Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0169/з |
Дугаар | 221/МА2019/0135 |
Огноо | 2019-03-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0135
Т.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-гийн давж заалдах гомдлоор, Т.Д-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.1.8, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-оос Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасны дагуу иргэн Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.2-т төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. Энэ нь төрийн албан хаагчид хуулиар тусгайлан олгохоор шийдвэрлэсэн нөхөн төлбөрийг зохицуулсан зохицуулалт юм. Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах эрх нь мөн Засгийн газарт олгогдсон бөгөөд үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг баталж, өвчин эмгэгийн улмаас гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх тохиолдолд эмчилгээнд зарцуулсан зардлын 5 хувийг олгохоор зохицуулж өгсөн байдаг. Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын нийт иргэнд зориулж гаргасан шийдвэр юм. Гэтэл Монгол Улсын нийт хүн амд тэгш хүртээмжтэй байх зарчмын үүднээс хэрэгжүүлж байгаа энэхүү зохицуулалтыг төрийн хаагчид тусгайлан олгох нөхөн төлбөрийг зохицуулсан зохицуулалттай хольж ойлгон тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. Гэтэл хариуцагч бус этгээдэд хариуцуулан нөхөн төлбөр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Д-оос Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийг хариуцагчаар тодорхойлон “...Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу иргэн Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг баримтлан төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох эрх яам болон зөвлөлд байхгүй, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд 5 хувийн нөхөн төлбөрийг олгосон, төрийн албан хаагчид 60 хувийн нөхөн төлбөрийг олгох субъект нь манайх биш” гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж төрийн албан хаагчийн баталгааг зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн комиссын 90 дүгээр шийдвэр, гадаад улсад хийгдсэн хагалгаа эмчилгээний төлбөрийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Д-т гадаадад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах эрх үүссэн байна.
Харин энэхүү төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх үүргийг ямар субъект хүлээхээс хамааран нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь тодорхой болохоор байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуульд тусгайлан заасан гадаадад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-аар зохицуулсан эрх зүйн харилцаатай адилтган хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь энэхүү журмаар зохицуулагдаж буй харилцаа нь гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгохтой холбоотойгоор Эрүүл мэндийн сайдад үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхад төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах эсэхтэй холбоотой маргаанд хэрэглэх үндэслэлгүй байгааг анхаарч үзэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг хийлгүйгээр хариуцагчийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн болохыг дүгнэж, жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь шүүхийн үүрэг учраас дээрх хуулийн 25 дугаар зүйд заасны дагуу жинхэнэ хариуцагчийг татан оролцуулах шаардлагатай.
Хэрэв хэрэгт хариуцагчаар татагдан орж ирсэн ажил олгогч байгууллагын төсөвт гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас зардлынх нь 60-аас доошгүй хувийг хариуцахтай холбоотой зардал суугаагүй тохиолдолд энэ талаарх зардлыг тухайн байгууллагын төсөвт суулгах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг мөн хамтран хариуцагчаар татах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хамтран хариуцагчийг таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН