Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02144

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19 210/МА2022/02144

 

 

З.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02171 дугаар шийдвэртэй, З.Агийн нэхэмжлэлтэй, Т.Т.Э.И ХХК, Э.Н нарт холбогдох, 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т.Т.Э.И ХХК-тай З.Аг нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэж амлан 4,000,000 төгрөгийн урьдчилгааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны * дугаар дансаар тус компанийн харилцааны менежер гэх Э.Нгийн дансанд шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш иргэн Э.Н нь удаа дараа худлаа ярьж янз бүрийн шалтаг тоочин гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээгээ дуусгавар болгож мөнгөө буцааж авъя гэж шаардаж байгаа боловч танай зөвшөөрлийг гаргаж өгнө гэж хэлсээр өнөөг хүрсэн. Иймд гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Инээдэг хайрхан ХХК болон иргэн З.Аг гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, мөнгө авсан тохиолдол байхгүй. Нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг Э.Нгийн дансанд хийж түүнтэй гэрээ байгуулсан талаар тайлбарласан байна. Шүүхэд ирүүлсэн гэрээг нь үзэхэд нэхэмжлэгч болон Э.Н нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба гүйцэтгэгчийн гарын үсэг дээр Т.Т.Э.И ХХК-ийн тамгыг дарж ашигласан нь хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Э.Нгийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Т.Э.И ХХК-ийн захирал Л.Тгийн хариуцуулж өгсөн ажлыг хүлээн авч тухайн компанитай гэрээ байгуулж өгсөн үүрэг даалгаврын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг компаниас авсан 4,000,000 төгрөгийг Т.Т.Э.И ХХК-ийн дансаар хүлээн авна гэж хэлсэн ч захирал Л.Т намайг өөрийн хувийн дансаар хүлээн ав гэсний дагуу би өөрийн дансаар хүлээн авсан. Инээдэг хайрхан ХХК-ийн тусгай зөвшөөрөл авах материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, 2021 оны 10 дугаар сард Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Захирагчийн албанд аваачиж өгсөн. Үүнээс хойш энэ асуудлыг Л.Т өөрөө хариуцах болсон. Миний бие тухайн компанийн захирал Ууганбаяр, Алтанцэцэг нартай 2022 оны 2 дугаар сараас хойш холбогдоогүй, мөн захирал Л.Ттай одоог ч хүртэл холбоогүй байгаа. Намайг Инээдэг хайрхан ХХК-ийн захирал Ууганбаяр Алтанцэцэг нартай утсаар ярих үед чанга яригч дээр нь тавиулж захирал Л.Т миний хажууд байж утсаар ярихад хэлэх үгийг зааж өгч өөрийн үгийг надаар дамжуулан хэлүүлдэг байсан. Миний хувьд, захирал Л.Тгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн дансаар мөнгийг хүлээн авсан ч миний дансаар захирал Л.Т нь бичиг баримт болон бусад зардалд зарцуулалт хийсэн учир би төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Т.Э.И ХХК болон З.Аг нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 4,000,000 төгрөгийг хариуцагч Т.Т.Э.И ХХК-аас гаргуулж, З.Агт олгож, хариуцагч Э.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т.Э.И ХХК-аас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Агт олгож шийдвэрлэсэн.

 

5.Хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Нэхэмжлэгч нь иргэн Э.Нгийн дансаар 4,000,000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгсөн ба хариуцагч маргаагүй. Харин дээрх мөнгө нь компанийн дансанд ороогүй ба иргэн З.Агтэй ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй. Дээрх 2 иргэний хооронд байгуулсан гэрээнд Э.Н нь компанийн тамга дарж ашигласан ба тамга дарагдсанаар компанийг төлөөлөх эрх үүсэхгүй. Иймд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах үндэслэлтэй.

5.б. Компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирлаар Л.Т бүртгэлтэй байдаг, харин Э.Н хувьцаа эзэмшдэг. Иргэн З.Агтэй холбогдож байгаагүй талаар тайлбарласан боловч шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж, баримтгүй зүйл дээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.в. Шүүх Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Л.Т нь Э.Нд гэрээ байгуулах талаар зөвшөөрөл өгч байгаагүй талаараа тайлбарласан байхад шүүх зөвшөөрөл олгосон гэж тулгаж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн компанийн хувьд ямар нэгэн тусгай зөвшөөрөл гаргах чиг үүрэггүй, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иймд 4,000,000 төгрөгийг иргэн Э.Нгоос гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч З.Аг, хариуцагч Э.Н нараас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч З.Аг нь хариуцагч Т.Т.Э.И ХХК, Э.Н нарт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Т.Э.И ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч Э.Н нь Т.Т.Э.И ХХК-ийн захирал Л.Тгийн өгсөн үүргийн дагуу төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч, даалгасан ажлыг гүйцэтгэсэн гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч З.Аг болон Т.Т.Э.И ХХК-ийг төлөөлөн харилцааны менежер Э.Н нар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч Т.Т.Э.И ХХК нь 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж өгөх, тусгай зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч З.Аг нь ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд заасан данс болох Хаан банкин дахь Э.Нгийн эзэмшлийн 5302002964 тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хэргийн 5, 6-8 дахь тал)

 

4.Хариуцагч Т.Т.Э.И ХХК нь хэдийгээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэсэн боловч харилцааны менежер ажилтай, хариуцагч Э.Нгийн дансаар 4,000,000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон байна. Тодруулбал, хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн захирал Л.Тгийн үүрэг даалгаврын дагуу гэрээ байгуулан өөрийн дансаар 4,000,000 төгрөгийг авч, захирал Л.Т нь бичиг баримт, ажилтай холбоотой зардалд зарцуулсан талаар хариуцагч Э.Н тайлбар гаргажээ. (хэргийн 90 дэх тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд хариуцагч Э.Н нь 4,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан боловч тухайн мөнгийг хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн захирал Л.Т бичиг баримт, ажилтай холбоотойгоор захиран зарцуулсан гэж тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Т.Т.Э.И ХХК захиран зарцуулсан гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

5.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдээс маргааны үйл баримтад хамаарах хэлцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шаардах эрхийн үндэслэл болсон хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Учир нь, талууд согтууруулах ундаа худалдах эрх бүхий 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг гаргуулах талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Аливаа тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас олгодог бөгөөд 2001 оны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-т зааснаар уг тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгохоор заажээ.

Хуулиар хориглосон зүйлс нь хэлцлийн объект болдоггүй бөгөөд хэлцлийг хуулиар хориглосон бол хүчин төгөлдөр бус болох юм.

6.Иймд нэхэмжлэгч З.Аг, хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Талуудын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус учраас хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүргийн буцаан шаардах шаардлагад тухайн этгээдэд шилжүүлсэн хөрөнгө хамаарах тул хариуцагч Т.Т.Э.И ХХК-аас 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Агт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Т.Э.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Т.Э.И ХХК-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Агт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Т.Э.И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА