Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 47

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 143/ШШ2016/00211дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.    

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Ч.*******тай гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусч зээлдүүлсэн үндсэн мөнгө болох 3.000.000 төгрөгийг сарын хүү болох 300.000 төгрөг нийт 3.300.000 төгрөгийг Ч.******* нь надад төлөх ёстой байсан боловч төлбөрөө төлөөгүй. Мөнгөө авч чадалгүй 6 сар өнгөрсөн болохоор Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг төлж хандсан боловч Ч.******* нь ирээгүй тул миний өргөдлийг буцаасан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний бие зээлдэгч иргэн Ч.*******тай очиж уулзахад хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгах хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө, хүүгээ төлөхгүй байгаа тул Ч.*******гаас 4200000 төгрөг гаргуулж авахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч.******* багштай гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг бэлнээр өөрт нь гардуулж өгсөн. Уг зээл нь сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай

байсан. Ч.******* багш 07, 08, 09, 10 дугаар сарын хүүг төлсөн. 10 сарын хүү гэж 280.000 төгрөг өгсөн. 20.000 төгрөгийг дутуу өгсөн. Энэ мөнгийг одоо ярих шаардлагагүй байх.

 Миний зүгээс одоо 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01, 02 дугаар сарын хүүгээ авъя гэсэн хүсэлтэй байна. Одоо үндсэн зээлж авсан 3.000.000 төгрөг, 4 сарын хүү 1.200.000 төгрөг нийт 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл надад өгсөн мөнгө байхгүй байна.

 Анх Ч.*******д мөнгө зээлсэн үеэс эхлэн бидний хооронд хэл ам үүссэн. Ч.*******г надтай зөвшилцөх байх гэж бодоод ажил дээр нь 2 удаа очсон. Гэрт нь хүртэл Ш.Байгалмаа гэдэг хүнтэй хамт очсон. Энэ хүнтэй эвээр ярьж, ойлгуулахыг хүссэн боловч ойлголцоогүй гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. Сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээлийн хүү болох 300.000 төгрөгийг 3 сар дараалан төлсөн. Мөн дээрээс нь гэрээнд тусгагдаагүй хоногийн алданги 10.000 төгрөгөөр тооцож өгч байсан. Үндсэн зээлээс 400.000 төгрөг мөн шилжүүлж өгсөн удаатай.

Би үндсэн мөнгө болох 2.400.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байгаа. Гэвч одоо миний орлого түр хугацаагаар зогссон. Жирэмсэний амралтаа аваад төрөөд байж байна.

Иргэн Ц.******* нь шүүхийн эвлэрүүлэн зуучлах газар өргөдөл гаргасны дагуу миний бие тохиролцохоор 4 удаа очсон боловч иргэн Ц.******* өөрөө утсаар дуудуулаад ирээгүй. Тэр үед хүүг зогсоосон байсан болно. Иймээс миний бие Ц.*******тай харилцан тохиролцож гэрээ байгуулж төлөлтийг хийх хүсэлтэй байна. Мөнгө төлсөн болон гэрч нотолгоо байгаа болно гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сар бүр 300.000 төгрөгийн хүү төлж байсан. Гэрээнд заагдаагүй боловч эхний сард хугацацаа хэтэрсэн 5 хоногт хоногийн 3000 төгрөгийн алдангитай гэж надаас 15.000 төгрөг нэмж авсан.

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр надаас хүүгийн алданги хоногийн 10.000 төгрөг болсон гэж 45.000 төгрөг нэмээд нийт 345.000 төгрөгийг төлүүлсэн.

2015 оны 09 дүгээр сард 280.000 төгрөгийг төлсөн. 2015 оны 10 дугаар сард 400.000 төгрөгийг төлсөн. Нотлох баримтууд нь хавтас хэргийн материалд байж байгаа.

 Ц.*******д мөнгөө цувуулж өгье гэхэд бөөнөөр нь авъя гэдэг, надад мөнгийг нь бөөн өгөх боломж байхгүй байсан. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээгээ сунгая 5 жил ажилласны мөнгө орохоор 3.000.000 төгрөгөө өгье гэж хэлсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Сарын өмнө би Ц.*******тай 3.000.000 төгрөг дээр тохиролцох талаар ярилцсан боловч энэ хүн тохиролцохгүй гэсэн. гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******гаас 2.740.000 / хоёр сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэгч Ц.*******гийн илүү нэхэмжилсэн 1.460.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82.150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 58.790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож  шийдвэрлэжээ.      

Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдолдоо: Ч.*******гийн 2015 оны 12-р сарын 07-ны өдөр өөрийн биеэр бичиж үйлдэж өгсөн 2016 оны 1-р сарын 25-нд мөнгийг бүгдийг төлнө гэсэн албан бичиг амлалт байсаар байхад шүүгч хүн түүнийг яагаад үл ойшоож, хариуцагч зээлдэгчийн талд бүхнийг шийдэж, нэхэмжлэгч намайг хохироож үлдээнэ вэ?  Хуульд заасны дагуу бүх нотлох баримт бичиг, харилцагч банкныхаа депозит дансны бүх хуулгаа ч баталгаажуулж бас давхар хавсаргаж өгсөн. Энэ бүхэн маань шүүхийн нотлох баримт, үндэслэл болох байтал яагаад үндэслэл болоогүй юм бэ?

Сум дундын анхан шатны шүүх 2016 оны 02-р сарын 03-нд  мөнгө нэхэмжилж өгсөн өргөдлийг маань хүлээж авсан мөртлөө асар их удааж, бүтэн 3 сарын хугацаа өнгөрөөж, нэхэмжлэгч биднийг хохироосон мөртлөө шүүх хурал хохирогчийн талд биш хохироогчийн талд үйлчилсэн дэндүү шударга бус хурал болж өнгөрлөө. Энэ хурлын шийдвэртэй  санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгч миний гомдлыг үнэн зөвөөр нь бүрэн барагдуулж үлдэгдэл болох 1460000 төгрөгийг авмаар байна гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, талуудын мэтгэлзэх эрхийг хангаж зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргаан үүссэн болохыг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс үүргийн гүйцэтгэлийг буруу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.*******гаас үндсэн зээл 3000000 төгрөг, 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сарын хүүнд 1200000 төгрөг нийт 4200000 төгрөг гаргуулах шаардлагаа 2015 оны 6 дугаар сарын 25,   2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн харилцан итгэлцлийн гэрээ гэх нэртэй гэрээг, Ч.*******гийн бичсэн “зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын  25 хүртэл сунгах”  агуулга бүхий 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бичгийн баримтыг тус тус үндэслэжээ.

Хариуцагч Ч.******* нь зээл авсан нь үнэн, харин 3000000 төгрөгөөр тохиролцохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ гэж маргасан байна.

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ц.******* нь Ч.*******д 3000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулж, мөнгийг Ч.*******д шилжүүлсэн гэдэгт талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282.1, 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь 4200000 төгрөг гаргуулах шаардлагаа өрийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариуцагч Ч.*******гийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичсэн баримтыг үндэслэжээ.

Дээрх баримтад “Ч.*******гаас зээлсэн хугацаандаа төлөөгүйгээс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний нөхцлөөр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээг үргэлжлүүлж төлнө” гэсэн агуулгатай мэдээлэл тусгагдсан, талууд үүнийг хугацаа сунгасан гэрээ гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч маргаагүй байна. 

Гэтэл  уг нотлох баримтыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач хобогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг  буруу хэрэглэснээс “нэхэмжлэгч Ц.*******гийн үндсэн зээл 3000000 төгрөг, 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сарын хүүнд 1200000 төгрөг нийт 4200000 төгрөг гаргуулах шаардлагыг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан” гэж дүгнэж шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Үүрэг гүйцэтгэгч үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдвэл хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасан тул 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 25-ны гэрээний нөхцлөөр, 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сарын 10%-ийн хүүтэй зээлийн гэрээг үргэлжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хүү тохирсон гэрээ гэж үзэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцнэ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалздаггүй 2400000 , 3000000 төгрөг төлнө гэх зөрүүтэй тайлбар өгдөг боловч зээлийн үлдэгдэл төлбөр хэд болох талаар тодорхойлж, тайлбар гаргадаггүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан мөнгө зээлсэн, буцаан төлсөн гэх тооцооноос үзвэл, Ц.******* нь Ч.*******гаас 7 дугаар сарын 25-ны төлбөрт  хүү 300000 төгрөг, алданги 15000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны төлбөрт хүү 300000 төгрөг, алданги 45000 төгрөг, 9 дүгээр сарын төлбөрт 280000 төгрөгийг, 10 дугаар сарын 09-ний өдөр 400000 төгрөгийг авсан тооцоог шүүхэд гаргаж өгсөн байна. Талуудын хоорондын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн болон 10 дугаар сарын 25-ны өдрийн хугацаа сунгасан гэрээ ёсоор зээл 3000000 төгрөг, хүү 1200000 төгрөг төлөх байснаас Ч.******* нь 1340000 төгрөгийг төлж, 2860000 төгрөгийг төлөөгүй байна.

Дээрх үйл баримтаар төлөгдөөгүй үлдсэн 2860000 төгрөгийг зээл, үүнээс 2015 оны 12 дугаар сарын 07-оос 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг сарын хүү 286000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 01 дүгээр сарын 25 хүртэл 18 хоногийн хүү 171600 төгрөг нийт 3317600 төгрөгийг Ч.******* нь Ц.*******д төлөх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4500000 төгрөг болгон ихэсгэсэн агуулга бүхий 2016 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тайлбруудад шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Гэвч нэхэмжлэлийн хэмжээг өөрчлөх, ихэсгэх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байх ёстой, хэрэгт анхны нэхэмжлэлээс өөр  нэхэмжлэл авагдаагүй тул анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн эрхийг буюу хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнгүй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2016/00211 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын “2740000” гэснийг “3317600” гэж, 2 дугаар заалтын “1460000” гэснийг “882400” гэж, 3 дугаар заалтын “58790” гэснийг “ 68031” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Ц.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38310 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БЯМБАЖАВ

                                    ШҮҮГЧИД                          Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                Н.НАСАНЖАРГАЛ