Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00015

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00015

 

 

 

Э.Д.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00459 дугаар шийдвэртэй, Э.Д.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.Б.М.М ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Манай компани болон Ю.Б.М.М ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр Ю.Б.М.М ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ф13, ф16 хэмжээтэй 267.5 тн арматурыг нийлүүлэх, Э.Д.К ХХК 428,000,000 төгрөгт байр, машиныг гэрээнд тохиролцсоноор шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсан даруйд Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах * м.кв талбайтай * өрөө 258,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ю.Б.М.М ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн Тоёота ланд круйзер (Toyota Land cruiser) 200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн хар саарал өнгөтэй * УБД улсын дугаартай автомашиныг 170,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Ю.Б.М.М ХХК 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 80,580.81 кг арматурыг манай компанид нийлүүлсэн. Үлдэх 186,919.19 кг арматурыг нийлүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах, Ю.Б.М.М ХХК арматур худалдах, худалдан авах гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүйгээс Э.Д.К ХХК-д гэм хорын хохирол учирсныг тогтоолгох, 595,923,400 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. 595,923,400 төгрөгт нийлүүлээгүй арматурт ногдох илүү төлсөн төлбөр 290,070,704 төгрөг, гэрээний 5.3, 5.4 дүгээр зүйлд заасан хүү, алданги 42,800,000 төгрөг, гэм хор 254,052,696 төгрөг тус тус орж байна. Бид гэрээний дагуу 267.5 тн арматурын мөнгийг 100 хувь төлсөн боловч 92.5 тн арматурыг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 92.5 тн арматурын үнийн дүн 254,052,696 төгрөг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ю.Б.М.М ХХК нь Э.Д.К ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Б.М.М ХХК-д холбогдох арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 төгрөг гаргуулах тухай Э.Д.К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Гэрээнд гарын үсэг зурсан П.Саранхүүг хариуцагч компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь гэрч П.Саранхүүтэй биш хариуцагч Ю.Б.М.М ХХК-тай гэрээ байгуулсан.

4.б. Мөн талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 6 удаа 80,580.81 тн арматурыг нийлүүлсэн. Баримтад Ю.Б.М.М ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч З.Бат-Үд гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Гэтэл шүүх үүнийг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. Талуудын хооронд арматур худалдах, нийлүүлэхтэй холбоотой өөр ямар ч гэрээ, хэлцэл байгуулагдаж байгаагүй.

4.в. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Ю.Б.М.М ХХК-ийн гэрээгээр хүлээсэн арматур нийлүүлэх үүргээ зөрчсөний 254,052,696 төгрөгийг гэм хорд тооцон нэхэмжилсэн боловч үүнийг шүүх хангаагүй.

4.г. Шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх бус улам дордуулсан шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.а. Маргаан бүхий гэрээг Ю.Б.М.М ХХК байгуулаагүй. Энэ талаар шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хариуцагчийг төлөөлөн гэрээ байгуулсан н.Саранхүү компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэж шүүх дүгнэсэн. н.Саранхүү нь тамгыг н.Батдорж гэх хүнээс авч, дарсан гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл н.Батдорж гэх хүн нь хариуцагч байгууллагад ямар ч хамааралгүй этгээд. Тухайн үед н.Саранхүү компанийн хувьцаа эзэмшигч байсан боловч хувьцаагаа шилжүүлсэн, хамаарал бүхий этгээд байгаагүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдоно.

5.б. Мөн орон сууц болон автомашиныг авсан, автомашиныг н.Батдорж унаж явсан гэж мэдүүлсэн. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын лавлагаагаар Г.Ариунболдоос н.Саранхүүд шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагад хөрөнгө шилжүүлсэн зүйл огт байхгүй. Харин орон сууцны хувьд Г.Ариунболдоос н.Энхцэцэгт гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд н.Энхцэцэг нь 100,000 төгрөгөөр Ю.Б.М.М ХХК-д худалдсан гэх баримт улсын бүртгэлийн газраас ирүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаж шүүх шийдвэр гаргасан.

5.в. Ю.Б.М.М ХХК төлөөлөх эрх бүхий этгээд нь н.Отгонбаяр, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлж оролцсон гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. н.Энхцэцэг нь Э.Д.К ХХК-тай хамааралгүй этгээд. Иргэн, хуулийн этгээд хэлцэл хийж 100,000,000 төгрөгөөр зарсан. Ю.Б.М.М ХХК-аас төлбөрийг төлж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн. Гэвч тус этгээдүүдэд хэдий хэмжээний арматур, хэзээ нийлүүлэх гэж тохиролцсон гэдгийг бид мэдэхгүй. Хариуцагчийн зүгээс ийм гэрээг огт хийгээгүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь хариуцагч Ю.Б.М.М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол шаардсаныг шүүх шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

4.а. Нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь хариуцагч Ю.Б.М.М ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ю.Б.М.М ХХК нь 267.5 тн арматур нийлүүлэх, нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь арматурын үнэ 428,000,000 төгрөгийн 258,000,000 төгрөгт Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, * дугаар байрны * тоот, *м.кв талбайтай * өрөө орон сууцыг, 170,000,000 төгрөгт Тоёота ланд круйзер 200 маркийн, * улсын дугаартай автомашиныг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. (1-р хх-ийн 13-17-р тал)

4.б. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний хугацаанд нийт 80,580.81 кг арматурыг нэхэмжлэгч хүлээн авсан болохыг баталгаажуулжээ. (1-р хх-ийн 19-р тал)

4.в. Улмаар хариуцагч Ю.Б.М.М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19/002 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн *дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, *дугаар байрны * тоот, * м.кв талбайтай * өрөө орон сууцыг шилжүүлэн авахаар шийдвэрлэсний дагуу дээрх орон сууцны өмчлөгчөөр хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Түүнчлэн Тоёота ланд круйзер 200 маркийн, * улсын дугаартай автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. (1-р хх-ийн 18, 115-120, 182-196, 202, 243-247-р тал)

5.Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ гэх хэлцлийг байгуулсан байх боловч талуудыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Харин Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны гэрээний хариу үүргийг мөнгөөр биш өөр эд хөрөнгө шилжүүлэх эсхүл шаардлагатай үед өмчлөх эрхийг нь мөн шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэдэг онцлогтой.

 

6.Дээрх гэрээнд хариуцагч Ю.Б.М.М ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан П.Саранхүүг төлөөлөх эрхтэй эсэхэд талууд маргасан хэдий ч энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүйн дээр гэрээний гол нөхцөлийн талаар хохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно. Нэхэмжлэгчээс орон сууц, автомашиныг шилжүүлэн авсныг тус маргаанд хамааралгүй гэх татгалзлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотох баримтаар нотлоогүй байна.

 

7.Хариуцагч Ю.Б.М.М ХХК нь арилжааны гэрээний дагуу үлдэх 186,919.19 кг арматурыг нийлүүлээгүй тул нэхэмжлэгч Э.Д.К ХХК гэрээнээс татгалзаж, зөрүү арматурын үнэ 290,070,704 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

8.Мөн гэрээний 5.3-т гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг буруутай тал төлөхөөр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн. Харин нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь гэрээний 5.4-т нийт алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж зааснаар 42,800,000 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр хангах үндэстэй.

9.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Э.Д.К ХХК нь 254,052,696 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ю.Б.М.М ХХК-аас буцаан шаардсан арматурын үнэ 290,070,704 төгрөг, алданги 42,800,000 төгрөг нийт 332,870,704 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Д.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох шаардлагуудыг тусгасан байх боловч эдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00459 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Б.М.М ХХК-аас 332,870,704 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Д.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254,052,696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1. гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Ю.Б.М.М ХХК-аас 1,822,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Д.К ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.Д.К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД   М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА