Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00016

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00016

 

 

 

С.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03580 дугаар шийдвэртэй, С.Мын нэхэмжлэлтэй, Б.Цт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлж авах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Д.М нь С.Мтай 2019 оны 12 дугаар сард түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206029411 дугаартай, Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны * дугаар байрны * тоот * м.кв талбай бүхий орон сууцыг 412,725,000 төгрөгөөр худалдах санал тавьсан. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, төлбөрийг 3 сарын дотор буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тохирсон. Тухайн үед Д.М нь хугацаандаа орон сууны үнийг төлж чадахгүй тохиолдолд бусдад зарах, эсхүл барьцаанд тавиад мөнгийг өгнө гээд итгэмжлэл хийлгэж авсан. Нэхэмжлэгчийн хувьд байраа худалдан зарах зорилготой байсан. Үүнээс хойш Д.Маас удаа дараа асуухад удахгүй мөнгөө өгнө, эсхүл зараад өгнө гэдэг байсан. Орон сууцны тухайд одоог хүртэл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа. 2021 он гарснаар өөрөө орон сууцаа худалдахаар болж лавлагаа автал өөрийнх нэр дээр лавлагаа гараагүй. Д.Маас энэ талаар тодруулахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Цтой зээлийн гэрээ байгуулж 70,000 ам.доллар зээлж, зээлийн барьцаа болгож таны орон сууцыг Б.Цын шаардсаны дагуу 50,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед Д.Мд холбогдуулан гомдол гаргасан боловч Д.М нь хилээр гарсан байсан. Д.М, Б.Ц нар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 70,000 ам.долларын зээлийн гэрээ, орон сууц 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг нэг өдөр хийсэн. С.Мын байрыг зээлийн барьцаанд тавиагүй, харин 70,000 ам.долларын гэрээг халхавчилж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлд нь шилжүүлсэн. Б.Цт өмчлөх эрхийг шилжүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд С.Мыг төлөөлж Д.М болон Б.Ц нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжсэн С.Мын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж * байрны * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.Мын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

С.М гэх хүнтэй ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд Д.М нь түүнийг төлөөлөх итгэмжлэлтэй ирсний дагуу нотариатаар орж гэрээ байгуулсан. Д.М нь 70,000 ам.доллараа надад өгчих гэхээр нь би байраа надад шилжүүлж өгөөгүй нөхцөлд чамд мөнгө зээлэхгүй, барьцаагүй мөнгө зээлэхгүй, мөнгөө төлчихвөл 3 сарын дараа буцаагаад шилжүүлье, байрыг чинь үзье гээд Д.Мтай очиход С.М гэх эмэгтэй байсан бөгөөд өөрөө байраа үзүүлсэн. Гэтэл Д.М мөнгөө хүүтэй нь өгөхгүй алга болсон. Би худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор нотариат дээр очиж хийсэн, итгэмжлэл бүрэн байсан. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлд заасны дагуу 50,000,000 төгрөг гэж тохироод 70,000 ам.доллар зээлүүлэхээр тохирч худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Бид хоёрын аман тохиролцоо 3 сарын дотор буцааж шилжүүлж өгөх байсан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заасны дагуу би гэрээгээ хийсэн. С.М нь гэрээтэй ямар ч хамааралгүй, би Д.Мтай гэрээ байгуулсан. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Мандалсүрэнг төлөөлж Д.М, Б.Ц нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны * дугаар байрны * тоот *м.кв талбай бүхий 4 өрөө сууцыг С.Мын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цоос 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 1,813,632 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгож шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд үндэслэл бүхий дүгнээгүй, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт хийсэн. С.Маас Д.Мд итгэмжлэл олгосон зорилго нь тэдний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу уг орон сууцны харилцан тохиролцсон үнийг итгэмжлэлээр олгосон олон төрөл, хэлбэрээр захиран зарцуулах ажиллагааны үр дүнд олж авах байсан. Харин Д.М худалдсан байрны мөнгөө төлөхгүй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байх хугацаанд нэхэмжлэл гарган С.М болон Д.М нарын хоорондын харилцааг мэдэхгүй гуравдагч этгээд миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

4.б. Хуульд зааснаар бол энэ маргааны үндэслэлээс үзэхэд С.М, Д.М нарын хооронд үүссэн маргаан бөгөөд миний хувьд энэ хоёрын хооронд үүссэн харилцааны талаар мэдээгүй, мэдэх боломжгүй гуравдагч этгээд учир маргаанд гуравдагч этгээд болохоор байхад шүүх маргааны үйл баримтыг нягтлан тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн хялбар аргаар Д.Мтай зууралдахгүй, байраа буцааж авах гэсэн хуульд нийцэхгүй, явуургүй шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмыг алдагдууллаа гэж үзэж байна.

4.в. Шүүх эрх зүйн маргаантай харилцааны төрөл, агуулгыг зөв тодорхойлоогүй, маргааны талууд тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.Ц нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид шаардах эрх, хариуцагчид хүлээх үүрэг үүсээгүй байхад шүүх юуг шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа С.М, Б.Ц нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэж тодорхойлж, хуралдаанд энэ шаардлагаа дэмжсэн, гэтэл шүүх шийдвэртээ С.М төлөөлж Д.М, Б.Ц нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэж нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд Д.Мд 70,000 ам.доллар зээлж, тус зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар маргаан бүхий эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр 50,000,000 төгрөгийн үнийн дүнгээр өөртөө шилжүүлэн авсан талаараа тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болдог. Тухайн хэлцэл нь С.М, Б.Ц нарын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгчээс Д.Мд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, ашиглах итгэмжлэл олгоогүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч анхнаасаа орон сууцыг зарж мөнгөтэй болох хүсэл зоригтой байсан. Харин хариуцагч яг бодитойгоор 50,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан аваагүй, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэдгээ шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хариуцагчийн гомдол үндэслэл муутай. Орон сууцны эзэмшил, ашиглалт нь маргаан үүсэх хүртэл нэхэмжлэгчид байсан, хариуцагч өөртөө орон сууцыг шударгаар олж аваагүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар хэлцлээс үүсэх үр дагавар С.Мд шилжсэн. Түүнчлэн цагдаагийн байгууллагад шалгагдаж буй асуудал нь хэлцэлтэй холбоотойгоор залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг шалгаж байгаа асуудал. Шүүх хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Цт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлж авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч С.М нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, * байрны * тоот хаягт байршилтай өөрийн өмчлөлийн орон сууцыг 412,725,000 төгрөгөөр худалдах нөхцөл бүхий Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Д.Мтай байгуулж, мөн түүнд итгэмжлэл олгож, орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, зээлийн барьцаанд бариулах зэрэг эрхийг шилжүүлжээ. (хэргийн 5, 7, 8 дахь тал)

5.Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Цтой 70,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө дээрх итгэмжлэлийг үндэслэн орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, хариуцагч Б.Ц орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байна. (хэргийн 53, 63, 72, 73 дахь тал)

6.Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч С.Маас олгосон итгэмжлэлийн дагуу Д.М нь хариуцагч Б.Цтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7.Анхан шатны шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, хариуцагч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 70,000 ам.долларыг Д.Мд зээлдүүлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, талууд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулж хэлцэл хийсэн, мөн хэлцлийн дагуу 50,000,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй байна. (хэргийн 9 дэх тал)

8.Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул шүүх талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны * дугаар байрны * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий * өрөө сууцыг нэхэмжлэгч С.Мын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцжээ.

9.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА