| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1617 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч Б.Бадар-Ууган,
Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Х холбогдох эрүүгийн 1806 08443 1884 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Л.Х .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудал дээр иргэн Б.Бадар-Ууганыг цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бадар-Ууган мэдүүлэхдээ: “...2018 оны 10
дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Жуковын автобусны буудал дээр ирээд Ц.Саранзаяаг хүлээж байтал тэнд 2 зодолдож байсан залуу Ц.Саранзаяагийн машины баруун толин дээр нэгнээ дарж унагаад хугалчихсан. Би машинаас буугаад цагдаад дуудлага өгөөд утсаар яриад зогсч байтал араас дуудахаар нь эргээд хартал шууд нүүрэн тус газар тухайн залуу цохиод авсан. Би хохирлоо бүрэн авах саналтай байна. Өнөөдөр адилхан эр хүмүүс тул байгаа мөнгийг нь аваад үлдсэн мөнгөө тохирох саналтай байна. Надад гомдол санал гээд байх юм байхгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бадар-Ууганын өгсөн мэдүүлэг /хх-14-16/, гэрч Ц.Саранзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч М.Болорсүхийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12626 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Л.Хүрэлсүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35/, шүүгдэгч Л.Хүрэлсүхийн иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-36-37/, мөн шинээр хохирол төлсөн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков”-ын автобусны буудал дээр иргэн Б.Бадар-Ууганыг цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч баримтуудаас хохирогч Б.Бадар-Ууганы өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай найз “дээлээ өгөөч” гэсэн учир дээлээ аваад “Жуков”-ын автобусны буудал дээр хүргэж өгөнгөө тэнд байдаг бааранд орж нэг, нэг пиво уугаад юм яриад сууж байтал ажлын Ц.Саранзаяа над руу залгаад “ажлын файл байсан флаш авъя” гэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. “22 цагийн орчим “Жуков”-ын автобусны буудал дээр ирлээ” гэхээр нь гарч очоод машинд нь суугаад флашаа өгөөд Ц.Саранзаяаг холдуулъя гээд ухарч байтал 2 зодолдож байсан залуу ирээд Ц.Саранзаяагийн машины баруун толин дээр нэгнээ дарж унагаад хугалчихсан. Би машинаас буугаад цагдаад дуудлага өгөөд утсаар яриад зогсч байтал араас “Яасан хөгшөөн” гэхээр нь эргээд хартал шууд нүүрэн тус газар тухайн залуу цохиод авсан. Тэгтэл хамарнаас цус гараад нүд бүрэлзээд явчихсан. Тэгтэл дахиад цохих гэж байгаа бололтой нөгөө залуу ойртохоор нь зугтаад 2 замын голд очоод хамрын цусаа гоожуулж байтал Ц.Саранзаяа “хаана байна” гэхээр нь “би цохиулчихлаа замын голд байна” гэж зааж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг дагуулаад караоке руу ороход намайг цохисон бүдүүн залууг сууж байхаар нь аваад хэлтэс дээр ирсэн.” /хх-14-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Саранзаяагийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим “Жуков”-ын автобусны буудал дээр дулааны инженер Б.Бадар-Ууганаас флаш авахаар очсон. Флашинд ажлын файл байсан инженер аваад явчихсан байсан. Тэр хавьд найзуудтайгаа уулзаж байна гэхээр нь очоод утсаар яриад залгасан. Б.Бадар-Ууган гарч ирээд машинд суугаад флашаа аваад юм ярьж байтал хэдэн хүүхдүүд хоорондоо зодолдож байсан. Машинаа ухраахгүй бол болохгүй гэж бодоод машинаа ухраах гэтэл 2 зодолдож байсан хүүхэд ирээд машины баруун талын толин дээр нэгийгээ дараад унагаасан. ...Тэгэхээр нь Б.Бадар-Ууган “цагдаад дуудлага өгнө” гээд буусан. ...Тухайн үедээ хараагүй “цагдаа дуудна” гэж буугаад алга болсон. Утсаар нь залгатал “2 замын дунд байна, хамарнаас цус гараад тогтохгүй байна, цохиулчихлаа” гэхээр нь би салфетка аваад очиход хамарнаас нь цус гараад алгаар нь дүүрэн цус байсан. Цагдаа ирээд бид нар Б.Бадар-Ууганыг цохисон гэх бүдүүн залууг караокеноос орж аваад хэлтэс дээр ирсэн. Б.Бадар-Ууганы хамар хавдаад цус болчихсон байсан. 103 дуудлага өгөхөд “хугарсан юм шиг байна, гэмтлийн эмнэлэгт очиж зургаа авахуул” гэж байсан. ” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Болорсүхийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны орой найзууд болох Л.Хүрэлсүх, Доржрагчаа, Жамсран, Чинзориг нартай уулзаад “Жуков”-ын автобусны буудал дээр байдаг караокед орсон. Тэгээд 2 цаг орчим суусан. Манай найз Доржрагчаа гарсан араас нь гартал баарны гадна 3 залуу 1 эмэгтэй хүнтэй маргаад зодолдож байхаар нь би очоод салгах гэтэл салахгүй байхаар нь нэг залуутай нэгнээ заамдалцтал нөгөө залуу намайг замын боржур руу түлхэж явсаар байгаад би тээгэлдэж унахдаа зогсч байсан приус машины баруун толин дээр дарж унаад хугарсан. Тэр үед Хүрэлсүх, Чинзориг нар ирээд намайг караоке руу аваад орсон. Удалгүй цагдаа цохиулсан залуутай цуг орж ирээд Л.Хүрэлсүхийг зааж байсан. Намайг нэг залуутай маргаж байхад нэг залуу “Ёоё, хамар цохьчихлоо” гэдгийг би сонссон. Л.Х цохиулсан залуу надтай маргаж байсан найз Доржрагчаатай маргаж байсан 3 залуугийн аль нэг нь биш байсан. Яагаад цохисонг нь мэдэхгүй байна. ” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12626 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Бадар-Ууганы биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 1 шүдний хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-26/,
Мөрдөн байцаалтад Л.Хүрэлсүхийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирсэн найзуудтайгаа уулзаад “Жуков”-ын автобусны буудал дээр караокед орсон. Тэнд орсон 0.75 граммын архи аваад тавуулаа хувааж уусан. 2.5 литрийн пиво мөн аваад уусан. Ууж байтал найз нар гарсаар би ганцаараа үлдсэн. Би орж ирэхгүй болохоор нь гараад очтол салгаж байтал хажуу талаас нэг залуу гараад ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод тухайн маргалдаж байсан залуусын нэг гэж бодоод цохисон. Утсаар ярьж байсан юм байна лээ. Тэрийг би гар далайж байсан гэж хараад цохисон. Тэгтэл шал өөр хүн байсан юм байна лээ.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Хүрэлсүхийн иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-36-37/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Хүрэлсүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудал дээр иргэн Б.Бадар-Ууганыг цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бадар-Ууганд 1.500.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн мөнгийг хугацаа зааж төлөхөөр гэрээ байгуулсан. Үүнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Х ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Л.Х 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Х нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Х урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС