Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00135

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гд холбогдох 1832001880141 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Өлзийбатын Г. /РД: */

 

           Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын № 66 тоотод байрлах иргэн Д.Мтийн гэрт хохирогч Д.Гбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ггийн өгсөн…. ... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр оройн 21 цагийн үед Сансарын гудамжинд байдаг Мтийн гэрт Гб, Мт нартай архи уусан. Архи ууж согтоод хоорондоо маргалдсан. Би Д.Гбын зүүн талын нүд орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд салцгаасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Д.Гбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр намайг эгчийндээ байхад манай хуурай ах нар болох Г, Мт нар над дээр 075 литрийн 2 шил Хараа архитай ирсэн. Тэгээд тэндээ бид гурав тэр архиа хувааж уугаад оройхон согтоод дахиж нэг шил архи нэмж аваад хувааж уусан. Тэгээд бид гурав согтуурхаж маргалдаж байгаад би Мт ахтай муудалцсан. Тэгээд бид хоёр зууралцаж байгаад намайг газар унасан чинь Ганцолсон ах миний хажууд зогсож байгаад нүүр рүү өшиглөсөн. Мөнхөө ахыг өмөөрч өшиглөсөн юм шиг байна лээ. Тэр үед Мөнхөө ахын эхнэр нь хараад цагдаа дуудсан юм байна лээ ... Би хагалгаанд орох эмчилгээний зардал 1500000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Гэрч Х.Эцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай нөхөр Мт найз Гб, Г нарын хамт шөнийн 01 цаг өнгөрч байхад согтуу байдалтай гэртээ орж ирсэн. Тэгээд гэрт байж байгаад хоорондоо муудалцаад байсан. Тэгсэн чинь тэр гурав хоорондоо зодолдоод эхэлсэн. Мт Гбыг гэрээс чирээд зууралдаад гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь Мт Гбыг газар унагачихсан дээр нь суучихсан байсан. Гэтэл хажуугаас нь Г Гбын нүүр рүү нь хоёр гурван удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би болиоч ээ гэж салгаад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэд нар салаад хашаанаас гарсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ..... Гб Гд хандаж чиний эгч тооцоо хийдэггүй уддаг гэж хэлсэн чинь Г Гбыг чи миний эгчийг муулдаг хэн бэ гээд хэрэлдээд гурвуулаа гарсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 170 ...... Дүгнэлт:

1.Д.Гбын биед зүүн нүдний зовхины гадна хэсэг, зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын дээд хэсэг, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 25 дугаар хуудас/

Ө.Г нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 37 дугаар хуудас/

Д.Батцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 34 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын № 66 тоотод байрлах иргэн Д.Мтийн гэрт хохирогч Д.Гбын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ө.Ггийн хохирогч Д.Гбын нүүрэн тус газарт өшиглөж зодсон үйлдэл нь миний эгчийг мууллаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ө.Ггийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 166666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Гб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт Өлзийбатын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Гг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Г нь 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН