Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00106

 

2023.01.06                                             Магадлалын төсөл 106               

 

С.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03086 дугаар шийдвэртэй, С.Цгийн нэхэмжлэлтэй, “Т.Б.Т” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 32,296,810 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие шүүхээс ажилгүй байсан хугацааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 130 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 32,296,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02233 дугаарт шийдвэрт зааснаар нэг өдрийн дундаж цалингаа 248,437 төгрөгөөр тооцсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс болон хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан талаарх баримт хэрэгт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой.

2.б.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажил албан тушаалд эгүүлэн томилсон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 127 ажлын өдөр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хугацаа болох 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид төлж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийсэн. 2021 оны 10 дугаар сараас өмнөх сүүлийн 3 сар буюу 07, 08, 09 дүгээр саруудын дундаж цалин хөлсөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаанаас харвал 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 51 хоногт 12,179,157 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 76 хоногт 18,291,147 төгрөг буюу нийт 30,470,304 төгрөг болж байна. Тооцооллын хувьд, дундаж цалин хөлс тодорхойлох журам энэ хугацаанд хүчингүй болж шинэ журам гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 сая гаруй төгрөгийн зөрүү үүсч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т.Б.Т” ХХК-аас 32,296,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг хариуцагч “Т.Б.Т” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.Б.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 319,434 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгож шийдвэрлэсэн.

 

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            4.а. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажил албан тушаалд эгүүлэн томилсон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 127 ажлын өдөр байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид төлж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийсэн.

            Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2021 оны 10 дугаар сараас өмнөх сүүлийн 3 сар буюу 7, 8, 9 дүгээр сарын дундаж цалин хөлсөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох ёстой байсан. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас тооцож үзвэл 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 127 өдөрт нийт 30,470,304 төгрөг болж байна.

            4.б. Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт хамаарахгүй тохиолдлоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуульд заасан ажиллагааг зөрчиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

            Иймд шүүхийн шийдварийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.Б.Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 32,296,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02233 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102 дугаар магадлалаар нэхэмжлэгч С.Цг “Т.Б.Т” ХХК-ийн Хүний нөөцийн газарт Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилох үүргээ биелүүлэхийг хариуцагч “Т.Б.Т” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 43,724,912 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “Т.Б.Т” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс С.Цг Хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. (хэргийн 6, 7-15 дахь тал)

4.Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            5.Ажил олгогч нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсны улмаас цалин хөлсөөр хохирсон 1999 оны Хөдөлмөрийн тухай туулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг шаардах эрхтэй.

 

            6.Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 183/ШШ2021/02233 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нэг өдрийн олговрыг 248,437 төгрөгөөр тогтоосон байх ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. Иймд 2021 оны 07, 08, 09 дүгээр сарын дундаж цалин хөлсөөс тооцох тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

           

            Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 130 ажлын өдөр гэж зөв тооцон 32,296,810 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

           

            .Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой тус маргаан нь 1999 оны болон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын үйлчлэлд хамаарах учир шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг нэмж тусгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “127.1” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т.Б.Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,435 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                     ШҮҮГЧИД                                       С.ЭНХБАЯР

 

                                                                                         Д.ЗОЛЗАЯА