Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 46

 

Шүүгчийн хараат бус байдалд

халдсан этгээдэд холбогдох зөрчлийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  

 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШЗ2016/00611 дүгээр захирамжтай,

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүсэлттэй

Х.*******д холбогдох

“Иргэн Х.*******д Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай” материалыг иргэн Х.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Иргэн Х.*******

            Өмгөөлөгч Ц.Гансүх

            Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

            Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн Х.*******д холбогдуулан нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлжээ.

            Шүүгч Л.Угтахбаярын хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн 2 дугаар хэсгийн 2.2-т тэмдэглэн баталгаажуулсан хэргийн оролцогч Х.*******гийн гаргасан хүсэлтэд шүүгч та нөгөө талд илүү давамгай хандаж байгаа нь илт байна... Миний зүгээс шүүгч танд хандахад одоо болох шүүх хурлыг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй болбол шүүгч таныг шүүгчийн мэргэжлийн хариуцлагын хороо, шүүгчийн ур чадвартай холбоотой асуудал гомдол гаргаж, шүүхийн зүгээс гаргасан шүүгчийн захирамжууд, хоёр дахь шатны шүүхийн магадлалаар, нотлох баримтуудаар шалгуулах болно” гэж дурдсан үйлдэл нь цугларсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар иргэн Х.*******д хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хянан, шийдвэрлүүлэхээр нөлөөллийн мэдүүлэг болон холбогдох баримтыг хүргүүлэв.” гэжээ.

            Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Шүүгч Л.Угтахбаяр тайлбартаа:

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би Х.*******гийн нэхэмжлэлтэй И.Амгаланбаатарт хариуцагдах гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоосон хуваарийн дагуу надад хувиарлагдсныг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 минутанд товлон зарласан байна.

            Нэхэмжлэгч Х.******* нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тус шүүхийн факсаар ирүүлсэн өргөдлөөр шүүгч надад дарамтлах хэлбэрээр нөлөөлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.******* нь урьд нь шүүгч намайг үндэслэлгүйгээр гүтгэж Монгол улын шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасныг тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаартай тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно гэжээ.

             Иргэн Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн шүүгч Л.Угтахбаярыг Х.******* намайг нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзэж байна. Х.******* миний бие хууль мэдэхгүй, хэргийн учир ойлгохгүй, уур бухимдлаасаа болж хууль зөрчсөн гэдгээ ойлголоо. Тэр үед нөхөр И.Амгаланбаатарт гомдсон сэтгэлээ барьж чадалгүй буруу үйлдэл хйисэн байна. Би шүүгчид нөлөөлж өөртөө нааштай үйлдэл гаргах санаа байгаагүй зөвхөн л энэ шүүгч өөр дээрээ дахиад энэ хэргийг аваад шийдэх гээд байна гэсэн ойлголттой байсан байна. Шүүхэд хандсан үйлдлийг ойлгож хариуцлагаас чөлөөлж өгнө үү? Би одоо дахин ийм болчимгүй явдал хийхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Халтарын *******г нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.920.000 төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж шийдвэрлэжээ.

Иргэн Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 145/ШЗ2016/00611 тоот захирамжаар иргэн Х.******* намайг 1 920 000 төгрөгөөр торгон, олон нийтийн хэрэгслээр зарласан.

00611 тоот захирамжийн үндэслэх хэсэгт “Иргэн Х.******* тайлбар хүсэлтдээ ...

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтэд “...иргэн Х.*******г Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ...шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэсэн заалтыг зорчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ. Нэхэмжлэгч Х.******* би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Л.Угтахбаярыг татгалзан гаргах хүсэлт өгсөн. Үндэслэл нь: 7 сар өнгөрөхөд хэргийг маань шийдэж өгөхгүй байна, 10 гаруй удаа хүсэлт өгсөн боловч ихэнхийг нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байсан тул хардах эрхтэй гэж үзэж байна.

 Надад хариуцлага хүлээлгэсэн 00611 тоот шүүгчийн захирамжаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон факсаар илгээсэн гэх бичигт: Миний зүгээс шүүгч танд хандахад одоо болох шуух хурлыг үнэн зөвөөр шиийдэж өгөхгуй болбол шүүгч таныг шүүгчийн мэргэжлийн хариуцлагын хороо, шүүгчийн ур чадвартай холбоотой асуудал гомдол гаргаж, шүүхийн зүгээс гаргасан шүүгчийн захирамжууд, хоёр дахь шатны шүүхийн магадлалаар нотлох баримтуудаар шалгуулах болно гэж байгаа. Х.******* миний бие шууд утгаараа авч үзвэл хэргийг миний талд шийдвэрлэж өг, өгөхгүй бол ... гэсэн санаа зорилго агуулаагүй. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээр хянуулна, эргэлзээ төрвөл шүүгчтэй холбоотой хүсэлт гомдлоо холбогдох байгууллагад нь гаргана гэж бодсоноо бичсэн юм. Энэ талаараа шүүхэд гаргасан тайлбарт тодорхой бичиж уучлалт гуйж байсан.

Надад хариуцлага хүлээлгэсэн 00611 тоот захирамжийг шүүгч А.Энхтөр гаргасанд гомдолтой байна. Учир нь Х.******* миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч А.Энхтөр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байсан.

Мөн нэхэмжлэгч Х.******* миний бие 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүгч А.Энхтөрийг татгалзан гаргах хүсэлт өгч байсан. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Иймээс 00611 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т заасны  дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “шүүгч Л.Угтахбаярын нөлөөллийн мэдүүлэгт баталгаажуулсан Х.*******гийн үйлдлийг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл” гэж шалгуулахаар ирүүлсэн саналыг үндэслэн Х.*******д Шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т  шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, халдахыг оролдсон этгээдэд нөлөөллийн мэдүүлэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүсэлтийг үндэслэн эрүү, иргэн,  захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу харъяалах шүүх хариуцлага хүлээлгэхээр заасан.  “Харъяалах шүүх” гэдэг нь нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгчийн томилогдсон шүүх гэж ойлгогдож байх тул нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч Л.Угтахбаяр нь Өмнөговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч тул мөн шүүхээс түүний хараат бус байдалд халдсан эсэхийг шалган тогтоосон нь шүүхийн харъяаллыг зөрчөөгүй байна.

Шүүгч Л.Угтахбаяр нь Х.*******гийн гэр бүл цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж байх үед уг хэрэгт нь холбогдуулан Х.*******гаас шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтийн “шүүгч Л.Угтахбаярт .. Миний зүгээс шүүгч танд хандахад одоо болох шүүх хурлыг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй болбол шүүгч таныг шүүгчийн мэргэжлийн хариуцлагын хороо, шүүгчийн ур чадвартай холбоотой асуудалд гомдол гаргаж, шүүхийн зүгээс гаргасан шүүгчийн захирамжууд, хоёр дахь шатны шүүхийн магадлалаар, нотлох баримтуудаар шалгуулах болно” гэсэн нь дарамтлах хэлбрээр нөлөөлж байна гэж нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулжээ.

Х.******* нь би шүүгчид нөлөөлж нааштай шийдвэр гаргуулах санаа агуулаагүй гэж тайлбарлаж, хариуцлага хүлээлгэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоо шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянуулна, эргэлзээ төрвөл шүүгчтэй холбоотой гомдлоо холбогдох байгууллагад гаргана гэж бодсоноо бичсэн, шүүгч Л.Угтахбаяр нь гаргасан хүсэлтүүдийн ихэнхийг хэрэгсэхгүй болгож байсан, татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан шүүгч С.Энхтөр хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой гэх үндэслэлээр гаргасан байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналд Х.*******гийн  2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буюу  хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснээс хойш нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт авагджээ. Гэвч Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 143/ШШ2015/00466 дугаар шийдвэр, Х.*******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар зэргээс шүүх Х.*******гийн нэхэмжлэлээр 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзвэл иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т  “нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчснөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна гэснээр Х.*******гийн нэхэмжлэлээр 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн даруйд нөлөөлийн мэдүүлгийн талаар Х.Ариутуяад танилцуулсан гэж үзэх нь хуулийн дээрх зохицуулалттай нийцнэ.

Иймээс Х.*******г 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан гэж үзэх боломжгүй  байна.

Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг Шүүгчийн эрх зүйн байдлын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Шүүхийн тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар хориглож шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулсан. Хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжжүүлэхээс гадна шүүгчийг Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзвэл Ёс зүйн хороонд гомдол гаргах  эрхтэйгээр оролцохоос өөр хэлбэрээр оролцох боломжгүй юм. Тиймээс Х.*******гийн өөрийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгчид шударга шийдвэр гаргуулах тухай тайлбар өгч буй  үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл биш тул түүнийг шүүгчид зөвлөгөө, зааварчилгаа өгөх хэлбэрээр шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзнэ.

Дээр нөхцөл байдлуудыг нэгтгэн давж заалдах шатны шүүхээс Х.*******гийн шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл тогтоогдсон, хүлээлгэсэн хариуцлага нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасантай нийцэж байна гэж үзээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.2-т зааснаар шүүгч шийтгэвэр гаргах байтал мөн хуулийн 31.4-т заасныг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй. Уг зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШЗ2016/00611 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, Х.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрх бүхий этгээдүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаарзүйлийн 172.2-д заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ

Н.НАСАНЖАРГАЛ