Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00073

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

              Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

              Улсын яллагч                                 О.Баярсайхан

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

               Шүүгдэгч                                         М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Эт холбогдох 1832000560063 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                           

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн    Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 3 удаа ял шийтгэлтэй,

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Эт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзах,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

            Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундыншүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай

 

 Наваан овогт Мягмаржавын Э. РД:/*/.

 

            Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Шүүгдэгч М.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Зүүнхараагийн № 27 тоотод 2018 оны 03 сарын 09-ний өдөр согтуугаар хамтран амьдрагч А.Атг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь мэдүүлэхдээ: .... 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хандсүрэн гэдэг эмээтэй Ат бид гурав архи хувааж уусан. Гэтэл Ат эмээгийн цүнхнээс хөөргийн аваад 20000 төгрөгөөр зарсан. Тэгэхээр нь би хүний юм хулгайллаа гээд зодсон.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Хохирогч Д.Оц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..... Би 2018 оны 03 дугаар сарын 09-ны орой гэртээ Эын хамт харьсан. Тэр өдөр бид хоёр хамт гадуур явж архи уусан байсан. Гэртээ ирсэн хойно Э юунаас болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь бид хоорондоо муудалцчихсан байсан. Э намайг барьж авч учир зүггүй зодож эхэлсэн. Миний нүүр, толгой, бие рүү гараараа зөндөө олон удаа цохиж зодсон би зодуулаад газар хэвтсэн байсан. Тэгсэн чинь намайг чирээд гадаа гараад газраас нэг жижгэвтэр чулуу авч чамайг алаад хаячихъя гээд миний зүүн чих рүү нэг удаа өшиглөсөн тэгээд чулуугаар хоёр удаа цохьсон. Тэр асуудлыг цагдаад хэлээгүй өнгөрсөн чинь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр намайг дахин зодож газар унагаж өшиглөж, гар зүүн гар руу мөн өшиглөж гэмтээсэн тэгээд л би цагдаад хандахаар шийдэж ирж гомдол гаргасан юм. Хэрэлдэж маргалдаагүй. Өдөр хамт гадуур явж архи уусан. Намайг Э 2018.03.09-ны орой гэртээ нүүр рүү хоёр удаа цохиж унагасан. Тэгээд гадаа чирж гараад өшиглөж, чулуугаар 2 удаа чих рүү цохьсон. 2018 оны 04.01-ний өдөр нүүр рүү хоёр гурав цохиж газар суусан чинь гар руу өшиглөсөн. Хэнч байгаагүй. Бид хоёр л байсан. Согтохоороо л шалтгаангүй зоддог. Ер нь л байнга зодцог юм. Урьд зодуулж баруун гараа заазуурдуулж байсан. Тухайн үед нь цагдаад хэлж байгаагүй. Хүний муу үзээд яахав гээд цагдаад хэлдэггүй байсан. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг

/ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/

 

           Гэрч Б.Уб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..... Тухайн үед Атг Э самарт хамт явья гэсэн чинь Ат явахгүй гээд байсан. Тэрнээс болоод жоохон маргалдсан. Цохиж зодоогүй. Хэрэлдэж маргалдсан. Би загнаад унтаж амар гэж хэлээд амарцгаасан. Өглөө нь босоод Э бид хоёр самарт явчихсан. Би мэдээгүй гэх мэдүүлэг

/ХХ-ийн 15 дугаар хуудас/

 

           Шинжээчийн дүгнэлт:............

           2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 67 дугаартай .....

           

            1.А.Атгийн биед зүүн чихний гадна дэлбэнд шарх, урууланд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/,

          Шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 27 дугаар хуудас/

          Шүүгдэгч М.Эын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс хийсэн Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/

          Хохирогч А.Атгийн гомдол, хүсэлт байхгүй, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт /ХХ-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Зүүнхараагийн № 27 тоотод 2018 оны 03 сарын 09-ний өдөр согтуугаар хамтран амьдрагч А.Атг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн шүүхийн мэдүүлэг болон хохирогч А.Атгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/, гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч М.Э нь согтуугаар хамтран амьдрагч А.Атгийн бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Зүүнхараагийн № 27 тоотод хамтран амьдрагч А.Атг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч прокурортой ял шийтгэлийн талаар тохиролцсон зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч А.Ат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Наваан овогт Мягмаржавын Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Атг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

 Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.