Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00069

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 02 210/МА2023/00069

 

 

 

Ж.С.Б.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02298 дугаар шийдвэртэй, Ж.С.Б.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Бид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 51,202,339.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даш, түүний өмгөөлөгч У.Алтанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т.Бтой 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ0303180160 дугаартай зээлийн гэрээ, ЗБ0303180160 дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж, 26,800,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй олгосон, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул хариуцагч Т.Боос зээл 26,800,000 төгрөг, үндсэн хүү 22,294,966.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, нийт 51,202,339.52 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулан 26,800,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд зориулан авсан. Монгол Улс төдийгүй дэлхий даяр үүссэн цар тахлын нөхцөл байдлаас болж ажил зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын талаар тодорхой заавар, зөвлөгөө, чиглэлүүдийг өгсөн, мөн гэрээнд заасан ноцтой зөрчил байдал зээл авснаас хойш 3 дахь сараас эхлэн үүсчхээд байхад банк бус санхүүгийн байгууллага нь гэрээнд заасан дангаар эдлэх эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр эргэн төлөх хугацааг сунгаж нэмэгдүүлсэн хүү 2,107,373.33 төгрөг, үндсэн хүү 22,294,966.19 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхээс гэрээний эргэн төлөх хугацааг сунгасан хэлцлийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, үндсэн гэрээний хугацаагаар хүүг бодон гэрээг цуцалж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хүүд тушаасан төлбөрийг үндсэн зээлээс хасан тооцож, мөн хуульд заасны дагуу хүүг багасган тооцож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Боос 51,202,339.52 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С.Б.К ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр ... давхар ... тоот ...м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 484,162 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Зээлийн гэрээ жилийн 42 хувийн хүүтэй ба хэтэрхий өндөр. Нэхэмжлэгч нь хугацаа дууссан даруйд зээлийг эргэн төлүүлэхийг шаардахын оронд зээлийн төлбөрийг барьцааны үнэд тулгах бодлогоор зээлээ эргэн төлөхийг шаардаагүй. Энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйлдэл гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлт байхгүй болчхоод байхад дүрэм, журам зөрчин 90 хоног бус, 1 жил 4 сарын хүү нэхэмжилж байгааг шүүх мөнгө хүүлэгч талаас асууж нотлох баримт гаргуулалгүй хүлээн зөвшөөрч хуулийн тайлбар оруулсан. Сарын 1.5 хувиар тооцоход 18 хувь болох ба энэ дүнгээр хүүг тооцоолбол 9,554,985 төгрөг болох тул энэ үнийн дүнгээр хүүгийн хэмжээг 12,739,980 төгрөг болгон багасгаж, зээлийн хүүг банкны дундаж хүү 18 хувиар тооцоолон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагч талаас 1 жилийн хугацаатай авсан 26,800,000 төгрөгөө төлж барагдуулна. Гэхдээ 24,400,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна. Хүүний хэмжээг бууруулж өгөөч гэж хүсэлт гаргахад зээлийн хүүний нийт төлбөрийн хэмжээг биш сарын хүүний хувийг тайлбарлаж үндсэн гэрээний хугацаанаас хойш 1 жил 4 сарын хүүг төлүүлэх шийдвэр гаргасныг үл зөвшөөрч байна гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээг дагаж гарсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр. Хариуцагч талын гомдолд дурдсан цар тахалтай холбоотой нөхцөл байдалд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрх байсан. Зээлийн гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тохирсон, цар тахлаас өмнөх үе байсан. Нэгэнт байгуулагдсан зээлийн гэрээнд төрийн шийдвэр эсхүл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шууд нэмэлт өөрчлөлт оруулж хүүг зогсоох эрх зүйн боломжгүй учраас шүүх шийдвэрлэнэ. Хариуцагч тал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий хуулийн этгээд буюу тусгай зөвшөөрөлтэй субъектүүдийн хоорондын гэрээний харилцааг ялгаж чадаагүй. Иргэдийн зээлийн гэрээнд хүү өндөр эсхүл зээлдэгчид хүндрэлтэй байгаа тохиолдолд хүүг багасгах боломжтой. Гэвч талуудын байгуулсан зээлийн гэрээнд хүүг буулгах эсхүл анзын талаар яригдахгүй. Нэмэгдүүлсэн хүүг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу шаардсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн Ж.С.Б.К ББСБ ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн хүүг зогсоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ж.С.Б.К ББСБ ХХК нь хариуцагч Т.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,202,339 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зээлийн хүү хэт өндөр байгааг багасгуулах, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

3.Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ0303180160 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 26,800,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн ЗБ0303180160 дугаартай барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, .. өрөө орон сууцыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцжээ. Түүнчлэн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. (хэргийн 10-16 дахь тал)

Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч Ж.С.Б.К ББСБ ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогджээ. (хэргийн 6-8 дахь тал)

4.Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

5.Зээлийн гэрээний 3.1.3-д зээлийн хүү сарын 3.5 хувь, 3.1.4-д зээлийн хугацаа 12 сар, 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь, 4.9-д хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд өр үүссэн өдрөөс эхлэн зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийг зээл 26,800,000 төгрөг, хүү 22,294,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,107,373 төгрөг, нийт 51,202,339 төгрөг төлөх үүргийн хэмжээг зөв тогтоосон байна.

7.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

7.а.Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээнд иргэд хоорондын зээлийн гэрээний зохицуулалт хамаарахгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг харгалзан зээлийн хүүг багасгах талаар заасныг тус маргаанд хамааруулж хэрэглэхгүй, өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн хэмжээг талуудын тохиролцсоноос өөрөөр шийдвэрлэх эрх зүйн үндэслэл шүүхэд олгогдоогүй болно.

7.б.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцон хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчөөгүй, гэрээний 4.9-д заасан талуудын тохиролцоонд нийцсэн байна. Зээлдэгчийн үүргийн зөрчилтэй холбоотой шаардах эрхээ зээлдүүлэгч хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь түүний эрхийн асуудал бөгөөд үүнийг шүүхээс үүрэг болгон хүлээлгэх боломжгүй тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 4 сарын хугацаагаар хүү авч байгааг зөвшөөрөхгүй, гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

7.в.Мөн зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл буюу гэрээний хугацаанд ковид-19 цар тахлын үйлчлэл, нөлөөлөлд хариуцагчийн үйл ажиллагаа орсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Т.Боос 51,202,339 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.С.Б.К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,790 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА