Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч     С.Бт

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сувдаа

            Шүүгдэгч                                                 О.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Ят холбогдох 1832000480074 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, *тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Отгоны Я РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч О.Я нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн 162 тоотод 2018 оны 04 дүгээр 08-наас 2018 оны 04 сарын 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн 6 сартай хүү Б.Дгийг хөхөөрөө дарж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Я мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5үүлээ архи ууж байсан гаднаас 2 хүүхэн орж ирээд нийтдээ 4 шил архи 1 пиво уусан тэгээд би согтоод унтчихсан байсан. Тэгээд шөнө манай нөхөр намайг сэрээгээд чи хүүхэд алчихлаа ш дээ гэж хэлж байсан. Хэдэн цаг болж байгааг би мэдээгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бт мэдүүлэхдээ: “...Би рамныхаа эзэнээс хэдэн төгрөг авчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь манай хажуу талын айлын хүн орж ирээд ядарсан юм чинь ганц юм уух уу гэсэн тэгэхээр нь за за ганц 2 татчихаад унтлаа гээд байж байсан чинь буцаж намайг сэрээгээд хүн ороод ирлээ гээд тэгээд эхнэр хүүхдүүдэд хоол хийж өгчихөөд газар ор засаад унтаад өгсөн. Тэгээд би хүүгээ тэвэрч сууж байгаад уйлаад байхаар нь хөхүүлэх гээд очиж эхнэрийн гарыг нь дээш сөхөж хөхүүлчихээд хүүгээ буцаагаад авах гэтэл уйлаад байсан юм заавал амандаа хөхөө зууж унтах гээд байсан тэгэхээр нь том охиндоо за миний охин дүүгээ сайн хараарай аав нь ядарч ирсэн нойр хүрээд байна унтлаа шүү гээд эхнэрийнхээ цаана гараад унтсан. Тэгээд 12 өнгөрөөд 01 цагийн үед босч шээх гээд гал тогооруу орж ус уучихаад харсан чинь эхнэр баруун талаараа хэвтчихсэн гар дор нь хүүхдийн хөл харагдаж байсан тэгээд би хүүгээ татаж аваад хамар доор нь хуруугаа тавиад, хиймэл амьсгаа хийж зөндөө үзсэн. Тэгээд гэртээ унтаж байсан эхнэрийнхээ найзыг сэрээгээд хажуу талын айлын хүмүүсийг сэрээгээд байхаач гэж хэлсэн. Тэгтэл түргэний машинаас өмнө цагдаа орж ирэхэд хиймэл амьсгаа хийж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эхнэрт аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж гуйж байна гэв.

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бтын: “...Тэгээд шөнө 01 цагийн үед шээс хүрээд байхаар нь сэрээд газраас босоод зуухны хажууд очиж ус уучихаад харсан чинь манай бага хүү Дгий хоёр хөл нь ээжийнхээ гэдэс доороос цухуйж харагдсан, Я болохоор баруун талаараа хажуулдаад Дгийг дээрээс нь дараад унтчихсан байсан. Би их айж сандраад Яийг мөрнөөс нь цааш түлхэж “Хөөш чи наад хүүхэд хөөе” гэж хэлсэн чинь согтуу байгаа болохоороо юу ч мэдэхгүй унтаад байсан. Би Дгийг харсан чинь царай нь цагаан болчихсон байхаар нь хамар доор нь хуруугаа хийгээд үзсэн чинь амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байсан, би сэгсэрээд хиймэл амьсгал хийсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Би гэрт унтаж байсан хүмүүсийг дуудаж сэрээгээд түргэн тусламж дууд,хажуу айлын Жагаад хэл хүргэ гэж хэлсэн. Я болохоор согтуу юу ч мэдэхгүй унтаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Я.Хзын: “...Тэгтэл манай гэр дотор манай аав Бт, ээж Я, хажуу айлын Гс ах, Жагаа эгч бас манай ээж, аавын найз Мөнхөө эгч, Билгүунээ эгч, Оогий эгч нар архи уугаад сууж байсан. Бага дүү 5 сартай Дгөө ээжийн өвөр дээр сууж байсан, ээж Я, нилээд согтчихсон, аав Бт бас нилээд согтуу байсан. Тэр архи ууж байсан хүмүүс 18 цагаас 19 цагийн хооронд манай гэрээс гараад явцгаасан. Бг эгч харин нилээд согтчихсон манай гэрт үлдээд орон дээр унтсан. Ээж Я баг дүү Дгөөг хөхүүлж чадахгүй согтоод газарт гудас дэвсээд унтсан, бага дүү Дгөө мөөмөө нэхээд уйлаад байхад нь аав Бт ээжийн мөөмийг сөхөж байгаад хөхүүлсэн чинь дүү Дгөө хэсэг уйлахаа больсон. Аав шөнөжин хөрөө рам дээр ажилласан болохоороо надад “миний хүү дүүгээ сайн хараарай ээж нь дарчихаж магадгүй шүү” гэж хэлээд өөрөө ээжийн хойгуур ороод Уранцэцэг дүүг өвөртөө аваад унтсан. Би аавын хэлсэнээр согтоод унтчихсан ээждээ дүү Дгөөг хөхүүлж байгаад дүү Дгөөг унтчихаар нь мөөмийг нь сугалж аваад ээжээс холдуулах гэсэн чинь Дгөө мөөмийг нь авахаар уйлаад байхаар нь буцаж мөөмийг нь хөхүүлчихээд би өөрөө орон дээр гараад унтчихсан юм. Шөнө дунд 01 цагийн орчим аав Бт сэрчихсэн унтаж байсан хүмүүсийг дуудаж сэрээгээд бас дүү Дгөөг сэгсэрээд, хиймэл амьсгал хийгээд байсан боловч манай дүү Дгөө сэрэхгүй нас барчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гсын “....С.Бт ажлаасаа тарж ирэхээр нь би эхнэртэйгээ хамт гэрт нь ороод “хөгшөөн ажил дээрээ нойргүй хоносон бол ганц шил архи уучихаад унтахгүй юу” гэж хэлсэн чинь Бт тэгье гэх хэлсэн. Манай авгай Жаргалмаа дэлгүүр яваад нэг шил 0.75 граммын архи авч ирээд Бтын гэрт Бт, би манай эхнэр Жаргалмаа, Бтын эхнэр Я нар хувааж ууж дуусгасан. Дахиад нэмж архи уумаар санагдаад Бт бид хоёр дэлгүүр явж 0.75 граммын Хараа архи нэг шилийг авчихаад явж байтал Бт руу Бг гэдэг хүүхэн утсаар ярьж байгаад 0.75 граммын архи нэг хайрцаг тамхи авчихсан гэрт нь ирсэн..Бид нар Бтын гэрт авч очсон архинуудаа уугаад байж байтал гаднаас Мөнхцэцэг, Отгонцэцэг гэдэг хоёр хүүхэн 1 сав 2.5 литрийн савтай пиво барьчихсан орж ирээд хувааж ууцгаасан. Ингэж Бтын гэрт архи ууж байгаад 19 цагийн орчим бид нар архиа ууж дуусгаад тарцгаасан. Би гэртээ орчихоод эргээд Бтын гэрт тамхи асуухаар орсон чинь Бг гэдэг хүүхэн нь дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи аваад ирчихсэн байсан. Тэр архийг нь Бт, Я, Бг гурав уух гээд задалчихсан надад нэг хийж өгөхөөр нь би уух гээд сууж байтал манай эхнэр Жаргалмаа араас орж ирээд намайг загнаад гэр рүү аваад явсан...Тэгтэл шөнийн 01 цагийн орчим хүн хаалга нүдээд байхаар нь үүдээ тайлж онгойлгосон чинь Бтын хоёр хүүхэд орж ирээд “Гс ахаа манай дүү Дгөө сонин болчихпоо, амьсгалахгүй байна” гэж хэлэхээр нь би эхнэр Жаргалмаатайгаа хамт Бтын гэрт орсон чинь Я согтуу газарт гудсан дээр унтаж байсан, Бт бага хүү Дгөөгөө тэвэрчихсэн уйлаад сууж байхаар нь би юу болсон юм бэ яасан юм бэ гэж Бтоос асуусан чинь би сая бие засах гээд боссон чинь манай эхнэр Я хүүхдийнхээ дээрээс хөхөөрөө дараад унтчихсан байна гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №31 тоот дүгнэлт: “...талийгаач Б.Дгий цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт, дарагдалын улмаас нас баржээ..." гэх дүгнэлт /хх-ийн 23- 24-р хуудас/,

 

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Яийн “...Би 2018 оны 04 сарын 08-ны өдөр Ширхэнцэгийн 162 тоот гэртээ өөрийн найзуудтайгаа хамт дөрвөн шил архи, нэг пиво уусан. Тэгээд согтоод хэдэн цагт яаж тарсан талаараа санахгүй байна. Тэр үед манай гэрт манай зургаан хүүхэд манай нөхөр Бт нар хамт байсан. Би шөнө дунд унтаж байхад манай нөхөр Бт намайг сэрээгээд “хүүхэд сонин болчихлоо, чих хөхөөрөө дараад хүүхэд алчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би юу ч мэдээгүй болохоороо итгэж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, болон

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:             

           

            Шүүгдэгч О.Я нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн 162 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 2018 оны 04 дүгээр сарын 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн 06 сартай хүү Б.Дгийг /хүүхэд эсэн мэнд амьдрах эрх, мөн хүүхдээ эрүүл саруул өсгөн, хүмүүжүүлэх үүрэг/ асран  хамгаалах, харгалзан дэмжих хуульд заасан  үүргээ  биелүүлээгүйн улмаас нярай хүүхэд амьсгал бүтэлтэнд орсны улмаас амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ”Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бтын “... Тэгээд шөнө 01 цагийн үед шээс хүрээд байхаар нь сэрээд газраас босоод зуухны хажууд очиж ус уучихаад харсан чинь манай бага хүү Дгий хоёр хөл нь ээжийнхээ гэдэс доороос цухуйж харагдсан, Я болохоор баруун талаараа хажуулдаад Дгийг дээрээс нь дараад унтчихсан байсан”, насанд хүрээгүй гэрч Я.Хзын ”... Би аавын хэлсэнээр согтоод унтчихсан ээждээ дүү Дгөөг хөхүүлж байгаад дүү Дгөөг унтчихаар нь мөөмийг нь сугалж аваад ээжээс холдуулах гэсэн чинь Дгөө мөөмийг нь авахаар уйлаад байхаар нь буцаж мөөмийг нь хөхүүлчихээд би өөрөө орон дээр гараад унтчихсан юм. Шөнө дунд 01 цагийн орчим аав Бт сэрчихсэн унтаж байсан хүмүүсийг дуудаж сэрээгээд бас дүү Дгөөг сэгсэрээд, хиймэл амьсгал хийгээд байсан боловч манай дүү Дгөө сэрэхгүй нас барчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/             , гэрч Х.Гсийн “... Би гэртээ орчихоод эргээд Бтын гэрт тамхи асуухаар орсон чинь Бг гэдэг хүүхэн нь дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи аваад ирчихсэн байсан. Тэр архийг нь Бт, Я, Бг гурав уух гээд задалчихсан надад нэг хийж өгөхөөр нь би уух гээд сууж байтал манай эхнэр Жаргалмаа араас орж ирээд намайг загнаад гэр рүү аваад явсан...Тэгтэл шөнийн 01 цагийн орчим хүн хаалга нүдээд байхаар нь үүдээ тайлж онгойлгосон чинь Бтын хоёр хүүхэд орж ирээд “Гс ахаа манай дүү Дгөө сонин болчихпоо, амьсгалахгүй байна” гэж хэлэхээр нь би эхнэр Жаргалмаатайгаа хамт Бтын гэрт орсон чинь Я согтуу газарт гудсан дээр унтаж байсан, Бт бага хүү Дгөөгөө тэвэрчихсэн уйлаад сууж байхаар нь би юу болсон юм бэ яасан юм бэ гэж Бтоос асуусан чинь би сая бие засах гээд боссон чинь манай эхнэр Я хүүхдийнхээ дээрээс хөхөөрөө дараад унтчихсан байна гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, , Шүүхийн шинжилгээний хэсгийн шүүх эинэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №31 дугаартай дүгнэлтэн дэх “...талийгаач Дгий  цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй.Талийгаач нь механик амьсгал бүтэлт, дарагдлын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх 23 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33-35 хуудас/, яллагдагч О.Яийн “...Би 2018 оны 04 дүгээр сарбн 08-ны өдөр Ширхэнцэгийн 168 тоот гэртээ өөрийн найзуудтайгаа хамт 4 шил архи, нэг пиво уусан.Тэгээд согтоод хэдэн цагт яаж тарсан талаараа санахгүй байна. Тэр үед манай гэрт манай зургаан хүүхэд манай нөхөр Бт нар хамт байсан. Би шөнө дунд унтаж байхад манай нөхөр Бт намайг сэрээгээд “хүүхэд сонин болчихлоо, чих хөхөөрөө дараад хүүхэд алчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би юу ч мэдээгүй болохоороо итгэж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Сэлэнгэ Аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас О.Ят холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж Шүүхээс шүүгдэгч О.Яийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Яийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч О.Ят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

            Шүүгдэгч О.Я нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

            Шүүгдэгч О.Я нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлөх төлбөргүй бөгөөд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал / 3 хүртэлх насны хүүхэдтэй байх тул/ Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 3 дэх хэсгийн 3.3 дахь заалтад “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч О.Яийн холбогдсон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг оногдуулж, 2 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, О.Ят өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

            

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны Яийг хүний /6 сартай нярай хүүхдийн/ амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар О.Ят  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч О.Ят оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ят 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Яийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

5.Ялтан О.Ят хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг болон мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд О.Я нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын нэмж нэгтгэн шийдвэрлэдэг болохыг мэдэгдсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

8. О.Ят авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ