Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002190105 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Ш-ын О.

Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот хашааны гадна байсан хохирогч Н.М-ийн өмчлөлийн 00-00 ГАҮ улсын дугаартай хар өнгийн автомашиныг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ш.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 22 цаг 40 минутын үед гэрээсээ гараад  А-ынд очих гэж явсан. Тэндээс таксидаад явж байтад дугуй нь хагарсан. Тэгээд буугаад явж байтал хашааны гадаа нэг машин харагдаж байхаар жолооч  нь байвал хүргүүлнэ гэж бодоод яваад очтол  хаалга нь дутуу хаагдсан байдалтай түлхүүр нь зоолттой байсан. Дотор нь  суугаад түлхүүрийг нь   түлхтэл асаж байхаар нь  Жаргалантын хорооны 0-0 тоотод  байдаг дүүгийндээ очсон. Тэгээд Э-ынд очоод ирье гэж хэлээд тэндээсээ хөдлөөд явж байтал хөдөлгөөнт эргүүлийн машинтай таараад М цагдаагийн ажилтантай хамт ирээд машинаа аваад намайг эрүүлжүүлэх байранд оруулсан... Тухайн үедээ би буруу зүйл хийсэн... Буцаад байсан газар нь очих байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.М-ийн “... Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой 23 цагт Харзат багийн 0-0 тоотод байх хадам аав Н-ын хашааны ар талд өөрийн эзэмшлийн 00-00 ГАҮ улсын дугаартай хар өнгийн машиныг үлдээгээд 23 цаг 25 минутад гарч ирэхэд миний машин алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн... яарч байсан болохоор түгжилгүй түлхүүрийг нь дотор нь зоолттой үлдээсэн байсан ...” гэх мэдүүлэг /ХХ8-9/,

Гэрч М.М-ын “... Харзат баг 0-0 тоот хашааны гаднаас хар өнгийн 0-0 ГАҮ улсын дугаартай машин алдагдсан гэсний дагуу тус машиныг эрэн сурвалжилан ажиллахад тус оройн 23 цаг 50 минут болж байхад Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” шатахуун түгээгүүрийн газрын зүүн талд тус машин гудамж өгсөөд явж байхаар нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу зогсооход Ш-ын О гэх хүн тус машиныг унаад явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ27-28/,

Гэрч Ш.А-ийн “... Манай хаалга дуугараад О ах орж ирж байх шиг байсан. Нэг мэдэхэд гараад явах шиг болсон бөгөөд хашаанаас машин хөдлөөд явах шиг болсон. Тэгэхээр машинтай ирсэн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /ХХ32-34/,

Гэрч О.Д-ын “... О хэлэхдээ машинтай явж байна гэж хэлсэн бөгөөд ямар машинтай, хэний машинтай явж байгаа талаар нь асуугаагүй тул О хэлээгүй...” гэх мэдүүлэг /ХХ35-37/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10-13/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О-ын нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот хашааны гадна байсан хохирогч Н.М-ийн өмчлөлийн 0-0 ГАҮ улсын дугаартай хар өнгийн автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

“Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг нь тухайн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явснаар төгсдөг бөгөөд уг үйлдэл нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл бусдын автотээврийн хэрэгслийг зарж борлуулах, бусдад шилжүүлэх, сэлбэг хэрэгсэл болгох зэрэг ашиг олох зорилгогүйгээр хууль бусаар эзэмшиж, ашигласнаар дээрх гэмт хэргийн шинж бүрэн хангагдана гэж ойлгох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ш.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Отгонбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Ш-ын О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-т шүүхээс оногдуулсан 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.О-т сануулсугай.

5. Шүүгдэгч Ш.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА