг  ажлаас чөлөөлөх тухай Б/15 тоот/хх-5/ тушаалыг  гаргажээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот  “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай”/хх-154/, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 тоот “аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” тушаал хавсралт /хх-36-37/-аар, тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн”-ий 1/нэг/ орон тоог баталсан байх ба уг албан тушаалд  Д.Цэвэлмааг өмнө нь Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний  хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/21 тоот тушаалаар/хх-24/  6 сарын хугацаагаар түр томилсон,  мөн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 тоот “ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар /хх-9,139-140/ Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс өөрчлөгдсөн тул шинээр байгуулагдсан Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/15 тоот тушаалаар /хх-5/ тус газрын “хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн”-ээс Д.Цэвэлмааг чөлөөлжээ.  

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн нийгмийн халамж үйлчилгээний  хэлтэс гэх 2 байгууллагыг нэгтгэж бүтцийн өөрчлөлт хийснээр 2016 оны 8-р сарын  17-ны өдөр аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс ажилтнуудыг ажлаас чөлөөлж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт орон тоо, цалингийн сангийн хамтаар шилжүүлсэн байх/хх-139-140/ ба үүнээс хойш  Д.Цэвэлмааг  ажлаас нь чөлөөлөх хүртэлх хугацаанд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт  “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон /шинэчилж/ тушаал шийдвэр  гаргаагүй боловч  ажлаас чөлөөлөхдөө тус газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажлаас гэж чөлөөлсөн, дээрх чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн  хүсэлтээр хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг  нэхэмжлэгч хариуцагч нар  харилцан тохиролцжээ./хх-149,151-153/

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа болон түүний өмгөөлөгч Х.Отгонжаргал нараас 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн 10 тоот “Д.Цэвэлмааг ажилд томилох тухай” тушаалаар /хх-13/ дээрх албан тушаалд  жинхэлж томилсон хэмээн  тайлбарлаж үзлэг хийлгэх хүсэлт /хх-106,107,115/ гаргасан ба хүсэлтийн дагуу шүүхээс 2017 оны 1-р сарын 27-ны өдөр  тус байгууллагын Б/ дугаараар  дугаарлагдсан тушаал шийдвэрийн эхэд үзлэг /хх-114/ хийхэд дээрх тушаал эхээрээ байхгүйгээс гадна Б.Дашбилэг нэрээр мөн өдрөөр буюу 2014.05.01-ний Б/10 дугаараар/ хх-13, 116-117, 155/ дугаарлагдсан байснаас гадна уг тушаалын талаарх холбогдох бичилт Д.Цэвэлмаагийн А0362175 дугаар  бүхий нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй/хх-8-11/, нэхэмжлэлд нэрлэн заагдаагүй /хх-1-2/, нотариат хийгдээгүй /хх-13/ байсан тул дээрх нотлох баримтыг буюу аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 05-р сарын 01-ний өдрийн Б/10 тоот  “Д.Цэвэлмааг ажилд томилох тухай”  тушаалыг шүүх  үнэлээгүй болно.  

2.Урьд эрхэлж байсан ажил буюу  тус газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан  мэргэжилтний  ажилд  эгүүлэн  тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Цэвэлмааг 2017 оны 2-р сарын 13-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохоор хариуцагч Г.Хишигдаваа  хүлээн зөвшөөрчээ./хх- 149, 151-153/

Түүнчлэн Д.Цэвэлмааг чөлөөлсөн тушаалын буюу маргаан бүхий актын заалтаар Ц.Энхтуяаг дээрх албан тушаалд томилоогүй /хх-5/, Ц.Энхтуяа нь 2 байгууллага нэгдэхээс өмнө тус байгууллагуудад ажиллаж байгаагүй, түр томилгоотой байгаа /хх-45, 151-153/ зэрэг шалтгааны улмаас Ц.Энхтуяаг  гуравдагч этгээдээр  татах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Иймд  хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж Д.Цэвэлмааг  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосноор  хэн  нэгэн  өөр этгээдийн  эрх ашиг сонирхол  зөрчигдөхгүй юм.

3.Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10,11,12, 2017 оны 1,2-р сарын  цалин  олговорт нийт 2154192   төгрөг  гаргуулах  шаардлагын /хх-76/ тухайд: Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2016 оны Б/21 тоот тушаал /хх-37/, Б.Цэвэлмаад тэтгэмж олгосон жагсаалтаар ТЗ-5-1-ээр 509948 төгрөгийн үндсэн цалинтай гэх баримт /хх-39/, 2016 оны цалингийн карт /хх-96/ зэргийг үндэслэн түүний үндсэн цалинг 509948 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 2017 оны 1-р сар, 2017 оны 2-р сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 764921 төгрөгийг гаргуулж олгохоор тохирсон,  нэхэмжлэгч Д.Цэвэлмаа өөрөө 2016 оны 10,11,12-р сарынхаа ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 1389271 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохоо илэрхийлж гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээг/хх-149/ болон нэхэмжлэгч харицагчаас асууж авсан тайлбар/хх-151-153/ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан хэсэг болон оролцогчдын тохирсон эвлэрлийг тус тус  батлах нь үндэслэлтэй.

 4.Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, бичилт хийлгэхийг хүссэн шаардлагын хувьд: Нэхэмжлэгчээс 2017 оны 1, 2-р сарын  ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар тохирч бусад хэсгээс татгалзал илэрхийлсэн тул тохирсон хэсгээр буюу 2017 оны 1,2 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийлгэх эвлэрлийг батлах  нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Д.Цэвэлмаагийн өмгөөлөгч Х.Отгонжаргалаас 2017 оны 2-р сарын 07-ны өдөр тус шүүхэд хүсэлт /хх-150/ ирүүлснийг судалж үзэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлснээс хойш таны болон нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх холбогдох ажиллагааг  хийж гүйцэтгэсэн /хх-98-100,106 111, 114, 116-117,  138, 148 гэх мэт /  байх ба  өмгөөлөгчийг зохих ёсоор хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс туслалцаа авах эрхийг хангасан, нэхэмжлэгч Цэвэлмаагаас “миний хувьд  өмгөөлөгчийн үйлчилгээтэй холбогдуулан ямар нэгэн  гомдол санал гаргаагүй” гэж шүүхэд тайлбар /хх-151-153/ өгсөн,  тайлбарыг авахад  өмгөөлөгчийг оролцуулсан  зэргийг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн   66.1, 68-р зүйлийн 68.1, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад хариуцагдах “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/15 тоот Д.Цэвэлмааг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын  Хүнс тэжээлийн  дэмжлэг туслалцаа хариуцсан  мэргэжилтэн” –ий ажилд эгүүлэн тогтоолгохажилгүй байсан хугацааны цалин олговор 2154192 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж зохих бичилт  хийлгэхийг хүссэн  нэхэмжлэлийн  шаардлага бүхий захиргааны хэрэгт   нэхэмжлэгч Д.Цэвэлмаа ажилгүй байсан хугацааны  буюу 2016 оны 10,11,12-р сарын  цалин олговор болох  1389271 төгрөг гаргуулах шаардлагаас болон мөн хугацааны  эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд зохих төлөлт хийлгүүлж бичилт  хийлгэхийг хүссэн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалхариуцагчийн   Д.Цэвэлмааг  ажлаас чөлөөлсөн 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн Б/15 тоот  тушаалыг хүчингүй болгож, Д.Цэвэлмааг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн”-ээр 2017 оны 02-р сарын 13-ны өдрөөс эхлэн томилохажилгүй байсан хугацааны цалин олговорт 764921 төгрөгийг олгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын 2017 оны  1,2-р сарын зохих  шимтгэлийг /764921Т-с/ төлж  дэвтэрт бичилт хийхээр тохиролцсон нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг тус тус   баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 47-р зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хишигдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Цэвэлмаад олгосугай.  

3. Энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг  болон   захирамжид гомдол гаргахгүй, дахин энэ асуудлаар  шүүхэд хандах эрхгүй болохыг тус тус  тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.СУГИРЖАВ.