Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 1599

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, 

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Шүүгдэгч С.Б , түүний  өмгөөлөгч С.Шүрэнчулуун,

Шүүгдэгч О.Д , түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б , О.Д  нарт холбогдох эрүүгийн 1806 02195 1092 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй,   ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, О.Д .

 

           2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-д оюутан, ам бүл 6 эцэг эх ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С.Б .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Д  нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдрагч иргэн  С.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Б  нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдрагч иргэн  О.Д ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүхийн хэлэцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.Д  мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ийм нөхцөл байдалд орсондоо маш их гэмшиж байна. Гэхдээ би энэ харилцаагаа залруулах гэж хичээж байгаа. Бид 2-ын хоорондын маргаанаас энэ асуудал яаж шийдэгдэхээс хамаараад цаашдын харицаа шийдэгдэх байх. Тэгэхээр энэ хэргийг цагаатгаж өгнө үү эсвэл С.Б ийг цагаатгаж өгнө үү гэв. Хохирогчийн хувьд надад гомдол саналгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний биед учруулсан бүх шарх сорвийг О.Д  учруулсан. Одоо би О.Д ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй.” гэв.

 

          Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас С.Б ийн хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-7-11, 97-98, 174/, хохирогч О.Д ийн гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14-16, 20-21, 95, 107/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3916 дугаартай дүгнэлт /хх-38/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3928 дугаартай дүгнэлт /хх-44/, гэрч П.Сүхбандийн өгсөн мэдүүлэг /хх-69/, гэрч Ж.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-73/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-86-87/, Ажил олгогчийн тодорхойлолт /хх-77/, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-84/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Д  нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдрагч иргэн  С.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч С.Б  нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдрагч иргэн  О.Д ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч С.Б ийн өгсөн мэдүүлэг: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны 16 цагийн орчим байсан, манай 2 хүүхэд хөхүүл учраас уйлаад байсан чинь О.Д  хүүхдээ тэвэрч байснаа “хүүхэд чинь уйлаад байна энэ хүүхдээ ав” гэхээр нь хүүхдээ авсан чинь манай том охин Д.Сондор /2 нас,эмэгтэй/ унтах гээд мөөм идэх гээд уйлаад байсан чинь манай нөхөр том охиноо “дуугай бол” гэж хэлээд бөгсөн дээр нь цохиод чимхсэн чинь манай том охин “аавдаа очихгүй, ээждээ очно” гээд байхаар нь би 2 хүүхдээ аваад нөгөө өрөөнд орох гэсэн чинь манай нөхөр миний ардаас “пизда, зулбасага” гэж хэлхээр нь би өөрөө “пизда зулбасага” гэж хэлсэн чинь манай нөхөр миний араас ирээд “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд орон дээр байсан хүүхдийн унжаар миний толгойн тус газар 2-оос 3 удаа цохиж, баруун гарын тохой тус газар 1 удаа цохихоор нь би босох гэсэн чинь намайг босгохгүй орон дээрээс өшиглөж унагаагаад, миний толгой болон баруун хөл, гаран дээр 10-аад удаа дэвсэлсэн, тухайн үед манай том охин Д.Сондор бидний дундуур ороод миний дээр хэвтэхээр нь би охиноо тэврээд том өрөөнд ортол миний ардаас орж ирээд “HUAWEI” загварын гар утсаар миний зүүн гарын бугалган тус газар нэг удаа цохисон. 2 дахь удаагаа цохих гэсэн гар утас нь гарнаас нь сугараад унасан чинь утасныхаа ардаас явж утсаа аваад “чи миний утсыг эвдэлчихлээ, чи муу хувхай хоосон юм утас авч өгч чадахгүй юм байж” гэхээр нь би гараад 7 тоот айлын хаалгыг тогшиж орсон чинь тэр айлын эгч бидний маргалдаж байгааг сонсоод цагдаа дуудсан байсан. Тэгээд би тэр айлд ороод сууж байтал удахгүй цагдаа ирсэн. Манай нөхөр О.Д  нь намайг удаа дараа байнга цохиж, зоддог байсан. Дээрхи үйл явдал болохоос өмнө 2 хоногийн өмнө 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ пиво уугаад халамцуу байхдаа кино үзэж байгаад “миний дээр гарч суугаад 4 мөчин дээр дарж сууж байгаад дээрээс шүлсээ хаяад “нүдийг чинь ухна шүү, гарыг чинь хугална шүү” гэсэн. Манай охин шөнө цочоод уйлаад сэрэхээр нь “дуугай бол” гэж хэлээд охиноо зоддог. О.Д  миний толгойн зүүн шанаан тус газар угжаар нэг удаа, баруун гарын тохойн тус газар угжаар 1 удаа, гар утсаараа миний зүүн гарын бугалган тус газар 1 удаа, зүүн талын нүдэн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Орон дээрээс унахад миний толгой болон зүүн гарын бугалга, зүүн талын гуяан дээр 10-аад удаа дэвсэлсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай нөхөр эрүүл гэртээ кино үзэж байсан чинь хүүхдүүд орилоод кино үзүүлсэнгүй гэж уурлан маргаан болсон. Би О.Д ийг цохиж зодоогүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад одоогоор эмнэлэгт үзүүлсэн баримт байгаа, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Өөр нэмж ярих зүйлгүй.” /хх-7-11/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч О.Д ийн өгсөн мэдүүлэг: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим би гадуур гарч “Өсөх Зоос” нэртэй байгууллагад ажилд орох гээд ерөнхий захиралтай нь “17 цагт уулзана” гээд цаг товлосон байсан. Тэр өдөр мягмар гараг байсан бөгөөд миний машины дугаар явдаггүй өдөр байсан учир алхаж явах гээд арай эрт гарах гэж байсан. Энэ талаар “Өсөх Зоос” ХХК-ны захирал над руу 15 цагийн орчим утсаар залгасан юм. Тэгээд энэ талаар эхнэр С.Б т хэлтэл “чиний ажилд орно гэж юу байх вэ, би гарч мөнгө олно” гэхээр нь би “чи яаж мөнгө олох гэж байгаа” юм гэтэл миний 2017 оны 11 дүгээр сард төрсөн өдрөөр нь бэлэглэсэн “Iphone-8 plus загварын лизингээр авч өгсөн гар утсыг ээждээ хувь лизингээр өгөх гэж байгаа” гэсэн утгатай юм хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. “Тэрэн дор танихгүй хүнд гайгүй үнээр зараад гэртээ хэрэгцээтэй юмаа авсан дээр юм биш үү” гэж хэлтэл намайг “нохойн гөлөг, нохойн точиг” гэсэн үг хэлэхээр нь миний дургүй маш их хүрч маргаан болсон чинь С.Б  миний нүдний шилийг булааж авсан. Тэгэхээр нь би шилээ буцааж авах гээд булаацалдсан чинь үнэртэй усны шилээр миний нүүр нь тус газар маш олон удаа цохиж, гараараа толгой, хүзүү рүү цохиод, майжсан. Тэгсэн манай том охин уйлаад эхэлсэн чинь бид хоёр салсан чинь С.Б  том өрөөнд гүйж ороод ширээн дээр байсан миний HUIWEI загварын гар утсыг газар шидэж эвдэлсэн. Тэгээд миний нүдний шил, гар утас хоёр эвдэрсэн учир би гэрээс гарч чадахааргүй болсон. Тэгээд удалгүй манай хажуу талын 7 тоотын айлын эмэгтэй манай гэрийн хаалгыг тогшоод “боль” гэж хэлээд удалгүй С.Б  гүйж гараад 7 тоот айлд ороод суусан. Би бага хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байхад цагдаа ирсэн.  Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, надад санал хүсэлт байхгүй. Тухайн үед С.Б  миний нүүрэн тус газар үнэртэй усны шилээр цохихдоо хамар ясны хугарал, дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүдийг үнэртэй усны шилээр цохиж үүсгэсэн, дух, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлийг гараараа цохиж, майжиж үүсгэсэн баруун өвдөгний цус хуралт гэмтэл ноцолдож байхад үүссэн байх. Би 7 тоот хэнийх гэдэг айл байдгийг мэдэхгүй танихгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” /хх-14-16/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Сүхбандийн өгсөн: “...Тухайн үед С.Б ийн зүүн талын чихнээс нь цус гарсан, хамар нь хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн уйлсан байдалтай байхаар нь “яасан юу болсон” гэж асуухад “Дээгийн зодсон” гээд гэрт байсан цагдаагийн алба хаагч гэрт нь аюулын зэргийн үнэлгээ асууж бөгнүүлж байсан.” /хх-69-70/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Батцэцэгийн өгсөн: “....Би 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байсан юм. Тухайн үед цаг хэд болж байсаныг санахгүй байна. Унтлагын өрөөнд зурагт хараад хэвтэж байхад манай хажуу талын айлын эмэгтэй хүн “туслаарай, авраарай” гээд орилоод байсан. Харин эрэгтэй хүний дуу нэг их сонсогдоогүй. Би гараад хажуу талын айлын хаалгыг тогшсон чинь эрэгтэй хүн гарч ирэхээр нь “юу болоод байгаа юм бэ” гэтэл “эгчээ танд хамаагүй” гэж хэлээд хаалгаа хаахаар нь би 102-т цагдаа дуудаад ахиад үүдийг нь тогшсон чинь тэр айлын эмэгтэй ханцуйгүй цамцтай, богино шорттой, хөл нүцгэн, дух нь хавдсан байдалтай хүүхдээ тэврээд гүйгээд гараад ирэхээр нь би гэртээ оруулсан.” /хх-74-75/ гэх мэдүүлэг,  

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 3916 дугаартад дүгнэлтэд:

1. С.Б ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар, зовхи, шанаа, шуу, шилбэнд цус хуралт, чихэнд зулгаралт, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.                                                            

          3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй                  

          5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-38/ гэх дүгнэлт,                                          

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3928 дугаартай дүгнэлтэд:

          1. О.Д ийн биед хамар ясны хугарал, дух хүзүүний зулгаралт, цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, баруун мөр, цээж, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.                                                             

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.                     

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-44/ гэх дүгнэлт,                                        

 

            -Аюулын зэргийн үнэлгээ /хх-3/,

            -Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-55, 128-130/,

            -“Орбита” эмнэлгийн өвчтөний картны хуулбар /хх-131-133/,  

            -Шүүгдэгчийн О.Д , С.Б  нарын ял шалгах хуудас /хх-86-87/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шүрэнчулууны гаргасан: ...”

С.Б ийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний үйлчлүүлэгчийн хувьд амь биед нь аюултай нөхцөл байдал үүссэн учир аргагүй хамгаалалт хийсэн. Довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн тул энэ хэргийг цагаатгаж өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч С.Б  нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдрагч иргэн О.Д ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь О.Д , С.Б  нарын хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Л.Сүхбанди, Ж.Батцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  3928 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн татгалзалыг хүлээн авахгүй боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

            Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Д , С.Б  нарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны болон соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзлээ.

 

Энэ хэргийн улмаас хохирогч О.Д , С.Б  нар харилцан бие гомдол, саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д , С.Б  нарт ял шийтгэл оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч О.Д , С.Б  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Д , С.Б  нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Д , С.Б  нарыг  тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Д , С.Б  нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Д , С.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Д , С.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор О.Д , С.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Д , С.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС