| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00130/Э |
| Дугаар | 00139 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 00139
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Т, М.Г нарт холбогдох 1832001400151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг сайхан суманд 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Нугын хишиг ХХК хөрөө рамны хашаанд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Найман овогт Баттөмөрийн Т /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1991 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, амс бүл 7, ээж, 4 дүү, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 76 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Г. /РД:*/
Шүүгдэгч Б.Т, М.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын ард байрлах заантай цогцолборын нарны сүүдрэвчтэй саравчин дор байсан иргэн Х.Өлзийхишигийн Самсунг галакси жи-7 маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн арьсан цүнх 1 ширхэг, шаргал өнгийн түрийвч 1 ширхэг, Беларус улсад үйлдвэрлэсэн шатрын ном 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 395000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тийн өгсөн ......... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд мэдүүлэг өгөхгүй гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ггийн өгсөн ........ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Гчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай хүү Х.Өлзийхишигийн самсунг галакси жи-7 маркийн гар утас 1 ширхэг, бор хүрэн өнгийн хүүхдийн жижиг цүнх 1 ширхэг, шатрын ном 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, нийт 395000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс гар утсыг тухайн үед надад хүлээлгэн өгсөн, харин цүнх, түрийвч, номны үнэлгээ нь нийлээд 45000 төгрөг болсныг М.Г, Б.Т нар төлж барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/
Гэрч С.ЭБын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тухайн өдөр болсон процессыг бол санахгүй байна. Гар утас барьцаалсан гэрээг харахад регистрийн МЗ91040605 дугаарын бичиг баримттай Мөнгөнцэцэгийн Г гэх эмэгтэй 2016 оны самсунг галакси жи-7 загварын гар утсыг 100000 төгрөгөөр нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй барьцаалсан байна. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Хосбаяр уг гар утас нь хулгайн гар утас байна гээд манайхаас хураан авсан. Харин М.Г гэх эмэгтэй нь манайд барьцаалсан 100000 төгрөгөө эргүүлэн өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Эрдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед байхаа би найзуудтайгаа захиргааны ард талын заантай цогцолборын саравчинд хөзөр тоглож байсан. Тэгсэн цаанаас Б.Т гэх ах, М.Г гэх эгч нар ирээд Хосбаяр бид хоёртой хөзөр тоглосон. Тэгсэн цаанаас нэг эмэгтэй жоохон хүүхэд нөтбүүкний цүнхтэй төстэй гэхдээ арай жижигхэн цүнх авчраад Б.Т, М.Г нараас тэр охин ахаа эгчээ энэ та хоёрын цүнх мөн үү гэсэн чинь Г гэх эгч мөн мөн гээд тэр цүнхийг авсан. Тэр жижигхэн охин цаашаа яваад өгсөн чинь нөгөө Г гэх эгч цүнх дотор дуугарч байсан гар утсыг гаргаж ирээд батерейг нь салгаад утрааснаа Б.Т ахад хайраа май утсаа ав гээд өгсөн. Тэгсэн Т ах нөгөө гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд Хосбаяр бид хоёртой дахиад нэг удаа тоглочих уу гээд байсан. Тэгсэн цаанаас нэг ах хөөе наад цүнх чинь та хоёрын цүнх мөн юм уу гэхэд М.Г гэх эгч мөн мөн гэж хэлээд заантай цогцолборын хашааны урд хаалгаар гараад урагшаа яваад өгсөн. Хосбаяр бид хоёр тэр ах эгч хоёрыг явсны дараа Х.Өлзийхишиг дээр очиж хөл бөмбөг тоглож байгаад дуусаад гэртээ харих санаатай заантай цогцолбор дээр ирсэн чинь Өлзийхишиг надад агаа миний цүнх алга болсон байна гэсэн. Тэгэхээр нь бид нар цагдаад мэдэгдсэн. Тухайн үед ирсэн Хосбаяр гэх цагдаа ахад тэр ах эгч хоёрыг зааж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 25-26 дугаар хуудас/
Хулгайлагдсан эд зүйлсийг нийт 395000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 33 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 47, 51 дүгээр хуудас/
М.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 48 дугаар хуудас/
Б.Тийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 52 дугаар хуудас/
Б.Т, М.Г нар нь ял шитйгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 55, 56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Т, М.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын ард байрлах заантай цогцолборын нарны сүүдрэвчтэй саравчин дор байсан иргэн Х.Өлзийхишигийн Самсунг галакси жи-7 маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн арьсан цүнх 1 ширхэг, шаргал өнгийн түрийвч 1 ширхэг, Беларус улсад үйлдвэрлэсэн шатрын ном 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 395000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т, М.Г нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Т, М.Г нар нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т, М.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Гч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Найман овогт Баттөмөрийн Т, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Г нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тийг 240 /хоёр зуун дөчин/ цаг, М.Гг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т, М.Г нарт тус тус оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, М.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Т, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т, М.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.