| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1625 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн 1806 07717 1833 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Бүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, 80-18 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 27-14 тоотод хохирогч М.Эрдэнэсүхийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /хх-5-8, 33/, гэрч Д.Батбаяр өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11539 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-10/, шүүгдэгч Д.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-16-17/, шинээр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, хохирогч М.Эрдэнэсүхийн гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар 3 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 27-14 тоотод хохирогч М.Эрдэнэсүхийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Эрдэнэсүхийн өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд Д.Б , Д.Батбаяр нартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байрны 14 тоотод хамт 2 шил архи хувааж уугаад унтацгаасан. Тэгтэл Д.Б орноосоо босохдоо дээр нь байсан цай асгасан. Тэгээд Д.Б , Д.Батбаяр 2 муудалцахаар нь би “боль” гэсэн чинь Д.Б миний чихийг тас хазсан. Тэгээд цусаа гоожуулаад сууж байхад миний нүүрэн хэсэгт 1 удаа цохисон” /хх-5-8/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...Хохирогч Мягмаржав овогтой Эрдэнэсүх би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээний зардал 350.000 төгрөгийг хүлээж авсан. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 90.000 төгрөг авсан. Д.Б аас нийт 395.000 төгрөгийг хүлээж авсан.” гэх хүсэлт,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаярын өгсөн: “...Нэг мэдэхэд М.Эрдэнэсүх сонин болоод байхаар нь хартал чихнээс нь цус гоожоод байсан. М.Эрдэнэсүх нь Д.Б миний чихнээс хазсан гэж байсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11539 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. М.Эрдэнэсүхийн биед баруун чихний дэлбэнгийн хазагдсан шарх, дух баруун нүдний зовхины зулгаралт. цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдов.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй /хх-9-10/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад Д.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би М.Эрдэнэсүхийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-16-17/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Б ын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 27-14 тоотод хохирогч М.Эрдэнэсүхийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б хохирогч М.Эрдэнэсүхэд 395.000 төгрөгийг төлсөн ба үүнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Б д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС