| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1620 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Н.У , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.У т холбогдох эрүүгийн 1806 00000 1612 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нарангэрэлийн Ууганбаяр.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.У нь:
1. Т.Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.Амаржаргалын гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч, 780.000 төгрөгийн хохирол,
2. Т.Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Баяраагийн монгол гэрийн цоожийг эвдэж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,
3. Т.Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Гантөгсийн гэрийн цоожийг эвдэж 29 инч тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцэн плитка алдагдаж 390.000 төгрөгийн хохирол,
4. Т.Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн Т.Нямсүрэн Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Давхарбаярын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж. 590.000 төгрөгийн хохирол,
5. Ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд “Монгол тэмээ 999” арга хэмжээний үйл явдлыг сурвалжиж байсан “Эх орон” телевизийн 2531 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг камер хулгайлж, 18.530.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 19.043.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-24/, хохирогч Н.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /1хх-33-36/,
гэрч Г.Цэнд-Аюушийн өгсөн мэдүүлэг /1хх-37/, эд зүйлийн үнэлгээ /1хх-56/, хохирогч Ж.Баяраагийн өгсөн мэдүүлэг /1хх-103-106/, эд зүйлийн үнэлгээ /1хх-113/, хохирогч М.Гантөгсийн өгсөн мэдүүлэг /1хх-156-159/, эд зүйлийн үнэлгээ /1хх-164-165/, хохирогч Д.Давхарбаярын өгсөн мэдүүлэг /1хх-188-191/, гэрч С.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-192/, эд зүйлийн үнэлгээ /1хх-197-198/ хохирогч Н.Сүхбалсангийн өгсөн мэдүүлэг /1хх-220-221/, гэрч Н.Сүхбалсангийн өгсөн мэдүүлэг /1хх-220-221/, эд зүйлийн үнэлгээ /1хх-246-249/, гэрч Н.Нарангэрэлийн өгсөн мэдүүлэг /1хх-49/, гэрч Э.Анхмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-249/, шүүгдэгч Н.У ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-161-163, 3хх-114-115/, шүүгдэгч Н.У ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-хх-169/ зэрэг болно.
Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.У нь Т.Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.Амаржаргалын гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч, 780.000 төгрөгийн хохирол,
Т.Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Баяраагийн монгол гэрийн цоожийг эвдэж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,
Т.Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Гантөгсийн гэрийн цоожийг эвдэж 29 инч тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцэн плитка алдагдаж 390.000 төгрөгийн хохирол,
Т.Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн Т.Нямсүрэн Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Давхарбаярын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж. 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд “Монгол тэмээ 999” арга хэмжээний үйл явдлыг сурвалжиж байсан “Эх орон” телевизийн 2531 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг камер хулгайлж, 18.530.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 19.043.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Амаржаргалын өгсөн: “...Эрх үүрэгтэйгээ танилцлаа, асуух зүйл алга. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний аав над руу утсаар залгасан. Тэр “манай гэрт хулгай ороод эд зүйл алдагдчихлаа” гэж дуудлага өгсөн. Би гэртээ яваад очиход хорооны цагдаа ирээд явчихсан байсан. Түүнээс төд удалгүй цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирээд гэрт үзлэг хийсэн. Манай гэрийн цоожийг чулуугаар цохиж онгойлгоод дотороос нь эд зүйл хулгайлсан юм шиг байсан. Манай гэрээс Самсунг маркийн 32 инчийн ЛЕД телевизор, өвлийн 2 ширхэг куртик алдагдсан. Өвлийн сентвон нь куртикийг 2013 онд “Нарантуул” захаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 100.000 төгрөгөөр үнэлж байна. Дараагийн куртик үстэй захтай, цэнхэр өнгийн өвлийн куртик байсан. Ажлаас тарааж өгч байсан. Одоо 50.000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг маркийн 32 инчийн телевизорыг 2014 оны 7 дугаар сард 3, 4 дүгээр хороололын ВСВ-ийн салбараас 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад яг тэр гээд заагаад шалгуулчих сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад урьд өгсөн байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед манай гэрээс 32 инчийн Самсунг маркийн ЛЕД зурагт, 2 ширхэг өвлийн куртик хулгайд алдагдсан бөгөөд комиссын үнэлгээгээр 780.000 төгрөг болсон байна. 32 инчийн Самсунг маркийн ЛЕД зурагт, 2 ширхэг өвлийн куртик хулгайд алдагдсан бөгөөд комиссын үнэлгээгээр 780.000 төгрөг болсон байна. Надад учирсан хохирлыг төлчихвөл өөр гомдол санал байхгүй. Миний өдрийн цагаар байнгын ажилтай байдаг. Ямар ч завгүй байдаг. Тиймээс шүүх хуралд биечлэн сууж чадахгүй. Шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оруулахыг хүсэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /1-хх-33-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэнд-Аюушийн өгсөн: “...Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Тэнгис” кинотеатрын ойролцоо байрлах “Төрийн банк”-наас бүтэн өнчин тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 1.200.000 төгрөг авсан. Нямсүрэн миний утас руу залгаад “мөнгөтой болсон гэлүү зурагт авах уу” гэсэн. Би “ямар зурагт юм бэ, хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэтэл “300.000 төгрөгөөр зарна” гэсэн. Гэртээ хариад Алтан-Өлзийгийн гэрт ороход Нямсүрэн, Ууганаа, Батбаяр, Азжаргал нар байсан. Тэд 32 инчийн Самсунг маркийн зурагтаа 300.000 төгрөгөөр зарна гэхээр нь би Эрхэмээгийн хамт уг зурагтын үнэ ханшийг бууруулаад 1 шил архи нэмж авч өгсөн.” /1хх-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч П.Чадраабалын өгсөн: “...Би одоогоос нэг жил гарангийн өмнө Т.Нямсүрэнгээс өлзий зуух, хуучин жижиг хөргөгч, нэг зурагтыг нийлүүлээд 280.000 төгрөгөнд авсан. Тухайн үед Т.Нямсүрэн надад хэлэхдээ манай гэрийн эд зүйл гэж байсан боловч сүүлд хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн.” /1хх-39-40/ гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-24/,
-Эд зүйлийн үнэлгээ /1-хх-56/,
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-71-72/,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Баяраагийн өгсөн: “...Миний бие тус өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү болох Б.Баяр-Эрдэнэнийг эмнэлэгт үзүүлэхээр 14 цагт гэрээсээ гарсан юм. Тэгээд л хүүгээ үзүүлчихээд 17 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд хаячихсан ба би гэр рүүгээ орсон чинь манай гэрийн хойморт нь байсан 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт алдагдсан байсан. Тэгхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч тусламж хүссэн. Манай хашаанд ганцхан манайх л байдаг. Намайг ач хүүгээ үзүүлэх гээд эмнэлэг рүү явахад манай гэрт хэн ч үлдээгүй. Би гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Би гэрийнхээ хаалгыг сайн цоожлож гарсан. Манай хаалганы цоож ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Манайхаас зурагт л алга болсон байсан өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан. Манай зурагтанд ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. Манай зурагт шинэ байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Би алдсан зурагтаа нэхэмжилж байна. Нэмж ярьсан бүх зүйл үнэн. Би алдсан эд зүйлсээ л хурдан олж авмаар байна. Надад урьд өгсөн байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Мөн би хулгайд алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан. Надад ямар нэгэн гомдол санал алга. Миний хувьд одоо ямар ч хохиролгүй болсон. Тиймээс миний хувьд одоо уг хэрэг дээр оролцоод байх шаардлага байхгүй тул миний хүсэлтийг хүлээн авч уг хэргийг миний оролцоогүй шийдэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол санал алга. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл бүгд үнэн зөв. /1-хх-103-106/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Үржинсүрэнгийн өгсөн: “...Тэр өдөр миний бие 17 цаг 30 минутын үед ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Ж.Баяраа залгаад “гэрт хулгай орсон байна, чи хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би ажлаасаа шууд гараад гэртээ ирэхэд зурагт алга болсон, гэрийн эд зүйлсийг маань ухаад сандаачаад явчихсан байсан.” /1хх-107-108/ гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-85, 87-88/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-89-92/,
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-97-98/,
-Эд зүйлийн үнэлгээ /1-хх-113/,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Гантөгсийн өгсөн: “...Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажлаа тараад өглөө 9 цаг 30 минутын үед гэртээ яваад очтол манай гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байсан ба би хаалгаа татаад гэртээ ортол манай гэрийн хойморт байсан Тошиба маркийн телевизор болон алга болсон зурагтан дээр байсан МИВС кабелийн хүлээн авагч алга болсон байсан. Тэгэхээр нь манай хамар хашаанд байдаг аав Мөнхбаярын гэрт нь ороод гэр хулгай орчихсон байна шүү дээ гэхэд манай аав өглөө зүгээр байсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад манай гэрийн урьд байдаг аав Мөнхбаярынхаас нэг илүү цоожийг нь аваад гэрээ цоожилоод хашааныхаа хаалгыг хаачихаад ядраад байсан болохоор аавындаа орж унтсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байсан чинь манай аав намайг сэрээгээд танай гэрээс 2 хүн гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод тэр 2 залууг барьж аваад гэр рүүгээ авчирч ирээд гэртээ орох гэсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг дахиад эвдээд хаячихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр хоёр залуу манайхаас юу ч хулгайлаагүй зүгээр явж байсан. Тэгэхдээ манай гэрийн хаалгыг дахиад эвдээд орчихсон байсан. Манай гэрээс Тошиба маркийн телевизор болон МNВС-ийн кабелийн хүлээн авагч алга болсон байна лээ. Манай алдсан зурагтны нэг товчлуур нь цаашаа жихэгдсэн байгаа. МNВС-ийн кабелийн хүлээн авагчийн дээр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би гомдолттой байна. Би алдсан эд зүйлсээ нэхэмжилж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй ярьсан зүйл үнэн. Би алдсан эд зүйлсээ л хурдан олж авмаар байна. Манай гэрээс 29 инчийн 29 инчийн тошиба брэндийн зурагт, МНСБ кабелийн хүлээн авагч, өлзий зуух, угаалгын машин, хөргөгч, индукцэн плитка зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан бөгөөд 29 инчийн тошиба брэндийн зурагтаа 2011 онд зах дээрээс 270.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би 150.000 төгрөгөөр үнэлэж байна. Харин хүлээн авагчаа 2014 оны 8 сард 97.000 төгрөгөөр худалдаж авсан. Индукцэн плитка 2014 онд 35.000 төгрөгөөр, өлзий зуухыг 2012 онд 70.000 төгрөгөөр, бренд нь тодорхойгүй угаалгын машиныг 2012 онд Нарантуул захаас 120.000 төгрөгөөр, саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч 2012 онд 550.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Дээрхи эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авахыг хүсэж байна. Надад нийт 1.022.000 төгрөгийн хохирол учирсан болно. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Шүүх хуралд сууж амжихгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /1хх-156-159/ гэх мэдүүлэг,
-Эд зүйлийн үнэлгээ /1 хх-164-165/,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Давхарбаярын өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд хулгай орсон байсан. Тухайн өдөр би хурд группын хамгаалалтын албанд камерын хянагчаар ажиллаж байсан болохоор очиж чадаагүй. Маргааш нь гэртээ ирэхэд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явчихсан байсан. Манай гэрээс зурагт компьютер зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би ширээний суурин компьютероо ахаасаа 2014 онд 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэрэглэж байсан хуучин компьютер байгаа. Телевизораа лизингээр 980.000 төгрөгөөр 2010 онд худалдан авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. Миний талаас буруу байгаа учраас, энэ хүний асуудлыг хөнгөн нааштайгаар өгнө үү гэмээр байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Манай гэрт 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд хулгай орж 32 инчийн хар өнгийн LG маркийн LCD зурагт марк тодорхойгүй суурин компьютер 2 хулгайд алдагдсан байсан. Ээж маань хулгай ордог өдөр 14 цаг 30 минутын үед гарч яваад орой 17 цаг 30 минутын үед ирсэн чинь гэрийн хаалганы цоож эвдээд хулгай орчихсон байсан гэсэн. Манай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-419 тоотод амьдардаг. Суурин компьютерийг худалдаж аваад 2-3 хонож байсан. Авахдаа 250.000 төгрөгөөр хүнээс авсан. Хуучин хэрэглэж байсан компьютер, зурагтыг бол 2008 онд 980.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Худалдаж авсан баримт нь байсан. Гэхдээ тэрийг хайгаад олохгүй байна. Манай гэр рүү орсон хулгайчийг олсон гэж мэдсэн. Гэхдээ уг хэргийг одоо болтол шийдэгдэхгүй байгаад гайхаж байна. Түргэн шуурхай шийдэж өгнө үү. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Намайг шүүх хуралд суух шаардлагатай гэж үзвэл сууна. Харин шаардлагагүй бол би суухгүй. Хэргийн материалтай танилцана. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан бүх зүйл үнэн. /1хх-188-191/ гэх мэдүүлэг,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-176-180/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-181/,
-Эд зүйлийн үнэлгээ /1хх-197-198/,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Сүхбалсангийн өгсөн: “...Манай телевизор 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос Даланзадгад суманд болж байгаа тэмээний баярыг улсын хэмжээнд цацаж сурвалжлага хийхээр нийтдээ 7 камер, багийн хамт хүрэлцэн ирсэн. Ингээд 6, 7-ны өдрүүдэд тэмээний баярын арга хэмжээг улсын хэмжээнд шууд дамжуулж үзүүлсэн эхний өдөр 18 цагт дуусгасан. Өглөө нь тэмээний уралдааны арга хэмжээг шууд дамжуулаад 4-н камерыг нөөцөнд үлдээсэн байсан. Тэр камераас 2 камерыг аймгийн төвд сурвалжилаганд явуулсан. Камерыг морь барианы хажуу талд байсан манайд зориулж барьсан гэрийн хажуу талд бүхээгтэй машинаа тавиад тэр дотороос тайлбар хийж байсан суудлын ар доор нь хоёр камер байсан юм. Ингээд тэмээний буухиа тэмцээн болж байхад бид нар бүгдээрээ гараад буухиа тэмцээнийг сурвалжилж байсан гэрээс гарсан утас машин руу орсон байсан болохоор машин цоожлоогүй байсан юм. 6-ны өдрийн 18 цаг болох гэж байхад аймгийн төвд арга хэмжээ болох гээд байсан болохоор камеруудаа аваад машинтайгаа явсан ингээд театр дээр ирээд сурвалжлагаа хийсэн. Би суудлын доор хоёр камер байгаа гэж бодоод үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь би ажилчдаасаа “хоёр камерыг авсан” эсэх талаар асуухад манайхан бүгдээрээ “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар морь барианы газар гэрт үлдээсэн гэж бодоод нээх сүртэй зүйл бодоогүй өнгөрсөн. Угаасаа гэрт манаач байсан болохоор санаа зовоогүй. Ингээд маргааш өглөө нь буюу 7-ны өглөө морь барианы газар байх гэртээ очоод үзэхэд камер байхгүй байсан. Ингээд эрэл сурал болж эхлэхэд манай ажилчид бүгдээрээ “бид нар мэдэхгүй, аваагүй” гэж хэлсэн болохоор 7-ныхаа үдээс хойш орой нь цагдаад хандсан юм. Уг камерыг тэмээний баяр дээр огт ашиглаагүй учир нь энэ хоёр камерыг нөөцөнд үлдээсэн байсан ямар нэгэн асуудал болох юм бол гаргаж ирэх ёстой байсан. Энэ хоёр камер миний нэр дээр байдаг юм. Манай машин нь хоёр талдаа заалны гүйдэг хаалгатай ар талдаа дээшээ болдог том хаалгатай бүхээгтэй цагаан өнгийн машин байсан. Кабелын утас гэрээс машин руу орсон байсан болхоор хаалга гүйцэд цоожлогдоогүй байсан юм. Машинд хоёр камер, заалын суудлын ар доор нь байсан. Ар хэсэгт эд зүйлээ авсан байсан болохоор хоосон байсан. Арын хаалгыг нээхэд араас нь шууд харагдана. Харин хоёр талын заалны гүйдэг хаалгаар хулгайч ороод суудал дээгүүр өнгийж харахад шууд харагдаж байсан. Ерөнхийдөө машины буруу талын гүйдэг хаалгаар бид нар орж гардаг байсан. Арын хаалгыг хулгайч нээх юм бол манайхан харах байсан. Камер нь япон улсад үйлдвэрлэгдсэн 4 К гэдэг нэртэй Сони брендийн камер байсан. Гадуураа хар цүнхтэй. Цүнхний хармаанд нь дамжуулагч утас, батерай цэнэглэгч буюу камерын дагалдах хэрэгсэл бүгдээрээ байсан. Уг хоёр камер огт шинээрээ байсан. Голдуу нөөцөнд байдаг байсан. 2015 оны 11 сард япон улсаас ирсэн камер байсан. Нэг бүрийн үнэлгээ нь Монгол мөнгөөр 10 орчим сая төгрөгний үнэтэй эд зүйл байсан. Гэхдээ би үнийн талаар сайн мэдэхгүй байна. Надаас өөр хүн машины суудлын ар доор камер байгааг мэдэхгүй байх ёстой. Гэрт нэвтрүүлэг дамжуулах тоног төхөөрөмж байсан болхоор гэрээс тэжээлийн утас монитор дүрсний утасыг гаргаад машин руу оруулсан байсан утаснууд машины буруу талын гүйдэг хаалгаар орсон байсан болхоор машиныг цоожлоогүй байсан. Машиныг гэрийн зүүн талд, урагш нь харуулаад байрлуулсан байсан. Ердөөсөө гэрээс нэг метр орчим метрийн зайтай зогсоож байсан. Хүн явахаар зайтай байсан. Машинд нэвтрүүлэгийг Цолмонбаяр, Ганпүрэв хоёр орж тайлбар уншиж байсан. Гэхдээ энэ 2 нээх олон орж уншаагүй. Машин хүйтэн байсан. Гэрт гал түлсэн дулаахан байсан болхоор бүх үйл ажиллагаа гэрт болж байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Бид камераа алдаад сураг тавиад явж байхад миний сонссоноор дээшээ гардаг шатны хажуу талд нэг хүн шоо тоглуулж байсан гэсэн. Бас нэг хип хоп хувцастай хоёр залуу хоорондоо хэрэлдэж байсан гэсэн. Гэхдээ тэр хавиар маш олон хүн байсан болохоор хэнийг гэж сэжиглэх вэ. Гэрт машин ойрхон байсан болохоор бид нар машинд хулгайч орно гэж огт бодоогүй. Тэгээд ч кабелын утас машины хаалгаар орсон болохоор цоожилох боломжгүй байсан. Манайхнаас тэр болгон машин руу орсон хүн байхгүй байх гэж бодож байна. Би угаасаа тэр хоёр камерыг машинд суудлын ар талд тавьсан юм. Машинаас зөвхөн хоёр цүнхтэй, хоёр шинэ камер хулгайд алдагдсан. Хоёр хөл нь хажуу талд нь ууттайгаа байсан. Хөлийг нь аваагүй байсан. Миний бодож байгаагаар 20 гаран сая төгрөгний хохирол учраад байна. Гомдолтой байна. Хулгайчийг хурдан олж хохирол барагдуулж өгнө үү. Өөр нэмж ярих зүйлгүй. /1 хх-220-221/ гэх мэдүүлэг,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-204-210/,
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-211, 216/,
-Эд зүйлийн үнэлгээ /1хх-246-249/,
Мөрдөн байцаалтад Н.У ын яллагдагчаар өгсөн: “...Би нийт 4 удаагийн хулгайн хэрэг үйлдсэн бөгөөд надад урьд өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл алга. Би дараах гэмт хэргүүдийг үйлдсэн Үүнд: Т.Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.Амаржаргалын хаалганы гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 32 инчийн ЛЕД телевизор, эрэгтэй хүний 2 ширхэг куртик зэрэг эд зүйл хулгайлсан, Нямсүрэн, Б.Батбаяр, А.Алтан-Өлзий нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Баяраагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлсан, Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооСэлбийн 587 тоот М.Гантөгсийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 29 инчийн самсунг маркийн зурагт, МНСБ кабелийн хүлээн авагч, Өлзий зуух, угаалгын машин, индукцэн плитка зэргийг тус тус хулгайлсан, Нямсүрэн, Б.Батбаяр, Ц.Азжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоотод оршин суух иргэн Д.Давхарбаярын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LG маркийн зурагт, Хайер маркийн компьютер хулгайлсан. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг ухамсарлаж байна. Хохиролыг төлж барагдуулах болно. Надад өөр нэмж ярих зүйл алга. Миний ярьсан зүйл бүгд үнэн. /2хх-161, 162-163, 3хх-114-115/ гэх мэдүүлэг,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /4хх-1-15/,
-Шүүгдэгч Н.У ын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-168, 247/,
-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /2хх-169/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.У нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 19.043.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
Мөн шүүгдэгчийн үйлдлийг прокурорын зүгээс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгч Н.У т илүү ашигтай болно.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод
гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.У нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 19.043.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүхээс шүүгдэгч Н.У т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.У нь бусдад нийт 19.043.500 төгрөгийн хохирол учруулсанаас 18.642.500 төгрөгийн хохирол төлөгдсөн, ба түүний Төрийн сангийн 10090005406 дугаартай дансанд 401.000 төгрөг тушаасанаас хохирогч Н.Амаржаргалд 156.000 төгрөг, хохирогч Д.Давхарбаярт 147.500 төгрөг, хохирогч М.Гантөгсөд 97.500 төгрөгийг тус тус олгохоор тогтов.
Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Н.У нь энэ хэрэгтээ 57 хоног цагдан хоригдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.У хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.У т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Н.У т оногдуулсан 2 жил 1 сарын нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Н.У ын Төрийн сангийн 10090005406 дугаартай дансанд тушаасан 401.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Амаржаргалд 156.000 төгрөг, хохирогч Д.Давхарбаярт 147.500 төгрөг, хохирогч М.Гантөгсөд 97.500 төгрөгийг тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.У нь энэ хэрэгтээ 57 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.У т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор Н.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС