| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1556/э |
| Дугаар | 1622 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Б
хохирогч : Ч.Ц
шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хн овогт Н Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806062711995 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Н Э, 19 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт аймгийн Хужирт сумын дүгээр баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргал төвийн орчимд Ч.Ц таксигаар үйлчлүүлсэн үнэ хөлснөөс үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 9.00 цагийн үед манай найз эхнэртэйгээ, би эхнэртэйгээ дөрвүүлээ байсан. Хуучнаар Центр поинтийн тэнд байдаг бааранд ороод 1 шил архи 2, 2 шил пиво уугаад шөнө 01.00 цагт гарч ирсэн. Манй найзууд бөхийн өргөөний тэнд буусан. Би эхнэртэйгээ хүүхдүүд өвчтэй байсан тул шөнө орой орж сэрээгээд яахав гэж бодоод зочид буудалд ороод хоночихоё гэж эхнэртэйгээ ярьсан. Тэгээд таксины жолоочоос ойрхон орчих зочид буудал байна уу? гэж асуусан. Тэгтэл жолооч Өгөөмөр захын тэнд Шаргал төвийн тэнд хүргэж өгсөн. Тэгээд надаас таксины мөнгө гэж 30.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөг л өгнө гэсэн чинь хохирогч залуу чи янхан аваад, зочид буудалд хонох гэж байж 30.000 төгрөг өгөхгүй байхдаа яадаг юм бэ? гэсэн Бид хоёр машин дотор зэрэгцээд урд сууж байгаад барилцаж авсан. Жолоочийн талын хаалгаар зууралдаад буухад манай эхнэр боль гээд орилсон. Хохирогч залуу янхан аваад, буудал авч байж 30.000 төгрөг өгч чадахгүй байхдаа яадаг юм бэ? гэсэн. Би цохьсоноо бол санахгүй байна. Дух нь бид хоёр зууралдаж машинаас буух явцад хаалга мөргөсөн байх магадлалтай гэж бодож байгаа. Гэхдээ би бол хохирогч залууг цохьсон юм байхгүй. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Би эрүүлжүүлэхэд хоносон. Тэр үед 50.000 төгрөөр намайг торгоод явуулсан. Эрэн сурвалжилж байсныг мэдээгүй. 10 дугаар сард ажлаасаа иртэл сумын төлөөлөгч намайг баривчилсан гэв.
Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ажлаасаа буугаад явж байсан. Дөрвөн хүн баруун 4 зам дээр гар өргөхөөр нь би зогсож машиндаа суулгасан. Бөхийн өргөөнд хоёр хүн буусан. Тэгээд шүүгдэгч надаас зочид буудал асуугаагүй. Өөрөө Өгөөмөр захын тийшээ явъя гээд Шаргал төвийн тэнд очсон. Би 30.000 төгрөг нэхээгүй. Төлбөр 6.000 төгрөг гарсан гэж хэлсэн. Эхнэр нь надад 20.000 төгрөг гаргаж өгөөд би 14.000 төгрөг хариулж өгсөн. Эхнэрийг нь элдвээр хэлээгүй. Би эхнэртэй нь юм ч яриагүй Энэ хүн машинд миний хойно суусан байсан. Буухдаа би улсын байцаагч байна машины дугаарыг чинь авна гэж хэлхээр нь би ав ав гэсэн чинь тэр үед цонх онгорхой байсан чинь цонхоор эхлээд нэг цохиод, тэгээд машины хаалга онгойлгоод дээрээс толгой руу цохьсон би нүүрээ дартал нүүрнээс цус гараад байсан тул машинаасаа буугаад зогсож байсан чинь “алчихая, чамайг хүчиндэнэ” гээд дээрээс дараад өмдний тэлээгээ тайлаад байсан. Өөрөө сүүлд таарахдаа би юу болсноо санахгүй байна гэсэн. Би тэгээд цагдаа 03.00 цагийн үед дуудахад нь 04.00 цагт ирсэн гэв.
Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүүхдийн эмчилгээ хийлгэхээр хот руу орж ирсэн. Манай эхнэр Г аймгаас ирсэн байсан. Тэгээд ажлаа амжуулчихаад орой нь найз нартайгаа уулзсан. Тэгээд орой нь Нарантуул захын орчимд байдаг Шаргал төвийн буудалд эхнэрийнхээ хамт очсон. Шаргал төвийн үүдэнд ирээд таксины жолооч залуутай тооцоогоо хийтэл 30.000 төгрөг өг гэсэн. Би 30.000 төгрөг гарах ёсгүй гээд бид маргасан. Гэтэл уг жолооч намайг янхан авч явж байж мөнгөө өгч чадахгүй гэж доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд жолооч залууг заамдаж авсан. Манай эхнэр бид хоёрыг салгаж байсан би нилээн согтуу байсан болохоор цааш нь юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд буудалд унтаж байсан хаалга тогшихоор нь онгойлгоод өгтөл цагдаа нар байсан. Намайг эрүүлжүүлэхээс гаргахдаа 50.000 төгрөг төл гэснийг нь би төлөөд асуудал дууссан гэж ойлгосон гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баруун 4-н замаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй гар өргөхөөр нь авсан. Би тухайн өдөр ажлаа тараад халтуур хийгээд явж байсан юм. Тэдний 1 эмэгтэй, 1 эрэгтэй нь замдаа буюу Бөхийн өргөөний орчим буусан. Тэгээд 2 нь Шаргал төв дээр буухаар явсан. Буудал дээрээ ирээд 6000 төгрөг гарсан байна гэхэд мөнгөө нэхлээ гээд эрэгтэй нь уурласан. Тэгээд маргаан эхэлсэн. Миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд янз бүрээр доромжилсон. Миний машины цонхыг цохиж байснаа буудал руугаа яваад орчихсон. Би 6000 төгрөг л гарсан байгааг хэлтэл намайг доромжилж эхэлсэн гэжээ. / хх-н 9-15/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8975 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ч.Ц биед зүүн хөмсөг орчимд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мороо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 21/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22-23/
Н.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56/
Н.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 54-55/
Н.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 48/, прокурорын тогтоол /хх-н 49-50/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-52/ зэрэг болно.
Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаргал төвийн орчимд Ч.Ц таксигаар үйлчлүүлсэн үнэ хөлснөөс үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч н.Энхбаяр нь таксины үнэний асуудлаас болж маргалдах явцдаа түүний нүүрэн тус газар нь гараараа цохисоноос Ч.Ц биед зүүн хөмсөг орчимд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8975 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 21/
Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Энэ хүн машинд миний хойно суусан байсан. Буухдаа би улсын байцаагч байна машины дугаарыг чинь авна гэж хэлхээр нь би ав ав гэсэн чинь тэр үед цонх онгорхой байсан чинь цонхоор эхлээд нэг цохиод, тэгээд машины хаалга онгойлгоод дээрээс толгой руу цохьсон би нүүрээ дараад нүрнээс цус гарсан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... надаас таксины мөнгө гэж 30.000 төгрөг нэхсэн. Тэгхээр нь би 10.000 төгрөг л өгнө гэсэн чинь хохирогч залуу чи янхан аваад, зочид буудалд хонох гэж байж 30.000 төгрөг өгөхгүй байхдаа яадаг юм бэ? гэсэн Бид хоёр машин дотор зэрэгцээд урд сууж байгаад барилцаж авсан. Жолоочийн талын хаалгаар зууралдаад буухад манай эхнэр боль гээд орилсон. Хохирогч залуу янхан аваад, буудал авч байж 30.000 төгрөг өгч чадахгүй байхдаа яадаг юм бэ? гэсэн. Би цохьсон юм бол санахгүй байна. Дух нь бид хоёр зууралдаж машинаас буух явцад хаалга мөргөсөн байх магадлалтай гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Э, хохирогч Ч.Ц нарын хооронд таксины мөнгө төлөх асуудлаас болж маргаан үүссэний улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнийг барьж авч машинаас гаргах гээд зууралдах үед зүүн хөмсөг орчимд гэмтэл учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч шүүгдэгч Н.Э өөрийнх нь толгой тус газар нилээд хэдэн удаа цохисон гэж мэдүүлж байх боловч түүнд учирсан гэмтлийг үзэж тогтоосон шинжээчийн дүгнэлтээр зүүн хөмсөг орчимд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан гэж тогтоогдсон учир олон удаа цохисон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч өөрт учирсан гэмтлийг эмчилсэн талаар эмчилгээний зардлын баримт гаргаж өгөх нотлох баримт одоо байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Н Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН