Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00177

 

2023.01.18 210/МА2023/00177

 

Ж.Д.Ү.Г ТБАГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Д.Ү.Г ТБАГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А.Т ХХК, М.А нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 602,290,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Б.А.Т ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч М.А нартай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 141/2018/3-20 тоот Зээлийн гэрээ, 141/2018/Б-20 тоот Барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, түрэн тусламж төслийн зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд зээлийн барьцаанд Г.М-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголон 18131 Сонсголонгийн зам гудамж, ...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... гэрчилгээний дугаартай, ... м.кв талбайтай, оффис, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.А.Т ХХК-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголонгийн төв цэнгэлдэхийн урд байрлах, нэгж талбарын .... дугаартай, ...гэрчилгээний дугаартай, ... м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг барьцаалсан.

1.2.Зээлдэгч нь зээлд 58,672,616 төгрөг, хүүнд 23,317,874 төгрөг, нийт 81,990,490 төгрөг төлсөн.

1.3.Зээлдэгч нар зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 915 хоног хугацаа хэтэрсэн тул зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж, зээл төлөх, зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.4.Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 441,327,383 төгрөг, зээлийн хүү 21,201,540 төгрөг, алданги 139,761,337 төгрөг, нийт 602,290,260 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А.Т ХХК, М.А нараас 544,350,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г ТБАГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 57,939,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.М-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголон 18131 Сонсголонгийн зам гудамж, ...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... гэрчилгээний дугаартай, ... м.кв талбайтай, оффис, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.А.Т ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголонгийн төв цэнгэлдэхийн урд байрлах, нэгж талбарын .... дугаартай, ...гэрчилгээний дугаартай, ... м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 2,949,903 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагч Б.А.Т ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэсэн атлаа зээлдүүлэгч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ойролцоогоор 2 жилийн дараа зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан байгаа талаар хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойшхи хүү, алданги авах эрхээ нэхэмжлэгч алдах ёстой байсан. Гэтэл энэ талаар анхан шатны дүгнэлт хийхдээ алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

4.2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ хэт их байвал шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Анзын хэмжээ 84,684,160 төгрөг бөгөөд энэ нь үүргээ гүйцэтгэж чадаагүй хариуцагчид илт их гэж үзэх үндэслэл шалтгаантай байна. Учир нь хариуцагч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж ажилчдын цалинг тавьж өгөхөд хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, зээлийн төлбөрөө төлж чадахгүй, мөн компани дампуурах бодитой эрсдэл бий болсон. Иймд алдангийн хэмжээг 50 хувь багасгаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагчийн давж заалдах гомдлын 1 дэх хэсэг ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн сарын 0.25 хувь буюу жилийн 3 хувийн хүү тооцохоор зээлийн гэрээний хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийг үйлдэж, хариуцагч тамга тэмдэг дарж, гарын үсгээ зурж баталгаажуулсан, нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн санхүүжилтийг захиран зарцуулахад саад учруулаагүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.

5.2.Нийт зээлийн дүнгийн 50 хувь нь 229,833,220 төгрөг буюу хариуцагчаас алдангид нэхэмжилсэн 84,684,160 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан ковид-19 цар тахлын ямар нөхцөл байдлаас болж дампуурах эрсдэл бий болсон, тухайн компанид яаж нөлөөлж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Б.А.Т ХХК нь эм, эмнэлгийн чиглэлээр буюу хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, түргэн тусламж төслийн зориулалтаар зээл авсан, эрүүл мэндийн салбарт ковид-19 цар тахалтай холбоотой асуудалд хязгаарлалт хийгээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г ТБАГ нь хариуцагч Б.А.Т ХХК, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 602,290,260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй гэж маргажээ.

 

3.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Б.А.Т ХХК, М.А нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 141/2018/З-20 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, түргэн тусламж төслийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 5-11, 19-20 дахь тал)

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж.Д.Ү.Г байгуулагдсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Ажлын албыг татан буулгаж, түүний үндсэн болон бусад эд хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг Ж.Д.Ү.Гт шилжүүлсэн байна. (хэргийн 34-35 дахь тал)

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй байна.

 

4.Нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 81,990,490 төгрөг төлсөн, мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигчид маргаагүй.

 

5.1.Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр хүлээсэн үүргээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх талаар заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Гэрээг цуцлах нь эрх бүхий этгээдийн хэрэгжүүлэх эрх бөгөөд энэ эрхээ шударгаар хэрэгжүүлэх ёстой. Гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү жилийн 3 хувь байхаар талууд тохиролцсон бөгөөд төгрөгийн жилийн инфляцийн түвшингээс доогуур байх тул зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчид санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн зөрчил үүссэнээс хойш 2 жилийн дараа гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгийг шаардаж буй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

5.2.Иймээс зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 441,327,383 төгрөг, зээлийн хүүд 18,339,057 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

5.3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан, уг хугацаанаас хойш зээлийн хүү шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

5.4.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсгийн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бол үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагчийн өмнө зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлэхээс өөр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. Иймд үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх байсан, улмаар зээлийн хүү болон алданги шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол хуульд нийцэхгүй байна.

5.5.Талууд гэрээний 9.1-д зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин шүүх алдангийн хэмжээг 84,684,160 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээх нь зүйтэй.

5.6.Түүнчлэн алдангийн хэмжээ илт их байсан нөхцөл байдалтай холбогдуулан шүүх алдангийг багасгах эрх хэмжээгээ хэрэглээгүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, хариуцагчид олгосон зээлийн зориулалт нь хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, түрэн тусламж төсөл байхаас гадна коронавирус (ковид-19) цар тахал хариуцагчийн үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон баримт шүүхэд гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээ илт их байвал шүүх багасгах үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох гомдол үндэслэлгүй юм.

 

6.Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 141/2018/Б-20 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээг байгуулж, Г.М-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголон 18131 Сонсголонгийн зам гудамж, ...тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... м.кв талбайтай, оффис, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.А.Т ХХК-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголонгийн төв цэнгэлдэхийн урд байрлах, нэгж талбарын .... дугаартай, ... м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалахаар тохирчээ. (хэргийн 12-18 дахь тал)

6.1.Зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар газар эзэмших эрх барьцаалуулах талаар барьцааны гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Уг газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрт газар гэж буруу томъёолсныг залруулна.

6.2.Харин оффис, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд, гэрээний тал болох барьцаалуулагч Г.М-г нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлоогүй, уг барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.А.Т ХХК, М.А нараас шаардах эрхгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Г.М-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад тус магадлал саад болохгүй.

6.3.Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй байна.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Б.А.Т ХХК-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголонгийн төв цэнгэлдэхийн урд байрлах, нэгж талбарын .... дугаартай, ... м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.А.Т ХХК, М.А нарт холбогдох, Г.М-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Сонсголон 18131 Сонсголонгийн зам гудамж, ...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... м.кв талбайтай, оффис, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г ТБАГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А.Т ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА