Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00108

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00108

 

 

Х.Иийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/02976 дугаар шийдвэртэй, Х.Иийн нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох, арилжааны гэрээг цуцалснаас үүсэх үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, С.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Би нөхөртэйгөө Т.Б-гаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсан виллаж хотхоны 2-2 тоот, 89.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 200,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, байрны төлбөрт М.Т.Ц ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны .. дугаар давхрын .., .. тоот .. ширхэг нэг бүр нь .. м.кв талбайтай байрнуудыг нийт 160,000,000 төгрөгөөр тооцон Т.Б-д шилжүүлж, мөн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл 2016 оны 0З дугаар сард Бгэх хүн 3 хоногийн дотор 200,000,000 төгрөг өгөөд энэ байраа авбал ав, чадахгүй бол гар" гэж дарамталсан, бид аргагүйн эрхэнд байрнаас гарсан. Т.Б-гийн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан. Т.Б-д Зайсан дахь 3 өрөө байрыг нь буцаан хүлээлгэн өгсөн тул өөрийн шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... дугаар давхрын ... тоот, .. дугаар давхрын .. тоот .. ширхэг нэг бүр нь .. м.кв талбайтай байрны үнэ нийт 160,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 20,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийг Т.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Х.И гэх энэ хүнийг танихгүй, анх Я.Ц гэдэг хүнээр дамжуулж уулзаж байсан. Я.Ц нь Т.Б-тай Эх орон телевизэд жолоочийн ажил эрхэлж байсан О.Б гэгчээр дамжуулан 2013 оны 06 дугаар сард танилцсан бөгөөд өөрийгөө олон төрлийн бизнес хийдэг хувийн нисэх онгоцтой гэх мэтээр танилцуулж улмаар хэдэн төрлийн наймаа арилжаа хийхээр болсон. Я.Ц нь 2013 оны 07 дугаар сард Т.Б-гийн эзэмшилд байсан ... УНХ улсын дугаартай Бэнтли маркийн автомашиныг 150,000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохирч авсан. Автомашины төлбөрт Сүхбаатар дүүргийн 100 айлд баригдаж буй 2 орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2013 оны 07 дугаар сарын сүүлээр Зайсанд байрлалтай авто угаалгын газар Я.Ц нь М.Т.Ц ХХК-ийн захирал гэх С.Баттулгыг дагуулан ирж 2013 оны 05 дугаар сард байгуулснаар бичигдсэн огноотой Орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх гэрээний бэлэн төсөл авчран гарын үсэг зуруулсан, тухайн орон сууцны нэг нь 66,948,000 төгрөг, нөгөө нь 63,760,000 төгрөг, нийт үнэ 130,408,000 төгрөг болсон, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 1,462.58 төгрөгт хөрвүүлэн 89,162 ам.долларт тооцон авсан. 2013 оны 08 дугаар сард Я.Цээр өрмийн хайгуулын ажлыг гүйцэтгүүлэн тухайн ажлын хөлсийг 31,850 ам.долларт тооцсон, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бэнтли маркийн машин худалдах нэмэлт гэрээг талууд байгуулсан. 2013 оны 09 дүгээр сарын 23-нд бэлнээр 20,000,000 төгрөг өгч, тухайн өдрийн Монгол банкны ханш 1,700 төгрөгт хөрвүүлэн 11,756 ам.долларт тооцон авч машины төлбөрт суутган авч байсан байдаг. 2013 оны 9 дүгээр сард Я.Ц нь Т.Б-гийн эзэмшлийн Зайсан виллажийн 2 байрны 94.3 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 2,500,000 төгрөгт тооцон нийт 235,750,000 төгрөг, нэмж авто зогсоолыг 20,000,000 төгрөгт, нийт 255,750,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Я.Ц нь танай банк бусаас би зээл авсан болж гэрээ байгуулъя тэгээд хугацаандаа өгөхгүй бол надаас хүү аваарай гэсэн тул 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т.Б-гийн нагац эгчийн нэр дээр байдаг Г.П ББСБ ХХК-тай 6 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй 255,750,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж Зайсан виллажийн шинэ орон сууцанд нүүн орсон, 2 жил амьдран мөнгөө төлөөгүй тул орон сууцаа буцаан авсан. Я.Ц нь Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн зүүн талд байрлах Т.Б-гийн эзэмшлийн С.У ХХК-ийн нэр дээр ашиглах эрхийн гэрчилгээ болон газар дээр баригдсан авто угаалгын газрыг хөрөнгө оруулах хятадууд ирсэн байгаа гээд нэр дээрээ шилжүүлж авсан, гэтэл тухайн компанийг газрын эрхийн хамтаар Ву гэгч залууд 100,000 ам.долларын барьцаанд тавьсан байсан. Үүнийг нь Т.Б- мэдэж Булгаа гэгч залууд зээлсэн 100,000 ам.доллар, хүү нь 42,000 ам.доллар байсныг учир байдлаа хэлж буулган 35,000 ам.доллар төлж компанийг барьцаанаас суллуулан буцаан авч 35,000 ам.доллараар хохирсон. Мөн тухайн 2014 онд Налайх дүүрэгт байрлах Т.Б-гийн өмчлөлийн Б.Ө ХХК-ийн хөнгөн бетоны дутуу баригдсан үйлдвэрийг 3,000,000,000 орчим төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгө өгөлгүйгээр шилжүүлэн авсан боловч газрыг барьцаанд тавин үйлдвэрийн машин техник, тоног төхөөрөмжийг зарж үрсэн, хамгаалалт ажиллуулсны хөлсөө ч өгөөгүй байсан бөгөөд нэг жил орчмын дараа буцаан авсан, өмчлөлдөө авсан хугацаандаа бусдад өр төлбөр үүсгэн 4 шүүхийн шийдвэр гаргуулж, сүүлд өөрөө төлж дуусгасан. Дээрх хөнгөн бетоны үйлдвэр болон угаалгын газартай холбоотой Я.Цийг 2016 онд цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын өмчлөлийн маргаан гэж үзэн Я.Цт холбогдох эрүүгийн 201626030031 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй, шаардах эрх байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Иийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүгч гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хавтаст хэрэгт Х.И нь 2 өрөө 2 байр захиалгын гэрээ хийн худалдаж авсан бөгөөд Х.Иийн хүсэлтээр Т.Б-д шилжүүлж захиалгын гэрээ дахин байгуулсан. Байрнуудын ордеруудыг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн нь үнэн болохыг тодорхойлсон баримт байдаг. Тухайн 2 байр Х.Иийнх болохыг харж болохоор байна.

Шүүх нэхэмжлэгч Х.Иийн 201625021719 дугаар эрүүгийн хэрэгт өгсөн тайлбарт үндэслэж талуудын хооронд орон сууц худалдах, арилжих талаар тохиролцож, тэдгээрийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзсэн. Шүүхийн зүгээс яагаад яг ижил тайлбаруудын 201625021719 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон, ямар нотлох баримтыг ямар шалтгааны улмаас үнэлээгүй, хэргийн нөхцөл байдал бодитой эсэх талаар хэрхэн дүгнэснээ тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 08 дүгээр сарын 03-ны өдрийн Т.Б-г сэжигтнээр байцаасан тэмдэглэлд хариуцагч нь "М.Т.Ц " ХХК-ийн барьж байсан 2 өрөө 2 ширхэг байрыг хүлээж авсан талаараа дурдсан, уг 2 байрыг Бэнтли маркийн автомашины төлбөрт, эсхүл авто машины угаалгын газрын урьдчилгаа болгон шилжүүлсэн гэх мэтээр зөрүүтэй тайлбарладаг ч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, үнэн гэдэг нь нотлогдоогүй болно.

4.б. Х.И, гэрч Я.Ц нар нь эхнэр нөхөр, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-т заасны дагуу гэр бүлийн дундын хөрөнгө байхад Х.Иийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Я.Цийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах бүрэн боломжтой байсан.

Анхан шатны шүүх хэргийг нэг мөр, хэргийн оролцогчдод чирэгдэл төвөггүй, түргэн шуурхай шийдвэрлээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.в. Хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримт, мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд талуудын хооронд орон сууц худалдах, арилжих талаар үүргийн харилцаа үүссэн. Анх тохиролцох үед орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй байсан учир 2 талдаа орон сууц захиалагчийн гэрээний эрхийг буюу хөрөнгийг арилжсан. Ингээд гэрээ цуцлагдах тохиолдолд өгсөн авсан зүйлийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй болсон учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар мөнгийг нэхэмжилж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн, зөв, бодитой, хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Х.Иийн нэр дээр байр байсан гэдгийг нэг тодорхойлолт авч ирснээрээ түүнийх гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Хариуцагч Х.Иийг танихгүй, харин Я.Цтэй бол 3-4 төрлийн хэлцэл хийсэн. Хавтаст хэрэгт банк бус санхүүгийн байгууллагын гэрээ бий. Өөрөөр хэлбэл он цаг дарааллын хувьд Я.Ц тухайн байрыг худалдаж аваад яг тэр байрны үнийн дүнгээр м.кв-д заасан Т.Б-гийн хэлсэн үнийн дүнтэй таардаг. Өөрөөр хэлбэл 2,500,000 төгрөгөөр 93 м.кв 232,500,000 төгрөг, гарааш нь 20,000,000 төгрөг 255,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан.

5.б. Нөгөөтэйгүүр Ц гэдэг хүний гар бичмэл дээр байр гээд нэг ч төлбөр төлсөн тооцоо байхгүй. Мөн Я.Ц өөрийнх нь мэдүүлэг бий. Тэр мэдүүлэг нь прокурорын дүгнэлтэд тодорхой орчихсон. Энэ байранд ямар ч мөнгө төлөөгүй, тухайн үед Т.Б- Төгөл констракшн гэдэг блокны үйлдвэр дээр Хан-Уул дүүрэгт байрлах угаалгын газрын төлбөрт тухайн орон сууцыг өгсөн гэдэг. Тэгэхээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэн, зөв, эргэлзээгүй үнэлсэнгүй гэдэг зүйл яригдах боломжгүй. Харин анхан шатны шүүх бодитойгоор үнэлсэн.

5.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар шүүгч Я.Цийг нэхэмжлэгчээр татан оролцуулах ёстой байсан гэдэг. Энэ заалт шаардлагатай бол татан оролцуулж болно. Тэгэхээр уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Я.Ц, Х.И хоёр гэр бүлийн хүмүүс. Нэхэмжлэгч хэнийг сонгож, хариуцагчаар татах хүсэл зориг, эрмэлзэл энэ хүмүүс өөрт нь бий. Уулзаагүй хүнтэй хэлцэл хийсэн гэж нэхэмжлэгчийн хэлснээр тайлбарлах хууль зүйн боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Х.И нь хариуцагч Т.Б-тай байгуулсан арилжааны гэрээ цуцлагдан Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Зайсан виллаж хотхоны ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг буцаан өгсөн үндэслэлээр хариуцагчид шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны ..., ... дугаар давхрын ... тоот хаягт байрлах нэг бүр нь ... м.кв талбайтай 2 орон сууцны үнэ 160,000,000 төгрөг болон бэлнээр шилжүүлсэн 20,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсээгүй, харин түүний нөхөр Я.Цтэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон нэхэмжлэлд дурдсан 2 орон сууц, 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, хэд хэдэн төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.а.Шүүх зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин гэрч Я.Ц, хариуцагч Т.Б- нарын хооронд гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэхдээ эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй Я.Цийн эрх зүйн байдлын талаар зохигчдын байр суурийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түүний эрх, ашиг сонирхлыг хариуцагч хэрхэн зөрчсөн болохыг өөрөө тодорхойлох боловч нэхэмжлэгчээс өөр этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа нөхцөлд шүүх энэ талаар зохигчдод сануулах учиртай.

3.б.Үүнээс гадна хариуцагчтай арилжааны гэрээгээр солилцсон гэх 2 орон сууцын талаар М.Т.Ц ХХК-тай хэн ямар гэрээ байгуулсан, хэдэн төгрөгийн төлбөр тооцоо хэрхэн хийгдсэн нь тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

4.Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/02976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Иийн өмгөөлөгч Н.Жамъянгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 1,057,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА