Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00142

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Даваахүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бд холбогдох 1832000960096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1974 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Хасу мегават ХХК-нд гагнуурчин ажилтай байсан, Эрчимхүчний тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хангайтан овогт Банзарын Б.   /РД:*/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Тоёота приус-30 загварын 10-11 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хадагтай мод гэх газарт эсрэг урсгалд орж эсрэг эгнээнд өөдөөс ирж явсан Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж зам тээврийн осол гаргаснаас Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн З.Млгийн амь нас хохирсон, иргэн Я.Ббгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн ……  Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Миний охин З.Мл 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн 19 настай байсан юм. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах хувийн машинд сууж яваад Сэлэнгэ аймгийн баянгол сумын нуьагь сууж явсан машин нь ослын улмаас онхолдох явцад миний охин гэмтэж нас барсан байсан. Миний охин төрсөн цагаасаа эхлэн аав ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжин дунд сургуульд орж төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод МУИС-ийн эдийн засгийн сургуульд элсэн суралцаж тус сургуулийн 2 дугаар курст суралцдаг байсан юм...... Хохирлын баримтуудаа бүрдүүлсэн. Нийт 16126507 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. Зам тээврийн осол гаргасан жолоочид гомдолтой байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 26-28 дугаар хуудас/

Хохирогч Я.Ббгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........... Би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд өөрийн ач хүү болох Аваагийн хамт Орхон аймгаас Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэх гэж явж байсан. Орхон аймгаас хөдлөхийн өмнө 2 эмэгтэй нэг эрэгтэйг авч явсан.  Тэгээд баруунхараа орчимд нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөх шиг болсон. Нэг сэртэл гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би урд суудалд сууж ач хүү маань машин жолоодсон. Хойд суудалд 2 эмэгтэй, 1 эрэгтэй сууж байсан. Нилэээн зөөлөн явж байсан. Учир нь миний бие тааруу байсан. Өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг төлүүлмээр байна. Миний толгой хагарсан, нүдний доод хэсэгт хөхөрсөн, эгэмний яс хугарсан, бөгсөн хэсэг мэдээгүй болсон, зүүн гарын эрхий хуруу хугарсан, 4 хавирга хугарсан, биеийн ихэнх хэсгээр хөхөрч няцарсан гэх мэдүүлэг /1дүгээр Хх-н 37-38 дугаар хуудас/

Гэрч Ж.Цмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг уг автомашинд суухад жолооч залуугаас гадна 3 зорчигч сууж байсан. Би жолоочийн ар талын суудалд суусан. Миний хажууд нэг залуу сууж байсан ба жолоочийн цаад талд нэг охин сууж байсан. Урд талын суудал дээр нэг настай эмэгтэй хүн сууж байсан юм. Ингээд Улаанбаатар хот руу хөдлөхийн өмнө уг машины жолооч С.Аж машиныхаа дугуйны хийг дугуй засварын газраар тэнцүүлээд хөдөлсөн. Орхон аймгаас хөдлөөд зогсолгүй явсаар Баянгол сумын хадагтай мод гэх газарт дөхөж явахад урдаас явсан цагаан өнгийн суудлын машин урсгал сөрж орж ирэнгүүт жолооч тэр машинаас жаахан зугатаагаад зөрөөд өнгөрчихлөө дөө гэж бодохын завсарт л миний сууж явсан машинд тар няр хийх чимээ гарч мурилзаад зам дээр онхолдож дээш доошоо хараад байсан. Тэгж байгаад машин зогссон. Би машинаас бууснаа санаад байгаа юм. Тэгж байтал миний бие муу байсан уу яасан мэдэхгүй нэг хүн намайг битгий хөдөл хөдөлгөөнгүй суу гэж хэлсэн. Миний ухаан балартаад явчихсан. Тэгж байгаад ямар ч байсан гэрийнхэн лүүгээ осолд орсон тухайгаа хэлсэн. Ослын улмаас миний толгой тархи дүүрээд огиудас хүрээд дотор муухай оргиод байсан учир гэрийнхэнтэйгээ Улаанбаатар хотод очиж үзүүлэх гээд явж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч П.Цбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Орхон аймгаас хөдлөөд зогсолгүй явсаар Баруунхараа руу дөхөж явахад жолооч залуу энэ хавийн зам нь эвдрэлтэй байдаг юм аажуухан явнаа тэгэхгүй бол машинаа эвдчихнэ гэж яриад явж байтал эсрэг урсгалаас приус-30 маркийн цагаан өнгийн машин зам голлоод урсгал сөрөөд орж ирсэн. Тэгтэл миний сууж явсан машины жолооч залуу хүүе наад машин чинь яаж байнаа гэж хэлсэн. Жолооч залуу хурдаа хасаж баруун тал руу замын хажуу руу гарах үед нөгөө цагаан өнгийн машин тэр чигтээ хүрч ирээд миний сууж явсан машины зүүн хойд хэсэг рүү мөргөсөн. Тэгсэн манай машин муригнаад жолоодлого алдагдаж зам дээр хөндөлдөөд хэд хэдэн удаа эргэлдэх үед би машинаас цонхоор шидэгдсэн..... Тэгээд би манай машиныг мөргөсөн машиныг харахад тээр цаана зогсчихсон машинаасаа буугаад манай машиныг хараад байцгааж байхад нь жолооч залуугийн хамт тэр машины жолоочтой уулзахаар явсан. Жолооч залуу нөгөө машины жолоочид хандаж та яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд ахынх нь машины тоормос ажилласангүй гэж хэлэхээр нь би хажуугаас нь тоормос ажиллахгүй байлаа гээд хүний машин мөргөж зогсоодог юм уу гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 50 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Цбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би ослын улмаас тархины компьютер томограф шинжилгээ хийлгэхэд 150000 төгрөгийн төлбөр төлсөн. Намайг осолд орох үед Булган аймгаас миний аав, ээж хоёр Баруунхараад машинаар ирсэн буцсан зардал 143500 төгрөг, мөн одоо мэдүүлэг өгөхөөр аавынхаа хамт суудлын машинаар ирсэн бензиний зардал 240800 төгрөг, мөн осолд орох үед халаасанд байсан LG маркийн 100000 төгрөгөөр худалдаж авч ашиглаж байсан гар утасны дэлгэц хагарч ашиглах боломжгүй болсон. Иймд нийт 634300 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 54 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Ажийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Миний биед ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 280000 төгрөг, тархины томографийн зураг 250000 төгрөг, шүүх эмнэлэгт гэмьлийн зэрэг тогтоолгоход төлсөн 8000 төгрөг, эм тариа авч хэрэглэсэн 43000 төгрөг, эвдэрсэн машинаа оношилгоонд  оруулж эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд Орхон аймгаас баруунхараад ирж машинаа авч явахад гарсан 310000 төгрөг, машины оношилгоо үнэлгээний төлбөр 429000 төгрөг гарснаас Б гуай надад 300000 төгрөг өгсөн, мөн мандал сумын цагдаагийн хэлтэс рүү ирж очиход 180000 төгрөгийн шатахуун зарцуулсан зэрэг зардал гаргасан 1200000 төгрөг, мөн автомашины эвдрэлийн үнэлгээ 8025000 төгрөг болсон бөгөөд уг машиныг Амар лизинг компаниас 11200000 төгрөгөөр худалдаж авч 2 жилийн хугацаанд түрээсийн гэрээний дагуу нэг сард 661000 төгрөгийн төлөлт хийдэг.... Нийт 11208000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би машинаа жолоодоод өөрийн явж байсан эгнээндээ явж байхад Б машинаараа эсрэг урсгалд орж ирж мөргөсөн шүү дээ гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 73 дугаар хуудас/

Гэрч Б.Пдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би тухайн үед тэр цагаан өнгийн машиныг манай машинтай зөрөөд өнгөрчихлөө дөө гэж бодтол миний сууж явсан талаар чихрах дуу чимээ гараад манай машин эсрэг талын зорчих хэсэг дээгүүр даваад жалга руу яах ийхийн зуургүй яваад орсон. Харин тэр үед нь би тоормослооч ээ гэж хашгирахад манай нөхөр болохгүй байнаа гээд байсан. Тэгсээр яваад мнай машин зогссон юм.  Бид нар машинаас бууж ирээд эргээд харахад зам дээр машин харагдахгүй харин замын далангийн цаана нэг цагаан машины орой хэсэг нь харагдаж байсан. Тэндээс тухайн машины жолооч бололтой нэг залуу бас нэг залуугийн хамт энд хүн үхлээ ш дээ гэж орилж байсан. Тэгээд л уг цагаан машин манай машинтай шүргэлцэж онхолдсон байна гэж мэдсэн юм. Тэгээд нөхөр бид хоёр яваад очиход 20 орчим насны охин замын хажууд ухаангүй байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 100 дугаар хуудас/

Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 7460 ..... Дүгнэлт:

1.Я.Ббгийн биед өвчүү яс, баруун 3,4,5,6-р хавирганы хугарал, 2 уушигний голомтлог няцрал, нүүр, зүүн хацар, чамархай зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмьлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр Хх-н 42 дугаар хуудас/

Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 7456 ..... Дүгнэлт:

1.Ж.Цмгийн биед тархи доргилт, аалзан хальсан доорх голомтот цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмьлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр Хх-н 49 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 466 дугаартай ..... Дүгнэлт:

1.С.Ажийн биед тархи доргилт, хуйхан дор цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр Хх-н 71 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт № 43 ...... Дүгнэлт:

1.Талийгаач З.Млгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, хатуу хальсны язралт, тархины эдийн няцрал, баруун 1,2,3,4,5-р хавирганы хугарал, уушигний эдэд цус хуралт, элэгний эдийн язарсан шарх, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчин, баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун хацар, баруун гарын бугалга, бугуйн, баруун гарын алганы ар хэсэг, шилбэ, баруун гуя, баруун хөлийн тавхайн дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэг, тохойн үе, нуруу, баруун мөр, баруун гуянд зулгаралт, баруун шанаа, хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрхи гэмтэл шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач З.Мл нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх /1 дүгээр Хх-н 107-108 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № 15 ....... Хариулт:

1.Тоёота приус-30 маркийн 10-11 ДАА улсын дугаартай автомашины жолооч Банзар овогтой Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Тоёота приус-20 маркийн 82-97 УНИ улсын дугаартай автомашины жолооч Сүхбаатар овогтой Аж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Тоёота приус-30 маркийн 10-11 ДАА улсын дугаартай автомашины жолооч Банзар овогтой Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэж үзэв гэх /1 дүгээр Хх-н 120 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр № 29 ...... Хариулт

1. Тоёота приус-30 маркийн 10-11 ДАА улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөчсөн байна гэж үзэж байна.

2. Тоёота приус-20 маркийн 82-97 УНИ улсын дугаартай автомашины жолооч С.Аж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Тоёота приус-30 маркийн 10-11 ДАА улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна, 9.2.  Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна гэх /1 дүгээр Хх-н 150 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 07-19 дүгээр хуудас/

Б.Бын согтуурлыг багажаар шалгахад 0,00 гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр Хх-н 21 дүгээр хуудас/

Ж.Цмд 650000 төгрөгийг төлсөн баримт /1 дүгээр Хх-н 46 дугаар хуудас/

Б.Баас 650000 төгрөгийг авсан, гомдолгүй гэсэн Ж.Цмгийн Цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт /1 дүгээр Хх-н 47 дугаар хуудас/

Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний шууд зардлыг 6605000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1420000 төгрөгөөр, нийт 8025000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /1 дүгээр Хх-н 88 дугаар хуудас/

Б.Бын эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоол т/1 дүгээр Хх-н 189 дүгээр хуудас/

Хохирогч Я.Ббд 800000 төгрөгийн хохирол төлсөн баримт /1 дүгээр Хх-н 226 дугаар хуудас/

Хохирогч Я.Ббгийн Цагдаагийн хэлтэст гаргасан Б.Баас 800000 төгрөгийг авсан тул цаашид гомдолгүй гэсэн тодорхойлолт /1 дүгээр Хх-н 227 дугаар хуудас/

Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний шууд зардлыг 6660000 төгрөгөөр, шууд бус зардлыг 2090000 төгрөгөөр, нийт 8865000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /1 дүгээр Хх-н 238 дугаар хуудас/

Б.Б нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар Хх-н 03 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талд Б.Баас 16450000 төгрөгийг Голомт банкаар шилжүүлсэн баримт, Ж.Цмд 650000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн төлсөн баримт, хохирогч Я.Ббд 800000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч С.Ажэд 10300000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн төлсөн баримт, П.Цбад 400000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн төлсөн баримт, хохирогч Я.Бб, иргэний нэхэмжлэгч Ж.Цм, С.Аж, П.Цб нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлт, тодорхойлолт зэрэг 132 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Тоёота приус-30 загварын 10-11 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хадагтай мод гэх газарт эсрэг урсгалд орж эсрэг эгнээнд өөдөөс ирж явсан Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж зам тээврийн осол гаргаснаас Тоёота приус-20 загварын 82-97 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн З.Млгийн амь нас хохирсон, иргэн Я.Ббгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан

болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Даваахүү нь юугаар ч нөхөж баршгүй эрдэнэт хүний амь нас хохирсон байхад талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардал болон бусад зардалд төлсөн 16450000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт .....Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилагахд гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно..... гэж тус тус заасан ба хүний амь нас хохирсон тохиолдолд юугаар ч үнэлж баршгүй тул хуульд энэ талаар хэрхэн үнэлэхийг нарийвчлан зохицуулаагүй бөгөөд шүүхийн практикт  энэ төрлийн гэмт хэрэг буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч талаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хохиролд тооцон үзэж түүнийг төлсөн тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үздэг болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Загдсүрэнд талийгаачийг оршуулах ёслол болон бусад гарсан зардалд 16450000 төгрөг, хохирогч Я.Ббд эмч илгээний болон бусад гарсан зардалд 800000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Цмд эмчилгээний болон бусад гарсан зардалд 650000 төгрөг, С.Аж-д тээврийн хэрэгслийн болон бусад гарсан зардалд 10300000 төгрөг, П.Цб-д эмчилгээний болон бусад гарсан зардалд 400000 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдож байх ба нотлох баримтаар нэхэмжилсэн гэмт хэргийн хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины клапакны хэлтэрхий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг  хавтаст хэрэгт нь үлдээх, Б.Бын № 295170 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Бын эзэмшлийн ханын стейнк, буйдан, самсунг маркийн 42 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Хангайтан овогт Банзарын Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины клапакны хэлтэрхий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг  хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

6 Б.Бын № 295170 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

7. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8. Энэ хэргийн улмаас Б.Бын эзэмшлийн ханын стейнк, буйдан, самсунг маркийн 42 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН