Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1619

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, 

Улсын яллагч  М.Эрдэнэзаяа,   

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.М холбогдох эрүүгийн 1806 02675 1876 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэлжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх дүү бэрийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо,   1165 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

            -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , О.М .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч О.М нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К-4 дүгээр байрны 31 тоотод өөрийн бэр дүү С.Энхзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгаж ажиллагааны явцад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ

гэмшиж байна.” гэв.

 

          Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Энхзулын мэдүүлэг /хх-11-12, 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №4094 дугаартай дүгнэлт /хх-20/, шүүгдэгч О.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-38/, шүүгдэгч О.М шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-24, 42/, шинээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг 1 хуудас зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч О.М нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К-4 дүгээр байрны 31 тоотод өөрийн бэр дүү С.Энхзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч С.Энхзулын мэдүүлэг: “...Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд ажлаа тараад гэртээ ирэхэд миний хадам ах О.М миний гэрт нэг найзтайгаа хамт байсан. Би гэртээ ороод байж  байхад О.М гэрийн бүх цонх онгойлгосон. О.М ахын найз нь миний орон дээр суугаад комьютераар оролдоод сууж байхаар нь миний уур хүрээд мөнгөний хэрүүл хийсэн. Би уурлаад хэрүүл хийж байхад О.М ах миний өөдөөс бас уурлаад маргалдаад байсан. Бид 2-г маргалдаад байж байхад О.М ахын найз коридор руу явахад О.М ах “байж бай, би одоохон гарлаа” гэж хэлээд араас хувцсаа өмсөөд эхэлсэн. Тэр үед О.М ах миний нөхрийн цамцыг өмсөөд байхаар нь “миний нөхрийн цамцыг битий өмсөөд бай” гээд бид хоёрын маргаан дахин эхэлсэн. Надтай хэрэлдэж байгаад О.М коридор руу явахаар нь би уурлаад аяга, тавгаа шидээд хагалсан. Тэгээд би араас нь очоод О.М хүүхдийнхээ коршокоор цохисон чинь миний хүүхдийн коршок хагарсан. Тэр үед О.М би явахдаа “зүгээр явахгүй” гэж занасан. Бид 2 түүнээс болж маргалдаад байсан. Ингэж маргалдаж байгаад О.М миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод намайг газар унагаасан. Би шалан дээр байж байхад миний толгой руу цохиод байсан. Тэр үед хамт байсан О.М ахын найз “явья” гэж хэлэхэд намайг цохихоо болиод гараад явсан. Миний толгой өвдөж байна. Юм хазаж болохгүй байна. Зүүн талын чамархай, дагаз хэсэг хавдсан байна. Нэг удаа зодож байсан. Тухайн үед бол би цагдаад хандаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. О.М 88141419 гэсэн дугаартай. Одхүүгийн Мөрөн 1992.12.03-нд төрсөн. Ажил хийдэггүй. Хаагуур юу хийж явдаг талаар мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

          Тухайн үед О.М манай гэрт байхаар нь “миний зээлээр авсан 72-05 УНТ улсын дугаартай хар өнгийн Субару Импрейза машиныг унаж яваад хулгайн хэрэгт холбогдоод “өвлийн хүйтэнд унаагүй болгоод журмын хашаанд оруулчихлаа” гэж уурласан чинь О.М намайг “чамд ямар хамаатай юм” гэхээр нь “чи намайг бодохгүй байгаа бол дүүгээ бодохгүй” байна. 2017 оны 12 дугаар сараас хойш манай гэрт хоол хороож амьдарч байж өр зээлнээс төлөлцөөд өгөхгүй нөхөр бид хоёр байрны түрээс, “Хаан” банкны 2 цалингийн зээл, машины лизингийн төлбөр гэх мэт маш их зээл төлж байна, хажуугаас нь нэмэр болохгүй бол зайлаад өг, дээрээс нь нэрмээс болоод гэж хэлтэл “надад ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь гал тогооны өрөөнд байсан аяга, таваг аваад О.М рүү шидсэн чинь О.М коридорт гархаар нь ардаас нь очоод хүүхдийн коршонкоор нуруун тус газар нь цохисон чинь зөрүүлээд миний толгойн тус газар 3-аас дээр олон удаа цохиж зодсон, тухайн үед О.М найз Цоомоо билүү Цолмон бил үү залуу хамт байж байгаад найзыгаа аваад гарсан” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №4094 дугаартай дүгнэлтэд:

1. С.Энхзулын биед зүүн нүдний зовхинд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.                                                     

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.                                                            

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.                     

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-20/ гэх дүгнэлт,

 

          Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Тогтоолыг уншиж танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К-4 дүгээр байрны 31 тоот гэртээ хэвтэж байхад манай дүүгийн эхнэр С.Энхзул орой 17-18 цагийн орчим гаднаас орж ирээд “юу хийж байгаа юм бэ, гэр цэвэрлэж байхгүй иймэрхүү байдалтай чамтай хамт амьдрах хэцүү байна шүү” гэхээр нь би уурлаад “ яасын яачаад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр хэрэлдээд Энхзул намайг “яв зайл” гэж хөөсөн. Тэгэхээр нь би гадуур хувцсаа  өмсөөд 00 өрөөнд ороод гутлаа өмсөж байтал С.Энхзул гал тогоонд аяга таваг хагалаад шидээд  байхаар нь “яагаад юм хагалаад байгаа юм бэ” гэж асуутал “яадаг юм зайл” гэж орилохоор нь би “дуугүй бай пиздаа  минь” гэж хэлээд гарах гэж байтал Энхзул над руу ирээд миний “гэдэс болон бөгс рүү өшиглөхөөр нь би С.Энхзулын зүүн талын шанаан тус газар 1 удаа алгадаад гэрээс гараад явсан.Урьд өмнө нь С.Энхзулыг цохиж зодож байгаагүй ба тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. 2016 оноос хойш  С.Энхзул, дүү О.Эрхэс бид гурав нийлж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо  K-4 дүгээр байрны 31 тоотыг түрээслэн оршин сууж байсан. Тухайн үед бид хоёр л маргалдаж байсан. Би С.Энхзулыг алгадах үед манай найз Цолмон гараад явсан байсан. /хх-36-38/ гэх мэдүүлэг,

 

          Шүүгдэгч О.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/,

          Шүүгдэгч О.М ял шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

         

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.М 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К-4 дүгээр байрны 31 тоотод өөрийн бэр дүү С.Энхзулыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Хохирогч С.Энхзул нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

        Шүүхээс шүүгдэгч О.М эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

   Шүүгдэгч О.М Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар тогтоохоор тогтов.

 

        Шүүгдэгч О.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

       

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.М г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.М 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар О.М Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оногдуулсан 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 212 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт түүнийг 452 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС