| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2021/00684/И |
| Дугаар | 210/МА2022/02104 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2022/02104
2022 12 12 210/МА2022/02104
Б.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 436,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Этэй зээлийн гэрээ байгуулан 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд В.К ХХК‑аас 1,150,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн үед өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан Хан-Уул дүүрэг, * хороо, Ар зайсан гудамжны * тоотод байрлах, * м.кв талбайтай, *давхар элит зэрэглэлийн хувийн сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг В.К ХХК‑ийн захирал Ф.Цогоогийн нэрээс шууд Д.Эийн нөхөр Д.Нт мөн өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Улмаар талууд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунган нийт 264,000,000 төгрөгөөр тооцоо нийлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу шүүхэд маргаан үүсгээгүй. Б.Ц 264,000,000 төгрөгийг дээрх хугацаанд төлбөл талууд өгсөн, авснаа буцаах, төлөөгүй тохиолдолд Д.Н, Д.Энар хувийн сууцыг 264,000,000 төгрөгт тооцон авах, хувийн сууцын үнийн зөрүү 700,000,000 төгрөгийг (1,115,000,000-264,000,000=851,000,000, үүнээс элэгдэл хорогдлыг хасаж) Б.Цад буцаан өгөхөөр амаар тохирсон. Гэвч Б.Ц нь зээлийг тохирсон хугацаандаа төлж чадаагүй бөгөөд Д.Н, Д.Энар үнийн зөрүү 700,000,000 төгрөгийг Б.Цад өгөлгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ өөрийн нэр дээр байгааг далимдуулж, байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Б.Цын эхнэр Д.Хд холбогдуулж, шүүхэд гаргасан. Хан‑Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05‑ны өдрийн 2672 дугаар захирамжаар Б.Ц зээлийг 2020 оны 12 дугаар сарын 28‑ны өдөр төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд Д.Х 2021 оны 01 дүгээр сарын 01‑ний өдөр хаусыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Ц нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй учир Д.Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгч нар хувийн сууцаа чөлөөлсөн. Б.Ц нь Д.Эт зээлийн төлбөр 264,000,000 төгрөг төлж чадаагүй нь үнэн боловч хариуцагч нар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон зах зээлийн ханшаар 768,003,000 төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгийг 264,000,000 төгрөгт авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Д.Н өмчлөгч болсон 2018 оны 03 дугаар сарын 28‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд тухайн гэрээнд заагдсан 30,000,000 төгрөгийг Б.Цад төлөөгүй, угаасаа худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, гагцхүү барьцаа болгон өгсөн. Д.Н нь сууцыг цааш бусдад худалдсан тул бид буцаан авах боломжгүй болсон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 700,000,000 төгрөгөөр тооцон, зээлийн төлбөр 264,000,000 төгрөгийг хасч, 436,000,000 төгрөг болгон шаардлагаа багасгасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч нарыг 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул хариуцагч Д.Н, Д.Энараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарт олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Эээс 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Ар зайсан гудамж, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай хувийн сууцыг Д.Эийн нөхөр Д.Нын нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Б.Ц дээрх хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 264,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 28‑ны өдөр төлөх, хэрэв төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлээр хангуулах, тухайн хувийн сууцыг нэн даруй суллаж өгөхөөр тохиролцсон. Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Б.Ц, Д.Х нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж, 2021 оны 05 дугаар сарын 14‑ний өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч талтай зөрүү 700,000,000 төгрөг төлөх талаар аман тохиролцоо огт болоогүй. Бидний яриад байгаа үйл баримтын талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хариуцагч нар 264,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор хувийн сууцыг авсан. Ф.Цогоогоос худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч Д.Нт хувийн сууц шилжиж ирсэн. Нэхэмжлэгч энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага өмнө нь гаргасан байснаа өөрчилсөн учраас энэ талаар шаардлага гаргасан гэж үзэхгүй. Д.Н нь хувийн сууцыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсны дараа захиран зарцуулах эрхтэй болсон. Ингээд хариуцагч тухайн байраа 280,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Иймд хариуцагч Д.Н, Д.Энар ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д заасныг баримтлан хариуцагч Д.Э, Д.Н нараас 436,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цад олгож, нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч В.К ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Энараас 2,337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах биш, харин хууль зүйн зөвлөгөөг илт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү нэмэгдүүлэхгүй бол хэргийг нэхэмжлэгч талд нийцүүлэн шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгчийг хөтлөн асууж байгаа мэтээр зөвлөсөн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлоогүй, дурдаагүй. Энэ нь шүүгч хараат бус байж хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн буюу Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулах үндэслэл зааж, хойшлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн.
4.б. Шүүх хуралдаан дээр гэрчээс нотлох баримт шаардан авсан. Мөн шүүгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нотлох баримт шинжлэн судалж байх үед хэрэгт хавсаргасан ба тус баримтын үнийн дүн таарч байсан ч регистрийн дугаар таарахгүй байгаа талаар хэлэхэд нэхэмжлэгчийн дүү хэмээгээд баримтыг хавсаргасан. Энэ нь шүүгч нэхэмжлэгчээс шүүх хуралдааны аль ч шатанд ямар ч баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргах эрхтэй хэмээн ойлгогдохоор байна.
4.в. Шүүхийн сахилгын хороонд үүссэн сахилгын хэрэгт хариуцагч тал гомдол гаргагч болж, шүүгч Т.Энхтуяа нь холбогдогч тал буюу хоорондоо маргалдагч талууд болж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон байхад хэргийг шийдвэрлэхээс татгалзан гарах үүргээ биелүүлээгүй нь хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
4.г. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хувийн сууцны бодит үнэ 1,150,000,000 төгрөг хэмээн дүгнэсэн.
4.д. Мөн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Тэгвэл гэрээ байгуулсан этгээдүүдийг татан оролцуулж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
4.е. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг зөрчсөн.
4.ё. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Д.Нт өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжээгүй, захирамжийн дагуу шилжсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.
4.ж. Д.Н маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдсан баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтаар 16,000,000 төгрөгөөр хөрөнгөжсөн байж болох юм. Энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:
5.а. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сунгасан, гэрээний үүргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр биелүүлэх ёстой байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай талаас гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хангалттай өгсөн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан үүссэн.
5.б. Манай талаас хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх зэрэг асуудал гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаартай захиалгын гэрээгээр 1,150,000,000 төгрөг гэсэн үнийн дүнг шүүх тогтоосон. 2021 оны 03 дугаар сарын байдлаар энэхүү хаусыг чөлөөлөхөд ямар үнэ ханштай байсан болохыг Хөрөнгийн үнэлгээний төвөөр тодорхойлуулж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
5.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх асуудлыг ярьдаг боловч тийм зүйл байхгүй. Мөн процессын ажиллагаа зөрчсөн, улсын тэмдэгтийн хураамж болон хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг шийдсэн зүйл байхгүй. Шүүгчээс татгалзсан асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ерөнхий шүүгч хянан хэлэлцээд татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн. Үүнтэй холбоотой сахилгын хороонд гомдол гаргаж байсан.
5.г. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөвхөн байр албадан чөлөөлөх асуудал яригдсан.
5.д. Анхан шатны шүүх хуралдаан хойшилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг гаргуулсан. Гэтэл маргаан бүхий хаус нь аль хэзээний 2-3 дахь этгээдэд шилжсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 492 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нь хариуцагч Д.Н, Д.Энарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, бодитойгоор харьцуулж үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Д.Н, Д.Энараас 436,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.Нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.Э-тэй байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Нын нэр дээр хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ф.Цс шилжүүлсэн, барьцааны гэрээ байгуулаагүй, уг сууц 700,000,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй байхад хариуцагч Д.Э, Д.Н нар 264,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авч 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.
5.Хариуцагч Д.Э, Д.Н нар татгалзлын үндэслэлээ ... Б.Ц, Д.Х нар зээлийн гэрээний үүрэг 264,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулах, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хувийн сууцыг чөлөөлөхөөр тохиролцож, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хувийн сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар Э.Мт 280,000,000 төгрөгөөр худалдсан, 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй гэж маргажээ.
6.Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Энар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Д.Н нар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч Б.Ц нь зээлийн гэрээний үүрэг болох 264,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор хариуцагч Д.Эт төлж барагдуулбал хариуцагч Д.Н хувийн сууцыг буцаан шилжүүлэх, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Х 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хувийн сууцыг чөлөөлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх ба талуудын эвлэрлийг Хан‑Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05‑ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Улмаар шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/00882 дугаар Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 183/ГХ2021/00075 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийгдсэн ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар хувийн сууцыг хариуцагч Д.Нт чөлөөлж өгснөөр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажиллагаа дуусгавар болжээ.
7.Хариуцагч Д.Н нь хувийн сууцыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Э.Мт 280,000,000 төгрөгөөр худалдсан, Э.М нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр С.Н, Ш.А нарт 480,000,000 төгрөгөөр худалдсан талаархи баримтууд хэрэгт авагдсан бөгөөд одоогоор хувийн сууцны өмчлөгч нь С.Н, Ш.А нар байна.
8.Хариуцагч Д.Нт маргаан бүхий хувийн сууцыг бодитой өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шилжсэн байхад шүүх зөвхөн Д.Н, Ф.Цогоо нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс тухайн хувийн сууцыг 700,000,000 төгрөгт тооцож, зээлийн гэрээний үүрэг байсан 264,000,000 төгрөгийн зөрүү 436,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд нийцээгүй байна.
9.Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах ойлголт нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн, эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой гэсэн ерөнхий зарчмын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг үүрэг ногдуулдаг. Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй гэдэг нь хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу бус, эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан байхгүй нөхцөлийг ойлгодог.
Нөгөө талаар, үндэслэлгүй хөрөнгөжих нь нэг этгээдийн эд хөрөнгө нь нөгөө этгээдийн эд хөрөнгийг багасгах замаар өссөн нь зөвтгөх аргагүй эсхүл үндэслэл байхгүйгээр эд хөрөнгийг өөртөө байлгасан нөхцөл байдал юм.
10.Гэтэл нэхэмжлэгч Б.Цын хувьд, хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд В.К ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн захиалгын гэрээний дагуу хувийн сууцны үнэ гэх 1,150,000,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбар баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө ямар хэмжээгээр багассан, хариуцагчийн эд хөрөнгө бодит байдалд ямар хэмжээгээр ихэссэн нь тодорхойгүй байна.
11.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Н, Д.Энарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Н, Д.Энараас 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Н, Д.Энарт холбогдуулан гаргасан 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Н, Д.Энарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,337,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА