Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01584

 

     2022          08          24                                          210/МА2022/01584

 

 

А-, Б-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/01345 дугаар шийдвэртэй,

А-, Б-нарын нэхэмжлэлтэй

З- холбогдох,

Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, уг орон сууцыг төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А-ий нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар “Г” ХХК, “Д” ХХК, н.Е- нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж, “Банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш А- миний хувийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоотод байрлах, улсын бүртгэлийн         ***** дугаарт бүртгэгдсэн 29 м.кв бүхий орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар албан бичгээр дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг мэдэгдсэн.

Миний бие төлбөр төлөгч биш, дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь иргэн миний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдаж хуулийг зөрчиж байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоотод байрлах, улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн 00 м.кв бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э-ээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар хороолол, ХД-00 байрны 00 тоот, 00 м.кв 1 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн. Төлбөр төлж гэрээ байгуулах үед тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн ба өмчлөх эрхийг шилжүүлэхээ түр хойшлуулсан байдаг. Гэтэл Э- нь Б-ид худалдсан орон сууцаа Банкинд барьцаалж зээл авсан байсан ба яаралтай мөнгөний хэрэг гарлаа, зээлээ хурдан төлж, орон сууцыг чинь барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн.

Уг орон сууц  2014 оноос хойш Б-ийн эзэмшилд байгаа ба Э- нь Банкнаас авсан зээлийн үлдэгдлээ төлөөгүйн улмаас шүүхээр орж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм байна. Улмаар орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулахаар болсон тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн. Өмнө нь тухайн орон сууцыг зээлийн өр төлбөрт тооцох ажиллагаа хийгдэж байгаа, дуудлага худалдаанд оруулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, Э- нарын зүгээс Б-болон түүний гэр бүлд мэдэгдэж байгаагүй.

Орон сууцтай холбоотой шүүхийн маргаан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/40 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор иргэн Б-ийн орон сууцыг дуудлага худалдаагаар оруулж, түүний эрхийг зөрчиж байна.

Иймд уг 00 тоот орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2447 дугаар захирамжаар “Г” ХХК, “Д” ХХК, н.Е- нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж “Банк” ХХК-д олгох, төлж барагдуулаагүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар хороолол *** дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, А-, түүний эхнэр С- нар нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, С- нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Нэхэмжлэгч А- нь төлбөр төлөгч биш боловч “Г” ХХК, “Д” ХХК, н.Е- нарын “Банк” ХХК-аас авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар хороолол *** дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны орон сууцаар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг битүүмжилсэн ажиллагаа хуулийн дагуу авагдсаныг шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Мөн Э- нь эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар хороолол *** дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийн үнэлгээнд гомдол гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн.

А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан, ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул А-ий орон сууцыг дуудлага худалдаанд оруулах 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Б-нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар хороолол, ХД-00 байрны 00 тоот орон сууцны өмчлөгч биш, Э- нь орон сууц өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон, мөн орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ий хариуцагч З- холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б-ийн хариуцагч З- холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч А-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч А- гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш иргэний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчж байх тул  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

В ХХК-ийн захирал Э-, Ч.Е- нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар мэдүүлгийг нь авснаар хэргийг үнэн зөв шийдвэрлэж, дүгнэхэд ач холбогдолтой тул гэрчээр оролцуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй.

Э- нь Сухбаатар дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б-ид худалдсан. Харин хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтооход Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэ ажиллагаанд гуравдагч этгээдээр Банк” ХХК-ийг оруулсан байтлаа тухайн орон сууцыг тухайн банкны барьцаанд тавьсан этгээдүүд болох “В” ХХК, иргэн Ч.Е-, орон сууцны өмчлөгч гэх Э- нарыг гуравдагч этгээдээр оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь  хууль зөрчиж байна.  

Иймд зохих этгээдүүдийг оролцуулж, тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Б-ийн маргааж буй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ХД-00 дугаар байрын 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц  нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр иргэн Э-ийн өмч юм.  Манай байгууллагаас тус байрыг битүүмжилж хураасан. Гэрч нарыг оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. А- нь шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч биш ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш юм

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч А- нь хариуцагч З- холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/39 дугаар “Албадан дуудлага худалдаа явуулах тогтоол”-ыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б-нь мөн хариуцагч З- холбогдуулан Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 00 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой албадан дуудлага явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоон төлбөрт тооцох эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2447 дугаар захирамжаар “Г” ХХК, “Д” ХХК, Ч.Е- нараас 153,975,776 төгрөгийг гаргуулж “Банк” ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00дугаар хороолол *** дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар хороолол, ХД-00 дугаар байрны 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 88-89/

 

4. С- орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 644 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаар тогтоолоор түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 114-125/

 

 Э- нь орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 904 дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 483 дугаар тогтоолоор түүний гомдлыг тус шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалжээ. /1хх 202-210/

 

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас 00 тоот орон сууцыг битүүмжилсэн, 00 тоот орон сууцыг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх  уг 2 орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж тодорхой бус дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу явагдсан гэж тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа барьцааны хөрөнгө тус бүрт өөр өөрөөр тогтоогдсон байгааг анхаараагүй байна.

 

5. Нэхэмжлэгч А- нь төлбөр төлөгч биш боловч, Г ХХК, Д ХХК, Ч.Е- нарын Банк ХХК-иас авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар хороолол *** дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн бүхий ажиллагаанд А- оролцсон байх тул түүний “...төлбөр төлөгч биш байтал миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг мэдэж, миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байгааг мэдлээ...” гэх гомдол бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/02303 дугаар захирамжаар төлбөр авагч “Банк” ХХК-ийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан атлаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/05117 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ч.Е-, “В” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Э- нь иргэний хувьд төлбөр төлөгч биш боловч барьцаа орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцны өмчлөх эрхийг Б-ид шилжүүлсэн эсэхтэй холбоотойгоор түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шийдэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/01345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А-өөс төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдоржоос төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                                   С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА