Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0107

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ө, нэхэмжлэгч Ц.Ц нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор, Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.3, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг тус тус баримтлан Боловсрол, соёл, урлагийн газраас Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын орон тоог нийтэд нээлттэй зарлан, сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ц-ыг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Булган аймгийн Засаг дарга /З.Б/-д даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрыг нээлттэй зарласан сонгон шалгаруулалттай холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс сэлгэн ажиллуулсан, шилжүүлэн ажиллуулсан гэх үндэслэл байна гэж үзсэн нь хуульд байхгүй заалт байхад тайлан, илтгэлээс нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах гол үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1, 33.1, 34.1-д заасан. Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдад сэлгэн ажиллах хуулийн зүйл, заалт байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Ц өөрөө харилцан тохиролцож, сэлгэж ажиллуулсан гэсэн нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийн тайлбараар үнэлэлт өгч нотлох баримт шаардалгүй дүгнэлт гаргасан. ...Сонгон шалгаруулалтын хувьд Засгийн газраас гаргасан 258 дугаар тогтоолд төрийн захиргааны албан хаагч гэж дурдагдсан боловч удирдах албан хаагч гэдэгт сургуулийн захирал орж байгаа тул бид сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн, Булган сумын Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжуудад “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн ямар ч заалтыг үндэслээгүй, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ажлын байрыг ажил олгогч, ажилтан нар харилцааг харилцан тохиролцсоны үндсэн дээр шууд дуусгавар болгосон аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар нотлогддог. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсоны үндсэн дээр түр хугацаагаар өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан тохиолдолд ажилтныг заавал ажлаас чөлөөлөх шаардлагагүй зэргээр нотлогдож байгаа болно.

...Хөдөлмөрийн гэрээнд харилцан ямар үүрэг хүлээсэн, гэрээг хэдэн жилийн хугацаагаар байгуулсан нь тодорхойгүй байна. Мөн тухайн албан тушаалаараа шилжин ажиллаж байгаа бол түр орлон гүйцэтгэх гэсэн ойлголт байх учиргүй. Ийм нөхцөл байдалтай захирамж гарсан байхад өөрийн ажил үүрэгтэй холбогдон гарсан шийдвэрийн талаар ямар нэг гомдол санал гаргалгүй нэг жил гаруй хугацааг өнгөрөөсөн нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга З.Б 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар байгууллагынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх үеэр нийт сургуулийн удирдлагуудад хандан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчдын сул ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг өгөгдсөн. ...Уг мэдэгдэх ажиллагаа хийгдсэнийг нэхэмжлэгчийн зүгээс ч няцаагаагүй болно. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Булган аймгийн Засаг даргын захиалгаар[1] Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрыг сул орон тоо гэж үзэж, Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ.

Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, “Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1112 тоот албан бичиг, Боловсрол соёл, урлагийн газрын даргын тушаалаар явагдаж буй хууль бус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах”[2] шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчаас хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтыг баримтлан сургуулийн захирлуудыг хооронд нь сэлгэн ажиллуулсан учраас намайг Спортын сургалттай сургуулийн захирлаар түр томилсон, миний үндсэн ажлын байр бол Хялганат тосгоны захирлын албан тушаал, гэтэл сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Хялганат тосгоны сургуулийн захирлын албан тушаалаас нэхэмжлэгчийг бүр чөлөөлж, Спортын сургалттай сургуулийн захирлын албан тушаалд түр томилсон, нэхэмжлэгчээс уг тушаалуудтай маргаагүй тул хүчин төгөлдөр болсон, одоо уг ажлын байруудыг сул орон тоо гэж үзэх учраас сонгон шалгаруулалт зарласан, ... иймд нэхэмжлэгчийг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “...ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуулийн захиралтай солилцон, сэлгэн ажиллуулах талаар тохиролцсоноор аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг үндсэн ажлаас нь чөлөөлж, өөртэй нь зөвшилцсөний дагуу шилжин очиж ажиллах ажлын байранд түр томилсон болох нь нотлогдож байна, ...нэхэмжлэгчийн үндсэн ажлын байрыг сул орон тоо гэж үзэн шууд сонгон шалгаруулалт зарласан хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй, ...иймд нэхэмжлэгчийг Хялганат тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох нь ажил олгогчийн үүрэг...” гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн Засаг дарга нь тухайн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлуулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт захиалга хүргүүлэх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30.1.15, ...хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б/34 дүгээр захирамжаар Спортын сургалттай бүрэн дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргаас дээрх шийдвэрүүдийг гаргах болсон үндэслэлээ “...Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас бүр чөлөөлсөн” гэх боловч энэ нь тогтоогдсон нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Ц-ын Хялганат тосгоны сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар 3.1-д “Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно. /Боловсрол, соёл урлагийн газартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн захирлыг солилцох, сэлгэн ажиллуулах/” гэж заасан, энэхүү заалтыг нэхэмжлэгч Ц.Ц-ыг ажлаас чөлөөлсөн Булган аймгийн Засаг даргын Б/29 дүгээр захирамжид баримталсан, мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Боловсрол, соёл урлагийн газрын даргаас Ц.Ц-ыг ажлаас чөлөөлөхөд санал аваагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас түр чөлөөлж, Спортын сургалттай бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч Булган аймгийн Засаг даргаас хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ц-ыг сэлгэн ажиллуулсан атлаа хожим түүнийг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас бүр чөлөөлсөн гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байх тул тухайн ажлын байрыг сул орон тоонд тооцож сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцэхгүй байх төдийгүй албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.

Иймд сул орон тоо гараагүй байхад Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар хүргүүлсэн Булган аймгийн Засаг даргын захиалга хууль бус байх тул үүнд үндэслэн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан үйл ажиллагаа нь мөн хууль бус юм.

Түүнчлэн Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын  албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах боловч нэхэмжлэгч Ц.Ц нь Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албанд орсон, төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг тул түүний хөдөлмөрийн харилцаанд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг сэлгэн ажиллуулах талаар зохицуулаагүй байхад захиргаанаас хөдөлмөрийн гэрээнд сэлгэн ажиллуулах нэмэлт зохицуулалтыг тусгасан төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 22.3-т “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж зааснаар хариуцагч Булган аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх боловч шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлээ.

Харин нэхэмжлэгчийг “Спортын сургалттай бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атал хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй  байх боловч талууд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч дээрх шаардлагаасаа татгалзсан болохоо давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1112 дугаар албан бичгийг үндэслэн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ц-ыг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг Булган аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 


[1] Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1112 дугаар албан бичиг

[2] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас /нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан/