Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00138

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ад холбогдох 18320002020142 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хорих 433 дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лайхансүрэнгийн А. /РД: */

 

           Шүүгдэгч Л.А нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын гудамжинд насанд хүрээгүй Э.Обын хоолойг боож толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Ц.Мбын хоолойг боож толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Агийн өгсөн ….... 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд Обтой дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Тэгээд би түүнийг мотоциклиос нь заамдаж буулгаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан. Об мотоциклио асааж хөдлөхдөө чамайг шоронд чинь хатаана гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд эмээгээ дагуулаад ирж байна гэж над руу утасдсан. Об эмээ өвөө хоёртойгоо ирсэн. Гэтэл хажуу гудамжнаас Мб гарч ирээд над руу юм хэлэхээр нь би түүнийг заамдаж аваад хавирч унагаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Насанд хүрээгүй хохирогч Э.Обын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой дэлгүүр орох гээд явж байсан юм. Дэлгүүр ороод ундаа аваад гараад ирсэн чинь Атай дэлгүүрийн гадна таарсан. Гэтэл А намайг барьж аваад хоолой боогоод би чамайг ална шүү гэж хэлээд миний нүүр рүү баруун гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гарнаас нь мултраад мотоциклио унаад ална шүү гэж хэлээд зугатсан. Би зугатаад өвөөгийнхөө хашаа руу орсон. Тэгээд өвөөдөө Ад зодууллаа гэж хэлсэн. Тэгээд манай эмээ, өвөө хоёр намайг дагуулаад Атай уулзах гээд дэлгүүрийн гадаа очсон чинь А тэнд байж байсан. Тэр үед би Мбыг утсаар дуудсан байсан болохоор Мб хүрээд ирсэн. Гэтэл А Мбыг чи яасан том болчихсон юм гээд энгэрээс нь заамдаж хувцсаар нь боогоод газар унагаасан чинь манай өвөө очооод боль гээд салгасан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Хохирогч Ц.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой гэртээ байж байсан чинь Об над руу утасдаад хүрээд ир А ах надад дэлгүүрийн гадаа томроод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад Сараа эгчийн дэлгүүр дээр яваад очсон чинь дэлгүүрийн гадаа А эхнэртэйгээ, Об өвөө, эмээтэйгээ байж байсан. Би очоод тэд нарын хажууд зогссон чинь А над руу дайраад чи яасан том болчихсон юм гээд заамдаж аваад хоолой боогоод толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэр үед би газар унасан. Бид хоёрыг Үржинбат ах салгаж босгосон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Ж.Бхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тэр өдөр гэрээсээ дэлгүүр орох гээд гарсан. Гэтэл дэлгүүрийн гадаа миний зүс таних залуу А нэг хүүхэдтэй маргалдаад зогсож байсан. Би дэлгүүр орж ундаа авчихаад гэртээ орсон. Тэгээд удалгүй гэрээсээ эргэж гараад дэлгүүр орох гээд явж байтал А эхнэр хүүхдийн хамт трансматорын хажууд зогсож байсан. Тэгтэл түрүүний маргаж байсан хүүхэд эмээ, өвөө хоёроо дагуулаад урд зүгээс ирж таарсан. Тэгээд тэр хүүхэд А руу дайраад чи намайг зодсон доромжилсон гээд байсан. Тэгээд байж байтал Баяраа гэдэг залуу зүүн зүгээс ирсэн. Тэгээд тэд нар хоорондоо хэрэлдээд байсан гэтэл Баяраа Ариукатай муудалцаж байгаад чулуу авч шидсэн чинь хэн нэгэн хүнийг оноогүй өнгөрсөн. Тэгээд А Баяраа хоёр муудалцаад барилцаж аваад ноцолдож байтал эмээ өвөө хоёр нь салгаад хоёр тийш явцгаасан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 196 ...... Дүгнэлт:

1.Э.Об-ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 26 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 197 ...... Дүгнэлт:

1.Ц.Мбын биед тархи доргилт, толгой хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 31 дүгээр хуудас/

Л.Агийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 41 дүгээр хуудас/

Л.А нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Л.А нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын гудамжинд насанд хүрээгүй Э.Обын хоолойг боож толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Ц.Мбын хоолойг боож толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Л.Агийн насанд хүрээгүй хохирогч Э.Об, хохирогч Ц.Мб нарын хоолойг боож толгойн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 166666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.Об, хохирогч Ц.Мб нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Лайхансүрэнгийн Аг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН