Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0143/З |
Дугаар | 001/ХТ2020/0202 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2020/0202
“Д д ц с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 582 дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0902 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, М.М, өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээд “О х” ХХК-ийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0902 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Кб” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “Д д ц с” ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д д ц с” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Кб” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өмнө захиргааны шүүхэд хэлэлцэгдсэн “О х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй агуулгын хувьд ижил, хууль зүйн үндэслэлийн талаар Улсын дээд шүүхээс захиргааны хэргийг шийдвэрлэсэн тогтоолдоо дүгнэж шийдвэрлэсэн байх тул “Д ц с-4” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй атал дээрх байдлыг нягтлахгүйгээр анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу болсон.
4. Шүүхэд “О х” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, “Д ц с-4” ТӨХК нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон хандаж байгаа боловч хэргийн үйл баримт адил, шүүх өмнө нь маргаан бүхий захиргааны актын талаар хангалттай байдлаар дүгнэж захиргааны хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасныг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Кб” ХХК-д холбогдох хэсгийг бус тухайн Засаг даргын захирамж бүхэлдээ хүчингүй болох байсан эсэх, шүүхийн шийдвэрээс шалтгаалан тухайн захиргааны актад дурдагдсан 40 иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхисон гэж үзэхэд хүргэж байна.
5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу гэж тодорхойлж байгаа боловч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ямар байдлаар, хэрхэн хөндөгдсөн талаар нотлоогүй, өмнөх газар эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох “Кб” ХХК-д газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн атал дээд шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнгүй.
6. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс маргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5-д "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болох, захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан захиргааны актыг шүүх хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2011 онд гарсан захиргааны актын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн зохицуулалт биш гэж талууд маргаж байхад шүүх маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацааны буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэснийг буюу нэхэмжлэгч нь 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан байна.
7. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн төлөө түүнд ашигтай байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг мэдсээр байж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах зорилгоор хуучин хуулийн захиргааны акт илт хууль бус талаарх заалтыг шинэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай зохицуулалттай хамтатган хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхийн сацуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар тогтоолд “Д ц с-4” ТӨХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Кб” ХХК-д гэрчилгээ олгуулах хүсэлтийн агуулга болоод “Д ц с-4” ТӨХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар тодорхой дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэртээ “Д ц с-4” ТӨХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
8. Түүнчлэн хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба нэхэмжлэгч “Д ц с-4” ТӨХК нь 2011 онд эрх зүйн байдлын хувьд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан төрийн байгууллага гэх ойлголтод нэхэмжлэгчийн эрх зүйн байдал хамаарахгүй байхад хуульд нийцээгүй хэмээн буруу дүгнэлт хийж төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг төлөөлж гүйцэтгэх удирдлагын хувьд эзэмшиж байсан газраас 4591 м.кв газрыг гуравдагч этгээдэд үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг буруутгасан нь үндэслэлгүй болсон.
9. Иймд дээрх гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Нэхэмжлэгч “Д д ц с” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд төрийн нийтлэг үйлчилгээний буюу нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг этгээд тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрх хамаарахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Ийнхүү төрийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй байхад /Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 нь агуулгын хувьд хориглосон зохицуулалт гэж үзэхээр байна/ хариуцагч нийслэлийн Засаг дарга талуудын хүсэлтийг үндэслэн маргаан бүхий акт болох 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 582 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газраас 4591 м.кв газрыг гуравдагч этгээд “Кб” ХХК-д олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх алдаанд хамаарч байгаа тул илт хууль бус захиргааны акт байна. Иймд, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
13. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг хэрэглэлгүйгээр, харин газар эзэмших эрхийг шилжүүлэх талаарх хэрэглэх ёсгүй 38 дугаар зүйлийг хэрэглэж, “маргаан бүхий акт нь хууль бус байх боловч илт хууль бус биш байна” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
14. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж буй процессын хуулийг хэрэглэх ёстой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “... захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийг хэрэглэх ёстой байсан” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.
15. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтын аль алиныг нь агуулсан холимог шинжтэй хууль байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа одоо үйлчилж буй процессын хуулийг, харин давж заалдах шатны шүүх маргаан бүхий актад тавигдах эрх зүйн алдааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-г хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, иймд “...давж заалдах шатны шүүх хуучин хуулийн захиргааны акт илт хууль бус талаарх заалтыг шинэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай зохицуулалттай хамтатган хэрэглэж шийдвэр гаргасан нь хууль бус...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 7/ хяналтын гомдлыг хангах боломжгүй.
16. Мөн “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өмнө захиргааны шүүхэд хэлэлцэгдсэн “О х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй агуулгын хувьд ижил, хууль зүйн үндэслэлийн талаар Улсын дээд шүүхээс захиргааны хэргийг шийдвэрлэсэн тогтоолдоо дүгнэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу...” гэсэн /Тодорхойлох хэсгийн 3-5/ утгатай хяналтын гомдлыг үндэслэлгүй болох талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ