Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 84

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч  Н.Бадам , 

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Шомбо овогт *******д холбогдох  1833000830067 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Шар зам ирээдүй” хоршоонд механик инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 21-33 тоотод оршин суух хаягтай, Шомбо овогт ******* /РД:УО-/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багийн нутагт “Төмөрлөгийн тохой” гэх газарт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн1833000830067 тоот хэргээс  

1.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 27-30-р хуудас/

2.Гэрч С.Чинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 21-р хуудас/

3.Гэрч Э.Батболдын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /х.х-ийн 22-р хуудас/

4.Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №858 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 14-р хуудас/

5.*******ын 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн шүдний эмчийн үзлэгийн тодорхойлолт /х.х-ийн 13-р хуудас/

6. С.Бямбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

7.Шүүгдэгч С.Бямбын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багийн нутагт Төмөрлөгийн тохой гэх газарт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол  учруулсан нь:

1.Хохирогч *******ын “...манай авто тээврийн салбарууд авто тээвр үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойг тэмдэглэсэн юм. Би тэнд очихдоо хамт олондоо зориулж 1.7 литр виски 10 лааз  пиво авч очсон юм. Тэгээд манай хамт олон ууж идээд сууж байтал манай хоршоонд таксинд явдаг байсан, одоо тээвэр зохицуулагч ажил хийдэг Бямбаа гэдэг хүн намайг “ Чи яасан баян юм. Миний боосон моторыг авахгүй яасан юм. Миний боосон мотор 5 жил явдаг. Чи надад оруулалт хийсэнгүй” гэж олон хүний нүдэн дээр хэлсэн. Би өөрийнхөө машинтай явж байгаад шаварт суугаад машинаа хүчээр зүтгүүлсэн чинь мотор нь дугарчихсан юм. Тэр үед Бямба миний граж дээр согтуу ирээд “миний боосон моторыг аваад машиндаа тавьчих. Чи Улаанбаатар хотоос адилхан боосон мотор авна гэж хэлсэн. Би тэгэхэд юм хэлээгүй. Тэгээд өчигдөр би хотоос Өгөөмөр захаас мотор авч машиндаа тавьсан. Тэрийг Бямбаа мэдээд хамт олны нийллэг дээр намайг олны өмнө элдвээр хэлээд байхаар нь би Бямбааг дуудаж хамт олноосоо зайтай холдож байгаад” Чи яагаад намайг олон хүний дэргэд элдвээр хэлээд байгаа юм. Би тийм баян биш. Чиний амьдралыг би мэднэ шүү дээ” гэж хэлсэн чинь Бямбаа миний нүүр рүү 2 удаа цохиод авсан. Тэгсэн чинь миний дээд талын хиймэл шүд тагнайгаараа хугараад дээр нь байсан нэг шүд хөдөлгөөнтэй болж, доор нь байсан нэг шүд ёзоороороо хугарч унасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-30-р хуудас/

2.Гэрч С.Чинбаатарын “...2018 оны 08 дугаар сарын 12-ний өдөр тээвэрчдийн баяр болоод манай  Шар зам ирээдүй хоршооныхон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт “Төмөрлөгийн тохой” гэх газарт тээвэрчдийн баяр тэмдэглэж байсан юм. Би архи уудаггүй болохоор манайхан намайг хорхог хийж бай гээд хорхогоо хийж байтал ******* над дээр ирээд Бямба намайг мотор авсангүй гээд үг хаяад байна гэхээр нь би жоохон хүүхдүүд биш яах гэж муудалцдаг юм гэж хэлсэн. Тэгээд хоол хийж байхад хүмүүс шуугиад явчихаар нь харсан чинь ******* нь Бямбааг мөргөөд цамцыг нь дээгүүр нь ороогоод байсан. Тэгээд тэр 2-г Мэндээ, Болдоо бид 3 салгасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-р хуудас/

3.Гэрч Э.Батболдын “...*******, ******* нар маргалдаад байсан. Бямба Отгонбаатар нар юм ярьж зогсож байгаад дахиад хэдэн удаа нэг нэгнийгээ 2-3 удаа цохиод Бямба Отгонбаатарыг өмсөж байсан цамцыг нь татаад биеийг нь цамцаар ороогоод байж байтал С.Чинбаатар, Мэндбаяр нар салгасан. Бямба, Отгонбаатар нар нэлээн согтолттой байсан. Гэхдээ ухаанаа алдтал согтуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-р хуудас/

4.2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 858 тоот шинжээчийн

1.*******ын биед нэг шүдний хугарал / үгүй байдал/, дээд, доод эрүүний зүүн талын 1-р бага араа шүднүүдийн мултрал, доод уруулын салстын цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.*******ын 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн шүдний эмчийн үзлэгийн тодорхойлолт /х.х-ийн 13-р хуудас/

6. С.Бямбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

7.Шүүгдэгч С.Бямбын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Отгонбаатар Санота 6 машины мотор эвдэрчихсэн гэхээр нь би баяр болохоос өмнө надад нэг угсарсан мотор байгаа аваарай гэж хэлж байсан. Тэгсэн Отгонбаатар надаас аваагүй Улаанбаатар хотоос авсан гэсэн. Би тэр үед нь чи яасан баян юм бэ надаас мотор авахгүй яасан юм гэж хэлж байсан...”...******* намайг дуудаад бид 2 гадаа гараад маргалдсан. Намайг муу шагийн наймаачин, бууны нохой, чамайг амьтан болгоно гэж хэлсэн. Тэгээд би уурлаад барилцаж аваад 1 удаа нүүр лүү нь гараараа цохисон юм. Тэгээд Отгонбаатарын амнаас цус гарч байсан. Манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан. Би буруугаа хүлээн гэмшиж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож  байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Прокуророос шүүгдэгч С.Бямбыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүхээс  шүүгдэгч С.Бямбыг бусдын биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгчээс  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг авсан *******д гомдол саналгүй гэх тайлбар ирүүлсэн тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзсэн  болно./х.х-ийн 45-рт/

Эрүүгийн хариуцлагын талаар :

*******  нь  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .

Прокурор *******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар  хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь  хуульд нийцэж  байна.

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч  *******д  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт  зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хохирогч  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7дах хэсэгт  зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч өөрийн хүсэлтээр өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралд орсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн  2, 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шомбо овогт Сэнгээгийн Бямбыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Бямбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар С.Бямбыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дах хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА